Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 212

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч Х.Рэнцэн,

гэрч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Ганбат /ҮД:1931/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1950 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 21 дүгээр гудамжны 186 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 9 сарын 6-ны өдрийн 519 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэн тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 9 сарын 2-ны өдрийн 751 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэн тэнсэж 2 жил хянан харгалзсан, /РД:УС50022219/ Шаалуу овогт Шаравын Батсайханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201725020887 дугаар 185/2017/0255/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Батсайхан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоотод 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний эд зүйлийг зөөж гаргалаа гэсэн шалтгаанаар, эд зүйлийг нь зөөвөрлөж байсан иргэн Х.Рэнцэнгийн толгойг алх мэт төмөр багажаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Батсайханы: Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоот гэртээ очиход хүмүүс хаалга эвдэх гээд байж байсан. Би хаалгаа эвдүүлэхгүй гэж эсэргүүцээд хүмүүс дагуулж ирсэн Болортой хамт цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгээд хэлтсийн даргад нь өргөдөл өгөхөд Ундармаа дэслэгчид миний өргөдлийг цохсон. Би гэртээ буцаад ирэхэд хаалгыг эвдэж ороод эд зүйлийг зөөж байсан. Би дахиж цагдаагийн хэлтэс рүү очоод ахмад Өлзийхутгийг “энэ хүмүүсийн ажиллагааг зогсоож өгөөч” гэж дагуулж ирсэн. Ахмад Өлзийхутаг “энэ ажиллагаагаа зогсоо, өргөдлийг шалгана” гэж хэлээд намайг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү явсан. Би цагдаагийн хэлтсээс ирэхэд гэрийн ихэнх эд зүйлийг зөөгөөд гаргасан байсан. Энэ асуудал байрны коридорт болсон. Гэрч Болор, Энхбат нар Х.Рэнцэнг хог цэвэрлүүлнэ гэж авчирсан байсан. Тухайн үед би хорооны цагдааг дагуулж ирээд бичиг баримт үзүүлэхэд “ажил эхлэхээр энэ талаар яриарай” гэж хэлээд явсан. Х.Рэнцэн миний эд хогшлыг шуудайнд хийж байхад францус буюу түлхүүрэн багаж гараад ирэхээр нь “наад багажаа үлдээчих” гэж хэлэхэд өгөхгүй бид хоёр булаацалдсан. Х.Рэнцэн багажийг өөр рүүгээ татахаар нь гарыг нь хажуу тийш болготол толгой руугаа цохисон. Х.Рэнцэн цус гарчихлаа гээд гараад явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор цус гарсан байхыг хараагүй. 200.000 төгрөгийг шүүхийн хохирлын дансанд тушаасан байгаа. Хохирогч Рэнцэнгээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Рэнцэнгийн: 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 4-48 тоот байранд цэвэрлэгээ хийж байхад хорооны цагдаа Ш.Батсайханыг бичиг баримтаа гаргаад ир гэхэд Ш.Батсайхан 2-3 удаа байр руугаа орсон. 3 дахь удаагаа Ш.Батсайхан орох гэж байхад хогон дотроос алхан хэлбэртэй багаж, хөгжимд холбодог цагаан төмөр гарч ирсэн бөгөөд Ш.Батсайхан “хэрэгтэй 2 зүйл байна, аваад өг” гэж хэлэхээр нь өгсөн. Гэтэл Ш.Батсайхан цаад талын өрөө рүүгээ орчихоод гарч ирээд миний толгой руу цохисон. Би тухайн үед тонгойгоод юм хийж байсан. Миний толгой эргэнгүүт манай найз намайг түшээд гарсан. Би толгойноосоо болоод 1 сар гаран ажлаа хийгээгүй. Шүүгдэгч Батсайхан надаас уучлалт гуйж байгаа тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эвлэрч байна гэж ойлгож болно гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Отгонбаатарын: 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Х.Рэнцэн ах бид хоёр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 4-48 тоот байранд хог цэвэрлэж байхад Ш.Батсайхан ах 2-3 удаа орж гарсан бөгөөд сүүлийн удаа орчихоод гарахдаа Х.Рэнцэнг алхаар цохисон. Намайг хартал Ш.Батсайхан баруун гартаа алх, зүүн гартаа хавтгай юм барьсан байсан. Би Х.Рэнцэн ахыг аваад гарахад толгойноос нь цус гарч байсан. Би алхаар цохисон үйлдлийг хараагүй. Харин юм цохих чимээ гарахаар нь хартал Х.Рэнцэн ахын толгойноос цус гарч байхаар нь аваад гарсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс:

Хэрэг бүртгэлтэд гэрч Ц.Болорын: ...Батсайхан дотогш ороод гарч ирэхгүй удаад байтал гэнэт Рэнцэнгийн толгойноос цус гоожоод энэ чинь толгой цохьчихлоо ш дээ гэж хэлээд гараад ирэхээр нь юугаар яаж цохьсон юм бэ гэтэл төмөр алхаар цохьчихлоо гэж хэлэхээр нь би хорооны цагдааг дуудах гэж явсны дараа Батсайхан 102 дугаарт би согтуу хүмүүст зодуулчихлаа гэж дуудлага өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа түргэн тусламжийн эмч ирээд Рэнцэнг эмнэлэг рүү, Ш.Батсайханг надтай хамт цагдаа дээр авч ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-39-40/,

 

Хэрэг бүртгэлтгэд гэрч Ц.Чинбатын: ...Би 2017 оны 03 дугзар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны гадна хүүхдүүд болох Энхбат, Болор хоёр дээр ирээд байж байтал удалгүй орцны хаалгаар нэг эрэгтэй толгойноос нь цус гарч толгойгоо хагалуулсан байдалтай толгойгоо бариад гарч ирж байсан. ...Цагдаа нар дотроос нэг намхан шар хөгшин эрэгтэйг гаргаж ирээд, манай бэр охин Болортой хамт машиндаа суулгаад аваад явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43-44/,

Хэрэг бүртгэлтэд Ш.Батсайханы сэжигтэн, яллагдагчаар: ...2017 оны 03 дугаар 17-ны өдөр надтай байрны маргаантай байсан Болор үл таних 6 хүнийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоотод дагуулж ирээд манай гэрийн хаалгыг эвдэж гэрт орж ирэн миний эд зүйлийг шуудайлж зөөгөөд байсан. Тэгж байгаад алх мэт хэлбэртэй францус шиг хэлбэртэй түлхүүрийг нэг эрэгтэй аваад шуудайнд хийхээр нь өгөхгүй гэж буцлаацалдаж нөгөө эрэгтэй өөр рүүгээ татаад байхаар нь түлхүүрээр өөдөөс нь цохьчихсон юм. ...гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-57-58/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №4094 тоот:

  1. Х.Рэнцэнгийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-48/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-33/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-35/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-27/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, гэрч Н.Ойдовдоржийн мэдүүлэг /хх-45/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Ш.Батсайхан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоотод 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний эд зүйлийг зөөж гаргалаа гэсэн шалтгаанаар, эд зүйлийг нь зөөвөрлөж байсан иргэн Х.Рэнцэнгийн толгойг алх мэт төмөр багажаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд гэрч Ц.Болор, Ч.Отгонбаатар нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 4094 тоот дүгнэлтүүдээр тогтоогдон нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Батсайханы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Рэнцэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг эмчлүүлэхэд гарсан зардалд 200.000 төгрөгийг Төрийн банкны 100900005406 тоот дансанд тушаасныг хохирогч Х.Рэнцэнд олгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Ш.Батсайхан урьд ял шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-66/ нотлогдож байгаа боловч ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.                             

 

Шүүгдэгч Ш.Батсайхан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Х.Рэнцэн гомдолгүй, шүүгдэгч Ш.Батсайхантай эвлэрсэн тухайгаа илэрхийлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.                                                   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг алх мэт хэлбэртэй түлхүүр багажийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                

  1. Шаравын Батсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Шаравын Батсайханд холбогдох эрүүгийн 201725020887 дугаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Шаравын Батсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй
  4. Ш.Батсайханаас Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 200.000 төгрөгийг хохирогч /РД:УЖ65082315/ Хүрэлийн Рэнцэнд олгосугай.    
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг алх мэт хэлбэртэй түлхүүр багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн 93 хуудас баримтыг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.
  6. Ш.Батсайхан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ш.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ү.ТҮМЭНЖАРГАЛ