Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/00101

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/00101

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ц.Н

            Хариуцагч: Ө.Т

781 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н , хариуцагч Ө.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Ц.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Н би их сургуулийн 1 дүгээр курст суралцаж байхдаа Ө.Т тэй үерхэж нөхөрлөж байгаад жирэмсэн болж хүү Т.Б 2014 оны 02 дугаар сарын 05-нд төрүүлсэн. Сургуулиасаа 1 жилийн чөлөө авч хүүгээ өсгөж, дараа жил нь сургуульдаа орсон. Т хүүгээ төрсний дараа өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан. Биднийг аав ээж маань гэр бүл болно гэсэн үүднээс сүй хадаг тавьсан байсан, гэвч бид хоорондоо таарахгүй муудалцан гэр бүл болохоо больсон учир гэрлэлтийн баталгаа аваагүй тул би шүүхэд нэхэмжлэл гарган, хүү Б эцэг Т мөн болохыг тогтоолгон, тэжээн тэтгүүлсэн. Хүүгээ төрүүлсэний дараа миний хөх хавдаж, хавдрыг мэс заслын аргаар авахуулсан тул хөхний сүү татарч хүүгээ угжиж өсгөсөн. Би өөрөө оюутан орлого байхгүй тул миний аав ээж л хүүгийн маань өсгөж, хардаг байсан. Ээж маань ажил хийхийн тулд хүүг 1 нас 3 сартай байхад хувийн цэцэрлэгт явуулдаг байсан. Би одоо оюутан учраас цэцэрлэгийн мөнгийг миний аав ээж төлсөн. Миний аав ээж хоёр хүүг маань өсгөж, хувцас хунар авч өгөх, ер нь хүүхдэд юу л хэрэгтэй байна тэр бүх ачааг үүрсэн. Эцэг Т нь би хүүхдийн эцэг гэх мөртлөө хүүхдэдээ эдийн засгийн тусламж үзүүлээгүй. Шүүхээр тэтгэлэг тогтоолгосон боловч тэтгэврээ алдаг хоног өгдөг. Хүүхдийн эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж гэр бүлийн тухай хуульд заасан байдаг. Иймээс хүү Б “Тажүн” ХХК-ны “Тэмүүлэл” цэцэрлэгт хүмүүжсэний зардал 781 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоогоор оюутан учраас эцэг Т бүрэн хариуцах үндэслэлтэй, харин би сургуулиа төгсөөд ажилтай орлоготой болохоороо 50 хувийг нь хариуцах болно гэв.

   Хариуцагч Ө.Т  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд хүү Баярыгаа өөр дээрээ авах хүсэлтэй байна. Н шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ Т хүүгээ төрсний дараа өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан гэж дурдсан байдаг. Миний хувьд хүү Баярыгаа өөрийн хүүхэд гэдгийг эхнээсээ хүлээн зөвшөөрсөн. Н 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хүүгийнхээ эцэг мөн болохыг шаардсан нь үндэслэлгүй юм. Миний хувьд хүүгээ тэжээн тэтгэх үүргээс зайлсхийсэн асуудал байхгүй хүүдээ овог нэр өгөх талаар зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр хүүгээ өөрөөрөө овоглох эрхтэй. Хүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн дугаар 142/ШШ2016/00541 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр дээр миний хувьд ямар нэгэн маргаангүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн шүүхээр тогтоосон тэтгэмжийг миний цалин хөлснөөс Эрдэм ахлах сургуулийн нягтлан бодогч сар бүр шийдвэрт заагдсаны дагуу суутгадаг. Иймд тэтгэмжийг алдаг оног төлсөн асуудал байхгүй тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байгаа. Нэхэмжлэл дээр дурьдсан 781 000 төгрөг болох Т цэцэрлэгийн төлбөрийг өгөх боломжгүй  учир нь хуульд заасан хүүхэд тэжээн тэтгэхтэй холбогдсон зардлыг төлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Н хариуцагч Ө.Т д холбогдуулан хүү Б Т цэцэрлэгт хүмүүжсэний зардал 781 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Ө.Т шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлдөг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчид оюутан ахуй цагтаа дотносон үерхэж нөхөрлөж байгаад 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Т.Б төрүүлсэн бөгөөд хоорондын таарамжгүй харилцаанаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү Т.Б төрсөн эцэг нь Ө.Т мөн болохыг тогоож, хүүг эхийн асрамжид   үлдээж, Гэр бүлийн тухай хуульд зааснаар сар бүр тэжээн тэтгэх үүргийг эцэгт нь тогтоосон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 142/ШШ2016/00541 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байна. Дээрхи үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч Ц.Н хүү Т.Б Т цэцэрлэгт 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 02 дугаар сард хүмүүжиж байх хугацаанд төлсөн төлбөр болох 781 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба ийнхүү төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан Тажун ХХК-н тодорхойлолтоор батлагдаж байна.

Хариуцагч Ө.Т 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрт ямар ч маргаан байхгүйгээр хүүхдийн тэтгэлэг төлж үүргээ биелүүлж байгаа. Энэ төлбөрийн талаар харилцан ярилцаж ойлголцох боломжтой байсан, шүүхийн шийдвэрээс өмнөх асуудал учраас хариуцан төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.  

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байна. Хуулийн энэхүү заалт нь тэтгэлэг авагч, төлөгч этгээдэд хамаарах ба тэжээн тэтгүүлэгчид тэтгэлэг тогтоогдсон үеэс хойш тэжээн тэтгүүлэгчид гарсан зардлыг хариуцуулах шаардлагад хамааралтай юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хүүхдийн цэцэрлэгийн төлбөр нь тэтгэлэг тогтоолгохоос өмнө гарсан зардал бөгөөд тэтгэлэг тогтоолгох тухай хүчин төгөлдөр шийдвэртэй өмнөх нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар нэхэмжлээгүй байх тул тэтгэлэг тогтоосноос өмнөх зардлыг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Т өөс 781 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

           

 

 ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ