Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 154/ШШ2018/00054

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Далт багт орших, Хөх Тохой ХХК-ны захирал С.Баастад холбогдох 4.846.000 төгрөг гаргуулахыг хүссэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Худалдан авагч Хөх тохой ХХК-ны захирал С.Баасттай Чацаргана зээлээр олгох тухай 2010 оны 05 дугаар сарын 11 -ны өдрийн дугаар 4-10/82 зээлийн гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр 3000 ширхэг суулгацыг нэгжийн үнэ 2395 төгрөгөөр тооцон нийт 7,185,000 төгрөгийн үнэ бүхий чацарганы суулгац зээлээр авч, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хуваарийн дагуу 2013-2015 онд төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан Хөх тохой ХХК нь 2014 онд 3500,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 3,685,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар хугацаа хэтэрсэн 3,685,000 төгрөгийн төлбөр, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2- т зааснаар хэтэрсэн хоног тутамд 0,03 хувийн алданги тооцоход алданги 1,161,000 төгрөг, нийт 4,846,000 /дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянга/-н төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Тус сан нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа улсын

байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 1 дэх заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний төлбөр 3.685.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тариалан дэмжих сангийн 100900019032 тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан гэрээний алдангаас татгалзан эвлэрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний төлбөрийн алданги болох 1.161.000 төгрөгний шаардлагаас татгалзаж байна.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Хөх тохой ХХК-ны захирал С.Бааст нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.846.000 төгрөгнөөс 3685000 төгрөгийн хэмжээнд эвлэрч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.685.000 төгрөгийг хариуцагч төлж нэхэмжлэгч 1.161.000 төгрөгнөөсөө татгалзсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй,гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хариуцагч Хөх тохой ХХК-ны захирал С.Бааст нар нь нэхэмжлэлийн шаардлагын 3.685.000 төгрөгний хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Хөх тохой ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 46243 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ