Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/02434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Т.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н

Орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ/2017/02212 дугаар захирамжаар Т.Э миний бие Бизнес девелопмент ББСБ-д 36,329,976 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн 11111111 улсын бүртгэлийн дугаартай 22222 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууцыг хураан авч улмаар шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-нд гаргасан үнэлгээний тайлангийн тухай 2018 оны 5 дугаар сарын 16-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/8484 тоот мэдэгдлээр дээрх хөрөнгийг 75,573,400 төгрөгөөр үнэлсэн ба 70 хувиар тооцож 52,901,380 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн.

Гэтэл Хөрөнгө эстимэйт ХХК-аар хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэнд нийцэхгүй байна. Мөн үнэлгээ хийх ажиллагаанд төлбөр төлөгч намайг оролцуулаагүй, шинжээч томилсон шийдвэрийг надад танилцуулаагүй энэ хугацаанд миний бие 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл БНСУ-д яваад ирсэн. Учир нь 61.3 м.кв талбайтай орон сууцыг миний бие нэг мкв талбайг 2,350,000 төгрөгөөр үнэлсэн ба нийт 144,055,000 төгрөгөөр үнэлэх саналаа хүргүүлсэн гэвч уг хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 75,573,400 төгрөгөөр үнэлсэн нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байна. Иймд 11111111 улсын бүртгэлийн дугаартай 222222 тоотод байрлах 61.3 мкв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгө инвестмент ХХК-аас хөрөнгийн үнэлгээ хийсэн шийдвэр гарсан. Энэ үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шаардлагатай нийцээгүй байна.Мөн шинжээч томилсон тогтоолыг нэхэмжлэгч Т.Эд танилцуулаагүй. Нэхэмжлэгчээс 144 сая төгрөгөөр байраа худалдан авсан. Тэгээд 144 саяаар үнэлгээ хийх саналаа хүргүүлснээс багаар буюу 75 сая төгрөгөөр үнэлсэн нь Т.Эы эд хөрөнгийг буюу орон сууцийг үнэгүйдүүлж байгаа учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/Ш32017/12080 дугаар захирамжаар Т.Эаас 36,329,976 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Т.Эы өмчлөлийн Сонгиохайрхан дүүргийн 11111111122222 тоотод байрлах 61,3 м.кв орон сууцыг битүүмжпэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4/5935 тоот мэдэгдэл хүргүүлэхэд 144,055,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхэд, төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБайгууллага 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 04/16 тоот албан бичгээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХКомпанийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд 75,573,400 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шинжээч томилсоноо Т.Эд утсаар мэдэгдсэн. Миний утсан дээр Энхтайванаас ирсэн мессежүүд байгаа. Хэвлэх гэхээр утаснаас хэвлэгддэгүй юм байна. Шинжээч томилсны дагуу орон сууцаа үзүүлээч гэхэд Т.Э орон сууцаа үзүүлсэн. Шинжээч тухайн орон сууцийг үзсний үндсэн дээр үнэлгээ тогтоосон.Тэрнээс үзээгүй байж үнэлгээ тогтоосон бол өөр асуудал. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02212 тоот шийдвэрээр хариуцагч Т.Эаас нийт 36,329,976.67 далан төгрөгийг гаргуулж тус ББСБ-д олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг 222222222 тоотын 61.3 м.квталбайтай хоёр өрөө орон сууцаар хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12/06/02 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрхи барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санапаа төлбөр төлөгчөөс ирүүлэхийг мэдэгдэхэд 144,055,000 төгрөг гэсэн саналыг ирүүлсэн байсан.

Тус ББСБ буюу төлбөр авагчийн зүгээс уг ирүүлсэн саналыг эс зөвшөөрч илтэд хөөрөгдсөн үнийн санал хэмээн үзэж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн билээ. Тус хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан бөгөөд Хөрөнгө Эстимэйт ХХК хөндлөнгийн шинжээчээр томилсон. Тус тогтоолын дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн хөрөнгийн дүгнэлтээр барьцаа болох 222222222 тоотын 61.3 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 75,573,400 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч Т.Э /РД: 123456/-аас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот тогтоолыг үндэслэж Хөрөнгө Эстимэйт ХХК-аас барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хийсэн дээрхи үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн,

Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд Т.Э нь ямар нэгэн төлөлт хийгээгүй. Өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахаар томилсон боловч тус ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцдоггүй. Зөвхөн хэргийн материалтай ирж танилцах л ажиллагааг хийсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 04/26 дугаар албан бичгээр тус ББСБ-д хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК-г тус ББСБ-д холбогдох хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр томилсон. Үнэлгээ нь 75 сая төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД- 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн талаас эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргав.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд: шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02212 дугаартай захирамжаар Бизнэес инвест девелопмент ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Эд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 39.592.066.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт зохигчид 35.992.066 төгрөг 67 мөнгөнд эвлэрч, хариуцагч нь төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18082/, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах Т.Эы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 11111111 дугаартай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШЗ2017/12080 дугаар захирамжийн дагуу 1304 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов./хх 14-44/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлөх тухай 1/18270042 тоот мэдэгдэл хүргүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 04, 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд төлбөр төлөгч Т.Этай уулзаж төлбөрөө хэрхэн төлж барагдуулах талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/18270042 тоот тогтоолоор түүний банкан дахь хадгаламжийн болон харилцах дансыг, мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18082/, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах Т.Эы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 11111111 дугаартай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг Т.Эд даалгаж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлбөрөө төлөх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ.

Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/18270042 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18082/, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах Т.Эы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 11111111 дугаартай 2 өрөө орон сууцыг хурааж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/5935 тоот мэдэгдлээр хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэгчид 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх, хэрэв тохиролцож тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчинээр зах зээлийн үнийг тогтоолгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцсон буюу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулах талаар мэдэгдснийг төлбөр төлөгч Т.Э нь хүлээн авч, 37 тоот орон сууцны үнийн санал дээр төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБ-тай тохиролцоогүй тул өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг м.кв-ыг нь 2350.600 төгрөгөөр буюу нийт 144.055.000 /нэг зуун дөчин дөрвөн сая тавин таван мянган/ төгрөгөөр үнэлж үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчид ирүүлжээ.

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр авагч талаас төлбөр төлөгчийн үнийн саналтай танилцаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд байршил,талбайн хэмжээ, ашиглалтын байдал, барьсан материал, хийц зэргийг харгалзахгүйгээр өнөөдрийн зах зээлийн бодит ханшаас хэтэрхий өндөр үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж зээлийн барьцаанд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлэх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгчээс хуульд зааснаар Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18082/, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах Т.Эы өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 75.573.400/ далан таван сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлсэн ба тус үнэлгээг төлбөр төлөгчид 2018 оны 05 дугаар сарын 16-нд 4/8484 тоот мэдэгдэх хуудсаар шинжээчийн үнэлсэн үнэ болох 75.573.400 төгрөгийн 70 хувиар тооцон 52.901.380 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдэж, хуульд зааснаар өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах, гаргасан тохиолдолд бичгээр хариу ирүүлэх талаар мэдэгдсэн./хх4,32-44/

Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18082/, ХД 44 дүгээр байрны 37 тоот орон сууцаа м.кв-ыг нь 2350.600 төгрөгөөр буюу нийт 144.055.000/ үнэлсэн ба тус үнийг анх байраа худалдан авсан үнэ, миний хөрөнгийг үнэгүйдүүлсэн, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй, үнэлгээ хийхэд намайг оролцуулаагүй, энэ хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 10-наас 14-ний өдөр Солонгос явсан гэж тайлбарлажээ.

Гэвч нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа тухайн байр ашиглалтанд орсоноос хойшхи хугацааны биет байдал болон үйл ажиллагааны элэгдэл тооцож үнэлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус үл хөдлөх хөрөнгөд шинжээч томилж үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргаагүй, 144.055.000 төгрөгөөр худалдаж авсан болон 2018 оны 05 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Солонгос Улсад явсан талаараа нотлох баримтаа шүүхэд ирүүлж хуульд зааснаар нотлож чадаагүй, мөн шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон тогтоолыг талуудад танилцуулах, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гаргахад төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг оролцуулна гэж хуулиар зохицуулаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-д шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч болох Бизнес инвест девелопмент ББСБ ХХКомпанийн хүсэлтээр эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж үнэлгээ гаргуулсан нь мөн гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хүлээн авч 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн үнийн 70 хувиар тооцон 52.901.380 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосныг мөн өөрийн хөрөнгийг 1 сар хүртэл бие даан худалдан борлуулах боломжтой тул саналаа 3 хоногийн дотор ирүүлэх талаар мэдэгдсэн боловч төлбөр төлөгчөөс энэ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн өмчлөлийн 37 тоот 61.3 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах саналаа ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнтэй холбоотой нотлох баримттай холбогдуулан тэдгээрт тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагынхаа талаархи тайлбар ,нотлох баримтыг шүүхэд ирүүлж хуульд заасан үүргээ биелүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэх тайлбар нь үндэслэл бүхий байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуулиар бол эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр түүний дагуу олгогдсон гүйцэтгэх хуудасны агуулгад хамаарахгүй болно.

Шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны 184/ШЗ2018/10090 дугаартай захирамжаар төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБ-ын хүсэлтээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу шүүх үнэлэсэн ба нэхэмжлэгч талаас нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд биечлэн оролцож байгаагүй бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөгчөөр Э.Тг оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өнөөдрийн хуралд өмгөөлөгч ажилтай гэх үндэслэлээр татгалзаж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүх хуралдаанд оролцуулсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцсан, эрх үүргийг шүүхээс танилцуулсан, шүүх хуралдаанд санал, хүсэлт гаргаагүй тул хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Эы нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 22222 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвөшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ