Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2017/01278

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00915/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** тоотод оршин суух, Х овогт ******* /РД:....., утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* /РД:********, утас *******..../-д холбогдох

 

" нийт 141,803,770 төгрөг гаргуулах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, худалдах худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын бүхий л бичиг баримтуудыг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Г.Т иргэдийн төлөөлөгч Н.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Нэхэмжлэгч *******, Б.Б бид нэг гэр бүл бөгөөд амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК болон *******-аас тус бүр худалдан авсан.

Ингэхдээ Б.Б нь *******ХХК-иас Дархан сум, 5 дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах 2 давхар объектын 2 давхарт 180 мкв талбай бүхий Улсын бүртгэлийн ****************дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 мкв-ыг 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 189,000,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон.

******* нь ********..... ХХК-аас дээрх объектын 1 давхарт байрлах 180 мкв Улсын бүртгэлийн ********.... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 мкв-ыг 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 189,000,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл уг объектыг худалдан авснаас 5 сарын дараа Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас хийсэн Барилгын зураг төсөлд хяналт хийх тухай дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 138.19*2=276.38 мкв буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн талбайн хэмжээнээс 83.62 мкв дутуу болох нь тогтоогдсон.

Бидний зүгээс өөрсдийн унадаг машинаа арилжаалах, хадгаламжаа гаргах, зээл авах гэх зэргээр бүхий л аргаа хэрэглэн нийт 378,000,000 төгрөгийг худалдагч нарт шилжүүлэн Худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад худалдагч **************** ХХК, ******* түүний төлөөлөгч этгээдүүд анхнаасаа биет байдлын доголдолтой хөрөнгөө мэдсээр байж түүнийг доголдлыг нуун дарагдуулж бидэнд худалдсан.

Мөн үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх үүргийг худалдагч тал хариуцах ёстой буюу гэрээнд заасан шинжээр ашиглах боломжгүй бол эд хөрөнгийн доголдол болох бөгөөд ийнхүү доголдолтой хөрөнгөө нийлүүлснээр бид тус объектод нэмэлтээр нийт 23,641,410 төгрөгийн засан сайжруулалт хийсэн нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн хохирлын асуудал болох тул энэ хэмжээний төгрөгийн хохирол амсаад байна.

...Өөрөөр хэлбэл дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэвийн ашиглахад зайлшгүй чухал шаардлагатай нөхцөл болох ашиглалтын хэрэгцээг хангасан объектыг анх худалдаж авсан бөгөөд хэрэв өнөөдрийнх шиг тог, цахилгаан, усны асуудал яригдах байсан бол тухайн үед бүхий л эд хөрөнгөө худалдан байж энэхүү объектыг авахгүй байх боломжтой байсан юм.

Иймд талбайн зөрүү болох 87,790,500 төгрөг, доголдлоос үүдэлтэй хохирол болох 23,641,410 төгрөг, нийт 111,431,910 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хууль бус үйлдлүүд болох цэвэр бохир усны шугамнуудыг тасалж буй үйлдлүүдийг зогсоохыг мөн худалдах худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын холбогдох бүхийл бичиг баримтуудыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль бус үйлдэлтэй гэм хорын хохирол төлбөрт 30,371,860 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага нь талбайн зөрүү 87,797,500 төгрөгийг нэхэмжлилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг сонсоход гэрээний дагуу 180 мкв-тай гэсэн боловч бага байсан гэж танилцуулж байна. Анх 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. *******-ийг төлөөлж Энхзориг, худалдагч авагч *******, ****************ХХК-ийг төлөөлж А худалдан авагч Б.Б гэдэг хүмүүс гэрээ байгуулж худалдан авсан байдаг. Эдгээр хүмүүс нь энэхүү 2 давхар обьектыг давхар тус бүрээр нь 185,000,000 төгрөгөөр худалдан авсан. Нэг давхар обьектын хэмжээ 180 мкв байсан. Ингээд 360 мкв талбайтай 2 давхар обьектын үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь үнэлээд 370,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед энэхүү 2 давхар эд хөрөнгө маань хэвийн үйл ажиллагаа явагдаж, ашиглаж байсан. Уг барилга нь стандарын дагуу баригдаж чанар сайн байсан гэдгийг хоёр тал ярилцсан. Нэхэмжлэлийн яриад байгаа шиг мкв-ыг нь үнэлсэн тохиролцоо байгаагүй. Ерөөсөө 2 давхар обьектыг бүхэлд нь 370,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын 2015.07.01-ний өдөр Барилгын зураг төсөлт хяналт тавьж дүгнэлт гаргасан. Түүнээс барилгын талбайн хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг хэмжсэн зүйл байхгүй. Мөн Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газар нь үл хөдлөх эд хөрөнгийн талбайд хэмжилт хийх эрх бүхий этгээд мөн эсэхийг анхаарах зүйтэй байна. Ийм учраас анхнаасаа тохиролцоогүй талбайг анх тохирлцсон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдолтой хохирол 23,640,410 төгрөгийг нэхэмжилж байна. энэхүү обьект худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед 2 давхар байсан. Одоо харин 3 давхар болсон байгаа. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн 2 дахь хуудсанд хийгдсэн хүснэгт, хэрэгт хавсаргаж өгсөн гэрээнүүдийн үнийг харах юм бол тус байгууллагыг 3 давхар болгохын тулд гаргаж байгаа зардал харагдаж байна. Үүнд: Суурин хучилт хийх ажил гэж байна. энэ суурийн даац байгаа эсэх, барилгын зураг төсөл нь гурван давхрын зураг төслийг зохиохын тулд гаргасан зардал байгаа. Үүнийг зөвхөн гэрээгээр эд хөрөнгийг доголдлоос үүдэлтэй гэж хариуцагч үзэхгүй байна. Яагаад гэвэл өөрсдөө сайн дурандаа нэг давхрыг нэмж барихын төлөө гаргасан зардал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ийм учраас 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гуравдахь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэлэхэд хууль бус үйлдэлтэй холбоотой гэм хорын хохирол нэхэмжилж байна. Хариуцагчийн зүгээс халаалтыг 2017.10.07-ны өдөр дулааныг өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2017,09 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.5-т зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан. Хүсэлтэнд худалдаж авсан обьектын цэвэр, бохир дулааны шугамыг нээх эсвэл хаахгүй байхыг даалгуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг тус шүүхийн шүүгч 2017.10.10-ны өдрийн 4536 дугаартай захирамжаар хангаж шийдсэн. Уг шүүгчийн захирамжийг биелэгдэх боломжгүй гэж үзээд гомдол гаргасан боловч шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэгэнт шүүгчийн захирамж гарсан учраас хүсэлтийг биелүүлж дулааныг хаасан учраас нээгээгүй. Өөрсдөө сайн дурандаа дулааны асуудлыг шийдээд үүнтэй гарсан зардлаа нэхэмжилж байна гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т зааснаар баримт бичгүүдийг нэхэмжилж байна. Гэхдээ уг барилгыг комисс хүлээж аваад байнгын ашиглалтанд орчихсон. Энэхүү баримт бичгүүд худалдагч компанид байхгүй. Тус барилгыг улсын комисс хүлээж аваад баримтыг нь архивт хадгалдаг. Тиймээс хариуцагч буруу тодорхойлж нэхэмжилсэн байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн талбайн зөрүү 87,790,500 төгрөг, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдлоос үүдэлтэй хохирол болох 23,641,410 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын төлбөрт 30,371,860 төгрөг, нийт 141,803,770 төгрөгийг гаргуулах, Худалдах худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгатай холбоотой л бичиг баримтууд болох барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан бичиг баримтуудыг гаргуулах, үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******, ******* нарын хооронд, *******.... ХХК Б.Б нарын хооронд тус тус Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр *******-иас Дархан-Уул аймгийн ******* дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах 180 мкв талбайтай 1 давхарын үйлчилгээний зориулалттай /2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, хүчилтын хавтан, 64-н тоосгон хана материалаар баригдсан, стандартын дагуу баригдсан, чанар сайн, өнгө үзэмж сайн/ үл хөдлөх хөрөнгийг 185,000,000 төгрөгөөр ******* худалдан авахаар,

********....ХХК-иас Дархан-Уул аймгийн *******. байрлах 180 мкв талбайтай 2 давхарын үйлчилгээний зориулалттай /2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, хүчилтын хавтан, 64-н тоосгон хана материалаар баригдсан, стандартын дагуу баригдсан, чанар сайн, өнгө үзэмж сайн/ үл хөдлөх хөрөнгийг 185,000,000 төгрөгөөр Б.Б худалдан авахаар тус тус тохиролцжээ. /хх-9-11/

Дээрх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ хуульд заасны дагуу байгуулагдсан бөгөөд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* Дархан-Уул аймгийн ********.... байрлах улсын бүртгэлийн ********..... дугаарт бүртгэгдсэн 180,0 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн *******.. дугаартай гэрчилгээг, Б.Батсайханд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-2003011385 дугаарт бүртгэгдсэн 180,0 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000366921 дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна. /хх-21-22/

 

1. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн доголдлыг арилгуулах болон доголдлыг арилгуулахад гаргаж буй зардлаа нэхэмжилж буй шаардлагын үндэслэлээ ...дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийн 1 мкв талбайг 1,050,000 төгрөгөөр тооцон, тус бүрийн 189,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба худалдан авснаас хойш 5 сарын дараа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас хийсэн Барилгын зураг төсөлд хяналт хийх тухай дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 138,19х2=276,38 мкв талбай буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн талбайн хэмжээнээс 83,62 мкв талбай дутуу болох нь тогтоогдсон. ...Худалдагч Даконконсракшн ХХК, ******* нар нь анхнаасаа биет байдлын доголдолтой хөрөнгөө мэдсээр байж түүний доголдлыг нуун дарагдуулж бидэнд худалдсан байна. Иймд талбайн зөрүү 87,790,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ...Мөн үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх үүргийг худалдагч тал хариуцах ёстой буюу гэрээнд заасан шинжээр ашиглах боломжгүй бол эд хөрөнгийн доголдол болох бөгөөд ийнхүү доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс болж бид тус обьектод нэмэлтээр нийт 23,641,410 төгрөгийн засан сайжруулалт хийсэн зардлыг нэхэмжилж байна... гэж тайлбарласан болно.

 

Талуудын хооронд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба зохигчид гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Эд хөрөнгийн биет байдлын доголдлыг хуульд тоо, хэмжээ, чанар гэх үзүүлэлтээр ангилсан байх ба нэхэмжлэгч тал уг үл хөдлөх хөрөнгийн хэмжээ буюу 83,62 мкв талбайн зөрүү үнэ 87,790,500 төгрөгийг, чанарын доголдолтой байсны улмаас тус обьектод нэмэлтээр засан сайжруулалт хийсэн зардал 23,641,410 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, 251.3-т Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж тус тус заажээ.

Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээндээ худалдан авч буй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн чанарын талаар ...2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, хүчилтын хавтан, 64-н тоосгон хана материалаар баригдсан, стандартын дагуу баригдсан, чанар сайн, өнгө үзэмж сайн гэж тусгасан ба нэхэмжлэгч тал уг үл хөдлөх хөрөнгийг зориулалтынхан дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал ...үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх үүргийг худалдагч тал хариуцах ёстой буюу гэрээнд заасан шинжээр ашиглах боломжгүй бол эд хөрөнгийн доголдолтой ... байна гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал ...доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс болж бид тус обьектод нэмэлтээр, засан зайжруулахад гарсан зардалд 23,641,410 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү 23,641,410 төгрөгийг эд хөрөнгийн доголдолыг арилгахад гарсан зардал биш, харин 2 давхар обьектыг 3 давхар болгохын /давхар нэмж барихын/ гаргасан зардал болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000367003, 000366921 дугаартай гэрчилгээнүүдэд /хх-21-22/ дээрх үйлчилгээний зориулалттай барилгын 1, 2 дугаар давхарыг тус бүр 180,0 м.кв талбайтай гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал Онцгой байдлын газрын 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Барилгын зураг төсөл хяналт хийсэн тухай дүгнэлтийг үндэслэн дээрх обьектын талбайн хэмжээнээс 83,62 мкв дутуу учир талбайн зөрүү 87,790,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* дээрх үйлчилгээний зориулалттай барилгыг 3 давхар болгох өргөлтгөлийн ажлын зураг төслийн галын аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргуулах зорилгоор Онцгой байдлын газрын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд тухайн барилгын талбайн хэмжээг гаргахад ямар стандартын дагуу хийсэн нь тодорхойгүй, мөн Онцгой байдлын газар нь хэмжилт үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ хийх эрхтэй эсэхийг нотлосон баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлжээ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Мөн зүйлийн 254.2-т зааснаар дээрх шаардлагыг худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргах ёстой ба ийнхүү энэ хугацаанд гомдол гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болох байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага нэгдүгээрт, эд хөрөнгийн биет байдлын доголдлыг тодорхойлох шинжүүдээс зөвхөн чанарын шаардлага хангаагүй тохиолдолд хамаарч байна. Хоёрдугаарт, дээрх шаардлагыг зөвхөн баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргах боломжтой. Гуравдугаарт, энэ хугацаанд худалдан авагч эдгээр шаардлагын аль нэгийг гаргаагүй бол цаашид гаргах боломжгүй, харин доголдлыг арилгах мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах шаардлагыг худалдагчид холбогдуулан гаргана.

Харин тоо, хэмжээний доголдолтой холбоотой худалдан авагчийн шаардлагын зохицуулалт мөн зүйлийн 254.3, 254.4, 254.5-д тусгагджээ. Иргэний хуулийн 251.3-т заасан буюу үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй, бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй нөхцлөөс бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн биет байдлын тоо, хэмжээний доголдол нь гэрээний зүйлийг хүлээн авах үед илрэх боломжтой учир тоо, хэмжээний дутагдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах боломжтой.

Хэрвээ ийнхүү тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр мөн зүйлийн 254.4 -т заажээ. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан дээрх талбайн зөрүү 87,790,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл, гэрээний зүйлийн тоо, хэмжээний дутагдлын улмаас дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх шаардлага гаргахаас өмнө худалдан авагч нь эхний ээлжинд тухайн эд хөрөнгийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх ёстой байна. Энэхүү шийдвэрийг гаргахын тулд худалдан авагч нь эд хөрөнгийн тоо, хэмжээ гэрээнд заасан нөхцөлд нийцэж байгаа эсэхийг юуны түрүүнд шалгаж авах учиртай. Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илрэх магадлалтай бол тоо, хэмжээний доголдол хүлээн авах үед тогтоогдох боломжтой учир хуульд тоо, хэмжээний доголдлын талаар гаргах худалдан авагчийн эрхийг чанарын доголдлын талаарх шаардлагаас өөрөөр зохицуулжээ. Тоо, хэмжээний доголдолтой холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарлах зохицуулалт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д тусгагдсан байна. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алддаг. Хуулийн уг зохицуулалтыг эд хөрөнгийн биет байдлын чанарын болон тоо, хэмжээний аль ч доголдолтой холбоотой хэрэглэж болох ба гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой доголдолд хамааралтай гэж үзнэ. Тоо, хэмжээний доголдол нь гэрээний зүйлийг зохих ёсоор шалгасан тохиолдолд эд хөрөнгө хүлээн авах үед илрэх боломжтой болно. Ийнхүү тоо, хэмжээний доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ талаар худалдагчид мэдэгдэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 -т заасан шаардах эрхээ хэрэгжүүлдэг бол доголдлыг илрүүлсэн боловч эд хөрөнгийг хүлээн авсан, эсхүл доголдлыг илрүүлэх боломжтой байсан боловч эд хөрөнгийг шалгаж аваагүй худалдан авагч нь худалдагчаас дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхийг шаардах эрхээ алдана.

Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авах үед болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд ч орон сууцны талбайг хэмжих арга хэмжээ аваагүй, 2 жил гаруй хугацаанд талбайн хэмжээний талаар хариуцагч *******-д гомдол гаргаж байгаагүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба нэхэмжлэгч ******* орон сууцыг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3.-т заасан эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхээ, орон сууцыг хүлээн авахдаа түүний талбайн хэмжээг шалгаж аваагүйгээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлүүлэхийг шаардах эрхээ тус тус алдсан гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэгч тал нь ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дулааны шугамыг хүчээр хааж, тасалсаны улмаас Маргад төвд үйл ажиллагаа эрхлэгч түрээслэгчид өвлийн улирал эхэлж, хүйтэн байна гэх шалтгаанаар гарах болсон. Иймээс 30,371,860 төгрөгийн зардал гаргаж, бид дулааны шугам шинээр татсан. Энэ нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол 30,371,860 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн шаардлагыг гаргасан.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана, 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх 30,371,860 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаан гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээнийн зориулалттай барилга /Маргад төв/-ын дулааны шугамыг санаатайгаар хариуцагч ******* нь хааж,таслаж, дулаанаар хангаагүй болох нь хэрэгт авагдсан Гурпп Дэлба ХХК-ний Маргад төвд 2017 оны 03 дугаар сарын 06, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус хүргүүлсэн Төлбөр тооцооны тухай албан бичиг, Дархан Дулааны сүлжээ ТӨХК-нд 2017 оны 09 дүгээр сарын 29, 2017 оны 10 дугаар сарын 07, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус хүргүүлсэн Дулаан эрчим хүч авах тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар Маргад төвийн барилгын дулаан, цэвэр усны шугамыг Нэгдсэн 2 дугаар эмнэлэгээс шинээр татаж, холбох техникийн нөхцлийг Дархан Дулааны сүлжээ ХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, Дархан Ус суваг ХК-иас 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр тус тус олгосон байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн барилгын дулаан, цэвэр усны шугамыг татаж 30,371,860 төгрөгийн зардал гаргасан нь хариуцагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй болох нь тогтоогдож байна.

 

3. Нэхэмжлэгч тал Худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх байсан барилгын холбогдох бүхий л бичиг баримтуудыг гаргуулах. Үүнд: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан :

1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;

2.барилгын ажлын ил, далд ажлын акт;

3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;

6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;

7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.

8. тус хуулийн 49.1-д заасан барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг хариуцагч талаас гаргуулах тухай шаардлагыг гаргасан болно.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараа 48.5.1-48.5.7-д заасан баримт бичгийг хавсаргана, 49 дүгээр зүйлийн 49.1-т Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно гэж тус тус заасан байна.

 

 

Нэхэмжлэгч тал нь 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон барилгыг 1 дүгээр давхарыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр худалдан авсан бөгөөд дээрх шаардсан Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-48.5.7, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан бичиг баримтууд нь хариуцагч Зоригконсруктор ХХК-нд байгаа эсэх нь тодорхойгүй, дээрх барилгын бичиг баримтын огноо, дугаар нь мөн тодорхойгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн татгалзлыг батлах нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч *******-нд холбогдуулан нэхэмжлэгч *******гийн гаргасан бусад шаардлагууд болох 141,803,770 төгрөг гаргуулах, худалдах худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын бүхий л бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.3, 254.6, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч Зориг ****************. ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч *******гийн гаргасан 141,803,770 төгрөг гаргуулах, худалдах худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын бүхий л бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,095,120 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

Д.ОЮУНДАРЬ