Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 216

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Б.Энэрэл, 

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Даваалхам, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

          Шүүгдэгч Ч.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхтулгад холбогдох эрүүгийн 2017 2601 0290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:      

          Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Свийтрөүд” ХХК-д борлуулагч-жолоочоор ажиллаж байсан, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 27-23 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхтулга, РД:УК74101218,

 

             Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Ч.Мөнхтулга нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Свийтрөүд” ХХК-д борлуулагч-жолоочоор ажилд орж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа бараа материалыг бэлнээр болон зээлээр худалдан борлуулсны төлбөрийг худалдан авагч нараас компанийн дансанд тушаалгүй 21.175.100 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

            Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Ч.Мөнхтулга нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Свийтрөүд” ХХК-д борлуулагч-жолоочоор ажилд орж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа бараа материалыг бэлнээр болон зээлээр худалдан борлуулсны төлбөрийг худалдан авагч нараас авсан атлаа компанийн дансанд тушаахгүйгээр 21.175.100 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг болох нь:

- хохирогчийн төлөөлөгч Н.Даваалхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ч.Мөнхтулга нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулагч-жолоочийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод 2016 оны 11 дүгээр сар хүртэл зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн тооцоогоор 31.175.100 төгрөгийн дутагдал гарсан. Зээлээр болон бэлнээр бараа зарагдсан талаар мэдээлэл программд байдаг ба Ч.Мөнхтулга нь 52.557.000 төгрөгийн барааг зээлээр харилцагч нарт өгсөн нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар баталгаажсан ба 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 31.175.100 төгрөгийн зээлийг хаасан боловч тухайн мөнгийг байгууллагын дансанд тушаалгүй, хувьдаа ашигласан байсан...21.175.100 төгрөгийг төлөөгүй...гэх мэдүүлэг /хх-24-25/,

- гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Эрхэм түрүү” ХХК-ийг байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Би нөхрийнхөө ажиллаж байсан “Свийтрөүд” ХХК-иас ямар нэгэн байдлаар бараа зээлээр авч байсан тохиолдол байхгүй, өөр бусад байдлаар ч бизнесийн харилцаа үүсгэж байгаагүй. Нөхөр Мөнхтулга компанидаа бэлэн мөнгө тушаах шаардлагатай болоод тайлан дээрээ зээл өгсөн мэтээр хий бичилт хийсэн байна...гэх мэдүүлэг /хх-28-30/,

- гэрч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 10 дугаар сард 10 сая төгрөгийн хэрэг болоод хүргэн Мөнхтулгаас уг мөнгийг зээлэхэд “10 сард тооцоо хийнэ” гэж хэлж байсан боловч буцааж өгөх мөнгө бүтэхгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр буцааж өгснийг компанидаа өгсөн...гэх мэдүүлэг /хх-31/,      

- гэрч Ш.Хатанболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би Барс-2 худалдааны төвд хүнсний худалдаа эрхэлдэг ба “Свийтрөүд” ХХК-ийн ургалмын тос бөөнөөр авч худалддаг. Гэхдээ бараа авахдаа бэлэн мөнгөөр авдаг ба зээлээр авч байгаагүй. Би Мөнхтулга гэдэг залуугаас барааг авдаг байсан...гэх мэдүүлэг /хх-32/,

- гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулга гэх залуугаас хүнсний масло аваад худалдаж байсан. Зээлээр барааг авч худалдаад мөнгийг нь гарахад буцааж өгч байсан ба 2016 оны 9, 10 дугаар сарын төлбөрийг төлж дууссан. Түүнээс хойш дахин зээл аваагүй, харилцаагүй, ямар нэгэн өргүй...гэх мэдүүлэг /хх-33/,

- гэрч Ч.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-иас сүүлийн 5 жил масло авч борлуулж байгаа ба 2015-2016 онд Мөнхтулга гэдэг хүнээс барааг авдаг байсан. Зээлээр авсан барааны тооцоог 2016 оны 10 дугаар сар гэхэд дуусгасан ба намайг 1 сая төгрөгийн тооцоотой мэтээр гаргасан нь үндэслэлгүй ба борлуулагч Мөнхтулгатай тооцоог дуусгасан...гэх мэдүүлэг /хх-34/,

- гэрч Ж.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-иас ургалмын тос авч борлуулдаг байсан ба 2016 оны 10 дугаар сар гэхэд тооцоо дууссан. Ер нь сарын сүүл болохоос өмнө тооцоог дуусгадаг. “Свийтрөүд” ХХК-д 4.700.000 төгрөг төлөх тооцоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-35/,

- гэрч Ч.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулгаас масло авч борлуулдаг байсан ба 200.000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэж бичигдсэн нь худлаа. Надад ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-36/,

- гэрч М.Сайнтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулгаас голцуу 20 литрийн савлагаатай ургалмын тос аваад мөнгийг их удлаа гэхэд 7 хоног болгоод өгдөг байсан. Надад одоо барааны үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй. Намайг 5.170.000 төгрөгийн өртэй байгаагаар гаргасан боловч бүх тооцоог Мөнхтулгатай хийж дуусгасан...гэх мэдүүлэг /хх-37/,   

- гэрч Ц.Жаргалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулгаас 2015 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ургалмын тос авч борлуулж байсан ба “Свийтрөүд” ХХК-ийн санхүүгээс 9.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан боловч ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй, борлуулагч Мөнхтулга тооцоог дуусгасан байсан...гэх мэдүүлэг /хх-38/,

- гэрч М.Намнансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулгаас масло авч борлуулаад сарын сүүл гэхэд тооцоог дуусгасан байдаг. “Свийтрөүд” ХХК-ийн санхүүгээс 2016 оны 11 дүгээр сарын 03-нд 150.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 03-нд 265.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж гарсан боловч ямар ч өр байхгүй. Мөнхтулга сар бүр тооцоог дуусгасан...гэх мэдүүлэг /хх-39/,

- гэрч Б.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулгаас 20кг-аар савласан масло авдаг байсан. “Свийтрөүд”  ХХК-ийн санхүүгээс 1.060.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж гарсан боловч ийм төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-40/,

- гэрч Б.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-иас ургалмын тос аваад, 7-10 хоногийн дотор тооцоог дуусгадаг байсан. Компаниас гаргасан хүснэгтэнд 100.800 төгрөгийн зээл төлөхөөр бичигдсэн боловч ийм тооцоо манайд байхгүй. Зээлээр авсан барааны тооцоог тус компанийн борлуулагч Мөнхтулгатай хийж дуусгасан...гэх мэдүүлэг /хх-41/,

- гэрч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-иас 1 литрийн савлагаатай ургалмын тос аваад 7-10 хоногийн дотор тооцоог дуусгаад явдаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-нд 3.360.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-нд 1.008.000 төгрөгийн барааг зээлээр аваад төлөөгүй байдал “Свийтрөүд”  ХХК-ийн гаргасан хүснэгтэнд бичигдсэн боловч бүх тооцоог сардаа багтаагаад дуусгасан, тооцоо байхгүй. Мөн 1 хоногийн зайтай бараа авдаггүй...гэх мэдүүлэг /хх-42/,

- гэрч Т.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би “Свийтрөүд” ХХК-ийн борлуулагч Мөнхтулгаас ургалмын тос авч борлуулж байсан ба 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 940.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 530.000 төгрөгийн бараа зээлээр аваад төлөөгүй гэж хүснэгт гарсан боловч Мөнхтулгаас урд авсан барааны мөнгийг төлж байж дараагийн барааг зээлээр аваад, сардаа багтааж зээлийн тооцоог дуусгаж байсан. Одоо ямар нэгэн өр төлбөргүй...гэх мэдүүлэг /хх-43/,

- “Свийтрөүд” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15/02 дугаартай Ч.Мөнхтулгатай байгуулсан “Борлуулагч-жолоочийн гэрээ” /хх-15-17/,

- “Свийтрөүд” ХХК-ийн “Борлуулалтын албаны дотоод журам” /хх-110-112/,

-  шүүгдэгч Ч.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би компаниас зарах барааг тоолж хүлээн аваад зээлээр болон бэлнээр борлуулаад тухайн өдөр болгондоо бэлнээр зарагдсан барааны үнийг компанийн дансанд тушааж, зээлээр өгсөн бараагаа компанийн дотоод программд шивж оруулдаг байсан ба бэлнээр зарсан барааны мөнгөнөөс өөрийн хэрэгцээнд хэрэглэчихээд бараагаа байнга борлуулдаг хүмүүсийн нэр дээр зээлээр өгснөөр тэмдэглээд явдаг байсан. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөө өөрөө авсан байж бараа зээлээр өгсөн авлагатай байгаагаар тэмдэглэгээг компанийн дотоод сүлжээнд шивдэг байсан. Ингэж явсаар байгаад 21.175.000 төгрөг болсон. Харин 10.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард бэр эгчдээ зээлээд буцаан авч төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-53/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг,

- “Эрдэм батламж аудит” ХХК-ийн аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/04 дугаартай дүгнэлт /хх-45, 125-131/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

             Иймд шүүгдэгч Ч.Мөнхтулгыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Хохирогч байгууллагын төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 21.175.100 төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

          Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.    

            Шүүгдэгч Ч.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. 

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Мөнхтулгыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтулгыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтулгад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Мөнхтулгад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Мөнхтулгад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР