Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2022/0022

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг орон тоон дээр томилуулахыш даалгасан шийдвэр гаргуулах тухай шаардлага бүхий Б.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тооны тусгай шалгалт зарлагдахад шалгалтад оролцох хүсэлт, баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж шалгалтад оролцсон. Дээрх албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан тул 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай 25 дугаар тогтоол гарсан. Үүүний дараа Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Б миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу ирсэн. Ингээд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн эрх олгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичиг явуулахад мэргэжлийн болон туршлагын шаардлага хангаагүй байх тул улсын байцаагчийн эрх олгох боломжгүй гэсэн хариуг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Тамгын газрын дарга Г.Мээс ирүүлсэн. Дээрх хариуг миний бие хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цд хандан гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг судалж үзээд тухайн албан тушаалын шалгалт өгч салбар зөвлөлөөс нэр дэвшсэн иргэнийг тухайн албан тушаалд томилуулан, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг мэдэгдье гэсэн хариуг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Уг хариуг миний бие 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Дээрх шийдвэр гарснаас хойш одоог хүртэл тухайн албан тушаалд томилохгүй байгаад гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг орон тоон дээр томилуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Батбаяр овогтой Б нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг орон тоон дээр томилуулахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бын Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг орон тоон дээр томилуулахыш даалгасан шийдвэр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг орон тоон дээр томилуулахыш даалгасан шийдвэр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ