Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Хохирогч: Я.Х

Шүүгдэгч: М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Боос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Мгийн Жид холбогдох эрүүгийн 2435000000164 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 08 дугаар сарын ...-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн ..... сумын ........ дугаар багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Мгийн Ж (РД: ................).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах гэртээ болон 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” үйлчилгээний төвийн гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Я.Хг байнга буюу 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зодсон, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зодсон, 2024 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

Мөн 2024 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” үйлчилгээний төвийн гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Я.Хг зодохдоо эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” үйлчилгээний төвийн гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Я.Хг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Я.Хг байнга буюу 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зодсон, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зодсон, 2024 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 1 дэх тал); 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал);

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал);

4. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 168 дугаартай шийтгэвэр, (хавтаст хэргийн 28-31 дэх тал);

5. 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 32-35 дахь тал);

6. Хохирогч Я.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз Б.Бийн гэрт очиж тухайн айлд хоол унд идээд сууж байтал манай нөхөр М.Ж нь над руу залгаад хаана байгаа талаар асууж, миний араас ирсэн. Тэгээд тухайн айлд Б.Б болон нөхөр М.Г бид дөрөв байж байгаад М.Г, М.Ж бид гурав хоёр хоёр лааз пиво уусан юм. Тэгээд бид нар “ Их наяд” club орохоор болж, тухайн пабд хүний 3,3 лааз пиво уусан.  Би талбай дээр гарч бүжиглэж байтал манай нөхөр М.Ж нь намайг нааш ир гээд чирээд клубаас гаргаад шат руу түлхэж, унагаасан бөгөөд унах үед баруун гар хугарсан юм.Тухайн үед уг “Их наяд” клубын гадна их олон хүн байсан бөгөөд нэг залуу намайг эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт очиход миний баруун гар шуу хэсгээрээ хугарсан байсан юм. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ над руу байнга дайрч цохиж зодох гэж оролддог. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусадтай маргалдаж байгаад намайг цохиж, тухайн үед цагдаад  шалгагдаж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээс 10 хоногийн баривчилгаа авч байсан юм. Мөн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөн намайг цохиж тухайн үед миний эгч М салгах дундуур орж гараа хугалуулж тухайн хэргээ цагдаагаар шалгуулж манай нөхөр миний биед халдсан гэдгээр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 8 хоногийн баривчлах шийтгэл авсан юм. Тэгээд тэрнээс хойш ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэлгүй байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө миний биед халдаж намайг шат руу түлхэж унагасны улмаас миний гар хугарсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);

7. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Г, найз Я.Х, түүний нөхөр М.Ж бид нар "Их наяд" нэртэй баар орж бүжиглэж байгаад би 00 орчхоод буцаж гарч ирэхэд зүс таних найз Нараа гэх эмэгтэй тааралдаж, сая чамтай хамт явж байсан эмэгтэй "Их наяд" нэртэй баарны гадна гараа хугалчихлаа гэж хэлэхээр нь баарны гадна гарч харахад найз Я.Хгийн баруун гар нь гэмтчихсэн байсан. Тэгээд  Я.Хгээс юу болсон талаар асуухад "Намайг нөхөр М.Ж “Их наяд" баарны гадна талын довжооны шатнаас түлхээд, би унахдаа гараа хугалчихлаа" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал);

8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай "...Үзүүлэгч Я.Хгийн биед баруун шуу ясны доод 1/3 хэсгээр буюу хугарамтгай хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу ихэвчлэн гараа тулж унах үед үүсгэгдэнэ... Баруун шуу ясны доод 1/3 хэсгээр буюу хугарамтгай хэсгийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал);

9. Шүүгдэгч М.Жийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал)-үүдээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч М.Ж, хохирогч Я.Х нар нь 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  гэр бүл болж, гэрлэсний бүртгэлийн 85.......29 дугаарт бүртгэгдсэн, дундаасаа 3 хүүхэдтэй хууль ёсны эхнэр нөхөр болох нь хавтаст хэргийн 86-89 дэх талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул тэдгээрийг дээрх хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид гурав ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодын хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодын хүчирхийллийн нэг  хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 168 дугаартай шийтгэврээр шүүгдэгч М.Ж нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай шийтгэврээр 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Я.Хг зодсон үйл баримтууд тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй болно.

Шүүгдэгч М.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.Хгийн биед гурван удаа халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга зодох” гэсэн шинжийг хангаж байх бөгөөд түүний үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй удаа дараагийн үйлдлээр эхнэр Я.Хг байнга зодож байсан, түүний үйлдэл тус бүр нь ижил төстэй, дахин давтагдах шинжтэй үйлдлээр хохирогчийн бие махбодид нь халдаж байгаа зэргээс дүгнэж үзэхэд М.Жийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Шүүгдэгч М.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө согтуугаар, идэвхтэй үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.Хг шатнаас түлхэж, унагаснаар хохирогчийн баруун гарын шуу хугарч,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Хгийн эрүүл мэндэд “Баруун шуу ясны доод 1/3 хэсгээр буюу хугарамтгай хэсгийн далд хугарал” гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Я.Х нь мөрдөн байцаалтын шатанд “Нөхөр М.Ж нь надад эмчилгээний зардал 1.000.000 төгрөг өгсөн. Одоо надад нөхөр М.Жоос нэхэмжлэх сэтгэл санааны хохирол болон гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар  ирүүлсэн нь хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.Жоос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч М.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Ж нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 74-78 дахь тал);

Шүүгдэгч М.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр гэмт хэргийн хор уршигт 1.000.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

                Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагч үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэгт 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сар зорчих эрх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Жид зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Улаангом сумын  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий DVD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Мгийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн” гэм буруутайд,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сар зорчих эрх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сар зорчих эрх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Жид зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Улаангом сумын  нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий DVD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ