Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/36

 

Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 2013002520191 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 5 хүнтэй, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Медиана” ресторанд  менежер ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ж овогт Б-ын А /РД: БЮ00000000/ 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шөнийн 03-04 цагийн үед Р.Н-ыг Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн хажуу талын зогсоол дээр өөрийн машиндаа сууж байх үед нь зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Б.Ж-ыг Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “MJS” төвийн 9 дүгээр давхарт байрлах зочид буудлын өрөөнд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Р.Н-ыг зодсон талаар манай аав ээжид хэлж мэдэгдсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Прокуророос шүүгдэгч Б. А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Б. А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун  тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “... шүүгдэгч Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд нэг сэдэлт, нэг үйлдлээр хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх ба харин өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа сэдэлтээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг “хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэж, хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хоёр удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж тусгаж өгсөн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг“ гэж заажээ. Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №316 тогтоолд “...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “Хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг .... байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг .... үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгоно.” гэж тодорхойлжээ. Холбогдох хэргийг хянахад яллагдагч Бахыт овогтой А нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 03-04 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн хажуу талын авто машины зогсоол дээр иргэн Р.Н-ыг зодож биед нь хөнгөн хохирол, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “MJS”  төвийн 9 дүгээр давхарт байрлах “Медиана” зочид буудлын 902 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз нь гэх Б.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бүхий бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2 хүний биед хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тогтоож өгсөн хуулийн холбогдох заалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэл болгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүх Б.А-д холбогдох эрүүгийн 2013002520191 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчид ял завшуулах нөхцөл бүрдүүлсэн байх тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй  болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

           

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шөнийн 03-04 цагийн үед Р.Н-ыг Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах музейн хажуу талын зогсоол дээр өөрийн машиндаа сууж байх үед нь зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Б.Ж-ыг Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “MJS” төвийн 9 дүгээр давхарт байрлах зочид буудлын өрөөнд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Р.Н-ыг зодсон талаар манай аав ээжид хэлж мэдэгдсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.А-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “нэг цаг хугацаанд нэг сэдэлт, нэг үйлдлээр хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх ба харин өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа сэдэлтээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг “хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэж, хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй, шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хоёр удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө мөн зүйлийн 2 дахь хэсгийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх хуулийн зохицуулалт нь гэмт этгээд хэд хэдэн удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байхыг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Б.А нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шөнийн 03-04 цагийн үед Р.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  мөн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Б.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хүндрүүлэх шинж нь гэмт этгээд нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийн аль алиныг нь хамруулан ойлгоно.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.А-г үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                            М.НЯМБАЯР