Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 303

 

Ш.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Э.Амарбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалтай, 1737000000018 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бага шар овогт Ш.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх Ш.Б-г алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батсууриас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Буянжаргалд олгуулахаар шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “... Давж заалдах шатны шүүхээс Ш.Б-т банкны теллер илүү мөнгө өгч байгааг харуулсан үйл явдал харагдаж байгаа гэж дүгнэсэн мөртлөө теллерт илүү мөнгө өгснийг тодорхой нотолсон баримт харагдахгүй байна гэж шүүхэд хэргийг буцаасан нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар Ш.Б андуурагдсан гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завшсан үйлдэл нь тогтоогдож байх тул туршилт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Шүүхийн шатанд туршилт хийх бүрэн боломжтой. Иймд Ш.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт шалгагдвал зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Харин шийтгэх тогтоолд торгуулийг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосон нь буруу байх тул энэ хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ш.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ш.Б нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бэлэн мөнгө авахдаа илүү олгогдсон 500.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүхээс “Ш.Б-т мөнгө өгч байгааг харуулсан камерын бичлэгийг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй, теллер Ш.Б-т задгай мөнгө өгч байгаа байдал харагдаж байгаа боловч хэдэн төгрөг өгч байгаа нь мэдэгдэхгүй байх тул туршилт хийж хэдэн төгрөг өгснийг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх Ш.Б-т торгох ял оногдуулахдаа уг ялыг 1 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд … тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор… торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоож эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын торгох ялыг 1 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН