| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01661/И |
| Дугаар | 135/ШШ2017/00600 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2017/00600
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 135/ШШ2017/00600 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01661/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, * дугаар баг, өөрийн байранд байрлах Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, өөрийн байранд байрлах Болорган ХХК-д холбогдох,
"Татварын өр нийт 42,284,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, З.Тунгалагтамир, хариуцагчийн төлөөлөгч М.Авирмэд, прокурор М.Очбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Болорган ХХК нь 1996 онд бетон, цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор тус компанид холбогдох 45,454,5 мянган төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45,454,5 мянган төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актны биелэлтийг хангуулсан. Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 55,331,030 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45,454,5 мянган төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан.
Татварын өрийг барагдуулахын тулд ТЕХуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг хаах, хөрөнгийн лавлагаа авах зэргээр шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл татварын өрийн үлдэгдэл 42,450,722 төгрөгийг барагдуулаагүй тул 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу тайлангаар ногдуулсан нийт 42,450,722 төгрөгийн татварын өрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болор ган ХХК нь сайн дураараа төлөлт хийж татварын хэлтсийн програм дээр илүү төлөлт хэлбэрээр шивэгдээд явах ёстой. Гэтэл уг зөрчил нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил учраас илүү төлөлттэй байх ёсгүйгээр програмчлагдсан байсан. Тус компани нь зөрчилд төлсөн төгрөг нь тайлангийн өр төлбөрт хаагдаад явж байсан учраас Болор ган ХХК-ийг өргүй гэж бодоод явж байсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус дүгнэлтийг татварын улсын байцаагч Энхтуяа шалгаад захиргааны акт тавьсан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байсан учраас манай байгууллага захиргааны акт болгосон. Захиргааны акт бичихдээ захиргааны хариуцлага нөхөн татварыг ногдуулсан захиргааны хариуцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуульд хамруулж хүү, алдангиас чөлөөлсөн. Ингээд нөхөн татвар болох 454,515,000 төгрөгийг 1900014883 актаар ногдуулж 2013 оны 06 дугаар сарын 28-ны 20,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 25,454,500 төгрөг тус тус төлснийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр актад ногдуулсан татварын өрөнд суутгаж хассан. Ингээд тайлангаар ногдуулсан өр маань жинхэнэ утгаараа ногдол бий болж эхэлсэн. 2013 онд НӨАТ-т 49,287,500 төгрөг ногдсон. Гэтэл Болор ган ХХК нь нэг ч төгрөг төлөөгүй. 2014 онд НӨАТ-т 19,000,500 төгрөг төлж, 36,695,800 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2015 онд НӨАТ-т 10,000 төгрөг төлж, 44,572,600 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 онд 1,310,000 төгрөг төлсөн, 42,450,722 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Мөн 2016 оны жилийн эцсийн тайлангаар буцаалт оруулж, жилийн эцсийн тайлангаар 42,284,500 төгрөг үлдсэн. Энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Болорган ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оноос хаягдал төмрийг УБ хотоос ДТҮ болон УБ хотын төлөөлөгчийн газарт нийлүүлж эхэлсэн. Хаягдал төмөр худалдан авахдаа НӨАТ-ын падаан шаардаж тамга тэмдэг бүхий падаан авч байсан. 2012 оны эцсээр Далайдорж ХХК нь НӨАТ-ын падаан хуурамчаар бичсэн хэрэг илэрч тус компанитай холбоотой НӨТ-ын падааныг Татварын газар тодруулж эхлэхэд манай компанийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 010079515 дугаартай НӨТ-ын падаанаар 27,272,727.27 төгрөг, 2012 оны 06 сарын 29-ний өдрийн 0011785861 дугаартай НӨт-ын падаанаар 18,181,820 төгрөг, нийт 45,454,545.27 төгрөг НӨТ-ын падаануудыг хуурамч байна гэж үзсэн. Далайдорж ХХК нь Чингэлтэй дүүрэгт харъяалагддаг тул тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 2013 оны 06 дугара сард дуудсаны дагуу очиход Ддалайдорж ХХК нь хуурамч падаан бичсэн нь тогтоогдсон тул танайтай холбоотой төлбөрийг сайн дураар төл, эв төлбөл эрүү үүсгэнэ гэсэн шаардлага тавьсан болно. Тэгээд уг төлбөрийг 2014 оны 02 дугаар сард төлж дуусгасан. Хуурамч НӨт-ын падаан бичсэн асуудлын дараагаар компаниудын 2 талын бичилтыг Татварын газраас шалгаж, Болор цэвэр ус ХХК өөрийн тайланд манайд байгаа 27,434,963 төгрөгийн НӨАТ-ыг тусгаагүй байна гэж манай компанийн илүү төлөлтөөс суутган тооцсон байсан.
2013 он хүртэл НӨТ-ын падаан бичихдээ бараа материал гэж бичдэг байсныг болиулж бүх бараа материалыг коджуулж, НӨТ-ын падаанд ямар бараа материал борлуулсны нэрийг тодорхой бичиж, тухайн бараа материалын нэрийг бичиж сар бүр тайланг гаргаж татварын газарт гарган өгч, татварын байцаагч шалган хүлээн авдаг байсан. Манай компани 2013 онд 5280915 регистртэй Аврасиа ХХК-иас хаягдал төмөр 2013 оны 03 сарын 01-ний өдөр 0013300528 дугаартай НӨТ-ын падаанаар 9,500,001 төгрөг, 2013 оны 03 сарын 21-нд 00133539 дугаартай НӨТ-ын падаанаар 13,600,000 төгрөг, 2013 оны 07 сарын 30-ны өдөр 0013734173 дугаартай НӨТ-ын падаанаар 10,920,000 төгрөг, нийт 34,020,002 төгрөгийн НӨАТ-тай хаягдал төмөр худалдан авсан байдаг. Гэвч 2014 оны 04 дүгээр сард дээрх падаанууд хуурамч байна гэж үзэн Дархан-Уул аймгийн Татварын газраас Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. УБ хотын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Дамдинсүрэн гэдэг хүн утсаар ярьж, Аврасиа ХХК-тай холбоотой хуурамч падаан илэрсэн, төлбөрөө төлөх талаар хэлсэн. Манай компани тухайн үед 7,500,000 төгрөгийг данснаас шилжүүлж, НӨАТ-ын падааны эх хувийг аваад очиж уулзсан. Тэгэхэд энэ төлбөрийн 50 хувийг төл гэсний дагуу 4 сард багтаагаад 10,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш дахин дуудаагүй. НӨТ-ын падааныг Татварын хэлтсүүд компаниудад олгодог. Манай бүх падаанууд татварын хэлтэст бүртгэлтэй, хүчин төгөлдөр падаан юм. Нөгөө тал НӨТ-ын падааны бичилтээ хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн байхад нэг хэргээр 2 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй. Өнөөдөр эдийн засгийн хямралтай, сүүлийн 2 жил барилгын үйлдвэрлэл зогсонги байдалд хүрч, бүтээгдэхүүний борлуулалт муутай байгаа тул манай компани нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Болорган ХХК-ийн захирал М.Авирмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн акт болон прокурорын дүгнэлттэй маргах зүйлгүй. Татварын бичилт хийж, өр үүсгэхдээ акт тавьсан өдрөөс эхэлж өр үүсэх ёстой. Гэтэл Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь 2016 онд акт тавьж, өр үүсгэхдээ 2013 оноос эхлэн манай компанид татварын өр үүсгэсэн нь буруу юм. Гэтэл Болорган ХХК 2016 оноос өмнө өргүй тайлантай байсан бөгөөд харин ч илүү төлөлттэй байсан. Татварын хэлтсээс өгсөн падаанаар хүмүүс хуурамч бичилт хийсэн. Бид тэр асуудлыг мэдэх боломжгүй байсан. Манай компани хаягдал төмрийн наймааны үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед хаягдал төмөр авахдаа НӨАТ төлөх мөнгийг үлдээж, төмрийг авдаг байсан. Харин дараа нь НӨАТ-ын падаан өгөхөд зөрүүлж мөнгийг шилжүүлэх эсвэл бэлнээр төлдөг байсан. Манай компани нь Далайдорж ХХК-тай холбоотой 45,454,545.27 төгрөгийг өмнө нь бүрэн төлсөн. Түүн дээр маргах зүйлгүй. Болор цэвэр ус ХХК-тай холбоотой төлбөр дээр маргахаа больё. Харин Аврасиа ХХК-иас бид кодтой НӨАТ-ын падаанаар худалдан авалт хийсэн. Нийт тус компанийн хуурамч бичилттэй падааны өр төлбөр болох 34,020,000 төгрөгөөс манай компани 17,500,000 төгрөгийг төлсөн. Тиймээс үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Тус компанийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг бид хүлээх үндэслэлгүй. Нэгэнт 17,500,000 төгрөгийг төлсөн тул дахин нэмж төлөхийг зөвшөөрөхгүй.
Иймд Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 42,284,500 төгрөгөөс 25,864,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Прокурор Т.Очбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд авагдсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №07 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд Дархан-Уул аймгийн татварын улсын байцаагчийн 2013.04.18-ны өдрийн 190011 дугаартай дүгнэлтээр Болорган ХХК-ийн М.Авирмэдэд холбогдох 45,454,550 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг сайн дураараа төлсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрсэн байна. Энэхүү тогтоолоор нэмэгдсэн өртөгийн падаан дээр хуурамч хий бичилт хийлгэж ашигласан нэр бүхий 13 аж ахуйн нэгж байгууллагыг нэмэгдсэн өртөгийн албан татварыг сайн дураараа төлж барагдуулсан тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба эдгээр аж ахуйн нэг байгууллага дунд Болорган ХХК-ийн 45,454,550 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын дүн багтсан байна. Прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нь Болорган ХХК-г огт гэм буруугүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа зүйл биш бөгөөд татвар төлөхөөс зайлсхийж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа агуулгатай юм. Мөн дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №199 дугаартай шийтгэх тогтоолд Болорган ХХК-ийн нягтлан бодогч Чинцэцэг нь Авриаса ХХК-ийн талаар мэдэхгүй Туул гэдэг хүнтэй утсаар ярьж нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг авч байсан гэж мэдүүлэг өгч байсан нь татвар төлөхөөс зайлсхийж байсан болох нь давхар нотлогдож байна. Иймд татвар төлөгч Болор ган ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлэх шаардлагатайгаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэхүү 42,284,500 төгрөг нь баталгаажсан тул гаргуулах нь зөв байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Болорган ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өр нийт 42,450,722 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны жилийн эцсийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан авалтыг хасаад 42,284,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Хариуцагч Болорган ХХК-ийн захирал М.Авирмэд нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 25,864,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.
Дархан-Уул аймгийн татварын хэлтэс нь хариуцагч Болорган ХХК-ийн татварын өр төлбөрийг үл маргах журмаар гаргуулахаар хариуцагчийн банкин дахь данснаас татварын өрийг төсвийн холбогдох дансанд шилжүүлэх талаар харъяалах банкуудад мэдэгдэх хуудас хүргүүлэх, эд хөрөнгийн талаарх лавлагаа авах, хариуцагч байгууллагад татварын өрийг барагдуулах талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг урьдчилсан ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсууд, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн Хаан банк, Хас банкуудад мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн баримт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 2/2221 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Татварын хэлтсийг Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.
Иймд Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар Дархан-Уул аймгийн татварын хэлтэс нь татварын өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 18-ны өдрийн 190011 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтээр хариуцагч Болорган ХХК-ийн 2012 онд Дархан зах, болон хуулийн этгээдүүдээс авсан 454,545,500 төгрөгийн хаягдал төмрийг НӨАТ-ын тайланд худалдан авалтаар тусгаж хасалт хийхдээ Далайдорж ХХК-иас худалдан авалтаар баримт бүрдүүлэн хуурамч НӨАТ-ын падаанаар хасалт хийж, татвар ногдох орлогоо бууруулж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хуурамч НӨАТ-ын падаантай холбоотой 454,545,500 төгрөгийн зөрчилд ногдох 45,454,500 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсний дагуу Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 07 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Далайдорж ХХК-ийн захирал Ш.Жаргалмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг улсад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү тогтоолд Болорган ХХК-ийн М.Авирмэдэд холбогдох 45,454,500 төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн гэж дурдсан байна. /хх-38-39 дүгээр тал/
Дээрх зөрчилтэй падаантай холбоотой 45,454,500 төгрөгийг хариуцагч Болорган ХХК нь 2014 оны 02 дугаар сард холбогдох татварын дансанд төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Болорган ХХК-ийн захирал М.Авирмэд нь манай компани 2016 он хүртэл татварын ямар нэгэн өргүй байсан бөгөөд 2016 онд улсын байцаагчийн акт гарч, 2013 оноос хойш нөхөн өр үүсгэж байгааг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн шүүх хуралдаанд Болорган ХХК нь Далайдорж ХХК-тай холбоотой хуурамч бичилттэй НӨАТ-ын падаанд холбогдох 45,454,500 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь татварын программ дээр илүү төлөлт гэж харагдаж байгаад тус компанийн тайлант өрөнд суутгагдсан байсныг бид 2016 онд улсын байцаагчийн акт гарган нөхөн татвар тооцож, дээрх 45,454,500 төгрөгийг суутган, актын биелэлтийг хангасан, тиймээс тухайн он тус бүрдээ өртэй гэж харагдахгүй байсан гэж тус тус тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 190014883 тоот актаар Болорган ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дээр дурдсан Далайдорж ХХК-иас худалдан авалт хийсэн хуурамч бичилттэй падаантай холбоотой 45,454,550 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байх бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч Болорган ХХК нь 2014 онд төлж барагдуулсан хэдий ч үүнийг татварын хэлтэс зөрчилтэй холбоотой өр төлбөрт аваагүй, Болорган ХХК-ийн дээрх хугацааны тайлагнасан татварын өр төлбөрт суутгагдсан байсныг дээрх актаар нөхөн тооцож, залруулга хийсэн болох нь татварын байцаагчийн акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар болон түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-40-42, 35-36 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс нотлох баримтаар Болорган ХХК-ийн 2012 оноос 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг, хариуцагч Болорган ХХК-иас мөн хугацааны тайланг тус тус ирүүлсэн бөгөөд энэхүү тайлангуудын зөрүүтэй байдлын талаар зохигчдын хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад дүгнэлтийн 4 дүгээр асуултын хариулт хэсэг дээр 2013 оны 12 дугаар сард Аврасиа ХХК-иас авсан НӨАТ-ын падаан /худалдан авалтын буцаалт/ НӨАТ-ын 2013 оны 12 дугаар сарын тайланд тусгагдаагүй байна. Болорган ХХК-ийн татварын албанд ирүүлсэн тайлантай баталгаажуулсан тайлан таарч байна гэж дүгнэжээ.
Мөн хариуцагч Болорган ХХК-ийн захирал М.Авирмэд нь Аврасиа ХХК-иас худалдан авалт хийсэн хуурамч бичилттэй падаантай холбоотой төлбөрийн 50 хувь болох 17,500,000 төгрөгийг 2014 онд төлж барагдуулсан тул түүний үлдэх хэсэг болох 16,420,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь хуурамч бичилттэй падааныг манайд шилжүүлсэн хуулийн этгээд өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарладаг болно.
Хариуцагч Болорган ХХК-ийн дээрх 17,500,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч Татварын хэлтэс хүлээн зөвшөөрдөг бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна.
Харин нэхэмжлэгч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх падаантай холбоотой Болорган ХХК-ийн тайланд түүний хүсэлтээр залруулга хийсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт Болорган ХХК-ийн Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай НӨАТ-ын тайланд өөрчлөлт оруулах тухай албан бичиг авагдсан бөгөөд энэ нь 2012 оны тайланд өөрчлөлт залруулга хийх тухай хүсэлт байна. /хх-44 дүгээр хуудас/
Харин 2013 оны тайланд залруулга хийх талаар Болорган ХХК хүсэлт гаргасан тул улсын байцаагчийн акт, дүгнэлт гараагүй, түүний хүсэлтээр залруулга хийгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтаар авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгчдэгч Д.Хишигдэлгэрийг аж ахуйн нэгжийн нэрийг бичиж, нэмэгдсэн өртгийн падаан дээр тамга тэмдгийг даран хуурамчаар үйлдэж, нийт 218,519,188,262.36 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулалт хийсэн мэтээр баримт бичигийг хуурамчаар байнга үйлдсэн болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр тамга тэмдэг, хэвлэмэл маягт зэргийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэмт хэргийг байнга үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд үүнд 2012-2013 онд Аврасиа ХХК-ийн 632 ширхэг падаан дээр 295 аж ахуйн нэгжид 94,731,899,668.39 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл орсон байна.
Мөн хэрэгт Аврасиа ХХК-иас Болорган ХХК нь хаягдал төмөр худалдан авсан 2013 оны 0013300539, 0013300528, 0013734173 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авагдсан бөгөөд энэхүү хуурамчаар үйлдсэн падаантай холбоотойгоор хариуцагч Болорган ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зөрчилтэй холбоотой асуудлаар татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт гараагүй байна.
Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, нөгөө талаас мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байна.
Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад браимтанд хяналт шалтгалт хийх, тайлбар, лавлагаа авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх бүрэн эрхтэй бөгөөд 29.1.10-т зааснаар албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах зэрэг үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, тогтоогдож байгаа үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Болорган ХХК-иас хуурамч бичилттэй падаантай холбоотой төлсөн төлбөрийг тайлангийн өрөнд суутгасан атлаа, 2016 онд улсын байцаагчийн акт тавьж, нөхөн татвар ногдуулж, түүнийгээ тайлангийн өрөнд суутгагдсан төлбөрөөр залруулга хийж, биелэлтийг хангасан, мөн энэхүү нөхцөл байдалтай ижил нөхцөл бүхий Аврасиа ХХК-иас худалдан авалт хийсэн НӨАТ-ын хуурамч бичилт бүхий падаантай холбоотой зөрчилд акт тавигдаагүй, хяналт шалгалт хийгдээгүй атлаа юуг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа байна.
Нөгөө талаас татварын тайланд улсын байцаагчийн 2016 онд гарсан актыг үндэслэн залруулга хийсэн, актын биелэлтийг нөхөн хангаснаас 2013 оноос хойш өр үүссэн нөхцөл байдалд хариуцагч Болорган ХХК-ийг буруутай, хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн 25,864,500 төгрөгийг хариуцагч Болорган ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Болорган ХХК-ийн захирал М.Авирмэд нь шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад ойлгомжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж, энэ асуудлаар хууль зүйн зөвлөгөө авч, асууж тодруулах шаардлагатай гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд энэхүү хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримт гаргахтай холбоотой хүсэлт биш байх тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч Болорган ХХК-иас 25,864,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Болорган ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287,273 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ