| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/00870/И |
| Дугаар | 155/ШШ2018/00870 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2018/00870
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2018/00870 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Төрийн банкны Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Булган аймгийн Баян-Агт суманд 1990 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн **************** оршин суух, ************** дугаар регистртэй, Х овогт Д.Д,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ************* багт оршин суух, ************** дугаар регистртэй, эрэгтэй, ********** овогт Ж-ийн Г нарт холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4.909.328.26 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.236.872.59 төгрөг, нийт 6.146.201 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2018/00537/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч, хариуцагч Ж.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирал С.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Жалбуугийн Г, Доржсүрэнгийн Дэлгэрмаа нар нь Төрийн банкны Тариалан тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 8.229.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр тэнцүү хувааж төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан авсан. Одоогийн байдлаар үндсэн зээлдэгч Ж.Г нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багт малчин, хамтран зээлдэгч эхнэр Д.Дэлгэрмаа нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багт малчин. Зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргийн дагуу зээлийн хуваарьт төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл зээлийн гэрээг зөрчиж байгаа тул зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлүүлж өгнө үү. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.909.328.26 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1.236.872.59 төгрөг, нийт 6.146.201 төгрөг байна. Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөр нийт 6.146.201 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин суух, Төрийн банкны Тариалан тооцооны төвийн харилцааны менежер ажилтай, КЮ86011713 дугаар регистртэй, эрэгтэй, Бүдүүн овогт Төрбатын Алтанбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г Дэлгэрмаа нар нь Төрийн банкны Тариалан тооцооны төвөөс 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн цалингийн зээл авсан. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус зээлийн үлдэгдэл 1.729.000 /нэг сая долоон зуун хорин есөн мянга/ төгрөг дээр нэмж 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн зээл авч, нийт 8.229.000 /найман сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр тэнцүү хувааж төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн төлбөрөөс үндсэн зээл 3.316.672 төгрөг, зээлийн хүү 1.236.873 төгрөг төлсөн байна. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш огт төлбөр хийгээгүй. Зээлдэгч нар нь тус зээлийг ЭТҮ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Элбэгсайхан авсан гэж тайлбарлаж байгаа боловч Ж.Г, Д.Дэлгэрмаа нар нь өргөдөл гаргаж, өөрсдөө зээлээ судлуулан гэрээнд гарын үсэг зурж, зээлийг дансандаа шилжүүлж авсан. Намайг Ж.Элбэгсайхантай хуйвалдаж зээл өгсөн гэж байгаа ч би энэ хүнтэй хамааралгүй. Манай банк Ж.Г, Д.Дэлгэрмаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4.909.328 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээлийн хүү 1.033.460, нэмэгдүүлсэн хүү 203.413 төгрөг, нийт 6.146.201 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагч Ж.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Хөвсгөл салбараас нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус зээлийг Ж.Г бид хоёр авч хэрэглээгүй. Эхэлж 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр авсан зээл 12.000.000 төгрөгийг цалингийн зээл хэлбэрээр авахыг тус суманд байрлах ЭТҮ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Элбэгсайхан санаачлан хөөцөлдөж, холбогдох баримтыг бүрдүүлсэн бөгөөд манай нөхөр Ж.Г, бид хоёр зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, тус мөнгөнөөс 2.000.000 төгрөг авч, бусад мөнгийг Ж.Элбэгсайхан авч зарцуулсан. Бид зээлийн төлбөр төлдөггүй байсан, Ж.Элбэгсайхан болон түүний эхнэр Энхжаргал нар төлж байсан. Дараа нь зээлийн үлдэгдэл 1.729.000 төгрөг байхад 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн дахин 6.500.000 төгрөгийг Ж.Гантулгын нэр дээр цалингийн зээл хэлбэрээр гаргуулан бид хоёроор гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан. Бид хоёр зээл хүссэн өргөдөл бичээгүй, манай нөхөрт нийгмийн даатгалын дэвтэр байдаггүй. Тус зээлээс бид хоёр огт мөнгө авч хэрэглээгүй. Дээрх зээлүүдийг Ж.Элбэгсайхан нь Төрийн банктай хуйвалдаж авсан. Манай нөхрийн нэр дээр данс нээж, цалингийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Манай нөхөр 2016 онд зээл авахад ЭТҮХХК-иас гарсан ажилгүй байсан. Бид дээрх зээлийг авч ашиглаагүй тул төлбөрийг төлж чадахгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Ж.Г, Д.Д нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4.909.328.26 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.236.872.59 төгрөг, нийт 6.146.201 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөгдөх нийт 6.146.201 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөгийн төлбөрийг төлөхгүй, биднээр зээл авахуулсан Ж.Элбэгсайхан төлөх ёстой, нэхэмжлэгч нь Ж.Г, Д.Дэлгэрмаа нар өөрсдийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан авсан тул зээлийн төлбөрийг гаргуулж авна гэж маргаж байна.
Төрийн банкны Хөвсгөл салбар, зээлдэгч Ж.Г, хамтран зээлдэгч Д.Д нар 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1.729.000 /нэг сая долоон зуун хорин есөн мянга/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг авахаар нийт 8.229.000 /найман сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22.80 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, 16/049 дугаар барьцаат зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Ж.Гантулгын депозит дансны харилцагчийн монгол хуулгаар тогтоогдлоо.
Хариуцагч, хариуцагч Ж.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ...Бид хоёр зээл хүссэн өргөдөл бичээгүй, манай нөхөрт нийгмийн даатгалын дэвтэр байдаггүй. Тус зээлээс бид хоёр огт мөнгө авч хэрэглээгүй. Дээрх зээлүүдийг Ж.Элбэгсайхан нь Төрийн банктай хуйвалдаж авсан. Манай нөхрийн нэр дээр данс нээж, цалингийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна... Манай нөхөр 2016 онд зээл авахад ЭТҮХХК-иас гарсан ажилгүй байсан... гэх тайлбар гаргаж байгаа боловч Ж.Г, Д.Д нарын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн банкны Тариалан тооцооны төвд Портер машин авахаар 6.500.000 төгрөгийн зээл хүссэн тухай зээлийн хүсэгчийн өргөдөл, ЭТҮ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ж.Г механикжуулагч ажилтай, сарын 700.000 төгрөгийн үндсэн цалинтай, 8.500.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаанд олгоход цалинтай адилтгах орлогоороо төлөх чадвартай гэх бичилттэй байгууллагын тодорхойлолт, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №А0698985 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудаар няцаагдаж байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Зээлдэгч нар банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Ж.Г, Д.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4.909.328.26 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.236.872.59 төгрөг, нийт 6.146.201 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 113.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Э овогт Ж-н Г, хариуцагч Х овогт Д-ийн Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4.909.328.26 /дөрвөн сая есөн зуун есөн мянга гурван зуун хорин найм/ төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.236.872.59 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөг, нийт 6.146.201 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 113.289 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА