Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2019/00217

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2019/00217

Говь-Алтай аймаг

 

                       

 

  

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 6.429.150 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 онд авах байсан 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.722.300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Н, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Я.Н нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд математикийн багшаар ажилд орсон юм. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй юм. 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн Б/07 дугаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00277 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гарган явсаар 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр шийдвэрлэгдэж ирсэн юм. Уг шийдвэрээ Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа орсон. Иймд миний бие 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6.429.150 төгрөг, энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мөн 2018 онд авах байсан 5 жил тасралтгүй ажилласны тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.722.300 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2008 оны 09 дүгээр сарын 01-нд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд математикийн багшаар ажилд ороод 2018 оны 3 сард захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Энэ талаар шүүхэд гомдол гаргаж 2018 оны 06 дугаар сарын 04-нд анхан шатны хурлаар ажилдаа эгүүлэн томилогдсон боловч захирлын давж заалдах гомдлоор 2019 оны 02 дугаар сарын 29-нд Дээд Шүүхээр шийдвэрлэгдэж ажилдаа буцааж орохоор болсон. Ингээд ажилдаа оръё гэж удаа дараа захирал дээрээ очсон боловч ажилд маань эгүүлж тогтоохгүй явсаар 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр ажилдаа орсон. Энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг сургуулиас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн энэ хугацаанд авах байсан 5 жилийн тэтгэмжийн мөнгөө нэхэмжилж байгаа. 2008-2013 онд эхний 5 жилийн тэтгэмжээ аваад дараагийн тэтгэмжээ 2018 оны 09 сарын 01-нд олгогдохоор байсан боловч авч чадаагүй. Төсөвт суугдсан байсан боловч өгөөгүй учраас үүнийг нэхэмжилж байна. 2018 оны 03 дугаар сарын 06-нд ажлаас халагдаад анхан шатны шүүх хурал 2018 оны 06 дугаар сарын 04-нд болсон. Үүгээр ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын мөнгө тогтоогдсон.  Үүнээс хойших буюу 2018 оны 09 сарын 01-ээс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байгаа. 5 жилийн тэтгэмж дээр анхных нь 2013 онд авах байсан материалаа бүрдүүлээд өгсөн боловч санхүүжилт нь хойшлоод 2014 оны 7 сард олгогдсон байгаа. Дараа нь Санхүүгийн яам руу материалаа 2017 оны 05 сард өргөдлөө бичээд төсөв нь 2018 онд суугдаж ирээд төсвөө хуваарилахдаа 2018 оны 09 сарын 01-нд өгсөн. Би 2018 оны 03 сарын 06-нд халагдсан учраас миний мөнгө байгууллагадаа байсан. 12 сард шүүхээр ороод ийм болсон одоо мөнгөө авч болохгүй юм уу гэхээр ажилдаа орохоор чинь өгнө гэсэн. Одоо болохоор энэ мөнгийг авах ёсгүй байсан байна гэж тайлбар өгсөн. Энэ мөнгөтэй холбоотой ажилд орсон тушаал дээр С, С, У, Г гэсэн хүмүүстэй анх нэг жил ажилдаа орж байсан. Энэ хүмүүс 2018 оны 09 сарын 01-нд 2 дахь удаагийн 5 жилийн мөнгөө авсан. Энэ жагсаалтаар орж ирсэн 11 хүний нэрнээс намайг ажилдаа орохоор чинь өгнө гээд тэмдэглэсэн байсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19. 3 дахь хэсэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловрсолын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасан. Багш Я.Н-д анхны 5 жилийн тэтгэмжийг 2014 оны 07 дугаар сарын22-ны өдөр олгосон байна. Иймд багш Я.Н-д хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 2 дахь удаагийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Я.Н-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6.429.150 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 онд авах байсан 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.722.300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19. 3 дахь хэсэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловрсолын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасан. Багш Я.Н-д анхны 5 жилийн тэтгэмжийг 2014 оны 07 дугаар сарын22-ны өдөр олгосон байна. Иймд багш Я.Н-д хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 2 дахь удаагийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байна гэж мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Я.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

 

Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч Я.Н нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00256 дугаар тогтоол гарч, Я.Н-д нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 64 олговорт 2.620.800 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.

 

Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай “Я.Н-г албан тушаалд нь эгүүлэн авах тухай” тушаалаар Я.Н-г математикийн багшийн ажилд эгүүлэн томилсон байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Я.Н-н хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь биелүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2018 оны 06 сард амралтын мөнгө орж ирсэн, 2018 оны 07, 08 сард амралттай учраас цалин гаргуулахгүй, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 157 өдрийн цалинг гаргуулахаар нэхэмжилж байгаа.” гэжээ.

 

Иймд Я.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Я.Н-н 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 7 сар 6 хоногийн олговор 6.408.682 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.468 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.Н-н 01..... дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар саруудын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй байна.

 

2018 онд авах байсан 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч байгууллагад 2008 оноос хойш ажиллаж байгаа талаар мөн 2014 онд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай 5 жил ажилласаны тэтгэмжийг авсан талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...5 жилийн тэтгэмж дээр анхных нь 2013 онд авах байсан материалаа бүрдүүлээд өгсөн боловч санхүүжилт нь хойшлоод 2014 оны 7 сард олгогдсон байгаа. Дараа нь Санхүүгийн яам руу материалаа 2017 оны 05 сард өргөдлөө бичээд төсөв нь 2018 онд суугдаж ирээд төсвөө хуваарилахдаа 2018 оны 09 сарын 01-нд өгсөн. Би 2018 оны 03 сарын 06-нд халагдсан учраас миний мөнгө байгууллагадаа байсан. Энэ мөнгөтэй холбоотой ажилд орсон тушаал дээр Саранцэцэг, Сэргэлэн, Уранчимэг, Гэрэлтуяа гэсэн хүмүүстэй анх нэг жил ажилдаа орж байсан. Энэ хүмүүс 2018 оны 09 сарын 01-нд 2 дахь удаагийн 5 жилийн мөнгөө авсан. Энэ жагсаалтаар орж ирсэн 11 хүний нэрнээс намайг ажилдаа орохоор чинь өгнө гээд тэмдэглэсэн байсан ...” гэж тайлбарлаж 0128530 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2018 онд таван жил ажилласаны тэтгэмж авах багш нарын жагсаалт, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2008 оноос 2019 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Багш Я.Н-д анхны 5 жилийн тэтгэмжийг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон байна. Иймд багш Я.Н-д хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 2 дахь удаагийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байна.” гэж Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласан багш нарт олгох тэтгэмжийн мөнгөний жагсаалт, Я.Н-н өргөдөл, 2014 оны 07 сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласан багш нарт олгох тэтгэмжийн мөнгөний жагсаалт, Я.Н-н өргөдөл, 2014 оны 07 сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Я.Н нь боловсролын байгууллагад тасралтгүй 10 жил ажилласан буюу Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан болох нь 2008 оноос 2019 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00256 дугаар тогтоол зэргээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2018 онд авах байсан 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 6.408.682 төгрөг, 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.131.982 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 209.062 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

  Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байна. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдэхэд Улаанбаатар хотод байна. Очиж амжихгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн архив, бичиг хэрэг Э.Д-д шүүх хуралдааны товыг гардуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 7 сар 6 хоногийн олговорт 6.408.682 төгрөг, 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.131.982 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.468 төгрөгийн цалинг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Н-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 6.408.682 төгрөг, 5 жилийн тэтгэмж 5.723.300 төгрөг, нийт 12.131.982 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 209.062 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ