| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч ........
........
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ........
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С....., М..... нарт холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-..., эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ..... баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овгийн ..... ...... (РД: ......)
Монгол Улсын иргэн, ..... оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл ..., ээж, ахын хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын .... баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан .... овгийн ..... ..... (.......)
Шүүгдэгч М.... С.... нар нь бүлэглэн 2024 оны ... дүгээр сарын ....-ны шөнийн 03 цагийн үед согтуурсан үедээ Завхан аймгийн ..... сум .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... худалдааны төвийн баарны гадна талбайд, “....” дэлгүүрийн ойролцоо хохирогч Э..... толгойнд чулуугаар цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдэнд цус хуралт, доод зовхи, толгойн орой хэсэгт шарх гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С...., М..... нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Э.... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч С...., М.... нар нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны шөнийн 03 цагийн үед Завхан аймгийн .... сум .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... худалдааны төвийн баарны гадна талбайд, “....” дэлгүүрийн ойролцоо хажуугаар нь явж байсан хохирогч Э..... толгойнд чулуу, болон бургасаар цохих зэргээр бүлэглэн зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
С...., М.... нар өөрийг нь зодсоныг шууд тусган мэдүүлсэн хохирогч З..... “...Би 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн .... сум .... багийн нутаг дэвсгэрт ....... дэлгүүрийн хажуугаас такси барих гээд явж байтал миний араас танихгүй, хар бараан өнгийн хувцастай залуу миний толгойн дагз хэсэг рүү модоор нэг удаа цохисон юм. Тэгээд би толгой руугаа цохиулсны дараа эгц урагшаа уначихсан бөгөөд босож иртэл малгайтай саарал өнгийн цамцтай залуу миний баруун нүд, хацар, шанаа хэсэг рүү чулуугаар нэг удаа цохичихсон юм. Тэгээд миний нүүр толгой хэсгээс цус гарч эхэлсэн бөгөөд би цусаа тогтоох гээд зогсож байтал миний араас танихгүй нэг залуу цохих гэж байхад таксины зогсоол дээр байсан танихгүй хоёр жолооч ах ирээд "болиоч, хүн аллаа шүү дээ" гээд тэр гурван хүнийг салгасан юм...таксины жолооч ах намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн юм... Тухайн үед миний толгойн орой хэсэгт хагарч 2 оёдол, баруун нүдний доод зовхины хэсэгт язарсан байсан учраас 1 оёдол тавиулсан. Мөн баруун хацар, шанаа хэсэг хавдаж хөхөрсөн байсан бөгөөд толгойдоо тархи доргилттой болсон. Баруун нүд цаанаа гэмтэл авсан байна гэсэн бөгөөд эмчид үзүүлж, нүдний дусаалга дусааж, эмчилгээ хийлгэсэн. Миний баруун нүдэнд цус хуралт, доод зовхинд язарсан шарх гэмтлийг саарал өнгийн малгайтай цамцтай .... гэж дуудаад байсан танихгүй залуу чулуугаар нэг удаа цохиж учруулсан бөгөөд баруун зовхины доод хэсэгт 1 оёдол тавиулсан юм. Толгойн оройн хэсэгт учирсан гэмтлийг ..... гэж дууддаг танихгүй залуу навчтай нарийн иштэй модны хэсгээр нэг удаа цохиж учруулсан бөгөөд би толгойдоо 2 оёдол тавиулсан. Энэ хэргийн улмаас эмчилгээний зардал эм, тарианы төлбөрт 900,000 төгрөгийн бодит хохирол учирсан баримтууд байгаа, гаргаж өгнө...” гэсэн мэдүүлгээр,
С...., М.... нар хохирогчийг зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.... “...Би 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ... худалдааны төвийн хажуу талын баарны үүдэнд очиж согсоод байж байтал баарны үүдэнд байсан С.... гэдэг залуу Э.... бургасаар цохисон, М.... гэх залуу Э.... толгой хэсэгт чулуугаар цохисон бусад үйл явдлыг би машин дотроос сайн харж чадаагүй тэгээд толгойноос нь цус гарчихсан .... тэнд явж байхад би дуудаад машиндаа суулгаад Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Э.... С..... гэх залуу бургасаар толгой хэсэгт 2 удаа цохисон, дараа нь өөр М..... гэх залуу түүний толгой хэсэгт 1 удаа чулуугаар цохисон өөр зүйл сайн анзаараагүй. Миний харснаар Э.... зодоон үүсгээгүй зүгээр байхад нь гэнэт цохисон...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.... “...Би 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С...., М.... нартай ... худалдааны төвийн баарны гадаа зогсож байгаад хэдэн залуучуудтай маргалдаад... манай хоёр найз С...., М.... нар тэнд явж байсан Э..... гэх залууг зодчихсон байсан. Би тухайн үед тэр хоёрыг Э.... гэдэг залууг зодож, цохихыг хараагүй. С.... Э.... гэдэг залууг бургасаар цохисон гэж өөрөө надад хэлсэн. Тухайн үед би тэнд юу болсныг хараагүй. С.... надад Э..... гэх залууг бургасаар цохисон гэж хэлсэн. М.... Э..... гэх залууг цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй байна. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид гурав биеэ авч явах чадвартай байсан. Бид гурав 2 пиво л уусан согтолт гайгүй байсан. Э.... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч С...., М.... нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С...., М.... нарын үйлдлийн улмаас хохирогч З.... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “...1.Хохирогч Э.... биед: Баруун нүдэнд цус хуралт, доод зовхи, толгойн орой хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Тухайн гэмтлүүд нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Хохирогч Э..... биед учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хохирогч Э.... биед: Баруун нүдэнд цус хуралт, доод зовхи, толгойн орой хэсэгт шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч нар нь чулуу болон бургасаар хохирогчийг цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч М...., С.... нар нь бүлэглэн хохирогч Э.... толгойд чулуу болон бургасаар цохих зэргээр зодсон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдэнд цус хуралт, доод зовхи, толгойн орой хэсэгт шарх гэмтлүүд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч М...., С.... нар нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж үйлдсэн” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хор уршиг учирсан байдаг.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С...., М.... нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэгнийхээ хууль бус үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран оролцсон учир шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М...., С.... нар нь бүлэглэн хохирогч Э.... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар бүлэглэн өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч С....., М..... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч шүүгдэгч нараас учирсан гэмтлийн эмчлүүлэхтэй болон бусад зардал нийт 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын хууль ёсны байдал, шүүгдэгч нарын учруулсан гэмтлийг эмчлэхэд гарсан эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 68500 төгрөгийн эм тариа авсан зардал, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16500 төгрөгийг эм тариа авсан зардал нийт 85000 төгрөгийг шүүгдэгч нар хохирогч Э.... төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нараас иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.... хохирогч Э..... эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 213,980 төгрөгийн нэхэмжилсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийг эмчлэхэд нийт 213,980 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийг хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэд авагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалт, баримтууд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С...., М..... нараас 213,980 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч С...., М.... нараас тус бүр 149,490 төгрөгийг гаргуулж хохирогч Э..... 85,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн санд 213,980 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч Э.... нь эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогч Э.... 85,000 төгрөгийн хохирлыг, Эрүүл мэндийн даатгалын санд 213,980 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг хохирогч Э.... ХААН банкны .... дугаарын дансанд шилжүүлсэн баримтаар, 213,980 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн .... дугаарын дансанд шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С...., М.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.... ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгч М..... ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт оногдуулсан дээрх ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимтай, болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.... “шүүгдэгч С...., М.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх шинжгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хамгийн доод хэмжээг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн буюу бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулах нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй.
Түүнчлэн М.... нь өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал болон шүүгдэгч С.... нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хувийн байдлыг харгалзан тэдэнд торгох ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогтой .... ...., .... овогтой .... .... нарыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр ялаар, шүүгдэгч М..... 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С...., М.... нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.... М..... нарт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.... нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ