| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч ....
Шүүгдэгчийн өмгөөлөгч ....
Гэрч
Шинжээч .....
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.... холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны 06 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн .... сумын .... баг .... .... ... тоотод оршин суух хаягтай, .... овогт ..... ....., регистрийн дугаар: (.....)
Урьд: Сум дундын 1-р шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...-р зүйлийг журамлан тусгай ангийн .... дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Р.... нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох .... килограмм хуурамч хонин арцыг 2024 оны 07 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр “.... ...” гэх газарт байрлах “... ...” гэх уулнаас түүж бэлтгэн экологид ...... (.......) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д..... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааны хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.1 Шүүгдэгч Р.... нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох .... килограмм хуурамч хонин арцыг 2024 оны 07 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр “... ...” гэх газарт байрлах “... ...” гэх газраас арц түүж бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Р.... тухайн газраас арц түүсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Э..... “... 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал .... ах ирээд нэг ажил байна хөдөө яваад ирье өдрийн 70.000 (далан мянган) төгрөг өгье чи надтай хамт яваад өгөөч 2 хоног л явна гэхээр нь хөдөө ямар ажил хийх юм гэхэд арц түүнэ гэхээр нь болдог юм уу, зөвшөөрөлтэй юм уу гэж асуухад болно манай Завхан аймагт арц элбэг ургадаг учраас ямар ч асуудал байхгүй би зөвшөөрөл авчихна гэсэн. Тэгээд би хамт явахаар болоод хөнжил пүүгээгээ бэлтгэж байтал .... ах машинтайгаа гэрийн гадаа ирээд намайг аваад шууд .... сумаас зүүн тийш гараад явсан хашаа явж байгаа талаар асуухад .... баг руу явж байна гээд явсаар байгаад нэг том уулын ам өгсөж голоор гарч маш бартаа саад ихтэй замаар явсаар уулын эхэнд тулж очоод голын захад модон дунд майхнаа бариад орой болсон тул шууд унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод .... ах хэдэн шуудай аваад уул руу арц түүнэ гээд яваад өгсөн. Би цай чанаж хоол хийгээд байж байтал .... ах дуудахаар нь нэг хүйтэн ус дөхүүлж өгөөд очиход энэ шуудайтай арцыг машин руу зөөгөөд бай гэсэн тэгээд би түүний түүсэн шуудайтай арцнуудыг машин руу уулын уруу зөөж түүнд хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгч ажилласан. Тэгээд тэр газраа ахиж нэг хоноод маргааш өглөө нь босоод байж байтал цагдаа нар ирсэн. Би арц түүж бэлтгээгүй. Харин .... ахын түүсэн арцыг машин руу зөөх, түүнд хоол цай ус дөхүүлж өгөх зэрэг ажил хийсэн. .... ах арц түүхдээ гар хайчаар ишийг нь хайчилж таслаад шуудайнд хийж түүсэн. ...Түүсэн арцаа машинаараа ачиж зөөсөн зүйл байхгүй. Би машин руу ойртуулаад газарт тараагаад хаячихсан байсан. Харин цагдаа нар ирээд түүсэн арцаа машиндаа ачаад дагаад яв гэхээр нь машинд ачиж цагдаагийн газарт авч ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.... “...2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил дээр иртэл дэд хурандаа Э...., хошууч 3. ... нар байж байгаад Завхан аймгийн .... сумын .... багт хүмүүс арц түүж байна гэсэн мэдээлэл ирсэн хамт яваад ирэх үү гэхээр нь би хошууч 3..... хамт цагдаагийн албаны машинтай явсаар ... сумын .... багийн нутаг “... ...” гэдэг газарт очиход “... ...” гэдэг ууланд байх модон дотор цэнхэр өнгийн .... маркийн машин, майхан харагдсан тэгээд явган явж очиход Р....., .... гэдэг хоёр хүн .... улсын дугаартай цэнхэр өнгийн .... маркийн машинтай ямар ч зөвшөөрөлгүйгээр ... шуудай арц түүчихсэн байсан. Хошууч 3. .... тэр хавьд хэргийн газрын үзлэг хийж арц түүсэн газар ойр орчмын эд зүйлийн гэрэл зургийг гар утсаараа дарж авсан. Хошууч 3.... бид хоёрыг очиход Р...., .... гэдэг хоёр хүн байсан бөгөөд .... гэдэг арай ахимаг настай ах нь би энэ арцыг түүж бэлтгэсэн. Энэ залуу юу ч мэдэхгүй анх удаа явж байгаа юм би түүнийг өдрөөр нь бодож цалинжуулаад авч явж байгаа. .... арц түүж бэлтгэсэн зүйл байхгүй надад ойр зуур зарагдаад хоол цай бэлтгэж ус ундаа зөөж миний түүсэн арцыг машин руу дөхүүлэх ажил хийдэг юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Р.... мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Надад мөнгөний хэрэг гараад байхаар арц түүгээд худалдвал амархан мөнгө олж болох юм шиг санагдаад 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр явах гэтэл ганцаараа болчхоод байхаар нь таньдаг залуу болох Э.... уулзаж өдөрт 70,000 /далан мянга/ төгрөг өгье чи надтай хөдөө яваад өгөөч 2 хоног явна гэж гуйхад Э.... за за зүгээр байж байхаар яваад өгье гэсэн тэгээд бид хоёр хөнжил пүүгээгээ аваад жаахан борц аваад, боорцог аваад миний өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай .... маркийн авто машинтай .... сумаас гараад .... сумын .... багийн нутаг дунд .... гэдэг газарт очиж майхнаа бариад хоносон. Маргааш өглөө нь босоод би уул өөд өгсөж арц түүсэн Э.... надад тусалж миний түүсэн арцыг машин руу зөөх, шуудай зөөж өгөх, хоол цай дөхүүлж өгөх зэрэг ажил хийж өгсөн. Тэгээд ахиж нэг хоноод 2024 оны 07 сарын 31-ний өдөр арц түүж байтал машинтай цагдаа нар ирээд арц түүхээ боль гээд түүсэн шуудайтай арцнуудыг миний машинд ачуулаад .... суманд цагдаа дээр авч ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон байна.
Р..... нийт .... кг арц түүсэн нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр, түүсэн арц нь ховор ургамалд хамаарах хуурамч хонин арц бөгөөд нийт ..... төгрөгийн үнэтэй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн “ 1. Шинжилгээнд хүргүүлж буй 1-10 хүртэл дугаарласан 10 уут ургамлын дээжид шинжилгээ хийж ургамлын төрөл зүйлийг тогтоох боломжтой байна.
1. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг дээж нь Cupressaceae-Агарууны овгийн Juniperus-Арцны төрлийн Juniperus pseudosabina Fisch. et Mey-Xyyрамч хонин арц болох нь тогтоогдож байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдийн ямар төрөл, зүйлийнх болохыг тодорхойлохын тулд дээрх морфологи шинж тэмдгүүд болон хэмжилтийг харгалзан үзэж “Монголын гуурст ургамал таних бичиг”, “Бүгд найрамдах Монгол ард улсын бэлчээр, хадлан дахь тэжээлийн ургамал таних бичиг” болон “Монгол орны мод сөөг” зэрэг шинжлэх ухааны бүтээлүүдтэй харьцуулан шинжлэхэд Cupressaceae-Агарууны овгийн Juniperus-Арцны төрлийн Juniperus pseudosabina Fisch. et Mey-Хуурамч хонин арц болох нь тогтоогдож байна.
3. Дээрх үзлэг, хэмжилт, харьцуулалтаас үзэхэд шинжилгээнд хүргүүлсэн 10 ширхэг дээжүүд нь (Бүгд нэг зүйл) Cupressaceae-Агарууны овгийн Juniperus-Арцны төрлийн Juniperus pseudosabina Fisch. et Mey-хуурамч хонин арц байна.
4. Хуурамч хонин арц нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.
5. Тус шинжлэгдсэн 10 ширхэг ургамлын дундаж чийгшил нь 8.25%-ийн чийгтэй байгаа тул хуурай байна. Ургамлын чийгшлийг 20% буюу түүнээс дээш бол нойтон гэж үзнэ.
6. Мөрдөгчийн тогтоолд .. ширхэг шуудайтай ургамлын нийт жин ...кг-аар экологи-эдийн үнэлгээг тооцоолох гэж дурдсаны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр хавсралтын дагуу хуурай, Juniperus pseudosabina Fisch. et Mey-Xуурамч хонин арцны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж үзэхэд 175,800төгрөг*....=..... төгрөг байна.
7. Тус ургамлын түүж бэлтгэх зөвшөөрөл олгодог эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.
8. Дээрх ургамлыг түүж авснаар шим тэжээлээ алдаж, бодисын солилцоо нь дахин явагдах боломжгүй болдог тул тус түүж авсан ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй.
9. Дээрх шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.
1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
1.3 Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болохоор заасан байна.
Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглахдаа сум дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахдаа төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр ашиглахаар Байгалийн ургамлын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тус тус зохицуулсан.
Шүүгдэгч Р.... нь хуурамч хонин арцыг түүж бэлтгэхдээ зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдүүдээс зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй болох нь хэрэгт авагдсан Р.... мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэх нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгож түүнийг хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр .... килограмм ховор ургамал болох хуурамч хонин арцыг түүж бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг санаатай зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Р.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
1.4 Шүүгдэгч Р.... зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт .... төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Р.... 92,294,500 /ерэн хоёр сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ /төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо шүүх хуралдааны үед жинлэсэн хэмжээгээр буюу нийт .... кг-аар тооцож хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... эд хөрөнгө-д ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан ба эд хөрөнгөд учирсан шууд хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хэмжээгээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл тухайн үед арцыг жинлэсэн хэмжээгээр буюу .... кг-аар хохирлыг тооцох тул дээрх дүгнэлтүүдийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Шүүгдэгч Р.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Р.... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж түүнд 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн .... сумаас гадагш явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б..... эрүүгийн хариуцлагыг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн өгнө үү” гэснийг хангах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд “хохирлыг нөхөн төлнө” гэсэн мэдүүлэг нь дангаараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь шүүгдэгч хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон тухайн хохирлыг нөхөн төлөх төлбөрийн чадвартай болохоо баримтаар нотолсон байхыг ойлгоно. Хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт байхгүй тул шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх илэрхийлэл нь бодитой гэж үзэх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлт хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж орлогыг улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг дахин ашиглах боломжгүй учир устгаж шийдвэрлэлээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 зааснаар “ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-ыг байгаль орчин уур амьсгалын сангийн эх үүсвэрт хамаарах учир гэмт хэрэг үйлдэж олсон ... шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохдоо байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогтой .... .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.... 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.... Завхан аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р..... 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Р...... 92,294,500 төгрөгийг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хар өнгийн бариултай хайчийг устгасугай.
8. Шүүгдэгч Р..... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ