| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2019/0251/Э |
| Дугаар | 0065 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 0065
Г.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Гд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц болон шүүгдэгч Г.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, М овгийн Г-н Г.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэр Мэнд-Амар худалдааны төвийн авто зогсоол дээр зогсож байсан автобусанд Б.С-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч М овгийн Г-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Гас 940.060 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-т олгож, нэхэмжлэлээс 356.940 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:
... Хохирогч Б.С нь мэдүүлэхдээ “... автобусанд суугаад хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Тэрнээс хойш согтоод юу болсноо санахгүй байна... маргааш өглөө нь гэдсээр өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл нарийн гэдэс тасарсан байна гэсэн...”
Гэрч П мэдүүлэхдээ “... ах С эгч П-р хүргүүлэн ирсэн... Мэнд-Амар төвийн урд талд унтаж байсан...”, гэрч П-н “... орой 22 цаг өнгөрч байхад ах С .. Мэнд-Амар төвийн урд талын автобусны зогсоолын хажууд хэвтэж байсан...” гэж тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч нь хохирогчтой маргаж зодолдсон ч гэсэн тухайн маргаан болсноос хойш гэрч П-тай таарах хүртэл хэр хугацаа өнгөрсөн, мөн энэ хугацаанд дахин хүнтэй маргаж, зодолдсон эсэх, мөн хохирогч өөрөө унасан, юман дээр тээж унасан эсэх нь тодорхойгүй байна.
Иймээс хохирогч нь шүүгдэгчээс салснаас хойш гэрч П-тай таарах хүртэлх хугацаанд юу хийсэн, дахин хүнтэй маргаж, зодолдсон эсэх, мөн хохирогч өөрөө унасан, юман дээр тээж унасан эсэхийг шалгах шаардлагатай байна.
Шүүдэгч Г.Г нь сэтгэцийн өвчтэй, сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчлүүлдэг, өвчин нь сэдэрсэн тохиолдолд бухимдалд орох зан төрөхийн өөрчлөлт гаргах зэрэг сэтгэцийн өөрчлөлтөнд ордог хүн бөгөөд энэ нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагджээ.
Иймд дараах шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Г-г хэрэг хариуцах чадвартай гэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт гаргаж хэрэг хариуцах чадвартай эсэхийг дахин тогтоолгох,
Хэрэг гарах үед шүүгдэгч Г.Г нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байсан эсэх, өөрөөр хэлбэл хэрэг гарах үед шүүгдэгчийн сэтгэцийн өвчин сэдэрсэн байсан эсэх, хэрэв өвчин сэдэрсэн байсан бол сэтгэцийн хувьд ямар байх, хэрэг гарах үед өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулан тогтоолгох шаардлагатай байна гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, гомдолд дурдсан ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү? гэжээ.
Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо:
... Миний бие хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.
Би хохирогчийг олон нийтийн газар буюу автобусанд зорчигчдод агсан согтуу тавиад орилж хашгарч байхаар нь хориглож энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоож бусдыг өмөөрч хамгаалах гэж ийм үйлдэл гаргасандаа туйлын их харамсаж байна. Хохирогчид учирсан хохирлыг шүүх хуралдааны өмнө төлж барагдуулна. Миний бие тархины хүнд гэмтэлтэй байнгын эмчийн хяналтад байдаг, эмчилгээ хийлгэдэг, ам бүл гурав, ээж ах хоёртойгоо амьдардаг. Ээж маань настай хүн, ах минь хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн хүнд өвчтэй хүн байдаг. Би үнэхээр их харамсаж байна.
Иймд ялыг минь хөнгөлж өгнө үү? гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч “М” овогт Г-н Г нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэнд-Амар худалдааны төвийн авто зогсоол дээр зогсоож байсан автобусанд Б.С-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.С-н ... Би талбай дээр буугаад Мэнд-Амар худалдааны төвийн автобусны зогсоол дээрээс хороолол руу явдаг автобусанд суугаад хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Тэрнээс хойш согтоод юу болсноо санахгүй байна. ... маргааш өглөө нь гэдсээр өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл нарийн гэдэс тасарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Л.Б-н ... миний ар талын суудал дээр байсан бас нэг согтуу зорчигч хаалганы хажууд байсан надтай маргалдаад байсан ахыг цохиод унагаасан. ... Т-с юу болсон бэ цээж рүү нь цохиогүй биз гэтэл манай дүү тантай маргалдаад байсан ахыг гэдэс рүү нь өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь надтай маргалдаад байсан ахыг гэдсээ дараад эвхрээд байхаар нь би дүүтэйгээ хамт буулгах гэтэл автобусны шатан дээр гэдсээ дарж суучихаад болохгүй байсан гэх мэдүүлэг /хх-23-24/,
Насан хүрээгүй гэрч Ө.Т-н ... Гэтэл уг ахын хажуу талд байсан махлаг бүдүүн ах тэр ахыг чи зүгээр яв л даа, аятайхан явж чадахгүй бол буу гээд бариулнаас барьчихсан гарыг нь цохиж аваад нүүр рүү нь цохисон. Гэтэл автобусанд орж ирэхдээ маргалдаад байсан ах шалан дээр унасан чинь цохиж унагаасан ах гэдсэн дээр ньь нэг удаа нилээд хүчтэй дэвссэн. Энэ үед Б ах жолооныхоо ардаас бууж ирээд тэр хоёрыг салгаад гэдсэндээ цохиулсан ахыг гаргах гэтэл автобусны шалан дээр гэдсээ дарчихаад ёолоод байсан гэх мэдүүлэг /хх-26/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 262 дугаартай дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Г.Гас 940.060 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.С-т олгож шийдвэрлэжээ.
Үүнийг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г нь... хийсэн хэрэгтээ гэмшиж байна ..., ... ялыг минь хөнгөрүүлж өгнө үү?... гэж
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нь ...Г.Г нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна... гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай дүгнэлтээр Г.Г нь одоо тархины өвчин гэмтэл үйлийн шалтгаант бие хүний зан үйлийн бусад органик эмгэг гэсэн өвчтэй байна. Дээрхи өвчин нь олдмол буюу гэмтлийн гаралтай. Хэрэг хариуцах чадвартай ба үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн байх тул энэ сэтгэцийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Г.Г нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогч гомдол саналгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчийн ... ялыг минь хөнгөрүүлж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г-н давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 2 жилийн хорих ялаар гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг баримтлан Г-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй гэж,
3 дахь заалтын ... 2 жилийн хорих ялыг... гэснийг ... 1 жилийн хорих ялыг... гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Шүүгдэгч Г.Г нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хохирол 940.060 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Б.С хохирол гомдол байхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР