Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 225

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,   

Иргэдийн төлөөлөгч С.Батсүх,      

Улсын яллагч Т.Отгонтөгс, 

Шүүгдэгч Г.Ганбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Ганбаатарт холбогдох 2015 2601 0262 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын задгайд түр оршин суудаг гэх,

- урьд 2005 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 127 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 сарын 08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 128 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Ганхуягийн Ганбаатар, РД:НД 82082375 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ганбаатар нь ялтай байхдаа 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 15 дугаар гудамжны 06 тоотод байрлах нийтийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Б.Дорждэрэмийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирогч Ц.Эрдэнэбилэгийн зүүн булчинг хутгаар хатгаж танхайрсан,

танхайрах гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:   

- хэргийн газрын фото зургууд /хх-6-7/,

- хохирогч Ц.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорждэрэмийн хуурай ах болох өөрийгаа Ганбаа гэж танилцуулсан ахын амьдардаг нийтийн байранд очсон...бид 2 нэг нэг аяга хоол идчихээд, тамхи татаад яриад сууж байсан. Бид нарын дунд хэрүүл маргаан болоогүй...нэг мэдэхэд Дорждэрэм ахаа та яаж байгаа юм бэ гээд орилоход Дорждэрэмийн суганаас гарыг нь дагаад нил цус гоожиж байсан. Тэгээд гайхаад ахаа та яаж байгаа юм бэ гээд орноосоо босоход Ганбаа ахыг Дорждэрэмээс холдуултал чамд хамаагүй шүү гээд миний зүүн гарын булчин руу хутгаар 1 удаа хатгасан...тэгээд ухаан санаа балартаад орж гараад байсан ба энэ үед Ганбаа ах хутгатай гараараа чичлээд ямар нэгэн зүйл хэлж яриад байсан. Би ажилтай болохоор шүүх эмнэлэгт очиж чадахгүй байх...гэх тайлбар /хх-3-4/,

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажил тараад Дэрмээ найзтайгаа хөшигтийн хөндий рүү шугам гагнах ажилтай явах гэж байтал Дэрмээгийн утас дуугарсан, тэгээд манай хуурай ахынхаар орж хоол идээд явъя гээд нийтийн байранд очсон. Тэр айлд ороход гурилтай хоол халааж өгсөн. Байрны эзэн гэх 1 залуу орж ирэхэд Ганбаа тал шил архи хийж өгсөн...Дэрмээд хийж өгөхөд машин барьж байгаа гээд уугаагүй, би ч уугаагүй буцааж өгсөн. Дэрмээ  Ганбаа ахтайгаа юм ярьж сууж байсан. Нэг мэдэхэд Ганбаа нь хутга шүүрч аваад Дэрмээгийн гар руу хутгалсан бололтой нэг харахад зүүн гарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр та 2 чинь юу болов оо гээд босоод иртэл хутгаа далайгаад миний зүүн булчинд 1 удаа хутгалсан. Тэгээд 2-уулаа нүдээ ирмээд хамт гараад зугатаасан....Тэгээд такси зогсоогоод гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-8/,

- хохирогч Б.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед 9580-6890 утсаар Ганбаатар гэх ах залгаад мөнгөгүй болчихлоо хүрээд ир, ах нь хоол хийчихсэн байна гэхээр 1 хорооллын гүүрний баруун талд байдаг нийтийн байранд очсон. Тэгээд би түүнд 15.000 төгрөг өгөхөд би дэлгүүр ороод ирье гээд 0.5 литрийн хараа архи аваад хамт гарчихаад буцаж орсон. Бид 2-т хийж өгөхөөр нь машинтай явж байгаа гээд уугаагүй. Харин Эрдэнэбилэг 1-2 хундага уугаад дахиж уухгүй гээд уугаагүй. Анх очиход Ганбаа ах архи уучихсан үнэртэж байсан ба өдөржингөө л уулаа гэж ярьж байсан. Хажуу талынх нь өрөөнд амьдардаг Бямбаа гэдэг 30 орчим насны эмэгтэй орж ирээд Эрдэнэбилэгтэй юм ярьж байсан. Гэтэл Ганбаа ах Эрдэнэбилэгт хандаж чи эгчийг ажил хийдэг бол яах юм, хийдэггүй бол яах юм гээд уурласан. Эрдэнэбилэг тэр эмэгтэйг хаана ажилладаг бэ гэж асуусан юм. Нөгөө хүүхэн энэ 2 яагаа ч үгүй ш дээ та яагаад байгаа юм бэ гэхэд Ганбаа ах муусайн лаларууд яагаад байгаа юм бэ гэхэд нь тэр хүүхэн за за би явлаа гээд гараад явчихсан. Тэгээд босч ирээд ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад босохоор нь та яачихсан юм бэ болиоч гэхэд тэр миний зүүн суга руу 3 булчинд хутгалсан ба би чамайг гүйцээнэ гэхэд Эрдэнэбилэг болиоч гэхэд чи зүгээр дуугүй сууж бай гээд зүүн мөрний орчим 1 удаа хутгалсан. Тэгээд бид 2 гараад зугатаасан...шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-10-13/, Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, ажил хөдөлмөр эрхлэхэд тухайн үеийн гэмтэл ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байгаа...би шүүх хуралдаанд суухгүй, одоо удахгүй хөдөө ажлаар явна. Эрдэнэбилэг шүүх эмнэлэгт үзүүлээгүй...учир нь биед нь гэмтэл байхгүй байсан шиг санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-14/,

- гэрч Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 15-06 тоотод байрлах нийтийн байранд гэртээ байсан. Манай эгчийнх тэнд байдаг. Би цагаан сараас хойш нийтийн байранд эгчийндээ ус авах үедээ тус байрны жижүүр гэх Ганбаа гэх хүнийг таньдаг болсон ойр дотно харилцаа байхгүй, бүтэн нэрийг нь мэдэхгүй, Тэр өдөр Ганаа ахынд орсон чинь Ганаа ах орон дээрээ хэвтэж байсан ба тэднийд 2 залуу байсан. Би ороод удаагүй гараад явсан.  Нэг нь надад ундаа хийж өгсөн. Нэг нь өмнө нь Ганаа ахаас миний утасны дугаарыг авсан гээд ярьж байхаар нь би уг нь Ганаа ахад уурлах гэж орсон юм. Би удаагүй гараад телевизорын антеннаа янзалж байхад эгч гаднаас орж ирэхдээ коридорт яагаад цус болоо вэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Ганаа нь хүн хутгалсан эсэхийг харсан зүйл байхгүй. Тэдний гэрт нь байсан 2 залууг хутгалсан гэдгийг сүүлд сонссон...гэх мэдүүлэг /хх-16/,

- гэрч Агваанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ганбаатар нь манай нөхөр Даваагийн төрсөн дүү нь  юм. Ганбаатар ямар зан ааштайг мэдэхгүй 9580-6890 гэсэн утастай. Хүн амины хэргээр шоронд сууж байгаад өнгөрсөн буюу 2014 оны 9 дүгээр сард суллагдсан. Гарч ирээд Дарханы 1 хүүхэнтэй амьдарч байсан...гэх мэдүүлэг /хх-15/,

- гэрч В.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бид зээл аваад Сонгинохайрхан дүүргийн 23 хороо Хангайн 15-6 тоот хашаандаа нийтийн 2 давхар байр барьсан. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. 7-8 айл амьдардаг. 2015 оны 3 дугаар сарын 30-нд би гэртээ байсан. Гаднаас 2 залуу ирээд Ганбаатартай уулзсан. Би хоол ундаа хийх гээд хүүхдүүдтэйгээ байх хойгуур Ганбаатарын гэрт нь цус нөж болсон байсан. Ганбаатар халамцуу согтуу харагдсан. Хаанаа яаж хутгалуулсан зэргийг хараагүй. Тэр оройноос хойш Ганбаатар  дахиж ирээгүй.  Сүүлд тэр 2 залуугаа хутгалсан гэж сонсож мэдсэн. Ганбаатараас өрөөний мөнгө авч байгаагүй тэр харин нам даралтын зухыг галлаж, ус зөөж өгдөг байсан...гэх мэдүүлэг  /хх-18-19/,

- гэрч К.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 15 дугаар гудамжны 6 тоотод нийтийн байр ажиллуулдаг. 2015 онд Г.Ганбаатар галчаар ажиллаж байсан юм. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Ганбаатарын өрөөнд яваад ороход танихгүй 2 эрэгтэй хүнтэй 1 шил архи тавьчихсан уугаад сууж байхаар нь та нар энд архи уугаад байж болохгүй шүү гэдэг шаардлага тавиад гараад явсан. Тэр үед Ганбаатар архи уугаад нэлээд халчихсан сууж байсан. Ганбаатар надад тэр 2-ын нэг нь дургүй хүргээд байхаар нь гар руу нь хутгалчихлаа гэж хэлж байсан. надад нэг жижиг тонгорог үзүүлээд халаасандаа хийсэн. Ганбаатар тэднийг цагдаа дагуулаад ирвэл гүйцээнэ гээд согтуурхаад байсан. би аргалаад хутгаа хаячих гэхэд хаяхгүй байсан. тэгээд гэрт ороод гараад ирэхэд “хутгаа хаячихлаа” гэж байсан. Дараа нь удалгүй Ганбаатарын ах гээд танихгүй хүн ирээд өрөөний цус цэвэрлээд Ганбаатарыг дагуулаад яваад өгсөн. Тэгээд бараг зөрөөд цагдаа хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-81/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5203 дугаартай:...Б.Дорждэрэмийн биед зүүн бугалганы гурван толгойт булчинг гэмтээсэн зүүн бугалганы дотор болон ар дээд хэсгийн нэвт хатгаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-25/,

- Нийслэлийн Улсын бүртгэлийн статистикийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1/1004 тоот албан бичигт Ганхуягийн Ганбаатар /НД82082375/ мэдээллийг шалгаж үзэхэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байгаа тул иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагаа олгох боломжгүй...гэх

- ял шалгах хуудас /хх-32, 35, 76/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоол /хх-124-125/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 262 дугаартай магадлал /хх-126/, Улсын Дээд шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаартай тогтоол /хх-128-129/, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 128 дугаартай “Ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамж /хх-116/,  

- шүүгдэгч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорждэрэм манай гэрт ирэхдээ 0.75 литрийн Хараа архи авчирсан. Тэгээд манай гэр рүү ороод найзыгаа Эрдэнэбилэг гэж танилцуулсан. Архи талдаа орж ирэхэд манай хажуугийн хажуу талын Бямбасүрэн хүүхэн ороод ирсэн. Дорждэрэм Бямбасүрэнг танилцаад өдөөд байсан. Бямбасүрэнг өдөөд байхаар нь тэр байранд би галч хийдэг, давхар бас дэг журам хариуцдаг байсан болохоор янз бүрийн хэл ам гарч магадгүй гэж бодоод Дорждэрэмийг боль гэхэд танд ямар хамаатай юм гээд муудалцсан. Тэгээд муудалцаад эхлэхэд Бямбасүрэн гараад явчихсан. Дорждэрэмтэй муудалцаж байгаад уур хүрээд гурилын ганбанз дээр байсан хутгыг аваад Дорждэрэмийн аль гар руу нь санахгүй байна хутгалсан...гэх мэдүүлэг /хх-30-31/,...Дорждэрэм Бямбасүрэнг өдөөд байхаар нь би зүгээр бай гэхэд Дорждэрэм танд ямар хамаатай юм гээд уурлах янзтай болоод ирсэн. Тэгээд Бямбасүрэнг гарсны дараа би “хар иштэй хутгаа бариад Дорждэрэмийг айлгаад далайхад гараараа хаагаад хутгалуулчихсан”, нөгөө хажууд явсан Эрдэнэбилэг нь бид 2-ыг салгах гээд дундуур орохдоо зүүн гарт хутга хүрчихлээ гэж байсан. Тэгээд тэр 2 гараад зугатаачихсан. Хэсэг хугацааны дараа Дорждэрэм над руу утсаар залгаад бид 2-т ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би гэмтэл дээр ирээд оёдол тавиулах гэхэд цагдаа бүртгэж авдаг юм байна. Та наанаасаа хэсэг холдохгүй бол цагдаа очих нь байна шүү. Бид 2-т ямар 1 гомдолгүй юм чинь тэгэсхийгээд өнгөрөх биз дээ гэж хэлсэн. Тэгээд би 1 ахыгаа дуудаад тэндээс яваад өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-105/... би 2017 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Зүүн хараа руу вагоноор яваад 2 хоноод 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант сум руу самранд явж 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буцаж ирсэн....ирээд ээж эхнэр 2-той уулзахад цагдаагийн байгууллагаас дуудсан гэхээр нь шууд цагдаагийн байгууллагад ирж болсон явдлыг ярьсан. Надад оргон зугатаах санаа байгаагүй. Би оргодлын зүйл ангийг нэмүүлмээргүй байна...гэх мэдүүлэг /хх-106/ зэрэг болно.

 

Нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд: 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 15 дугаар гудамжны 06 тоотод байрлах нийтийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Б.Дорждэрэмийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирогч Ц.Эрдэнэбилэгийн зүүн булчинг хутгаар хатгаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ц.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр  Дэрмээгийн хамт нийтийн байранд очсон...Байрны эзэн гэх 1 залуу орж ирэхэд Ганбаа тал шил архи хийж өгсөн...Дэрмээд хийж өгөхөд машин барьж байгаа гээд уугаагүй, би ч уугаагүй буцааж өгсөн. Дэрмээ  Ганбаа ахтайгаа юм ярьж сууж байсан. Нэг мэдэхэд Ганбаа нь хутга шүүрч аваад Дэрмээгийн гар руу хутгалсан...зүүн гарнаас нь цус гарч байсан...юу болов гээд босоод иртэл хутгаа далайгаад миний зүүн булчинд 1 удаа хутгалсан, зугтаасан...такси зогсоон гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-8-9/,

- хохирогч Б.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед 9580-6890 утсаар Ганбаатар гэх ах залгаад мөнгөгүй болчихлоо хүрээд ир гэсэн. Нийтийн байранд нь очиж, түүнд 15.000 төгрөг өгөхөд дэлгүүр ороод ирье гээд 0.5 литрийн хараа архи авсан. Бид 2-т хийж өгөхөөр нь машинтай явж байгаа гээд уугаагүй. Харин Эрдэнэбилэг 1-2 хундага уугаад дахиж уугаагүй. Анх очиход Ганбаа ах архи уучихсан байсан ба өдөржингөө л уулаа гэж ярьж байсан. Хажуу талынх нь өрөөнд амьдардаг Бямбаа гэдэг 30 орчим насны эмэгтэй орж ирээд Эрдэнэбилэгтэй юм ярьж байсан. Гэтэл Ганбаа ах Эрдэнэбилэгт хандаж “чи эгчийг ажил хийдэг бол яах юм, хийдэггүй бол яах юм” гээд уурласан. Эрдэнэбилэг тэр эмэгтэйг хаана ажилладаг бэ гэж асуусан юм. Нөгөө хүүхэн энэ 2 яагаа ч үгүй ш дээ та яагаад байгаа юм бэ гэхэд ах муусайн лаларууд яагаад байгаа юм бэ гэхэд нь тэр хүүхэн за за би явлаа гээд гараад явчихсан. Тэгээд босч ирээд ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад босохоор нь та яачихсан юм бэ болиоч гэхэд тэр миний зүүн суга руу булчинд хутгалсан ба чамайг гүйцээнэ гэхэд Эрдэнэбилэг болиоч гэхэд нь чи зүгээр дуугүй сууж бай гээд зүүн мөрний орчим 1 удаа хутгалсан. Тэгээд бид 2 гараад зугтаасан...гэх мэдүүлэг /хх-10-13/,

- гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тэр өдөр Ганаа ахынд орсон, 2 залуу байсан. Нэг нь надад ундаа хийж өгсөн. Нэг нь өмнө нь Ганаа ахаас миний утасны дугаарыг авсан гээд ярьж байхаар нь би уг нь Ганаа ахад уурлах гэж орсон юм. Би удаагүй гараад телевизорын антеннаа янзалж байхад эгч гаднаас орж ирэхдээ коридорт яагаад цус болоо вэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Ганаа нь хүн хутгалсан эсэхийг харсан зүйл байхгүй, 2 залууг хутгалсан гэдгийг сүүлд сонссон...гэх мэдүүлэг /хх-16/,

- гэрч К.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тэр үед Ганбаатар архи уугаад нэлээд халчихсан сууж байсан. Ганбаатар надад тэр 2-ын нэг нь дургүй хүргээд байхаар нь гар руу нь хутгалчихлаа гэж хэлсэн, надад нэг жижиг тонгорог үзүүлээд халаасандаа хийсэн. Ганбаатар тэднийг цагдаа дагуулаад ирвэл гүйцээнэ гээд согтуурхаад байсан...гэрт ороод, гарч ирэхэд “хутгаа хаячихлаа” гэж байсан. Дараа нь удалгүй Ганбаатарын ах гээд танихгүй хүн ирээд өрөөний цус цэвэрлээд Ганбаатарыг дагуулаад яваад өгсөн. Тэгээд бараг зөрөөд цагдаа хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-81/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5203 дугаартай:...Б.Дорждэрэмийн биед зүүн бугалганы гурван толгойт булчинг гэмтээсэн, зүүн бугалганы дотор болон ар дээд хэсгийн нэвт хатгаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-25/,

- шүүгдэгч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорждэрэм манай гэрт ирэхдээ 0.75 литрийн Хараа архи авчирсан. Тэгээд манай гэр рүү ороод найзыгаа Эрдэнэбилэг гэж танилцуулсан. Архи талдаа орж ирэхэд манай хажуугийн хажуу талын Бямбасүрэн хүүхэн ороод ирсэн. Дорждэрэм Бямбасүрэнг танилцаад өдөөд байсан. Бямбасүрэнг өдөөд байхаар нь тэр байранд би галч хийдэг, давхар бас дэг журам хариуцдаг байсан болохоор янз бүрийн хэл ам гарч магадгүй гэж бодоод Дорждэрэмийг боль гэхэд танд ямар хамаатай юм гээд муудалцсан. Тэгээд муудалцаад эхлэхэд Бямбасүрэн гараад явчихсан. Дорждэрэмтэй муудалцаж байгаад уур хүрээд гурилын ганбанз дээр байсан хутгыг аваад Дорждэрэмийн аль гар руу нь санахгүй байна хутгалсан...гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Харин шүүгдэгч Г.Ганбаатарыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. Учир нь:

- шүүгдэгч нь мөрдөн байцаалт /х-106/, шүүхийн хэлэлцүүлэгт...би 2017.01.08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугат сум руу самранд явсан, 2017.01.25-нд буцаж ирсэн. Амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймгийн Бугат сум руу самранд явах талаар тухайн үед байцааж байсан байцаагчдаа хэлсэн, утасны дугаараа бас үлдээсэн. 20 гаруй хүнтэй хамт явсан, очсон газар сүлжээ байхгүй байсан, буцаад явах гэхэд машин саатаад, алхаж явсаар замын унаанд сууж 2017.01.25-нд Улаанбатар хотод ирсэн, ирээд ээж, эхнэр 2-той уулзахад цагдаагийн байгууллагаас дуудсан гэхлээр нь шууд цагдаагийн газар очиж, болсон явдлыг хэлсэн, надад оргон зугтаах ямар нэг санаа байгаагүй тухай мэдүүлсэн ба тухайн нотлох баримтыг үгүйсгэсэн нотолгоо байхгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй.   

Улсын дээд шүүхийн 2007.04.26-ны өдрийн зөвлөмжийн 1, 2 дахь хэсэгт: Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн мөрдөн байцаалтын шатанд нотолж, шалган тогтоовол зохих асуудлыг нарийвчлан зөвлөсөн байгааг анхаарч үзээгүй байдал илэрсэн.

- тус хэргийг түдгэлзүүлсэн нь шүүгдэгчийг мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэж үзэх шууд нотолгоо болохгүй байх ба тус хэргийн мөрдөн байцаагч 2017.01.23-ны өдөр Эрүүгийн тасагт: яллагдагчаар татагдах Ганхуягийн Ганбаатар, хохирогч Ц.Эрдэнэбилэг нар хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул эрэн сурвалжлах даалгавар бичсэн /х-97/, тухайн цаг үеэс хойш хохирогч Ц.Эрдэнэбилэг олсон гэх баримтгүй, хаягандаа байхгүй байв гэж тэмдэглэл /х-119/ үйлджээ.

Иймд шүүгдэгч Г.Ганбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах, харин түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ илтэд ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, догшин авирласан буюу өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул тус танхайрсан гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.   

Хохирлын талаар нотлох баримтгүй, хохирогч нар гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /хх-3-4, 14/ байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлэн /хх-124-129/ уг ялыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 128 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 23 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан /хх-116/ байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 9 дүгээр зүйлд: хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдсэн “хүнийг” өршөөлд хамааруулахгүй талаар заасан байх тул шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 23 хоног хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.  

     Шүүгдэгч нь ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан журмын дагуу ял оногдуулах үндэслэлтэй байна.     

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулав.        

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болно.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290, 294, 295, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  

ТОГТООХ нь:   

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч Г.Ганбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарыг 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12-д зааснаар оногдуулсан 16 жил хорих ялын эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Ганбаатарын биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сар хорих ялаар тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Ганбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР

                          ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

                                                                      Г.АЛТАНЦЭЦЭГ