| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/01522/И |
| Дугаар | 184/ШШ2017/01680 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2017/01680
| 2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 184/ШШ2017/01680 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. хаягт байрлах, С нөхөрлөл /рд: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Сонсголонгийн зам ... тоот хаягт бүртгэлтэй С ХХК /рд: .../-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.700.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Д түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн төлөөлөгч М.Ж, түүний өмгөөлөгч С.С, гэрч Б.А, Б.О, З.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С нөхөрлөлийн захирал Л.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С нөхөрлөлнь хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2016 оны 4 дүгээр сарын эхээр Аээр дамжин С ХХК-ийн захирал Ж гэдэг хүнтэй танилцсан. Улмаар 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр С ХХК-ийн үйлдвэрийн хашаанд захирал Жтай аман хэлбэрээр хэлцэл хийж хайрга нийлүүлэх, нийлүүлж дууссаны дараа төлбөрөө хийхээр тохироод 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 608 шоо-метр хайргыг бэлтгэн нийлүүлсэн. Ж нь хайрга нийлүүлж дууссаны дараа үнийг төлнө гэсэн боловч одоо болтол төлөөгүй. Дээрх хайргыг манай компанийн жолооч Б, О, Банар тээвэрлэж С ХХК-ийн хашаанд буулган хүлээлгэж өгч байсан ба эдгээр хүмүүс гэрчлэх болно. Анх танилцуулсан А гуйсан болохоор 1 шоо-метр хайрганы үнийг зах зээлийн үнээс хямдаар буюу 8.800 төгрөгөөр бодож, тээврийн зардлыг мөн 8.800 төгрөгөөр тооцож, С ХХК-ийн хашаанд буулгах үнийг 17.600 төгрөгөөр тохиролцсон юм. Иймд С ХХК-иас тээврийн зардал орсон хайрганы үнэ болох 10.700.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С ХХК-ийн захирал М.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компанийн хувьд С нөхөрлөлөөс хайрга худалдаж авч байгаагүй, харин Б.Знь С нөхөрлөлөөс зээлээр хайрга авч зуурмагийн үйлдвэр дээр боловсруулан цааш худалдсан байхыг үгүйсгэхгүй. Б.Знь манай компанитай ямар ч хамааралгүй этгээд бөгөөд түүний авсан хайргыг биднээр төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй, шүүх энэхүү нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж манай компанийг хариуцагчаар татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг эргэн харж, алдаагаа залруулна гэж найдаж байна. Манай компанид ч Сүм сүндэр ББ нөхөрлөлд ч хэдий хэмжээний хайрга манай үйлдвэрт буулгаж, бетон болгосон талаар тооцоо нийлсэн акт, гэрээ хэлцэл огт байдаггүй. Бидний хувьд Монгол Улсын хуулийн дагуу аливаа гэрээний харилцаанд орохдоо байнга гэрээ байгуулж, үйлдвэрт нийлүүлсэн хайргыг тооцоо нийлж хүлээж авдаг. Харин цөөн тооны хайргыг Б.Знь би жаахан ажил хийх гэж байгаа, шинэ ажил эхлүүлэх гэж байгаа гээд манай үйлдвэрээр бетон зуурмаг болгосон удаа байгаа. Энэ асуудлыг Б.З, С нөхөрлөл нар нь хоорондоо ярилцаж, шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. Бидний тооцоо баримжаагаар С нөхөрлөлнь 6.624.000 орчим төгрөгийн хайрга манай үйлдвэрт Б.Збуулгаж боловсруулсан байж болзошгүй. Харин ч миний бие Б.З болон С нөхөрлөлөөс 1.820.000 төгрөгний шатахууныг хайрга буулгах үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг ойлгохгүй манай компаниас үндэслэлгүйгээр 10.700.800 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С ХХК-ийн захирал М.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С нөхөрлөлөөс хайрга авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 608 шоо-метр хайрга аваагүй. Яг хэдийг авснаа мэдэхгүй байна. Б.З-тай яриад, уг өрийг Б.Зтөлөхөөр бид харилцан тохиролцсон юм гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С нөхөрлөлнь шүүхэд хандаж, 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын хооронд нийлүүлсэн 608 шоо-метр хайрганы үнэ болох 10.700.800 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч С ХХК нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал 6 сая гаруй төгрөгийн хайрга авснаа хүлээн зөвшөөрч байх боловч албан ёсоор гэрээ хийгээгүй, хамтран ажиллаж байсан гэх З уг өрийг хариуцах ёстой, уг үнийн дүнгээс жолооч нарын хүсэлтээр өгсөн шатахууны үнэ болох 1.820.000 төгрөгийг хасаж тооцох ёстой, С нөхөрлөлнь жолооч нарын өмнөөс тээврийн зардлыг нэхэмжлэх эрхгүй хэмээн зарим хэсгийг татгалзаж буй тайлбараа үндэслэсэн.
Зохигчдын тайлбар, тээвэрлэгчид хайргыг хүлээлгэж өгсөн нэхэмжлэгч талын санхүүгийн анхан шатны баримтууд, нэхэмжлэгч талын санхүүгийн тооцоолол, гэрч Б.А, Б.О, З.Б нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу худалдагч болох С нөхөрлөлнь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд худалдан авагч С ХХК-д хайрга нийлсүүлсэн, худалдан авагч нь хайрганы үнийг төлөөгүй болох нь тус тус тогтоогдож байна. /хх 47-54 дүгээр тал/
Хавтаст хэргийн 51, 54 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудыг үйлдсэн өдөр нь тодорхойгүй, нийлүүлсэн хайрганы хэмжээ тодорхой бус байхаас гадна эд хөрөнгө хүлээлцсэн этгээдийн гарын үсэг зурагдаагүй байна. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн тээвэрлэгч болох Б.О-ын: ... сүүлийн ачилтаар хүлээлгэж өгсөн хайрга нийлүүлэх ёстой хэмжээндээ хүрээгүй гэх маргаан Д, С ХХК-ийн хооронд гарсан байсан учир Д-ийн хүсэлтийн дагуу С ХХК-ийн захирал Жтай холбогдож, улмаар Жын хэлсний дагуу тус компанийн нягтлан бодогчтой тооцоо нийлэхэд тээврийн зардал 4.910.400 төгрөг болж байсан... 1 шоо-метр хайрганы тээвэрлэлтийн үнийг 8.800 төгрөгөөр тооцсон ... гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч С нөхөрлөлнь хариуцагч С ХХК-д 558 шоо-метр /4.910.400/8.800 төгрөг=558/ хайргыг гэрээний дагуу хүлээлгэж өгсөн гэж үзэхээр байна. /хх 64-65 дугаар тал/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзал буюу шүүхэд гаргасан зөрүүтэй тайлбаруудаа нотлогооны бусад хэрэгслээр давхар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна 1 шоо-метр хайрганы үнийг 8.800 төгрөгөөр, 1 шоо-метр хайрга тээвэрлэх үнийг 8.800 төгрөгөөр, нийт 17.600 төгрөгөөр 1 шоо-метр хайргыг худалдан авагчийн хашаанд буулгахаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар болон санхүүгийн тооцооллыг няцааж чадаагүй тул 1 шоо-метр хайргыг худалдан авагчийн хашаанд хүргэх нөхцлөөр талуудыг тохирсон гэж үзэж, худалдах-худалдан авах гэрээний нэгж түүхий эдийн үнийг 17.600 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Хайргыг худалдан авагчийн хашаанд хүргэх нөхцлөөр талуудын хооронд гэрээ хийгдсэн /тээврийн зардал худалдах-худалдан авах гэрээний үнэд багтсан/, тээвэрлэгч нарын хөлсийг нэхэмжлэгч С нөхөрлөлтөлсөн болох нь гэрч Б.О, З.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тээвэрлэгчийн өмнөөс С нөхөрлөлнэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Түүнлчэн хариуцагч нь тээвэрлэгч нарт 1.820.000 төгрөгийн шатахуун өгсөн гэх боловч уг тайлбараа нотлож чадаагүйгээс гадна С нөхөрлөлийн зөвшөөрөлгүйгээр тээвэрлэгч нарт өгсөн шатахууны үнийг С нөхөрлөлийн тооцооноос хасаж тооцох үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүрэг нь Эрүүгийн болон бусад хуулиар хамгаалагддаггүй хэдий ч тухайн тайлбар өгөгчийн өөрийнх нь ашиг сонирхолоор хамгаалагдаж байдаг, тайлбар гаргасан этгээдийн хувьд үнэн зөв гэж үзэх хууль зүйн үр дагаварыг бий болгодог зохицуулалт юм. Хариуцагч тал С нөхөрлөлөөс хайрга огт хүлээж аваагүй, гэрээ хийгээгүй, эсхүл 6 сая орчим төгрөгийн хайрга хүлэээж авсан, тооцоон дээр маргаж байгаа гэх зэргээр зөрүүтэй тайлбарууд гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр хийхээр хуульчлаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ /харилцан тохиролцсон тохиролцоо/ хүчинтэй, уг гэрээний дагуу худалдагч буюу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч С ХХК-иас 9.820.800 /558 шоо-метр*17.600 төгрөг=9.820.800/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С нөхөрлөлд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан С ХХК-иас 9.820.800 төгрөгийг гаргуулан С нөхөрлөлд олгож, нэхэмжлэлээс 880.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186.163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээж, хариуцагч С ХХК-иас 172.082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С нөхөрлөлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагч С ХХК-ийн хөрөнгийн лавлагааг аваагүй болохыг дурдаж, хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР