Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 0069

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

                                                                                                                                                           

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Г.Т

Шүүгдэгч                                                       П.Б

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.О

   Хохирогч                                                       Г.У

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолтой, П.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, шүүгдэгч П.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогтой П-н Б.

 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Г.Уийн эзэмшлийн Баруун дэнжийн 9-15 тоот хүн байнга амьдрах байшинд цонхыг нь хагалан нэвтэрч хагас автомат угаалгын машин, машины хөгжим зэргийг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овгийн П-н Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

          Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 695 дугаар захирамжаар:

 

Шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны 293 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ гэснийг “... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ...” гэж залруулж,

 

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:

 

... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгч П.Б өөрөө хийсэн хэргээ анхнаасаа үнэн зөв хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээж гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгаж хохирлоо нөхөн төлсөн.

Гэтэл анхан шатны шүүх нь түүний хувийн байдлыг харгалзан үзээд урьд эдэлж дууссан ялын байдлыг харьцуулан үзэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтыг үндэслэл болгон шийтгэх тогтоолд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдолдоо:

 

... Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж хохирол гомдлыг бүрэн барагдуулж өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна.

Ахин ийм алдаа гаргахгүй байхаа амлаж байна. Гэртээ эхнэр хүүхдийн хамт амьдарч ажил хийж орлого олж ам бүлээ тэжээж цалин хөлс авдаг ганц хүн нь би байдаг учир иймд миний энэ санал гомдлыг минь харгалзан үзэж хорих ялаас минь хөнгөрүүлж өгч туслана уу? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч П.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, шүүгдэгч П.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Г.Уийн  Баруун дэнжийн 9-15 тоотод  хүн байнга амьдрах байшинд цонхыг нь хагалан нэвтэрч хагас автомат угаалгын машин, машины хөгжим зэргийг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Бын гэм бурууг хянан хэлэлцэж үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзээд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.

Шүүгдэгч П.Бын үйлдсэн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээж хулгайлан авсан эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан хэдий боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Бд оногдуулсан хорих ялыг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэн өөрчлөх шаардлагагүй байна.

Иймд шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгчийн ...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,шүүгдэгч П.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.ЦЭЦЭГМАА