Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/34

 

М.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Ж нарт холбогдох эрүүгийн 2013002280187 дугаартай хэргийг шүүгдэгчид, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1993 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 3 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ж овогт А-ны А /РД: БЮ00000000/,

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 3 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суудаг, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ш овогт М-н Ж /РД: БЕ00000000/нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн А сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт байрлах малын хашаанаас иргэн Ж.Д-ын нас бие гүйцсэн, 12 тооны эм ямааг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч А.А, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарт тус бүрд нь 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарт тус бүрд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2007 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, БА90112015 регистртэй, Тохтаугийн Б буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ж-ны хувьд ногдох эд хөрөнгөөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч А.А-н хувьд ногдох хөрөнгөөс 2.500.000 /хоёр сая таван зуу/ мянган төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч А.А-ээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 251.000 /хоёр зуун тавин нэг мянга/ төгрөг, шүүгдэгч М.Ж-аас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 349.000 /гурван зуун дөчин есөн мянга/ төгрөг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Шүүдэгч М.Ж, А.А нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт байрлах малын хашаанаас иргэн Ж.Д-ын 12 тооны эх ямааг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, тус хэргийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүдэгч М.Ж, А.А нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн. Шүүгдэгч      М.Ж А.А нар хулгайн гэм хэрэг үйлдсэн үед тээврийн хэрэгсэл ашиглаагүй, ашигласан нь тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэм хэргийн нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан. Улсын           Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолд “Бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадаагүй эд хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүй бол хулгайлах үйлдэл төгссөний дараа, хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй” гэж тайлбарласан.

Сум     дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 63-18 БӨТ дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийн өмлөгч нь тус сумын иргэн Т.Б мөн болох нь тогтоогдсон ба тээврийн хэрэгслийг эзэнд нь буцааж 5 саяар үнэлэгдсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч М.Ж, А.А нарт хувь тэнцүүлэн хувааж албадан гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шүүгдэгч А.А, М.Ж нар хохирогчийн хохирлыг төлсөн бусдад төлөх төлбөргүй юм. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаар дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх                                          ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч М.Ж, А.А нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт байрлах малын хашаанаас иргэн Ж.Д-ын 12 тооны эм ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагчид, шүүгдэгчид, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Ж, А.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Ж.Д-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна. 

 

            Иймээс М.Ж, А.А нарыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Түүнчлэн прокуророос М.Ж, А.А нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол  гаргахдаа шүүгдэгч нарын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн үйлдлийг тухайн гэмт хэрэг  үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа хууль ёсны байх, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх  зарчимд бүрэн нийцжээ.

 

Шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчийн хамтран  гаргасан “шүүгдэгч нар  хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн  хэрэгсэл ашиглаагүй”  гэх агуулгатай давж заалдах гомдлыг хянаж үзвэл, хэрэгт цугларсан нотлох баримтаар  шүүгдэгч М.Ж, А.А нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн  Алтай сумын 01 дүгээр багийн нутаг   дэвсгэр, “Х” гэх газарт  байрлах  Ж.Д-ын малын хашаанаас 12 тооны эм ямааг  хулгайлж, Т.Т-т өгөх байсан өр төлбөрийнхөө оронд өгөхөөр  тохиролцон, улмаар Т.Т-ийн хөлсөлж ирсэн Т.Б-ийн эзэмшлийн 63-18 БӨТ улсын  дугаартай, УАЗ-2206 маркийн  тээврийн хэрэгсэлд уг 12 тооны ямааг ачиж, өгч явуулсан үйл баримт тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч  хэрэглэхгүйгээр,  хуул  бусаар авч, гэмт этгээдийн  хувьд  өрийн                             өмчийн адил бүрэн захиран  зарцуулах  боломж бүрдүүлснээр төгсөх бөгөөд шүүгдэгч М.Ж, А.А нар нь Т.Т-ийг  тээврийн хэрэгслээр  ирж хулгайлсан                     12  тооны эм ямааг авна гэдгийг  урьдаас мэдэж байсан, мал  хулгайлах  гэмт  хэрэг                   төгсөх буюу  хулгайн эд хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт  захиран зарцуулах боломжийг  бүрдүүлсэн  шатанд үйлдлээ хөнгөвчлөх, 12 тооны эм ямааг өгч явуулах зорилгоор, зөөж тээвэрлэх замаар Т.Т-ийн хөлсөлж ирсэн Т.Б-ийн эзэмшлийн 63-18 БӨТ улсын дугаартай, УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан тул анхан шатны шүүх уг эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж, мөн зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнийг нь албадан гаргуулсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч нарыг “хулгайн гэмт хэрэг төгссөний дараа” тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

М.НЯМБАЯР