Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2022/0021

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээс татгалзаж байгаа татгалзлыг хууль бусад тооцож, газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий Их мэргэд П.Пийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оны хавар Мөрөн сумын 9-4-19 тоот хашааны газрыг Мөрөн сумын иргэн Ч гэдэг хүнээс худалдан авч, Мөрөн сумын Засаг даргад газар эзэмших эрхээ шилжүүлэн авах, Ч газар эзэмших эрхээ надад шилжүүлэх хүсэлт гаргаснаар Мөрөн сумын Тамгын газрын газрын даамал нь таны захирамж гарсан, ирж гэрээ, гэрчилгээгээ байгуулж, гэрчилгээгээ ав гэхээр нь очиж гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичүүлж авсан.

Ингээд би энэ газар дээрээ 2010 оноос өнөөдрийг хүртэл амьдарч 8х8 харьцаатай байшин барьж, уг байшин дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж Ү-1723005098 дуграат бүртгүүлж гэрчилгээ авсан. Ингээд эзэмшиж байгаа газраа өмчилж авах гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас таны хүсэлт гаргасан энэ газрыг 2005 онд Ч.Н гэдэг хүнд өмчлүүлсэн шийдвэр байна гэсэн хариу өгсөн.

Би одоогоос 12 жилийн өмнө энэ газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахад өмчилсөн талаар хэн ч хэлж яриагүй, эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн, газрын мэргэжилтнүүд бусдын өмчилж, эзэмшиж байгаа газартай давхацсан эсэхийг шалгасан байлгүй. Тухайн үед энэ талаар юу ч хэлэлгүй эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн, одоо би уг газрыг эзэмшээд 12 жил болсон бөгөөд энэ хугацаанд энэ газрын талаар хэн ч миний газар гэж хэл ам хийж ирээгүй байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга нь өмчлүүлэх болохоор яагаад ингэж татгалзаж байгааг ойлгохгүй байна.

Энэ Ч.Н гэх хүнд газар өмчлүүлсэн захирамжийг би аймгийн Архивын тасгаас шүүлгэн олж авсан бөгөөд Ч.Н гэх хүний регистрээс харахад 1919 онд төрсөн буюу одоо байгаа бол 100 гарсан хүн байхаар харагдаж байгаа бөгөөд, энэ хүн энэхүү газраа бусдад зарсныг уг хүмүүс нь дам дамаа надад зарсан байх магадлалтай байна. Энэ мэдээллийг бусдад өгөхгүй гэсэн тул миний хувьд мухардалд ороод байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:

31.1.1.өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр

31.1.2.газар өмчлөх эрхээсээ татгалзснаар

31.1.3.газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар

31.1.4.хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэж заасан байгаа тул Ч.Н гэх хүн энэхүү газраа бусдын өмчлөлд шилжүүлэхдээ харьяа Засаг даргад хүсэлт гаргаагүй, өмчлөлөөсөө татгалзсан талаар харьяа байгууллагад хүсэлт гаргаагүй буюу хуулийн дагуу шилжүүлээгүй байх магадлалтай, тиймээс өнөөдрийг хүртэл энэ хүний нэр дээр захирамж нь байгаа бололтой.

Би энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Засаг дарга Ч.Нд өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2005 оны №89 дүгээр захирамж одоо хүртэл хүчинтэй байх тул уг иргэний өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй тул танд өмчлүүлэх боломжгүй гэсэн утга бүхий хариу ирүүлсэн.

Энэ хүний хариуцлагагүй хуулиа мөрдөөгүй, зөвхөн газраа зарж мөнгө олох гэсэн бодол, газар хариуцсан газрын даамал болон бусад мэргэжилтнүүдийн албан ажилдаа хариуцлагагүй ханддаг байдлаас болж 10 гаруй жил амьдарсан газраа өмчилж авч чадахгүй байдалд хүрлээ.

Иймд Мөрөн сумын 9-04-19 тоотын газрыг би 12 жил эзэмшин амьдарч байгаа энэхүү газрыг минь өмчлүүлэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн Засаг даргын татгалзлыг хууль бусад тооцож, Мөрөн сумын 9-04-19 тоотын 630 м2 газрыг иргэн П.П надад өмчлүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.П шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... би тус шүүхэд Мөрөн сумын 9-04-19 тоотын газрыг 12 жил эзэмшин амьдарч байгаа энэхүү газрыг минь өмчлүүлэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн Засаг даргын татгалзлыг хууль бусад тооцож, Мөрөн сумын 9-04-19 тоотын 630 м2 газрыг иргэн П.П надад өмчлүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. П.П би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Пийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээс татгалзаж байгаа татгалзлыг хууль бусад тооцож, газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч П.П шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч П.П Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээс татгалзаж байгаа татгалзлыг хууль бусад тооцож, газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ