Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0215

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Д.Хаш-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, Р.Энхбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1059 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “НИК” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1059 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргаас “Интерном” ХХК болон “НИК” ХХК-уудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцөлийг хангасан захиргааны шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар А/917 тоот захирамжийн “Интерном” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулж, “Интерном” ХХК болон “НИК” ХХК-уудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцөлийг хангасан захиргааны акт гаргасны дараа “Интерном” ХХК-д газар нэмж эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас “Интерном” ХХК болон “НИК” ХХК-уудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцөлийг хангасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар А/917 тоот захирамжийн “Интерном” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо: “...шүүх “хариуцагч нь нягтлан шалгаж, шийдвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийг гаргахаасаа өмнө “Интерном” ХХК-ийн барилгад залгаж “НИК” ХХК нь харуулын байр буюу пост барьсан нь хууль нийцсэн эсэх буюу бусдын эрхийг хөндсөн эсэх, уг харуулын байрыг албадан чөлөөлөх эсэх, цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь орц, гарц хаасан эсэх, цахилгааны дэд станцын урд талаар авто машин явах зам гаргах нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж, холбогдох дүрэм, норм, стандартад нийцэх эсэх зэрэг асуудлуудыг судлан шалгаж, шийдвэрлэсний дараа гуравдагч этгээд “Интерном” ХХК-д газар нэмж эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой” гэж үзсэн. Хариуцагч хууль тогтоомж зөрчиж, нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан зүйл байхгүй.

“Интерном” ХХК нь манай газарт 2014 оны 03 дугаар сарын 27-ны 14/102 тоот албан бичгээр “эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд газрын хууль тогтоомжийн дагуу техникийн зөвлөлийн хурлаар оруулж, 1075 м.кв талбай дээр 406 м.кв талбайг нэмж баталгаажуулахыг зөвшөөрсний дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжаар газрын хэмжээг 1481 м.кв болгон шийдвэрлэсэн нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар 2400 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай конторын зориулалтаар эзэмшиж байгаа “НИК” ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй байна.

Нэхэмжлэгч “НИК” ХХК нь өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй харуулын байр буюу пост барьсан, цахилгааны дэд станцын урд талын улаан тоосгон хашаа барьж холбогдох хуул тогтоомж зөрчсөн байхад хариуцагч дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн шалган үзэх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх газар эзэмшүүлэхийг шийдвэрлэх ёстой гэж эсрэгээрээ эрх ашиг нь хохирсон этгээдийн буруу болгож, тэдний газар эзэмших актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн субъектив эрх хөндөгдөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нягтлан шалгаж, шийдвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийг гаргахаасаа өмнө “Интерном” ХХК-ийн барилгад залгаж “НИК” ХХК нь харуулын байр буюу пост барьсан нь хууль нийцсэн эсэх буюу бусдын эрхийг хөндсөн эсэх, уг харуулын байрыг албадан чөлөөлөх эсэх, цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь орц, гарц хаасан эсэх, цахилгааны дэд станцын урд талаар автомашин явах зам гаргах нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж, холбогдох дүрэм, норм, стандартад нийцэх эсэх зэрэг асуудлуудыг судлан шалгаж, шийдвэрлэсний дараа гуравдагч этгээд “Интерном” ХХК-д газар нэмж эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой” гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг үндэслэсэн.

            Гэтэл “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдэлд хууль тогтоомж зөрчиж, нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан зүйл байхгүй. Учир нь:

            Нэхэмжлэл гаргаад буй “НИК” ХХК-ийн газар эзэмших эрх болон газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон буюу зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй субъектив эрхийн зөрчил байхгүй, нийтийн эрх ашиг гэж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах явцад “НИК” ХХК-ийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй.

            Нэхэмжлэгчийн “актыг хүчингүй болгуулахаар” гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан шаардлагыг хангах ёстой. Тэгэхээр хуулийн этгээд нь өөрийн “зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй” эрх, хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

            Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэлдээ зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо үндэслэхдээ “...манай компанид чирэгдэл учруулан, бидэнд мэдэгдэлгүйгээр хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь ойлгомжгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гээд 1-д Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаар шийдвэрээр “нийтийн эзэмшлийн газар” гэж үзсэн. Уг шийдвэрийг бид хүлээн зөвшөөрч, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, 2-т “нийслэлийн Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, хуулийн этгээдэд адил тэгш боломжийг олгох ёстой” гээд мөн төрийн удирдлагын үндсэн зарчмыг алдагдуулж байна. Иймд хүчингүй болгож өгнө үү” гэсэн.

            Нэхэмжлэгч өнөөдрийг болтол маргаан бүхий акт нь яаж түүний газар эзэмших субъектив эрхийг нь ямар байдлаар хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэлдээ тодорхойлоогүй, үүнтэй холбоотой баримтуудаа өгөөгүй, хөндөгдсөн /хөндөгдөж болзошгүй/ гэж үзээд буй эрхээ тодорхойлоогүй атлаа нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актыг “шүүхийн шийдвэрээр хэнд ч эзэмшүүлэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн газрыг бусдад эзэмшүүлж, төрийн удирдлагын үндсэн зарчмыг алдагдуулж байна” гэж л буруутгасан болохоос өөрийн хувийн эрхтэйгээ холбогдуулж, миний ийм эрхийг эдлэхэд хариуцагч энэ шийдвэр гаргаснаас болж, ийм эрх маань ингэж зөрчигдлөө, зөрчигдөж болзошгүй боллоо” гэсэн тайлбарыг хийлгүй, төрийн удирдлагын зарчим алдагдлаа, манай компанид чирэгдэл учрууллаа, шүүхийн шийдвэрийг зөрчлөө” гэж хөндлөнгийн этгээдийн үйл ажиллагаатай энэхүү хариуцагчийн үйлдэл зөрчилдөж байна гэх мэтээр тайлбар хийжээ.

            Өөрөөр хэлбэл, өөрийнх нь газар эзэмших субъектив эрх хөндөгдөөгүй харин “нийтийн эзэмшлийн зам учир нийтийн эзэмшилд нь үлдээ” гэсэн утга бүхий нийтийн эрхийн нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэл гэж харж болохоор байна. Тэгэхээр нийтийн эзэмшлийн зам талбай гэж маргахын тулд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.3-д тус тус зааснаар тодорхой асуудлаар, өөрсдийн дүрэмдээ нийцсэн зорилгоор, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын хэлбэртэй этгээд нь нийтийн ашиг сонирхлын өмнөөс ийнхүү нэхэмжлэл гаргах ёстой.

            Тэгэхээр нийтийн эрх ашгийн өмнөөс “энэ газрыг шүүх өмнө нь нийтийн эзэмшил гэж шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг дарга нь бусдад эзэмшүүлж шийдвэрлэсэн буруу” гэж нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл “НИК” ХХК-д байхгүй.

            Харин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс хэрхэн яаж зөрчсөн талаарх баримт “нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэж анхан шатны шүүх хурлыг зарлан хуралдуулсан" энэхүү хавтаст хэрэгт нэгээхэн ч байхгүй. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг хангалттай цуглуулсан ч өнөөдрийг болтол “НИК” ХХК-ийн эрхийг зөрчсөн болохтой холбоотой баримт нэгээхэн ч олдоогүй болно. Үүнд:

  1. “Интерном” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж “НИК” ХХК-ийн орц гарцыг хаасан, хөдөлгөөн хийхэд нь саад учруулсан зүйл байхгүй.
  2. “НИК” ХХК-ийг өөрсдийн эзэмшлийн газар руу ороход нь саад учруулсан зүйл байхгүй.
  3. Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад, хаалт, хашлага болсон зүйл огт байхгүй.

            Харин нийтийн эзэмшил гэж нэрлэчихээд өнөөдөр бодит байдал дээр өөрсдөө хашаалж авсан газарт нь “Интерном” ХХК-ийн эзэмшлийн газар багтаж орчихоод тэрхүү маргаан бүхий газрыг өөрсдөө бүхэлд нь хашаалж аваад эрх мэдлээ тогтооход нь саад учруулсан асуудал байгаа. Тиймдээ ч нэхэмжлэлдээ “манай компанид чирэгдэл учруулж байна” гэж тайлбарласан нь үндэслэлтэй болов уу.

            Өнөөдрийн бодит байдал дээр “НИК” ХХК тухайн газрыг бүхэлд нь хашаалж, авчихаад ямар ч этгээдийг оруулахгүй зөвхөн өөрсдийн зөвшөөрөлтэй хүмүүсийг оруулж ашиглаж байгаа. “Интерном” ХХК-ийг эзэмшил бүхий газар луу нь оруулахгүй хашаалан авсан байгаа.

            Мөн нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт тоосгон хашаа барьж, өөрсдийн орц гарцаа битүүлээд “Интерном” ХХК-ийн “орц гарцаар гарна” хэмээн маргаж байна. Энэхүү үйлдлийг шүүхийн шийдвэрийн 14 хуудас, 3-6 мөрт дүгнэсэн. Үүнд: “Интерном” ХХК-ийн барилгад залгаж “НИК” ХХК нь харуулын байр буюу пост, цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь болох нь шүүхээс хийсэн үзлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна” гэж дүгнэсэн.

            Өнөөдөр “Интерном” ХХК тус газрыг эзэмшиж байгаа ийнхүү эзэмшиж буйн гол зорилго, цаашдын зорилт нь тухай хэсэг газар дээр машины зогсоол үүсгэж, “Интерном” ХХК-аар үйлчлүүлж байгаа иргэд нь автомашинаа тавиад дэлгүүрээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн эрх ашгийн төлөө ашиглах гэж байгаа билээ. Учир нь “Интерном” ХХК-ийн дэлгүүрийн эргэн тойронд автомашины зогсоолгүйн улмаас тус дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн автомашин нь тогтмол ачигдаж, “Интерном” ХХК-д санал, хүсэлт, гомдол ихээхэн ирэх болсон.

            Нэхэмжлэгч нь өнөөдрийг болтол нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадалгүй, хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй эрхээ тодруулаагүй ч шүүхийн нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд цугларсан хавтаст хэрэгт цугларсан баримтуудад “НИК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь тодорхой харагдана. Үүнд:

  1. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд “Маргаан бүхий газар нь автомашины зогсоол бүхий талбай байв. Тухайн зогсоолын орц, гарц нь харуулын байр /пост/ бүхий хаалтаар хамгаалагдсан байв. Тухайн байр нь “НИК” ХХК-ийн өмчлөлийнх гэж талуудаас тайлбарлав” гэжээ. Тэгэхээр авто зогсоол бүхий талбай нь “НИК” ХХК-ийн авто зогсоол бүхий талбай хиллэдэг буюу тэдний үл хөдлөх эд хөрөнгийн орц гарцыг хаагаагүй болохыг харж болно. Мөн “НИК” ХХК нь авто зогсоолын талбайн орц, гарцаа өөрсдөө постоор хамгаалуулж эзэмшдэг.

2.   2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хийсэн үзлэгийн зургууд.

3.   Маргаан бүхий газрыг сансраас авсан зураг.

4.   2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн дүгнэлтэд хавсаргасан зураг

5.   2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан зураг. Тус зурагт “НИК” ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндсөн, саад учруулсан зүйл байхгүй, харин автомашины зогсоол бүхий хэсэг байгааг харж болно.

            Мөн “НИК” ХХК нь нэхэмжлэлдээ “шүүхийн шийдвэрээр хэнд ч эзэмшүүлэх боломжгүй” гэсэн газрыг бусдад эзэмшүүлсэн хариуцагчийн үйлдэл буруу гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт тэгэж дүгнэсэн мөр байхгүй. Харин хэд хэдэн этгээдийн ул хөдлөх хөрөнгөруугээ орж, гардаг автомашины зогсоол хэлбэрээр ашигладаг нийтийн эзэмшлийн газрыг нэг этгээд буюу “НИК” ХХК-д конторын зориулалтаар эзэмшүүлж. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан бүрэн эрхээ хэтрүүлснээс нэхэмжлэгч “Интерном” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, “Интерном” ХХК-ийн орц гарцыг хааж, бүхэлд нь нэг этгээдэд эзэмшүүлсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн болохоос хэн ч эзэмшүүлж болохгүй газар гэсэн дүгнэлт өгөөгүй.

            Хариуцагчийн зүгээс “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах явцад нэхэмжлэгч “НИК” ХХК болон бусад гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн асуудал байхгүй бөгөөд ийнхүү аливаа этгээдийн эрхийг зөрчөөгүй бол тухайн актыг гаргахад нягтлан шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэл нь өөрөө үгүйсгэгдэх билээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргах ажиллагааны үндэслэл нь захиргааны байгууллага нь акт гаргах явцдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх болон зөрчигдөж болзошгүй байдлыг судлан шалгаагүй, хангалттай нотлох баримтад үндэслээгүй, “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй байхдаа акт гаргасан тохиолдолд энэхүү заалтыг хэрэглэх ёстой.

            Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК-ийн эрх ашгийг “Интерном” ХХК-д газар эзэмшүүлснээр ийнхүү хөндөгдөх нөхцөл байдал байсаар байтал шалгалгүйгээр “Интерном” ХХК-д газар эзэмшүүлсэн нь буруу гэх дүгнэлтийг өгөх байтал эсрэгээрээ нэхэмжлэгч “НИК” ХХК-иас гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж, тэдний үл хөдлөх эд хөрөнгөд хууль бус байдлаар пост барьсан мөн “нэхэмжлэгч “НИК” ХХК нь нийтийн эзэмшлийн талбай буюу цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь өөрсдийнхөө орц, гарцыг хаасан эсэх зэрэг үйлдлийг шалган тогтоож байж “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэхийг шийдвэрлэх ёстой гэж эсрэгээрээ эрх ашиг нь хохирсон этгээдийн буруу болгож, тэдний газар эзэмших актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх ажиллагаанд саад болох үндэслэл болохгүй бөгөөд харин эсрэгээрээ гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хөндсөн асуудал байгаа болохоос нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн асуудал байхгүй болохыг тодруулъя. Үүнд:

            1. Үндэслэх нь хэсэгт “Интерном” ХХК-ийн барилгад залгаж барьсан “НИК” ХХК-ийн харуулын байр буюу постыг албадан чөлөөлөх эсэх энэхүү тодруулах шаардлагатай гэсэн үндэслэл нь нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн хууль бус үйлдэл буюу гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн өмчлөх эрхийг хөндсөн нөхцөл байдал байгааг харж болно. Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил байхгүй.

            2. Үндэслэх нь хэсэгт “Маргаан бүхий газарт байрлаж буй цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь “Интерном” ХХК-ийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа эсэх буюу уг тоосгон хашааг барьснаас шалтгаалж уг маргаан үүссэн эсэхийг шалган тодруулж, шийдвэрлэх” энэхүү тодруулах шаардлагатай гэсэн үндэслэл нь мөн нэхэмжлэгч “НИК” ХХК нь гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбай дээр тоосгон хашаа барьж, бусдын болон өөрсдийн орц гарцаа хаачихаад, “Интерном” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжиж, гарна гээд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгчийн эрхийн зөрчил байхгүй.

            3. Үндэслэх нь хэсэгт “Цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж барьсан тоосгон хашааг буулгаж, авто машин явах зам гаргах нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцэх эсэх” гэсэн үндэслэлийн хувьд “Интерном” ХХК-ийн одоогийн орц, гарц болгож буй мөн “НИК” ХХК-ийн “Интерном” ХХК-ийн гарцыг ашиглана гээд буй тухайн гарц нь цахилгааны дэд станцын зүүн урд талаар байрладаг буюу баруун урд талаар залгаж барьсан тоосгон хашаатай ижил байрлалтай гарц болно. Өөрөөр хэлбэл, цахилгааны дэд станцын баруун урд талын гарц нь эрчим хүчний хууль тогтоомж, холбогдох дүрэм журам зөрчсөн тохиолдолд одоогийн гарц байгаа зүүн урд талын хэсэг нь ч мөн хууль зөрчсөн гэх асуудал хөндөгдөх ёстой. Мөн энэхүү үндэслэлд хэн нэгний буюу нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байхгүй.

            Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн субъектив эрх хөндөгдөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг 4 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “НИК” ХХК-иас “...урьд нь шүүхээс нийтийн эзэмшлийн газар гэж шийдвэрлэсэн 112 м.кв газрыг “Интерном” ХХК-ийн эзэмшилд олгосон... энэ нь газар эзэмших, өмчлөх, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг ...алдагдуулж байна” гэсэн үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжаар “Интерном” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газраас 323 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Анх “НИК” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2400 м.кв газрыг конторын зориулалтаар, гуравдагч этгээд “Интерном” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар захирамжаар мөн дүүргийн 8 дугаар хороонд байрлах 1075 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаар шийдвэрээр “...хэд хэдэн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө рүү орж гардаг, авто машины зогсоол хэлбэрээр ашигладаг нийтийн эзэмшлийн газрыг нэг этгээд буюу “НИК” ХХК-д конторын зориулалтаар эзэмшүүлж, “Интерном” ХХК-ийг өөрийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахаар байна” гэж дүгнэн “НИК” ХХК-д 112 м.кв газар нэмж эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг “Интерном” ХХК-ийн нэхэмжлэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга 2014 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/917 дугаар захирамж гаргаж, урьд “НИК” ХХК-д эзэмшүүлж байсан 112 м.кв газрыг оролцуулан “Интерном” ХХК-д 406 м.кв газар нэмж олгосон нь уг маргаан үүсэх үндэслэл болжээ.

Дээрхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч “НИК” ХХК нь гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн барилгын залгаа харуулын байр, маргаан бүхий газарт байрлаж буй цахилгааны дэд станцын баруун урд талаар тоосгон хашаа тус тус барьсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоны улмаас дээрх маргааныг шийдвэрлэх боломжгүй, цаашид тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамж гарахаас өмнө үүссэн дээрх нөхцөл байдлыг судалж, газар эзэмшигч, ашиглагчаас газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан бол уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч захиргааны байгууллага нь “НИК” ХХК-ийн “Интерном” ХХК-ийн барилгын залгаа харуулын байр барьсан нь хуульд нийцсэн эсэх, “НИК” ХХК нь цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьснаар “Интерном” ХХК-ийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа эсэх, мөн цахилгааны дэд станцын урд талаар орц, гарц гаргах нь эрчим хүчний хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмуудад нийцэх эсэхийг шалгаж, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                           ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                           ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                           ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН