| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01119/И |
| Дугаар | 155/ШШ2018/01119 |
| Огноо | 2018-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2018/01119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 03 дугаар багт оршин суух, Шарнууд овогт Чулууuгийн Б /РИ70082915/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 1-18 тоотод оршин суух, Нохой овогт Гын Н /РП90100314/-д холбогдох
2.220.000 /хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чулуугийн Б нь Б.Гаас 11-45-27 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахаар тохирч 17 сая төгрөгөөр тохирсон. Урьдчилгаа болгож би 3 сая төгрөгийг миний охин Б.Нармандах нь данснаасаа авч бэлэн тоолж Б.Гын хүү Г.Нд өгсөн. Хашаанд нь буугаад байшинд нь шууд орсон. Б.Г хүүтэйгээ нийлж уг байшинд оруулсан. Долоо хоног уг байшинд амьдарч, гадаа нь 3 хоносны дараа гэнэт хашаа байшингаа хүнд зарахаар боллоо, мөнгийг чинь өгнө, хашаа байшин болон машинаа зараад өгнө гэж байсан. Тэгээд гэнэт хөөгдөөд хөлсний байшинд манайх нүүж орсон. Одоо айлын хашаанд түр амьдарч байна ...дээрхи 3.000.000 төгрөгөөс 780.000 төгрөгийг нь цувуулж өгсөн болно. Үлдэгдэл 2.220.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй юм. Иймд Б.Г болон Г.Н нараас хашаа байшин худалдаж авахаар урьдчилан төлсөн 3.000.000 төгрөгийн үлдэгдэл болон 2.220.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь анх нэхэмжлэл гаргахдаа Б.Г болон түүний хүү Г.Н нарт холбогдуулан Мөрөн сумын 11 дүгээр багийн 45 дугаар гудамжны 27 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахаар шилжүүлсэн мөнгө 2.220.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Гаас татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч Ч.Б нь мөнгийг Г.Номин-Эрдэнийн данс руу өөрийн охин Б.Нармандахын данснаас шилжүүлж өгсөн. Мөн Б.Г нь харвасан хүн, харахгүй байна, Нд хамааралтай гэх тайлбар гарган нэхэмжлэлийн хувийг гардаж авахаас татгалзсан байх тул хариуцагч Г.Нэс мөнгө гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь Б.Г, Г.Н нараас Мөрөн сумын 11-45-27 тоотод байрлах хашаа байшинг 17.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 3.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож охин Б.Нармандахын данснаас хариуцагч Г.Нд шилжүүлж өгсөн. Уг худалдаж авсан байшиндаа 7 хоног амьдарч байтал байшингаа өөр хүнд зарахаар боллоо, мөнгийг чинь өгнө гар гэснийх нь дагуу хашаа байшинг суллаж өгсөн. Шилжүүлж өгсөн 3.000.000 төгрөгөөс надад 780.000 төгрөгийг цувуулж өгсөн ба үлдэх 2.220.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул дээрх мөнгийг хариуцагч Г.Нэс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Г, Г.Н нараас 2.220.000 /хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гаас 2.220.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн хариуцагч Г.Нэс 2.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн тус шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гардан авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Г.Номин-Эрдэнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Мөн хариуцагчид 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутанд товлосон шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч Г.Н нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50.150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Нэс 2.220.000 /хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нэс 50.150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН