Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2022/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Шарнууд Б.Г /регистрийн дугаар РХ64102716/-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанхундага нарыг оролцуулан хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Б.Гд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийг зогсоосон хугацааны тэтгэвэр 6 650 000 төгрөг гаргуулах, Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагчийн 1 061 666 төгрөгийг Б.Гаар төлүүлсэн амаар гаргасан захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах

2.Хэргийн нөхцөл байдал:

Б.Гд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэсэн нөхцлийг хангасан гэж үзэн олгож байсан тэтгэврийг малчнаар ажиллаж байсан хугацааны баримт зөрчилтэй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоосон. Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Гаар 1 061 666 төгрөгийг нийгмийн даатгалын санд тушаалгасан.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг нөхөж олгохыг хүссэний хариуд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хариу өгснийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргасан

4.Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Г 1964 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотод төрсөн. Би 1985 оны 8 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1988 оны 4 дүгээр сар хүртэл хөрөө рамын туслах ажилчнаар ажиллаж байгаад үүнээс хойш 1995 оноос хойш одоог хүртэл хувийнхаа малыг маллаж ирсэн.

Дээрх хугацаанд ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдлаа Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг бүрэн хангасан.

Ингээд би малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоосон. Гэвч нийгмийн даатгалын хэлтсээс малчин 7 жил 8 сар эрх үүсэхгүй гэх шалтгаанаар миний өндөр насны тэтгэврийг 2020 оны 10 дугаар сараас эхлэн зогсоосон.

Нийгмийн даатгалын байгууллагаас би шүүхээр ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдлаа тогтоолгож, үлдсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Үүний дараа би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гаргасан хүсэлтийг минь хүлээн авч 2021 оны 8 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврийг минь тогтоож 2022 оны 04 дүгээр сард тэтгэврийг минь олгосон хэрнээ тэтгэврийг минь буцааж авсан.

Гэтэл надад тэтгэврийг минь олгосныхоо дараа тухайн тэтгэврийн мөнгийг минь банкинд буцаан тушаалгасан. Яагаад банкинд буцааж тушаасныг мэдэхгүй байна.

Би дээрх үйлдлийг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан өргөдөлд минь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор хариу өгсөн. Тухайн тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад дээрх нэхэмжлэлийг гаргаж байна.

Нийгмийн даатгалын байгууллага надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа таны мал маллаж байсан байдлыг шүүхийн шийдвэр нь буруу нотлох баримт үнэлж шийдвэрлэсэн, буруу шийдвэр юм. Ийм учраас танд өндөр насны тэтгэвэр үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж тайлбарласан.

Миний ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдлыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал Нийгмийн даатгалын байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүхийн шийдвэрийг буруу зөв эсэх талаар дүгнэлт хийж өндөр насны тэтгэврийг минь зогсоож, иргэн намайг хохироосонд маш их гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн Б.Г надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байсан эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зогсоосон хугацааны өндөр насны тэтгэвэр болох 7 450 000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч Б.Гы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:

... Уг хэрэгт Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/106 дугаартай албан бичгээр шаардсаны дагуу тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/21 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдлаа Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг бүрэн хангасан байхад надаар 2021 оны 12 дугаар сард 1 060 000 төгрөгийг надаар төлүүлсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагчийн Д.Нийн надаас 1 060 000 төгрөг буцаан төлүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Б.Г гуайн хувьд 2020 оны 4 дүгээр сард Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд хандаж 1995 оноос хойших малчнаар ажиллаж байсан байдал, гэрээтэй холбоотой баримт байхгүй бол орон тооны бус байнгын зөвлөл тогтооно гэж заасны дагуу мал маллаж байсан байдлаа тогтоолгосон байдаг. Нийгмийн даатгалын хэлтэс төрөлтийн түүх засвартай байна гэж тайлбарлаж байгаа. Гэвч орон тооны бус байнгын зөвлөлийн тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Малчны мал маллаж байсан байдлыг тогтоосон Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн журам байхгүй. Энэ баримт нь ийм гэж ярьж байгаа боловч энэ тогтоол одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа.

Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сард иргэний хэргийн шүүхэд хандаж 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ажилласан байдлаа тогтоолгосон. Хариуцагч нар 1995 оны төрөлтийн түүх гэсэн баримтыг засварласан байна гэж яриад байгаа ч нэхэмжлэгчийн мал маллаж байсан байдлыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад яагаад үүнийг үнэн худлаа гээд байгаа юм бэ. Шийдвэрийн үндэслэх хэсгийг харахад төрөлтийн түүхийг үндэслэсэн зүйл байхгүй. Тийм учраас 2020 оны 6 дугаар сараас аваагүй хугацааны тэтгэврээ нөхөн гаргуулж авах хүсэлттэй байгаа. Иймээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан тэтгэвэр 7,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байгаа.

Миний тооцооллоор нэхэмжлэгч буруу тооцоолсон гэж үзээд дээрх 19 сарын өндөр насны тэтгэврийг нэг сарын 350,000 төгрөгөөр бодоход 6,650,000 төгрөгийн тэтгэврийг нөхөж гаргуулах хүсэлттэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд Хатгалын нийгмийн даатгалын байцаагч Д.Н 1,061,600 төгрөгийн тэтгэврийг илүү авсан байна. Та буцааж төлөх ёстой гэхээр нь би төлсөн гэж нэхэмжлэгч хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тэтгэвэр авах эрхийг нь хангасан байхад дундуур нь акт тавьж олгосон тэтгэврээ буцаан төлүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс энэ нь хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Одоо өндөр насны тэтгэврээ хэвийн авч байгаа. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын 6 650 000 төгрөг дотор 1 061 666 төгрөг багтаж байгаа ... гэв.

7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа:

... Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суугч Б.Г нь 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан хугацаа 4 жил 7 сар 19 өдөр /Цэргийн алба хаасан 1 жилийг 6 сараар нэмэгдүүлэн тооцож/, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 жил 6 сар 19 өдөр, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нөхөн тооцуулсан 11 жил, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил, нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 8 сар, нийт 22 жил 10 сар 08 өдөр шимтгэл төлж ажилласан байна.

Иргэн Б.Гд 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1995-2000, 2003 оныг малчнаар ажилласнаар тооцсон 01 дугаартай тогтоол, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1990-1994 оны хооронд мал маллаж байсан малчин өрх болно гэж тодорхойлсон 3/301 дугаартай албан тоот, 2017-2019 оны малын А данс болон бусад ажилласан хугацаанд холбогдох баримтыг үндэслэн малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоож 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс олгож эхэлсэн байна.

Харин 2020 онд хийгдсэн дотоодын хяналт шалгалтаар иргэн Б.Гы малчин нөхцлөөр тогтоогдсон тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалт болон Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгал төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Үүнд:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1995-2000, 2003 оныг малчнаар ажилласнаар тооцсон тогтоолд хавсаргасан 1995 оны төрөлтийн түүхийг малчин гэж засварлаж баталгаажуулсан, 1998-2000 оны малын туулгад хамрагдсаныг нөхөн бичсэн, 1996-1997 оны баримт бүрдэл шаардлага хангахгүй гэж үзсэн.

Б.Г нь дээрх байдлыг эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шийдвэрээр 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгосон. Харин 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосон.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шийдвэрээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан хугацаа нотлогдохгүй, даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1995-2000 оныг малчнаар ажилласнаар тооцсон тогтоолд хавсаргасан 1995-1997 оны баримтын бүрдэл хангагдахгүй байсан тул 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1061666 төгрөгийн төлбөр зөрчилд улсын байцаагчийн акт тогтоож шийдвэрлэсэн байна. Актаар тогтоосон төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 03-нд төлсөн.

Б.Гы 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл хугацаанд мал маллаж байсан байдал нь баримтаар нотлогдохгүй тул нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулж 2021 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг хүртэл сайн дурын даатгал төлсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдлийн дагуу малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоож 2021 оны 08 дугаар сарын 01-нээс тооцож бүрэн олгосон байна.

Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн Б.Гд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1, 6 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд тус тус заасны дагуу малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоож 2021 оны 08 дугаар сарын 01-нээс тооцож олгосон байна. Б.Гд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тэтгэвэр 4 600 000 төгрөгийг бүрэн олгосон.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шийдвэрээр тогтоосон 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг малчнаар ажилласан жилд бүрэн тооцож тэтгэврийг тогтоосон болно. Иргэн Б.Гы малчнаар ажилласан хугацаа нь нотлох баримтын шаардлага хангагдахгүй байсан учир 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тэтгэврийг тогтоож олгох үндэслэлгүй байсан бөгөөд энэ зөрчил нь дотоодын хяналт шалгалтаар илэрсэн юм. Иймд нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлж малчнаар ажилласан жил гүйцсэн байна.

Б.Гы Нийгмийн даатгалын хэлтсээс зогсоосон хугацааны өндөр насны тэтгэвэр 7 450 000 төгрөгийг нөхөн олгох үндэслэлгүй байна. Учир нь тэтгэврийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн. Б.Г нь сайн дурын даатгалыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлсөн. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүсэлт гаргасан. Мөн Б.Гы Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу тус зөвлөл асуудлыг хэлэлцэж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоох хуулийн шаардлага хангагдахгүй тул тэтгэврийг нөхөн олгох үндэслэлгүй байна. Иймд Б.Гы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Б.Гыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дахь нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл эрэгтэй 55 нас хүрсэн бол заалтыг хангаж байгаа гэж үзэн малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоосон.

2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгаас Хатгал тосгоны Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөл-ийн үйл ажиллагаа, баримт бичигт хяналт тавьж, тулган баталгаажуулалт хийсэн. Шалгалтаар Б.Гы 01 дугаартай тогтоолд бүрдүүлэн өгсөн баримтыг эх хувьтай тулган шалгахад тус тосгоны Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Пүрэвсүрэн нь Б.Гы эхнэр Ц.Дгийн 1995 оны төрөлтийн түүхийн эх хувийг засварлан ажил эрхлэлтийн байдал хэсэгт Малчин, гэрийн хаягийг хөдөө багийн нэр болгон засварлан бичиж архивын лавлагаа олгосон бол 1996-1997 оныг малчин гэх нотлох баримтгүйгээр тогтоосноор малчин байсан 15 жилээс тухайн онуудад харгалзах 3 жил хасагдаж 12 жил малчнаар ажилласан байсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалт болон Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчин тэтгэвэр тогтооход баримтлах журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

Иймд тухайн зөрчилтэй онуудын баримтыг 2020 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр нөхөн бүрдүүлж ирсэний дараа тэтгэвэр үргэлжлүүлэн авах, эс бөгөөс нийгмийн даатгалын санг хохироосон төлбөрийг холбогдох даатгуулагчаар төлүүлэхээр мэдэгдэж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай улсын байцаагчийн актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно заалтаар тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон ба тэтгэвэр түдгэлзүүлэн зогсоосон хугацаанд Б.Г нь шүүхэд гомдлоо гаргасан тул бид шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээсэн.

Б.Г нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2020 оны 155/ШШ2020/02151 дугаартай шийдвэрээр 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 5 жил 7 сар мал маллаж байсан байдлыг тогтоолгосон. Харин 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сар мал маллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол заалтыг хангахгүй 14 жил 7 сар малчнаар ажилласан байсан учир 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 17/21 дугаартай улсын байцаагчийн актаар 1 061 666 төгрөгийн төлбөрийг тогтоож шийдвэрлэсэн.

Б.Г нь 2021 оны 3 сарын 12-ны өдрийн 17/21 дугаарын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагч Д.Нт тэтгэврээ тогтоолгоод тэтгэврээс суутгуулах хүсэлтээ гаргаж 2021 оны 12 сарын 03-ны өдөр иргэн Б.Г нь актын төлбөр болох 1 061 666 төгрөгийг Хатгал тосгоны нийгмийн даатгалын харилцах дансанд өөрийн биеэр тушаан баримтыг нийгмийн даатгалын байцаагч Д.Нт өгсөн байдаг. Тэтгэвэр авагч Б.Гы тэтгэврийн данснаас ямар нэгэн суутгал хийгдээгүй ба төлбөрийн актыг Д.Нт хариуцуулахаар шийдвэрлэсэн.

Б.Г нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулж 2021 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал хугацаанд сайн дурын даатгалд хамрагдаж 2021 оны 07 дугаар сарын 31-нд өргөдлөө гаргасан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол заалтыг хангасан тул тэтгэвэр тогтоон 2021 оны 08 дугаар сарын 01-нээс тэтгэвэр тогтоосон тэтгэврийг одоог хүртэл хэвийн олгож байна.

Тус хэлтсээс тэтгэвэр тогтоолтын явцад Б.Гы 2020 оны 12 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 1995 оны 06 сараас малчин болсон гэсэн байсан тул 1990-1994 онд малчнаар ажилласан байдлыг тодруулахаар нэмэлт баримт шаардахад:

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 1990-1994 оны хооронд Хатгал тосгонд ажиллаж байсан байдлыг архиваас шүүж үзэхэд Б.Гыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гарган өгөх боломжгүй байна гэсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11/886 дугаартай албан тоотыг өгсөн.

Иргэн Б.Г нь 2021 оны 11 сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан гомдолдоо 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү гэжээ.

Тус хэлтэс нь 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шүүхийн шийдвэртэй маргаагүй бөгөөд нэгэнт иргэн гомдлоо гаргасан тул Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу 1995 оны 06 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байснаар 5 жил 7 сарын хугацааг шүүхээс тогтоосон тул өндөр насны тэтгэвэр тогтоохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай гэсэн 23 дугаартай тогтоолыг гаргасан бөгөөд 1990-1994 онд ажилласан байдлыг тодруулахаар нэмэлт баримтыг шаардах нь байцаагчийн эрх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцон 2021 оны 12 сард 1 750 000 төгрөгийн тэтгэврийг олгосон.

Гэтэл Б.Г нь дахин 2022 оны 04 сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2020 оны 07 сараас 2021 оны 08 сар хүртэл хугацааны тэтгэвэр нөхөн олгох хүсэлт гаргасны дагуу Гомдлын шаардлагын зөвлөл 2022 оны 04 сарын 14-ний өдөр хуралдаж иргэн Б.Гд 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэл хугацааны тэтгэврийг олгох нь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шийдвэрийг зөрчих улмаар 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 5 жил 7 сар мал маллаж байсан байдлыг тогтоолгосон 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сар мал маллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.7.1 дахь заалтыг зөрчих тул дээрх хугацааны тэтгэврийг нөхөн олгох үндэслэлгүй гэсэн 04 дугаартай тогтоолыг гаргаж хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Иймд Б.Гы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Б.Г нь Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу тус зөвлөл асуудлыг хэлэлцэж 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоох хуулийн шаардлага хангагдахгүй тул тэтгэврийг нөхөн олгох үндэслэлгүй байна. Нийт тэтгэвэр олгоогүй 13 сарын хугацааны тэтгэвэр 4,466,000 төгрөг болж байгаа. Үүнээс хойш тэтгэвэр хэвийн олгогдож эхэлсэн. 1,061,666 төгрөгийн актыг нэхэмжлэгч мэдээгүй байхад акт бичиж төлүүлсэн гэсэн байсан. Үүнийг мэдээд мөнгөө өөрийн биеэр авч ирж өгсөн байдаг.

2020 оны 12 дугаар сарын шүүхийн шийдвэрээ он гарсан хойно буюу 2021 оны 01 дүгээр сард манайд авч ирсэн байдаг. Нэгэнт он гарсан учраас нөхөн даатгуулах боломжгүй байсан болохоор манай зүгээс хамгийн хурдан арга хэмжээ буюу 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой гэсэн зөвлөгөөг өгч төлүүлсэн байгаа. Мөн сайн дурын даатгалыг сайн дурын үндсэн дээр иргэн өөрөө төлөх ёстой болохоос биш манайхаас та заавал төлөх ёстой гэж хэлэхгүй. Энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ёстой учраас зөвлөгөө өгсөн. Нэхэмжлэгч Б.Гд манай зүгээс хангалттай хугацаа өгсөн. Орон тооны бус байнгын зөвлөлийн тогтоолоос шүүхийн шийдвэр өөрөөр гарч ирсэн. Тэр шүүхийн шийдвэртээ Б.Г гуай би 1995 оны 6 дугаар сараас малчин болсон гэж хэлсэн байгаа. Баримтуудаа засварласан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн, тэрийг засварласан эмч нь ч засаж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн тогтоолын үндэслэсэн баримт нь худлаа байна гэсэн учраас үүнийгээ хүчингүй болгож өгөөч гэсэн мэдэгдэл явуулсан байгаа. Тийм учраас л акт тогтоож тэтгэврийг зогсоосон байгаа ... гэв.

10.Хамтран хариуцагч Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2020 оны 7 дугаар сараас малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч 2020 оны 10 дугаар сараас эхлэн тэтгэврийг зогсоосон гэсэн байна. Энэ нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч байгаад 10 дугаар сард зогсоосон шалтгаан нь 2020 оны 4 дүгээр сард Хатгал тосгоны захирагчийн захирамжаар гаргасан Орон тооны бус зөвлөл-д хандан малчин байдлаа тогтоолгохдоо 1995 онд хүүгээ төрүүлсэн, төрөлтийн түүхийг Хатгал тосгоны хүн эмнэлгээс авч ирэхдээ баримтад засвар хийж ажил байдлын тодорхойлолт хэсэгт үгүй- гэсэн байсны ард малчин гэж шинээр бичүүлэн авч ирсэн нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн зөрчил үүссэн тул тэтгэврийг зогсоосон. Тэтгэврийг зогсоогоод 2020 оны 12 дугаар сар дуустал малчин мөн гэж шинээр баримт олж ирэх, эсвэл шүүхээр малчин байдлаа тогтоолгоод ирэх гэсэн хугацаа өгсөн. Энэ хугацаанд баримт олдохгүй байна, шүүхээр малчин байдлаа тогтоолгож байгаа гэсэн хариу өгсөн.

Шүүхээр ажилласан байдал болон мал маллаж байсан байдлаа тогтоолгож ирсэн. Малчин байдлаа шүүхээр тогтоолгохдоо 1995 оны 1 дүгээр сараас тогтоолгосон нь эрэгтэй малчин 15 жилээс маань 5 сар дутсан тул 2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал сайн дураар нийгмийн даатгалыг төлүүлсэн. Ингээд нийт 20 жилээс малчин 15 жил нь гүйцэхэд нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар өндөр насны тэтгэврийг тогтоосон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд хүсэлт гаргасан байдлыг хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг тогтоож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8, 9, 10, 11, 12 дугаар сарын тэтгэвэр болох 1 750 000 төгрөгийг Б.Г гуайд бүрэн олгосон. 2021 оны 8 сараас хойш өнөөдрийг хүртэл ямар ч тэтгэвэр тасалдуулахгүй олгож байгаа.

Гэтэл надад тэтгэврийг минь олгосныхоо дараа тухайн тэтгэврийн мөнгийг минь банкинд буцаан тушаалгасан гэсэн байна. Энэ бол авсан бүх тэтгэврийг авсан зүйл огт байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 1-нд 1 750 000 төгрөгийн тэтгэвэр авахдаа 2021 оны 03 дугаар сард гарсан актын дагуу 1 061 666 төгрөгийг Хатгал тосгоны тэтгэврийн даатгалын санд 2021 оны 12 дугаар сард төлсөн болно.

Энэ акт ямар шалтгааны улмаас тавигдсан акт болохыг тайлбарлахад 2020 оны 06 дугаар сарын 30-нд малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2020 оны 10 дугаар сард зогсоогдоод малчин байдлаа 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дугаартай шүүхийн шийдвэр гаргуулахдаа 1995-2000 оны бүтэн 6 жил байснаас 1995 оны 6 дугаар сараас малчин байдлаа тогтоолгосон нь малчин 15 жилээс 5 сар дутсан тул нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/21 акт тавигдсан. Улсын байцаагчийн акт хэдий миний нэр буюу Д.Нт гэж гарсан, тухайн хариуцсан байцаагчид актыг тавьж холбогдох хариуцагчаар тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүл гэсний дагуу Б.Г гуайд энэ талаар мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 03-нд Б.Г гуай өөрөө тэтгэврийн дансанд төлсөн. Б.Г гуайд 1061666 төгрөгийн актыг мэдэгдэхэд би одоогоор мөнгөний боломжгүй байна. Тэтгэврээ орсны дараа бөөн төлнө гэж хэлсний дагуу энэ иргэн маань тэтгэврээ аваад 1061666 төгрөгөө 5906125266 дансанд төлсөн болно.

Нийгмийн даатгалын байгууллагаас надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа мал маллаж байсан байдал шүүхийн шийдвэр буруу шийдвэр гаргасан гэж хэлсэн нь огт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Манайх шүүхийн шийдвэр дээр хяналтыг хэзээ ч хийгээгүй. Энэ хүний 1990-1994 оныг тодруулах шаардлагатай байсан. Яагаад гэвэл эхнэр Ц.Д нь 1995 он хүртэл ажилласан байдлаа шүүхээр сэргээсэн. 1995, 1996 онуудад эхнэр Ц.Дд шимтгэл төлөгдөж байсан лавлагаа гарч ирсэн тул иргэн Б.Г гуайг 1990-1994 онд ажил хөдөлмөр эрхэлж байсан байдлыг тодруулж аймгийн архивт тоот явуулж тодруулсан. Тэрнээс шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлан өгч байсан удаа байхгүй болно.

Нийгмийн даатгалын хэлтсээс зогсоосон өндөр насны тэтгэвэр болох 7 450 000 төгрөгийг нөхөн төлж өгнө үү гэж нэхэмжилсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй нэхэмжлэл тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11.Хариуцагч Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Б.Г гуай нь 1 061 666 төгрөгийг надад авч ирж өгсөн юм шиг ярьж байна. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарыг дуустал авсан тэтгэврийн актыг миний нэр дээр тавьсан нь надаар хариуцуулан төлүүлнэ гэсэн утгатай учраас энэ актын талаар би иргэн Б.Гд мэдэгдэхэд би одоо төлөх боломжгүй. Тэтгэвэрт орохдоо өөрөө төлнө гэж өргөдөл бичиж өгсөн.

2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгогдож эхэлсэн бөгөөд 1,750,000 төгрөгийн тэтгэвэр авсан. Үүнийхээ 1,061,666 төгрөгийг нийгмийн даатгалын дансанд тушааж надад төлбөр төлсөн баримтаа авч ирж өгсөн. Тэр нь надад байгаа. Түүнээс биш би тэр мөнгийг бэлнээр аваагүй. Нэхэмжлэгч Засаг даргын дэргэдэд зөвлөлд 2020 онд хандаж 1995 оноос 2000 оныг хүртэл 5 жил, 2003 он гээд нийт 6 жил мал маллаж байсан байдлаа тогтоолгосон байдаг. Тэрхүү зөвлөлд өгсөн баримт буюу 1995 оны эхнэрийнх нь төрөлтийн түүх дээр засварлаж эрхэлсэн ажил гэдэг дээр малчин, хаяг гэдэг дээр хөдөөний хаяг нөхөж бичсэн байдаг. Энэ баримтынхаа хуулбарыг нь авчирч өгсөн. Энэ хугацаанд мөн тарилга, туулга хийсэн талаар баримт авчирч өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод аудитын тасгийнхан очиж хяналт шалгалт хийж баримтыг эх хувьтай нь тулгахад Б.Гы эхнэрийн төрөлтийн түүхийн эх баримт дээр нь өөр өнгийн балаар гэрийн хаяг дээр 1-2-2 гэснийг хөдөө болгож, малчин гэж нэмж бичсэн байсныг олж илрүүлээд тэтгэврийг нь зогсоосон. Энэ хугацаад акт тавиагүй, харин та зөрчлөө арилгаж өөр баримт авч ирвэл үргэлжлүүлэн олгоно гэхэд баримт авч ирээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүхээс 5 сарыг дутуу тогтоож өгсөн учраас манайхаас акт тавигдаж тэрийгээ өөрөө хүлээн зөвшөөрч манайд төлсөн байгаа ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

12.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Гы Б.Гд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийг зогсоосон хугацааны тэтгэвэр 6 650 000 төгрөг гаргуулах, Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагчийн 1 061 666 төгрөгийг Б.Гаар төлүүлсэн амаар гаргасан захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13.Нэхэмжлэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг нөхөж олгохыг хүссэний хариуд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хариу өгснийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан гэх ба 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хөөн хэлэлцэх хугацаатай хариуцагч маргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

14.Б.Г нь 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн.

15.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Б.Гыг 1995 оны 1 сараас 2000 оны 12 сарыг дуустал, 2003 онд мал маллаж байсныг тогтоож, нийт 7 жил 0 сар малчнаар ажилласнаар тооцжээ.

16.Нэхэмжлэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагч Д.Нт хандан нийт 22 жил 9 сар, малчин 15 жил ажилласан хэмээн малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргажээ.

17.Нийгмийн даатгалын байгууллага 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Б.Гд тэтгэврийн доод хэмжээ буюу сарын 350 000 төгрөгийн тэтгэвэр тогтоон олгож эхэлжээ.

18.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтаар Б.Гы малчнаар ажиллаж байсныг тогтоосон 01 дүгээр тогтоолд бүрдүүлэн өгсөн баримтыг эх хувьтай тулган шалгаад түүний эхнэр Ц.Дгийн 1995 оны төрөлтийн түүхийн эх хувийг засварласан, 1996-1997 оныг малчин гэх нотлох баримтгүйгээр тогтоосон гэж үзээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

19.Харин Хатгал тосгоны Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1998, 1999, 2000, 2003 онд Б.Гыг малчнаар ажиллаж байсныг тогтоосонтой Нийгмийн даатгалын байгууллага маргаагүй ажээ.

20.Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... 5/доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих гэж заасан тул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй.

21.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: ... 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах гэж заасан.

22.Өөрөөр хэлбэл төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын хувьд дээд шатны захиргааны байгууллага нь доод шатны захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, доод шатны захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллагадаа захирагдах нь төрийн албаны зарчим юм.

23.Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар Б.Гы өндөр насны тэтгэврийгтүдгэлзүүлэн зогсоосон хугацаанд тэрээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.

24.Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дүгээр шийдвэрээр Шарнууд Б.Г /РХ64102716/-ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хэсэгт 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгожээ.

25.Б.Гы мал маллаж байсан байдлыг

а.1990-1994 оны хоорондох 5 жилийг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/301 тоот албан бичгээр,

б.1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 5 жил 7 сарыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/02151 дүгээр шийдвэрээр,

в.2003, 2017, 2018, 2019 оны 4 жилийг Хатгал тосгоны Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17280584 дугаартай баталгаажилтын хуудас, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын А дансны лавлагаагаар тус тус тооцож үзэхэд энэ нь нийт 14 жил 7 сар болж байна.

26.Хэдийгээр Хатгал тосгоны Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Б.Гы малчнаар ажиллаж байсан байдлыг 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2003 он гэж бүтэн 7 жилээр тогтоосон боловч үүний 1995 оны 01 сарын 01-нээс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаа нь хожим шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болжээ.

27.Өөрөөр хэлбэл 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Б.Гд мал маллаж байсан 14 жил 7 сар байсан гэсэн үг юм.

28.Иймд нэхэмжлэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэж зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй байна.

29.Харин Б.Г тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал нийт 8 сарын хугацаанд сайн дураар төлсөн, энэ хугацаанд тэрээр мал маллаж байсан болох нь хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 112 дугаар хуудас/, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримт /хэргийн 108-110 дугаар хуудас/-аар тус тус нотлогдож байна.

30.Б.Г 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан малчны 15 жил бүрэн гүйцсэн тул холбогдох баримт бичгийг үндэслэн малчнаар өндөр настны тэтгэвэр тогтоож өгнө үү гэсэн өргөдөл /хэргийн 62 дугаар хуудас/ гаргасны дагуу түүнд өндөр насны тэтгэврийг сард 350 000 төгрөгөөр тогтоож 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тасралтгүй олгосон болох нь хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хуудас /хэргийн 61 дүгээр хуудас/, хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

31.Субьектив эрх гэдэг нь нэхэмжлэгчид хуульд заасны дагуу үүсэх боломжийг ойлгох ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан тул шүүх зөвхөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.

32.Иймд нэхэмжлэгчийн Б.Гд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийг зогсоосон хугацааны тэтгэвэр гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

33.Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагчийн 1 061 666 төгрөгийг Б.Гаар төлүүлсэн амаар гаргасан захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

34.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/21 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актаар /хэргийн 139 дүгээр хуудас/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасныг үндэслэн Нэр бүхий 1 хүнд илүү олгосон нийт 1 061 666 төгрөгийг холбогдох албан тушаалтнаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлж, актаар тогтоосон 1 061 666 төгрөгийн төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын Хаан банк дахь 5906125266 тоот дансанд нөхөн төлж, тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгохыг Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагч /Д.Н/-д даалгаж шийдвэрлэжээ.

35.Харин Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагч Д.Н нь энэ актын дагуу иргэн Б.Гаар 1 061 666 төгрөгийг төлүүлэхээр шаардсан, Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийгмийн даатгалын сангийн дансанд 1 061 670 төгрөг тушаасан болох нь хариуцагч Д.Гийн тайлбар, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

36.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ гэж тус тус заасны дагуу Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч нь захиргааны байгууллага болох юм.

37.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, ... гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.

38.Иймд иргэн Б.Гаар 1 061 666 төгрөгийг төлүүлэхээр амаар шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 061 670 төгрөгийг нийгмийн даатгалын санд тушаалгасан Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Нийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

39.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/21 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасныг үндэслэн Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Нээр 1 061 666 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад иргэн Б.Гаар уг төлбөрийг төлүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байна.

40.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах /Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...гэж заасан.

41.Захиргааны албан тушаалтан болох Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Нээр 1 061 666 төгрөгийг төлүүлэхээр дээд шатны захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн байтал иргэн Б.Гаар уг төлбөрийг төлүүлж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан итгэл хамгаалах зарчмыг зөрчиж байна.

42.Хариуцагч нар Б.Г хуурамч баримт бүрдүүлснээс нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг тэр өөрөө хариуцах ёстой хэмээн маргаж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс ... үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэж зааснаар Б.Гаар илүү авсан тэтгэврийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гараагүй байна.

43.Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт зааснаар, эсхүл шүүх шийдвэр гаргасан тохиолдолд л иргэний авсан тэтгэврийг суутган төлүүлнэ.

44.Харин Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/21 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж зааснаар Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагчид төлбөрийг хариуцуулсан шийдвэр гарсан байна.

45.Хэрэв нийгмийн даатгалын санд хохирол учирсан гэж үзвэл буруутай албан тушаалтан эсхүл буруутай тэтгэвэр авагчийн аль нэгнээр төлүүлэх нь зүй, харин хоёулангаар нь давхцуулан төлбөр төлүүлэх талаар хуульд заагаагүй.

46.Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч /албан тушаалтан/ Д.Нийг буруутай гэж үзэн нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг түүгээр төлүүлэхээр шийдвэрлэснийг иргэн Б.Гаар төлүүлэх гэсэн агуултай шийдвэр юм гэж үзэх үндэслэлгүй. Тус захиргааны акт хүчин төгөлдөр байна.

47.Хариуцагч Д.Н иргэн Б.Г 1 061 666 төгрөгийг төлөхийг өөрөө зөвшөөрч төлсөн гэх боловч иргэн илт хууль бус захиргааны актын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасны дагуу хэдийд ч маргах эрхтэй.

48.Хэдийгээр нэхэмжлэгч Б.Г захиргааны акт илт хууль бус болох талаар нэхэмжлэлдээ дурдаагүй боловч иргэн хууль зүйн өндөр түвшний мэдлэгтэй байх үүрэггүй, хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байвал шүүх энэ талаар дүгнэх эрхтэй.

49.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагч Д.Нийн Б.Гаар нийгмийн даатгалын санд буцаан тушаалгасан 1 061 666 төгрөг нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын 6 650 000 төгрөг нэхэмжилж буй мөнгөн дүнд багтсан байгаа гэв.

50.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, ... өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж заасан.

51.Иймд нэхэмжлэгч Б.Гд хариуцагч Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагчийн дээрх хууль бус үйлдлээс учирсан хохирлыг түүний төлсөн мөнгөн дүнгийн хэмжээгээр буюу 1 061 670 төгрөгөөр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

52.Нийгмийн даатгалын байгууллага надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа таны мал маллаж байсан байдлыг шүүхийн шийдвэр нь буруу нотлох баримт үнэлж шийдвэрлэсэн, буруу шийдвэр юм. Ийм учраас танд өндөр насны тэтгэвэр үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж тайлбарласан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох нь хариуцагч нарын тайлбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар тогтоол /хэргийн 63 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

53.Энэхүү шүүхийн шийдвэр нь Б.Гыг үндэслэлгүй тэтгэвэр авсан эсэхийг шалган тогтоох, төлүүлэх тухайшүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1, 29 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шарнууд Б.Гы Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож буюу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нийгмийн даатгалын улсын байцаагчийн Б.Гаар 1 061 666 төгрөг төлүүлэх тухай амаар гаргасан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1 061 670 /нэг сая жаран нэгэн мянга зургаан зуун далан/ төгрөгийг гаргуулж Б.Гд олгож, Б.Гд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийг зогсоосон хугацааны тэтгэвэр 5 588 330 /таван сая таван зуун наян найман мянга гурван зуун гучин/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 35 100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ