| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 135/2019/01107/И |
| Дугаар | 135/ШШ2020/00054 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2020/00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2019/01107/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* хороолол, ******* байр, ******* хаягт оршин суугаа, Боржигон овогт ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, өөрийн байранд оршин байгаа, ******* //-д холбогдох,
Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,914,392 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , , гэрч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1996 онд -ийн гуанзанд үйлчлэгчээр ажилд орж 2000 он хүртэл ажиллаж байгаад үйлдвэрийн гуанз түрээсээр ажиллах болоод ажлаас чөлөөлөгдсөн болно. 2003 онд тус үйлдвэрт эргэн ажилд орж төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажиллаж байсан юм.
2019 оны 08 сарын 26-ны өдөр миний төрсөн дүү хорих ял эдэлж байхдаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдөж Хавдар судлалын үндэсний төвд элэг тайруулах хагалгаанд яаралтай орох болсон тул надаас өөр дүүг маань сахиж асрах хүн байхгүй байсан тул миний бие үйлдвэрийн захиргаа, санхүүд хандаж 2019 онд 3 сарын цалинг урьдчилан олгож өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд үйлдвэрийн захиргааны зүгээс миний амьдралд тохиолдсон гэнэтийн хүнд байдлыг ойлгож 3 сарын цалинг урьдчилан олгож өгсөнд баярлаж байна.
Ингээд цехийн дарга өргөдөл гаргаж дүү ыг сахих чөлөө өгөхийг хүсэхэд 2019 оны 08 сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал чөлөө олгож өгсөн юм. 08 сарын 31, 09 сарын 01-ний өдрүүд амралтын өдрүүд байсан бөгөөд 09 сарын 02-ны өдөр ажилдаа орох байсан юм.
Миний бие Хавдар судлалын үндэсний төвд дүүгээ хагалгаанд ороод гартал сахиж байтал 09 сарын 02-ны өдөр дүүг маань Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгээс гаргаж Хорих 401-р ангийн эмнэлэг рүү шилжүүлэх болсон тул ар гэрээс нь заавал хүн байлцуулах шаардлагатай гэсэн тул миний бие 2019 оны 09 сарын 02-ны өглөө 08 цаг 05 минутад цехийн дарга дугаарын утас руу залгаж 2 хоногийн чөлөө нэмж өгөөч дүүгээ хорихын эмнэлэг рүү шилжүүлэхэд заавал байлцах хэрэгтэй байна гэж ярихад чи олон хоног чөлөө авсан чиний оронд ажиллах хүн байхгүй нэмж чөлөө өгөх боломжгүй гэж хэлсэн.
Тухайн үед дүү хагалгаанд ороод гарсан биеийн байдал нь маш сул өөрөө босч бие засч чадахгүй хэцүү байдалд байсан учир эгч хүний хувьд дүүгээ тийм байдалд орхиод явж зүрхлээгүй учир арга буюу 09 сарын 02, 03-ны өдөр ажилдаа ирж чадаагүй юм. Миний бие 09 сарын 04-ний өдөр ажилдаа ороод цехийн дарга хандаж 09 сарын 02, 03-ны өдрүүдэд үргэлжлүүлэн чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлт бичгээр гаргасан боловч цехийн дарга уг хүсэлтийг цохож өгөөгүй татгалзсан болно. Миний бие 09 сарын 02-ны өглөө -т хамт ажилладаг үйлчлэгч утас руу залгаж Би Улаанбаатар хотод дүүгээ сахиж байна. Чи миний оронд 2 хоног ажиллаад өгөөч гэж ярихад зөвшөөрч миний оронд ажилласан байсан.
-ийн захирал 2019 оны 09 сарын 19-ний өдрийн тоот тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд уг тушаалын үндэслэлд А.******* намайг 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд тус тус ажил тасалсан тул 2019 оны 09 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай гэж заасан бөгөөд миний бие 2019 оны 09 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хамтран зохион байгуулсан Илүү сайхан ирээдүйн төлөө нэртэй олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтанд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны урилгаар оролцох болсон юм.
А.******* миний бие ажлаас гадуур олон нийтийн ажилд идэвхтэй оролцож Дархан сумын 11-р багийн анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд энэ ажлаа сайн хийдэг учир олон улсын чанартай уулзалт зөвлөгөөнд анх удаа оролцох эрх олдсонд маш их баяртай байсан юм.
Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос -ийн захиргаанд хандаж 2019 оны 09 сарын 13-ны өдөр тоот албан бичиг илгээж А.******* намайг олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцох болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүссэнээс гадна А.******* миний бие 2019 оны 09 сарын 13-ны өдөр өөрийн гараар -ийн Төмөр бэлтгэх цехийн дарга хандан Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ой болон Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд төлөөлөгчөөр оролцох болсон тул 2019 оны 09 сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан юм. Гэтэл Төмөр бэлтгэх цехийн дарга ... Чиний ажлыг орлож хийх хүн байхгүй, бусад хүмүүс барьцана гэсэн шалтгаанаар надад чөлөө олгохоос татгалзсан юм.
Миний бие -ийн хүний нөөцийн хэлтсийн дарга Ундраатай биечлэн уулзаж урилга, албан бичгээ үзүүлэхэд чөлөө авахыг хүссэн өргөдлөө цехийнхээ даргаар цохуулаад ир гэж хэлж байсан.
Цехийн дарга миний өргөдлийг цохож өгөхөөс татгалзсан учир миний бие арга буюу 2019 оны 09 сарын 16-ны өдөр хамт ажилладаг үйлчлэгч т миний ажлыг түр хийж байгаач гэж гуйж орхиод Улаанбаатар хот руу бусад төлөөлөгчийн хамт явсан юм. Олон улсын чуулга уулзалт 2019 оны 09 сарын 17-ны өглөө 08:00 цагт эхлэх хөтөлбөртэй байсан тул 09 сарын 16-ны өдөр Дарханы төлөөлөгч нар Улаанбаатар хот руу явж зочид буудалд орж бэлтгэлээ хангах шаардлагатай байсан юм.
Миний бие дээр дурдсан хоёр шалтгаанаар *******-ийн захирлын тушаалд дурдсан 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд ажилдаа очоогүй юм.
Миний бие дээр дурдсан шалтгаануудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байгаа бөгөөд тус үйлдвэрт 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэдтэй хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарахад жил гаруйхан хугацаа үлдсэн, хоёр оюутантай амьдрал хүнд байх үед дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудыг минь харгалзан үзэлгүй ажлаас халсанд маш их гомдолтой байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Иймд А.******* миний биеийг -ийн Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
******* болон А.******* нарын хооронд 2018 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчийн бичгийн зөвшөөрөлгүй-гээр 2 буюу түүнээс дээш хоног дараалан ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 2 буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн, удаа дараа ажлаас хоцорсон, ажлын цаг дуусаагүй байхад зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгажээ.
*******-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 01-ний тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.4.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан... бол ажлаас халах сахилгын арга хэмжээ ногдуулна гэж заасан байна.
Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын ажилтны үүрэг хэсгийн 10.2.1-д Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж ажиллах... зэрэг заалтуудыг А.******* нь зөрчсөн.
Нэхэмжлэлд ...Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос ийн захиргаанд 2019 оны 09 сарын 13-ны өдөр тоот албан бичиг илгээж А.******* намайг олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцох болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүссэнээс гадна... гэжээ.
Гэтэл дээр дурдсан албан бичиг манай компанийн ирсэн явсан бичгийн бүртгэл байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх агуулга бүхий албан бичиг ирээгүй байна. А.*******гийн хүсэлтийн дагуу 2019 оны 09 сарын байдлаар захирлын тушаалаар нийт 17 хоногийн чөлөө олгосон байдаг.
Нэхэмжлэгч А.******* нь тус компанийн Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 08 сарын 26-ны өдөр 4 хоногийн чөлөө хүссэн өргөдөл гаргасны дагуу Ерөнхий захирлын тоот тушаалаар чөлөө олгосон. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон үндэслэлээ ажил эхлэхээс 8 цагийн өмнө харьяалах нэгж хэсгийн дарга, менежер нарт мэдэгдэх... заалтын зөрчин 2019 оны 09 сарын 02, 03-ны өдөр ажил тасалсан. Мөн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн тоот Хөдөлмөрийн гэрээнд заасан бичгийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 09 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байх тул *******-ийн Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 19-ны өдрийн тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч *******-д холбогдуулан, Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,914,392 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
А.******* нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй хэмээн хариуцагч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
А.******* нь *******-ийн Ерөнхий захирлын 2016 оны 06 сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчээр томилогдож, улмаар 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 1024 дүгээр тушаалаар Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгджээ. /хх-11х/
*******-ийн Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 19-ний өдрийн А.*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.4.1, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.3-т заасныг тус тус үндэслэсэн байх ба уг тушаалд ...үйлчлэгч Амгалан овогтой ******* нь 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд тус тус ажил тасалсан тул 2019 оны 09 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай хэмээн дурджээ. /хх-5х/
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд буюу ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргасан байна. /хх-3х, арын нүүр дэх дардас/
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн № тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.5.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчийн бичгийн зөвшөөрөлгүйгээр 2 буюу түүнээс дээш хоног дараалан ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 2 буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн, удаа дараа ажлаас хоцорсон, ажлын цаг дуусаагүй байхад зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн нэг талын санаачлагаар цуцлахаар зохицуулжээ. /хх-7х/
Иймд гэрээний талууд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоосон байна гэж үзнэ.
*******-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.4.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 3 хоног хэтрүүлсэн бол ажлаас халах сахилгын арга хэмжээ авахаар заажээ. /хх-62х/
Ажилтан А.******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөө буюу 2019 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан байна. /хх-8х/
Ажилтан А.******* нь 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримт нь ... тушаалд дурдсан 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд ажилдаа очоогүй юм гэсэн нэхэмжлэгчийн өөрийн тайлбар /хх-3х, 8-9-р мөр/, Төмөр бэлтгэх цехийн 2019 оны 09 сарын цагийн баланс /хх-43х, ТБЦ-ИТА гэсэн хэсгийн 6/, гэрч, Төмөр бэлтгэх цехийн дарга өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-85-88х/ зэргээр тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргадаггүй.
Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Ажил олгогч нь ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд өвчний болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар цалинтай болон цалингүй чөлөө олгохоор /хх-7х, арын нүүр/, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.9-д Ажилтны өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдал, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг үндэслэн 3 сар хүртэл хугацаатай цалингүй, тэтгэмжгүй чөлөөг Ерөнхий захирлын тушаалаар олгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэх-ээр /хх-59х/, 8 дугаар зүйлийн 8.3.2-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон үндэслэлээ ажил эхлэхээс 8 цагийн өмнө харьяалагдах нэгж, хэсгийн дарга нарт мэдэгдэх-ээр тус тус зохицуулжээ.
Гэтэл ажилтан А.******* нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр ажилдаа ирэхгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа ажил эхлэхээс 8 цагийн өмнө Төмөр бэлтгэх цехийн даргад мэдэгдээгүй, 2019 оны 16, 17, 18-ны өдрүүдэд чөлөө авах хүсэлтээ бичгээр, холбогдох нотлох баримтын хамт *******-ийн Ерөнхий захиралд гаргаагүй, зохих ёсоор шийдвэрлүүлээгүй байх тул А.*******г 2019 оны 08 сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл олгосон чөлөөг хэтрүүлэн 2019 оны 02, 03-ны өдрүүдийн ажлыг тасалсан, 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдийн ажлыг чөлөө авалгүйгээр тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, А.******* нь ажил олгогч *******-ийн эрх бүхий албан тушаалтан буюу Ерөнхий захирлаас чөлөө олгоогүй байхад ажилдаа ирээгүй байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох зохицуулалтад нийцжээ.
Чухам ямар нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх, чөлөө олгох, эс олгох асуудлыг тухай бүр хэрхэн шийдвэрлэх нь ажил олгогчийн эрхэд хамаарч байна.
Нэхэмжлэгч тал нь 2019 оны 09 сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг ажил олгогчид гаргаж өгөөгүй болохоо шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тул шүүх энэ үндэслэлээр , , , нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангаагүй болно.
Мөн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны 2019 оны 09 сарын 13-ны өдрийн тоот албан бичгийг *******-д хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхаас гадна Захирлын туслах ын тодорхойлолт, түүний өгсөн гэрчийн мэдүүлгээр няцаагддаг. /хх-19х, 74х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хэрэгт авагдсан Сахилгын шийтгэл оногдуулах санал гэх баримтад дурдсанаар А.******* нь 2019 оны 01 сард тэтгэмжтэй 3 хоног, тэтгэмжгүй 2 хоног, 2019 оны 02 сард тэтгэмжгүй 1 хоног, 2019 оны 06 сард тэтгэмжгүй 4 хоног, 2019 оны 08 сард тэтгэмжгүй 7 хоногийн чөлөөг тус тус авсан байх ба энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. /хх-45х/
Үүнээс үзэхэд А.******* нь хэнээс хэрхэн ямар хугацааны чөлөө авах тухай Хөдөлмөрийн дотоод журам-д заасан зохицуулалтыг мэддэг, харин ажил олгогч нь чөлөө авах тухай хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэдэг юм байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Түүнчлэн, Төмөр бэлтгэх цехийн дарга нь чөлөө авах тухай А.*******гийн хүсэлтийг цааш нь Ерөнхий захиралд уламжлаагүй, 8 цагаас илүү хугацааны чөлөөний асуудлыг шийдвэрлэх эрхгүй атлаа чөлөө олгохоос татгалзсан буруутай гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол Хөдөлмөрийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2.6-д Ажилтан нь хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль тогтоомж, байгууллагад мөрдөгдөж байгаа баримт бичиг болон гүйцэтгэж байгаа ажил үүрэг, түүнтэй холбоотой стандарт журам, шаардлагыг ажил олгогч үйл ажиллагаандаа ямар нэг хэмжээгээр биелүүлэхгүй байгааг олж мэдсэн, илрүүлсэн бол удирдлагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх-ээр зохицуулсны дагуу энэ талаар *******-ийн захиралд хандан шийдвэрлүүлэх боломжтой байжээ.
Дээр дурдсан үндэслэлээр *******-д холбогдуулан гаргасан А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******-д холбогдох, Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,914,392 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай, А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР