Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2019/00201

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2019/00201

Говь-Алтай аймаг

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Э-д холбогдох

Ярианы төлбөр болон алданги нийт 116.175 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэглэгч М.Э нь 2012 оны 07 сарын 30-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 774558 тоот гэрээ байгуулан 9811..... дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 08 дугаар саруудын төлбөр болох 127.450 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. хэрэглэгч М.Э-с төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул барьцаа 50.000 төгрөг хасч, төлбөр 77.450 төгрөгөөс гэрээний 5.14-д заасны дагуу 1689 хоногийн алданги 38.725 төгрөг, нийт 116.175 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэрэглэгчид удаа дараа утсаар буюу биеэр уулзаж төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Энэ хэрэглэгч маань яриагүй байхад та нар энэ төлбөрийг нэхээд байна гээд төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа. Манайх баримтаа бүрдүүлээд өгсөн учраас нотлох баримт болох байх гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч. М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Э “Жи-Мобайл” ХХК-ний ярианы төлбөр болох алдангийн үнэ болох 116.175 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тйлбарыг гаргаж байна. Миний бие 2012 оны 07 сарын 30-нд “Жи-Мобайл” компанитай хувь хэрэгцээнд дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 77.... тоот гэрээ байгуулсан юм. Ингээд би 2014 оны 03 сараас эхлэн өөрийн дугаарыг ашиглаагүй юм. Гэтэл “Жи-Мобайл” ХХК нь надаас 2014 оны 4 сараас 9 сар хүртэлх ашиглаагүй ярианы төлбөрийг хуульзүйн үндэслэлгүйгээр дур мэдэн 116.175 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нэхэмжилж буй төлбөр миний ашиглаагүй төлбөр бөгөөд 2014 оноос хойш 5 жил уг дугаараа хэрэглээгүй мөн үндэслэлгүй төлбөр нэхэмжлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлүүдийг харгалзан “Жи-Мобайл” ХХК-ний нэхэмжилж буй 116.175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ний нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээний дагуу Ярианы төлбөр болон алданги нийт 116.175 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч М.Э-д холбогдуулан шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хэрэглэгчид удаа дараа утсаар буюу биеэр уулзаж төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Энэ хэрэглэгч маань яриагүй байхад та нар энэ төлбөрийг нэхэж байна гээд төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа. Манайх баримтаа бүрдүүлж өгсөн учраас нотлох баримт болох байх гэж үзэж байна...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 50.... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэгэрээний өргөдөлийн маягт, гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэх, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэх, 9811.... дугаарын 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй билл зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...2012 оны 07 сарын 30-нд “Жи-Мобайл” компанитай хувь хэрэгцээнд дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 77.... тоот гэрээ байгуулсан юм. Ингээд би 2014 оны 03 сараас эхлэн өөрийн дугаарыг ашиглаагүй юм. Гэтэл “Жи-Мобайл” ХХК нь надаас 2014 оны 4 сараас 9 сар хүртэлх ашиглаагүй ярианы төлбөрийг хуульзүйн үндэслэлгүйгээр дур мэдэн 116.175 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нэхэмжилж буй төлбөр миний ашиглаагүй төлбөр бөгөөд 2014 оноос хойш 5 жил уг дугаараа хэрэглээгүй мөн үндэслэлгүй төлбөр нэхэмжлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлүүдийг харгалзан “Жи-Мобайл” ХХК-ний нэхэмжилж буй 116.175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан мэтгэлцэж, татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд “Жи-Мобайл” ХХК иргэн М.Э нарын хооронд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх гэрээний дагуу “Жи-Мобайл” ХХК нь хариуцагчаас төлбөрөө төлөхийг утсаар ярьж байсан, төлбөр төлүүлэх талаар ямар нэгэн баримт, мэдэгдэл өгч байгаагүй, баримт гэхээр зүйл байхгүй, шүүхэд хандаж байгаагүй талаар тус тус тайлбарлаж, 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч М.Э-д хандан уг гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаж байсан талаар хэрэгт баримт байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. 

 

Нэхэмжлэгч байгууллага 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

 

Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч байгууллага өнгөрөөсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хугацааг сэргээх боломжгүй болно.

 

Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг няцаах баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн хэргийн оролцогчийн эрх, үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч М.Э-д 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  М.Э-тай ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй, Халиун сумын Сүүж багийн даргатай 9811.... дугаар ярьж хэлсэн, 2019 оны 06 дугаар сарын 06-нд 9987.... дугаарын утсаар холбогдож шүүх хурлаас өмнө ирж хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд ажил явдал гарсан, очиж чадахгүй, тулгаж хэллээ, маргааш ажил явдал болно, очиж амжихгүй гэх хариуг өгсөн байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч М.Э-д холбогдуулан Ярианы төлбөр болон алданги нийт 116.175 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи-Мобайл” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ