Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/35 

 

Х.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Ж-д холбогдох эрүүгийн 2013001390162 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1991 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, ам бүл 6 хүнтэй, эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 02 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Х овогт Х-ын Ж /РД: БЮ00000000/ нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн орой 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3-36 айлын орон сууцны гадаа иргэн Х.А-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х. Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

                Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд: “Шийтгэх тогтоолд үндэслэл болгосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч К.Хайратын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаар шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд үнэн зөв гарсан гэдэг нь эргэлзээтэй байна. Уг дүгнэлтэд “...шүүхийн шинжилгээний албаны үзлэгийн өрөөнд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгалийн гэрэлтүүлэгт шинжилгээ хийв” гэж мөн өдрийн огноотой гаргасан боловч дүгнэлтийнхээ 2 дахь хуудаст шинжилгээ хийж дууссан хугацааг 2020.03.24 гэж бичсэн. Уг дүгнэлтийг бодит байдал дээр 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан атлаа 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэтээр бичсэн нь дүгнэлтэд тавигдах шаардлагыг зөрчсөнөөс гадна шинжилгээ хийж дуусгахаас өмнө дүгнэлт гаргасан юм шиг ойлголт төрүүлж байна. Нөгөө талаар шинжээч эмч Х.Хайрат нь хохирогч Х.Аы төрөл садан хүнтэй дотно харилцаатай тул хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус дүгнэлт гаргасан байж болзошгүй. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасныг зөрчсөн, шинжээч дүгнэлт гаргахдаа хараат бус, хөндлөнгийн байдлаар үнэн зөв дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзээ бий болгож байна. Х.Аы тархины доргилттой, зулайн урьд хэсэгт няцарсан шархтай, зулайд битүү хавдартай, зүүн бүслүүр цус хуралттай хавантай гэж шинжээч дүгнэлт гаргасан боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Х.А эмнэлгийн тусламж авсан гэх боловч түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч, сувилагчаас мэдүүлэг аваагүй, өвчний түүхийг авч хэрэгт цуглуулаагүй, тархины гэмтлийг хэрхэн яаж эмчлүүлсэн талаар огт нотлох баримт байхгүй. Тархиндаа гэмтэл авсан талаар хохирогч өөрөө мэдүүлээгүй байхад шинжээч дүгнэлт гаргахдаа тархины доргилттой хавантай гэж дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй дүгнэлт болсон. Мөн шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох гэрэг зураг нь байхгүй дутуу учраас уг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй. 

Х.Аыг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан боловч “мэдүүлэг өгсөн гэрч Х.А” гэж гарын үсэг зуруулсан байна. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр "хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл" гэсэн гарчигтай мэдүүлэг авсан атлаа "мэдүүлэг өгсөн гэрч Х.А" гэж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс болж Х.А нь хохирогчоор эсхүл гэрчээр мэдүүлэг өгсөн эсэх нь тодорхойгүй болжээ. Х.А нь урьд нь хэд хэдэн удаа холбогдогчоор мэдүүлэг өгч байснаас гадна шүүгдэгч Х.Ж-ээс хохирогчоор дараа нь гэрчээр мэдүүлэг тус тус авчээ. Хохирогч, гэрч, холбогдогч, яллагдагч нарын эрх зүйн байдал тус тусдаа бөгөөд хэргийг шалгахдаа эдгээрийг хооронд  нь хутгаж болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал гарсан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль бус.

Хэрэг учралын бодит байдал, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, зэрэглэл, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгч санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан байж болзошгүй байхад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр зүйлчилсэн нь буруу болжээ. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас энэ хэрэг явдал гарсан бөгөөд миний үйлчлүүлэгч хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон байх шалтгаан нөхцөл илэрч тогтоогдсон хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй.

Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний биед хөнгөн хохирол учруулсан гэвэл энэхүү үйлдлийг “гэмт хэрэг” гэж үзэх боломжгүй. а/ хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Хохирогч шүүгдэгчийг цохиж зодох, нүүрийг нь самардаж, тав тогтоосон, хүүхдээ тэвэрч байсан хүний нүдний шилийг хугалж, нүүр лүү нь шидсэн, нөхөртэй нь хувийн харилцаа тогтоож, эхнэрээсээ сал гэж шаардлага тавьсан, нөхрийнхөө гар утас, фэйсбүүкийг нь ашиглан элдэв хэл амаар доромжилсон, гэр бүлийг үймүүлсэн, удаан хугацааны турш сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх мэт зэрэг олон буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн/, б/ хохирогчийн хууль бус гэмт үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан /цаг хугацааны хувьд үргэлжлэл богино байсан/, в/ шүүгдэгч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох ба өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг нь тухайн цаг үетэй, хэргийн нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоог үүсгэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талд хамаарах “гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал буюу эмоци” гэх шинж байсан болохыг илтгэж байна. Иймд дээрх “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь гэмт хэргийн бие даасан нэгэн шинж болох нь харагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж заагаагүй болох нь харагдана. Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ гэмтлийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ учруулсан. Эрүүгийн хуульд заагаагүй бол ямар ч аюултай үйлдэл хийсэн бай гэмт хэрэгт тооцдоггүй учраас нэгэнт гэмт хэрэг гэж тооцогдоогүй буюу гэмт хэргийн нэг гол шинж болох субьектив талын бүрдэл байхгүй тохиолдол гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн гомдолд: “Х.А нь манай гэр бүлийн харилцааны дундуур орж гэр бүлийг бусниулсан нэгэн. Тэр эмэгтэй нь миний бие 7 сартай жирэмсэн үед нөхрийн цахим фэйсбүүк хаягт нэвтэрч нөхрийн нэрийн өмнөөс нэвтэрч юм бичдэг байсан байна лээ. Миний бие түүнийг мэдэлгүй маш их сэтгэл санаагаар унадаг байсан. Энэ эмэгтэйгээс болж нөхөр маань намайг халамжлахаа байсан. Гаднаас ямар нэгэн орлого ордоггүй, мөн 2 хүүхэд болон гэдэс дэх хүүхдээ тэжээж тэтгэхэд маш хэцүү байсан. Тэгээд миний бие хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд хүүхдүүдээ эцэггүй өсгөхгүйн тулд тэр эмэгтэйтэй уулзахаар шийдсэн. Гэтэл тэр эмэгтэй нь надад хэлэх, хэлэхгүй юм хэлж, намайг ойлгож хүлээж авахын оронд доромжилж, намайг зодсон. Харин миний бие түүний биед хүрээгүй, ямар нэгэн гэмтэл учруулах санаа зорилго агуулаагүй. Тэр эмэгтэй миний нөхрөөс 2 удаа жирэмсэн болж хүүхдээ авхуулж байсан байна. Миний бие энэ эмэгтэйн муу муухай бүгдийг тэвчиж, зөвхөн гэр бүлээ хамгаалж үлдэхийг л хүссэн. Эцсийн эцэст энэ эмэгтэйн буруутай үйлдлийн улмаас яагаад миний бие хохирох ёстой юм бэ. Нийгмийн ёс суртахуунгүй хүмүүсээс болж миний бие болон гурван хүүхэд маань хохироход хүрээд байна. Миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн нөхцөл байдлыг тал бүрээс дүгнэн үзэж, шударга шийдвэр гарган өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Шинжээч эмч Х.Хайратын гаргасан дүгнэлт хэнээс ч хамааралгүй, үнэн зөв дүгнэлт байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. К.Хайрат нь миний төрөл садны хүнтэй дотнын харилцаатай гэдэг нь худлаа, энэ бол огт үндэслэлгүй хов живийн чанартай зүйл. Гэтэл миний бие одоог хүртэл сайнгүй ба толгой өвдөж, нойр хоол муудсан тул гэмтэл авснаасаа хойш 3 сарын дараа 2020 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотын Гэмтэл, Согог судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхэд тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай гэж тогтоосон. Харин миний хувьд гэмтэл авснаасаа хойш 3 сарын туршид эмчлүүлсэн эмчилгээний зардал 200,000 төгрөг, Улаанбаатар хот руу онош тодруулахаар явсан унааны зардал 100,000 төгрөг, томограф оношилгооны хөлс 125,000 төгрөг, Улаанбаатараас буцах унааны зардал 100,000 төгрөг, мөн дахин эмчилгээний эм, тарианы үнэ 300,000 төгрөгийг хараахан нэхэмжлээгүй байгаа. Х.Ж- шууд санаатай, төлөвлөсөн, зорилготой, чулуугаар зэвсэглэн, миний замыг отож байгаад хийсэн довтолгоонд нь өртөж, гэмтэл авах хүртлээ зодуулсан. Энэ нь шинжээчийн дүгнэлт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографын дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн өмгөөлөгч С.Нургайып хохирогч шүүгдэгчийг цохиж, зодож, нүдний шилийг хугалж шидсэн, нөхөртэй нь хувийн харилцаа тогтоож, эхнэрээс нь сал гэж шаардлага тавьсан, нөхрийнх нь гар утас, фейсбүүкийг ашиглан элдэв хэл амаар доромжилсон, гэр бүлийг үймүүлсэн, удаан хугацааны туршид сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх мэтээр ямар ч нотлох баримтгүй, илт гүтгэсэн явдал нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл. Шүүгдэгч Х.Ж-, түүний нөхөр Б.Н, өмгөөлөгч С.Нургайып нар хохирогч Х.А намайг шүүгдэгч Х.Ж-ийн нөхөр Б.Ныг эхнэрээсээ сал гэж шаарддаг байсан гэж үндэслэлгүй гүтгэсэн. Харин ч Х.Ж-ийн нөхөр Б.Н надаас салахгүй, маш ихээр зовоосон. Үүнийг мэдсэн манай ээж Б.Нтай уулзаж, миний охиноос хол яв, энэ явдлыг таслан зогсоохгүй бол чамд хувийн арга хэмжээ авна гэж анхааруулж байсан. Х.Ж- нь миний биед хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүх түүнд ял оногдуулсан. Мөн Х.Ж- нь чулуу шидсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч өмгөөлөгч авснаас хойш хэргээ хүлээхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх явцыг удаашруулах үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Мөн шүүхээс Х.Ж-ийг гэм буруутайд тооцсоны дараа шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч нь шүүхээс хөнгөлөлт хүссэн тул шүүх түүнийг давхар харгалзан үзэж, түүнд оногдуулах ялын доод хэмжээг оноосон байхад хохирогчийн өмгөөлөгч янз бүрийн үндэслэлгүй зүйл бичиж давж заалдах гомдол гаргаж байгаа нь тун ойлгомжгүй байна. Х.А миний хувьд “Хувь хүний болон гэр бүлтэй хүмүүсийн амьдралыг сүйтгэсэн, гэр бүлийг бусниулсан, салгаж сарниулсан явдал байхгүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагын тогтоол, шийдвэр, дүгнэлт зэрэг албан ёсны нотлох баримтыг гаргаж, нотлох ёстой. Х.А, Б.Н бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг тул найз нөхдийн харилцаатай байсан нь үнэн. Х.А надаас болж Б.Н, Х.Ж- нарын гэр бүл салж сарниагүй, одоог хүртэл хамтын амьдралтай байгаа.” гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч Х.Ж- нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах 3-36 айлын орон сууцны гадна иргэн Х.Аыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүд мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэгсдийн бүртгэлийн Х.Ад холбогдох хэсэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Х.Аы эрүүл мэндэд нь санаатай халдсан нь тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

Шүүгдэгч Х.Ж-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Х.Ж-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000.00 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч Х.Ж- болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар Х.Ж- нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан байж болзошгүй” гэсэн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                                               

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            Д.КӨБЕШ