Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/39

 

М.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Ц-т холбогдох эрүүгийн 2013001650154 дугаартай хэргийг хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

М. Ц- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр УАЗ-31512 маркийн саарал өнгийн 53-54 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто осол гарган, улсын дугааргүй МН150 маркийн мотоциклийг мөргөж, улмаар мотоциклийн жолооч М.Т нас барсан, тухайн авто осол гаргасан жолооч М.Ц- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолоор М.Ц-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэж хуульчилжээ. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эдлэх эрхүүдийг тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх хохирогч М.М миний уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эдийн болон эдийн бус гэм хор нэхэмжлэх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцох, шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, татгалзан гаргах эрхийг маань эдлүүлээгүйд, шүүхийн хэлэлцүүлгийн талаар мэдэгдээгүйд туйлын их гомдолтой байна. Угтаа бол анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Айбек нь надад 2020-07-20-ны өдөр маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13:30 цагт М.Ц-т холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх талаар тов мэдэгдсэн ба миний бие уг өдөр ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 хоногийн хугацаатай, өөр газарт ажлаар явж байсан. Ингээд миний бие уг шалтгааныг хэлэхэд шүүгчийн туслах Т.Айбек нь “та заавал оролцох шаардлагагүй, ажилтай байвал, би таныг ажилтай гэж хэлчихнэ” гээд утсаа тасалсан. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх заалтад шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ гэсэн үүргийг хүлээсэн байтал анхан шатны шүүхээс надад хуульд заасан боломжит хугацаанд хурлын тов мэдэгдээгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох боломжоор хангаагүй. Дээрх гомдлын үндэслэл бүхий баримт нь хавтаст хэргийн 1-173 дугаар талд авагдсан байна. Мөн түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс уг хэргийн хохирогч М.М надад хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, шүүхийн нөлөөллийн мэдүүлэг, хавтаст хэрэг танилцуулаагүй, огт гарын үсэг зуруулаагүй, уг хэргийн хохирогч М.М намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээрх гомдлын үндэслэл бүхий баримт нь хавтаст хэргийн 183 дугаар талд авагдсан нөлөөллийн мэдүүлэг, 182 дугаар талд авагдсан хэрэгт танилцуулсан баримт, мөн шүүхээс хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримтуудаар тус тус тогтоогдох юм.

2. Хэргийн 37-38 дугаар талд хохирогч М.М-ын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэг авагдсан ба уг мэдүүлэг өгөх ажиллагаанд хохирогч М.М, орчуулагчаар Т.Батыр, Х.Арайбек нар оролцсон. Хохирогч М.М нь мэдүүлэг өгөх ажиллагаанд монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй байх талаар мэдүүлэгт дурдсан байна. Энэ тохиолдолд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 1.3 дэх хэсэгт заасны дагуу хохирогчоос мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаанд орчуулагчаас гадна заавал өмгөөлөгч байлцуулж, мэдүүлэг авах ажиллагаа явуулах мөрдөн шалгах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

... мөрдөгч А.Өмиргүл хэргийн материалыг хохирогчид 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10:08 цагт танилцуулж, харин мөн өдрийн 11:15 цагт хохирогчоос мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагааны явуулсан цаг хугацаа, огноог харахад мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагаа дууссан хэргийг хохирогчид танилцуулсан гэж үзэх нөхцөл мөн адил тогтоогдохгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт зөрчигдсөн гэж үзнэ. ... мөрдөгч А.Өмиргүл нь М.Мыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг өгөхөөр дуудсан ба миний бие мөн өдөр ирж мэдүүлэг өгөөд буцаад Толбо сум руу явсан бөгөөд тэрнээс хойш би мөрдөгч Д.Өмиргүлд ирээгүй, намайг дуудаж байгаагүй. Миний бие цагдаагаас дуудаж, мэдүүлэг өгөхөөр нэг ирэхэд хэд хэдэн баримт дээр гарын үсэг зурж явдаг байсан. Би өөрөө монгол хэл мэдэхгүй болохоор зурах ёстойн байх гэж бодоод мөрдөгчийн гарын үсэг зурах ёстой гэсэн баримт дээр гарын үсгээ зураад явдаг. Гэтэл мөрдөгч А.Өмиргүл нь надад 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шинжээч эмч К.Хайратын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 250,251,252,253,254 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уг дүгнэлт гаргахаас өмнө танилцуулсан бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан байна.

3. М.М-ын өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг үндэслэж мөн шүүгдэгч М.Ц-         нь бусдад төлөх өр төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М миний мэдүүлэгт надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй болно гэсэн мэдүүлэг байхгүй

болно. Харин ч миний бие надад одоогоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй талаар /мэдүүлэг өгөх үед/ мэдүүлсэн ба энэ нь миний бие өөрт учруулсан эдийн болон эдийн бус хохирлоо ямар журмаар яаж нэхэмжлэхээ мэдэхгүй тул өмгөөлөгч авсны дараа, хохирол нэхэмжлэхээр ийнхүү мэдүүлсэн. Түүнээс шүүгдэгчид ямар нэгэн хохирол, гомдол саналгүй байх талаар мэдүүлж байгаагүй, энэ талаар ямар нэгэн санал хүсэлтийг ч шүүх, прокурор, мөрдөгчид өгч байгаагүй. Гэтэл шүүх, прокурор нь энэхүү хохирогч миний өгсөн мэдүүлгийг илт гуйвуулж, шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарлан үнэлж, түүнд хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж байгаа тохиолдолд 1-т шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2-т шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 3-т учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 4-т хувийн байдлыг харгалзан шүүх ял хөнгөрүүлэх, тэнсэн харгалзах асуудлыг шийдвэрлэх учиртай. Гэтэл энэхүү шүүгдэгч М.Ц- нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж, нөхөн барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдэх үед хэргийн газрыг орхиж зугтаасан, амь хохирогчид яаралтай авах арга хэмжээ аваагүй, хэргийн талаар цагдаад мэдээлэх үүргээ биелүүлээгүй зэрэг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол /амь нас/ хувийн байдлыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнээгүйгээс түүнд тэнсэн харгалзах ял оногдуулсан нь илт үндэслэлгүй гэж үзнэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх М.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн өдөр шүүх хуралдаан даргалагчийг томилж[1], 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлож[2], товлосон цаг хугацаанд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч М.Ц-ыг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад явуулахаар тогтоон[3], хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэжээ.

Шүүх 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр товлогдож, 7 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хохирогч М.М-д 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу нэг хоногийн өмнө мэдэгдэж[4], Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

 

            Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4.-т заасан хохирогч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрх ноцтой зөрчигдсөн бөгөөд анхан шатны шүүх хохирогчид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хуульд заасан боломжит хугацаа олгоогүй, эрхийг нь хангаагүй, энэ талаар гаргасан хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

 

Хохирогчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрх хангагдаагүй учраас тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 /өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт/, 6.7 /яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт/, 6.9 /шүүх хуралдааны товын талаарх санал, хүсэлт/, 6.10 /шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт/, 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол/, 6.15 /мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт/ дахь заалтад заасан болон мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, тухайлбал мөн хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” зэрэг хуулиар олгогдсон  эрхүүдээ хэрэгжүүлэх боломж бүрдээгүй байна.

 

            Анхан шатны шүүх хохирогч М.М-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх заалтад заасан хугацаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй учраас хохирогч болон түүний өмгөөлөгчийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтээр нь оролцуулах тухай мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасан журам хэрэглэгдэхгүй юм.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хуульчилсан байна.

 

            2. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “мөрдөгч 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогч М.М-аас тус тус мэдүүлэг авахдаа уг ажиллагаанд орчуулагчаас гадна өмгөөлөгчийг хуульд зааснаар заавал байлцуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч  оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тухай хуульчилсан, харин монгол хэл, бичиг мэдэхгүй хохирогчийн оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулахаар хуульчлаагүй учир давж заалдах гомдлын энэхүү үндэслэл хуульд нийцээгүй байна.

 

            3. Дээрх үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхийг хангах үүднээс хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэсэн тул хохирогч М.М болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан “шүүгдэгч М.Ц-т анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөнгөн ял шийтгэсэн” гэх давж заалдах гомдолд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

           

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хохирогч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                   

М.НЯМБАЯР

 

 

[1] Хавтаст хэргийн 172 дахь тал.

[2] Хавтаст хэргийн 173 дахь тал.

[3] Хавтаст хэргийн 179-180 дахь тал.

[4] Хавтаст хэргийн 175 дахь тал.