Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2017/00607

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2017/00607

*******-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00473

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: **/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: **/-д холбогдох,

 

Эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол болох нийт 119,200 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай дээд давхрын айлаас ус алдаж, манай гэрийн 00-ын өрөөний хана тааз болон зочны өрөөний ханаруу ус гойжиж байхаар нь би дээд давхрын 10 тоот айлруу орж хэлсэн. Тэгэхэд Н.*******ын эхнэр хаалгаа тайлж, манайхаас ус гойжсон зүйл байхгүй гээд намайг гэрлүүгээ орж харахыг хүссэн. Би гэрт нь орж үзэхэд шалан дээр нь гойжсон зүйл байхгүй байсан. Тэгээд босоо дүүш рүү нь ус цацаж үзэхэд ханаа дагаад гойжиж байсан. Маргааш нь хариуцагчийн эхнэр орж ирээд засварт 40,000 төгрөг өгье гэхээр нь би хатсаныхаа дараа засвар хийх материал нь хэдэн төгрөг болох талаар судалж үзээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 сарын 06-ны өдөр дахин намайг дуудаж уулзсанаа халуун хүйтэн усны хуванцар хоолой хагарснаас болсон учраас мөнгө төлөхгүй гэж хэлсэн. Иймд Н.*******аас засварын мөнгө 96,700 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан төлбөр 20,000 төгрөг, нотариатын зардал 2500 төгрө, нийт 119,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байрны банны өрөөний угаалтуурны тосгуур луу явсан далд шугам задарсан байсныг сантехникч Нараа илрүүлж, манайх зассан. Засварын үнэ 120,000 төгрөг болсон. Ус хаанаас гойжсон нь ил харагдахгүй байсан. Тэгээд шугамаа хөөж яваад далд шугам задарсныг олж илрүүлсэн. Хэрвээ доод айл болох ******* нь эрт ус гойжсоноо хэлсэн бол өөрсдөө ингэж хохирохгүй байсан юм. Ус гойжсоноос хойш 7 хоногийн дараа хэлсэн. *******ын эхнэр ус гойжоод байна 7 хонож байна гэж хэлсэн. Манайхаас болж хохирсон улс биш. Манайх *******ын хэлсэн даруйд арга хэмжээ авч усыг гоожуулахгүй болгож зассан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулан, ус алдсанаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 119,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.******* нь ус алдсан талаараа эрт хэлсэн бол ийм хохирол учрахгүй байсан, хэлсэн дор нь ус гоожуулахгүй арга хэмжээ авсан. Манайхаас болж хохироогүй гэж маргадаг болно.

*******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг, 5 дугаар хорооллын 11 дүгээр байрны 10 тоот байрнаас ус алдсаны улмаас тус байрны 6 тоотод байрлах З.*******ын өмчлөлийн орон сууцанд хохирол учирсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан ... Манай байрны банны өрөөний угаалтуурны тосгуур луу явсан далд шугам задарсан байсныг сантехникч Нараа илрүүлж, манайх зассан. Манайх *******ын хэлсэн даруйд арга хэмжээ авч усыг гоожуулахгүй болгож зассан... гэсэн тайлбар, Бан хас ХХК-ийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ...үзлэг хийх үед ариун цэврийн өрөөний хана, тааз норж, эмульс замаск ховхорсон, зочны өрөөний хана, тааз норж ханын цаас хууларсан байв. Хохирлын дүн 96,700 төгрөг... гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч З.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирол арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

Зохигчид ус алдсан эсэх талаар маргаагүй боловч хариуцагч Д.******* нь ус алдсанаас 7 хоногийн дараа хэлснээс болоод ийм хэмжээний хохирол учирсан, далд шугам байсан тул ус алдсан нь мэдэгдэхгүй байсан, нэхэмжлэгчийг хэлсэн даруйд засуулж, арга хэмжээ авсан гэж, нэхэмжлэгч З.******* нь ус алдсан дор нь хэлсэн, 7 хоногийн дараа хэлсэн зүйл байхгүй гэж тус тус тайлбарладаг бөгөөд ус алдаж байгаа нөхцөл байдлыг цаг хугацаа алдаж мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т Сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх, мөн хуулийн 13.2.5-д: гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар хариуцагч Д.******* нь өөрийн орон сууцны доторх далд шугам задарсны улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч З.******* нь хохирлын хэмжээг тодорхойлохоор Бан хас ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгаа бөгөөд энэхүү тайлангаар тогтоосон засвар хийхэд гарах шууд зардлын үнийн дүн дээр хариуцагч маргаагүй, шүүхэд шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч З.******* нь ус алдсаны улмаас Бан хас ХХК-иар үнэлгээ гаргуулахдаа 20,000 төгрөгийн хөлс, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний төлбөрт 2500 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 04 сарын 24-ний өдрийн мөнгөний тасалбар, мөн өдрийн Бан хас ХХК-д 20,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү зардлыг нэхэмжлэгч хохиролд тооцож нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал... ыг хохиролд тооцно гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх зардлуудыг хохиролд тооцон, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.*******аас 119,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.*******т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.******* хариуцагч Д.******* нь хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Хариуцагч Д.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нэхэмжлэлд хавсаргасан материалтай танилцан, хариу тайлбар өгсөн бөгөөд хөдөө мал маллаж байгаа учир дахин шүүх дээр ирэх боломжгүй, *******-Уул аймагт 2017 оны 11 дүгээр сараас нааш ирэхгүй гэсэн хариуг өгсөн болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цаг 16 минутад түүний 95851420 дугаартай утасруу залгаж ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байгаа, хариуцагчийг хэргийн материалтай танилцсанаас хойш зохигчдоос шинээр нэмж нотлох баримт ирээгүй, мөн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу утсаар болон мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 119,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА