| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2017/0130/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Л.Батгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Л.Батгэрэл,
хохирогчийн төлөөлөгч Л.Энхцэцэг,
шүүгдэгч Х.Загдсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,
техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, Д.Алтайбаатар,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хишгээгийн Загдсүрэнд холбогдох эрүүгийн 201624000906 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол 12 байрны 318 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 212.500 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хишгээгийн Загдсүрэн /РД:ХД77051472/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Хишгээгийн Загдсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Тоёота Альфард маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Банзрагчийн Энхмөрөнг мөргөж, амь насыг нь хохироож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Загдсүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний буруутай үйл ажиллагаанаас болж ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бат-Ундран ББСБ-ын эзэмшилд байдаг Toyoto Alphard 76-46 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон Нисэх рүү ажил хийхээр явж байгаад Яармагийн зам буюу 3 буудлын орчим Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд зүүнээс баруун чиглэлд, зорчих хэсгийн 3-р эгнээнд 50 орчим км/цаг хурдтай явж байтал зүүн гар талаас урдаасаа хойшоо чиглэлд нэг хүн гэнэт гараад ирсэн. Би сандраад жолоогоо баруун гар тийш дараад нэгдүгээр эгнээнд орж зогссон. Тэгээд буугаад Цагдаагийн хэлтэс харагдахаар нь гүйж очиход гадаа нь байсан 2 цагдаад “би сая хүн мөргөчихлөө” гэж хэлэхэд “102, 103 дугаарын утас руу мэдэгд” гэж хэлэхээр нь өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Тэгээд буцаад осол болсон газарт ирэхэд 3-р эгнээнд хэвтэж байсан хүний ард Тоyота Harrier машин ирээд нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь “сая би хүн мөргөчихсөн юм аа, цагдаа, түргэн дуудсан байгаа” гэж хэлээд, удаагүй байтал Цагдаа, түргэний хүмүүс ирсэн. Түргэний эмч үзээд “хүн нь нас барсан байна” гэж хэлсэн. Осол явган хүний гарц дөнгөж өнгөрөөд болсон. Миний жолоодон явсан машин нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаад байгаа, зээлээ төлж дуусах хүртэл нэр шилжүүлсэн, зээлийн төлбөр дуусахаар миний эзэмшилд буцааж шилжүүлэхийг ББСБ-д зөвшөөрсөн байгаа. Хохирогчийн оршуулгын зардалд түүний хууль ёсны төлөөлөгчид мөрдөн байцаалтын шатанд 4.0 сая төгрөг, шүүх хурлын өмнө 1.0 сая төгрөг төлсөн байгаа. Энэ ослын улмаас хүний амь нас хохирсонд маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Би талийгаач Б.Энхмөрөнгийн төрсөн эгч нь юм. Талийгаач нь дүү Соёлмаатай хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 01:00 цагийн үед манай дүү Соёлмаа над руу утсаар залгаад “талийгаачийг байна уу” гэсэн. Тэгээд манайд байхгүй байна гээд бид нар 3 өдөр хайгаад Цагдаад мэдэгдэж тэмдэглүүлсэн боловч олдоогүй. Гэтэл автобусаар явж байтал миний таньдаг хүн “Яармагт Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд хүн машины осолд орсон гэсэн, чи сураглаад үзээч” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж асуухад “Азбаяр гэдэг хүнтэй уулз” гэсний дагуу очиж уулзахад осолд орж нас барсан хүн нь манай дүү Энхмөрөн мөн байсан. Ослоос хойш 2, 3 хоногийн дараа талийгаачийг ослоор нас барсныг бид мэдсэн.
Манай дүү төрөлхийн сэтгэцийн өвчтэй, нэгдүгээр ангид суугаад хоёрдугаар ангиасаа сургуулиас гарсан, бичиг үсэг мэдэхгүй, элдэв янзын зан авир байхгүй, мөрөөрөө, хүн зодож цохиод байдаггүй. Талийгаачтай хамт амьдардаг манай эмэгтэй дүү маань ажил хийдэг. Тэр осолд ордог өдрийн өглөө эмнэлэгт шинжилгээ өгчихөөд, ажилдаа явах хооронд нь талийгаач гэрээсээ гараад явсан гэсэн. Тэгээд л осолд орсон байсан. Өдрийн цагаар манай дүүгийн нөхөртэй хамт байдаг юм.
Сэтгэцийн өвчтэй гээд гарч, орж болохгүй гэж эрхийг нь хасаагүй болохоор бидний хувьд гадуур нар салхинд гаргадаг, гарч орохыг нь хязгаарлаад байдаггүй юм. Талийгаачийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүйгээр тогтоож, группын мөнгө гэж сард 240.000-250.000 төгрөгийн тэтгэмж авдаг байсан. Үүнийгээ барьцаалан банкнаас 5,0 сая төгрөгийн зээл авч, орох орон бэлдэж авсан байсан. Гэтэл одоо ийм харамсалтай юм боллоо.
Талийгаачийн оршуулгын зардалд 4.0 сая гаран төгрөг зарцуулсан, үүнийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байгаа. Шүүгдэгчийн талаас хохирогчийн банк дахь 5.0 сая төгрөгийн зээлийг нь төлөөд өгөөч гэхэд зөвшөөрч, харилцан тохиролцсон. Загдсүрэнгээс 1,0 сая төгрөг хүлээн авсан, үлдэх 4,0 сая төгрөгийг нь 2017 оны 08 сарын 01-ний дотор төлнө гэсэн.
Талийгаач дүү маань нэгэнт босоод ирэхгүйгээс хойш шүүгдэгчийн ар гэр, үр хүүхдүүдийг нь бодоод шоронд оруулаад явуулахыг хүсэхгүй байна. Санаатайгаар хүний амь хохироогоогүй, санамсар болгоомжгүй байдлаас ийм асуудал болсонд үр хүүхэдтэй эх хүний хувьд харамсаж байгаа боловч хохирогч талаас шүүгдэгчид гаргах гомдол санал байхгүй байна. Иймээс шүүх ял шийтгэл оногдуулахдаа энэ байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн мэдүүлэг,
3. Техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6-р хороо, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд гарсан зам тээврийн осол хэрэгт шинжээчийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн осолд Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Х.Загдсүрэн нь МУ-н ЗХД-н 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж нэвтрээгүйгээс гарцаас 4,6 метр зайд зорчиж явсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон буруутай гэж дүгнэсэн.
Харин амь хохирогч Б.Энхмөрөн нь “МУ-н ЗХД-н 3.9 дэх хэсэгт зааснаар явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Талийгаач Б.Энхмөрөнгийн асран хамгаалагч Б.Соёлмаа нь МУ-н ЗХД-н ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх зүйл тогтоогдоогүй. Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байсан.
Тухайн зам тээврийн ослын хавтаст хэрэг болон ослын бүдүүвч зурганд уг автомашины 4 дугуйнаас гарсан ямар нэгэн ул мөр гараагүй байгаа учраас хурд тогтоох боломжгүй байсан. Явган зорчигч Б.Энхмөрөн нь явган хүний гарцаар зам хөндлөн гарсан тохиолдолд давуу эрхтэй. Тухайн Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашины жолооч нь явган хүний гарц руу ойртон ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж нэвтэрнэ гэсэн заалт байдаг. Хэрвээ зам тавьж өгөх этгээд Замын Хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх хэсэгт зааснаар зам тавьж өгөх үйлдлийг дүрмийн дагуу хийсэн тохиолдолд уг зам тээврийн осол гарах байсан эсэхийг хариулах боломжгүй тул бид нар хариулаагүй...” гэсэн мэдүүлэг,
4. Шинжээч Д.Алтайбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тухайн осол нь цаг хугацааны хувьд харанхуй, гэрэлтүүлэгтэй замд эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, зургаан эгнээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, явган хүний зохицуулдаггүй гарцтай, гарцын тэмдэг тэмдэглэл бүхий замд осол болсон байгаа. Явган зорчигч Энхмөрөн нь гарцын тэмдэглэлээс 4.6 метрийн зайтай зам хөндлөн гарсан байгаа.
Мөргөгдсөн хэсэг нь зорчих хэсгийн баруун хашлаганаас 1.6 метрийн зайтай байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн. Явган зорчигч хэдийгээр явган хүний гарцаар гараагүй боловч явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хассан бол мөргөхгүй байх боломжтой зайд болсон байна.
Жолооч тухайн үед зогсоох арга хэмжээ авсан эсэх нь харагдахгүй, тоормосны мөр осол гарсан замд дээр гараагүй учир хурдыг тогтоох боломжгүй байсан. Харин тоормосны мөр байсан бол хурдыг тогтоох боломжтой. Жолоочийг тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Гарцандаа ойртож ирээд хурдаа хасах ёстой. Зохицуулж байна уу, зохицуулаагүй байна уу гэдэг нь замын тэмдэг тэмдэглэгээнээс харагдана. Зохицуулдаг гарц гэдэг нь явганы болон тээврийн хэрэгслийн гарцыг гэрлэн дохиогоор зохицуулж байгааг хэлнэ. Зохицуулдаггүй гарц гэдэг нь зөвхөн тэмдгээр заагаад ямар нэгэн зохицуулалтгүй байгааг хэлнэ. Шүүгдэгч нь 50 км цагийн хурдтай явсан гэдэг, жолоочийн хэдэн км/цагийн хурдтай явж байсан гэдгийг тогтоох боломжгүй тул хурд хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явах ёстой.
Тэгэхээр тогтоосон хэмжээ суурин газар 60 км/цаг түүнээс доош байх ёстой. Тухайн осолд явган зорчигч мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдаг. Гарцтай замын гарцгүй хэсгээр гарахыг хориглоно гэснийг зөрчсөн. Тээврийн хэрэгслийн жин бол явж байгаа бие хөдөлгөөнийхөө чиглэлийн дагуу энерцээ хадгалдаг. Зогсож байгаа бие байгаа газартаа өөрийнхөө тайван энерцээ хадгалдаг. Энэ тохиолдолд тээврийн хэрэгсэл нь явж байгаа бие хөдөлгөөнийхөө чиглэлийн дагуу энерцээ хадгалдаг. Энэ ослын хувьд явган зорчигч нь тайван энерцээ хадгалах ёстой. Зүгээр байж байгаа юмыг хажуугаас нь мөргөсөн гэсэн үг.
Насанд хүрсэн, сэтгэцийн хувьд өөрийгөө жолоодох чадамжгүй хүнийг асран хамгаалагч нь хариуцаж замын хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн тодорхой хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалт Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй. Шүүгдэгч мэдүүлэхдээ өөрийгөө 50 км/цагийн хурдтай явж байсан гэдэг. Жолооч гарцанд ойртон ирэхдээ аюулгүй байдлаа хангаж явах ёстой. Явган хүний зохицуулалтгүй гарцаар явахдаа 50 км/цагийн хурдтай явж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тухайн гарцыг аюулгүй байдлаа хангаж өнгөрөх хэмжээний хурдаа тохируулан гарах ёстой байсан. Ямар хурдтай явж байна, тэр явж байгаа хурдаа гарц, гарам руу ойртох үедээ хасаж нэвтэрнэ гэсэн үг юм. Явган зорчигч нь явган хүний гарцаар явж байгаа тохиолдолд давуу эрх эдэлнэ. Гарцан дээр хэдэн км/цагийн хурдтай явна гэсэн зүйл байхгүй. Хороолол дотор л 20 км байдаг...” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 201624000906 дугаартай хэргээс:
- Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хэргийн 1х/,
- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-10х/,
- Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-16х/,
- Хохирогчийн төлөөлөгч Л.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би талийгаач Банзрагч овогтой Энхмөрөнгийн төрсөн эгч нь юм. Талийгаач нь 1961 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн Баян суманд төрсөн. 1996 онд Улаанбаатар хотод шилжин ирж, Хан-Уул дүүрэгт суурьшсан. Талийгаач эхнэр хүүхэдгүй, сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг, хааяа нэг унаж татдаг, хавар болохоор ганцаараа яриад л яваад байдаг, ноомой, мөрөөрөө, үг дуу цөөтэй хүн байсан. Урьд өмнө хэрэг зөрчилд орж, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Оршуулгын зардалд 4.0 сая төгрөг зарцуулсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
- Авга овогт Банзрагчийн Энхмөрөн 2016 оны 10 сарын 13-ны ХУД-ийн нутагт авто ослоор нас барсныг 2016 оны 10 сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлийн 5217-рт бүртгэж №0000189273 тоот гэрчилгээ олгосон баримт, амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлын баримтууд /хэргийн 26х, 27-44х/,
- Хохирлын мөнгө 4,0 сая төгрөгийг Х.Загдсүрэнгээс хураан авч, хохирогч Л.Энхцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт /хэргийн 45-46х/,
- Гэрч Н.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Тоёота Харьер маркийн 43-92 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нисэх Онгоцны буудалд байдаг хүнсний дэлгүүр лүү очих зорилгоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 60 гаран км/ц-ийн хурдтай явж байхад миний урд талд 2-3 машин явж байсан.
Тэгтэл явган хүний гарцнаас баруун тийшээгээ нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь баруун гар талаар нь тойрч гараад буцаж эргэдэг сумтай уулзвараар буцаж эргээд эсрэг урсгал руу орж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж тухайн зам дээр хэвтэж байсан хүний ард талд очиж зогсон өөрийн 99194596 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн.
Тэгээд би зам дээр хэвтэж байсан хүн дээр очтол баруун талаас нэг эрэгтэй хүн ганцаараа гарч ирээд “битгий наад хавиараа юмнуудад хүрээрэй, би Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Дараа нь түргэн тусламжийн машин ирж, эмч нь бууж ирээд зам дээр хэвтэж байсан хүнийг үзээд “өнгөрчихсөн байна” гэж хэлээд яваад өгсөн.
Тэгээд Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн. Харин би машинаа бариад яваад өгсөн. Цаг агаарын байдал тогтуун, замын гэрэлтүүлэг асаалттай, үзэгдэх орчин сайтай, хуурай, тэгш шулуун, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфальтан зам байсан. Зам эвдрэлгүй байсан. Би тоёото alphard 76-46 УНЕ улсын дугаартай автомашиныг хүн мөргөж байхыг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/,
- Гэрч П.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд би эхнэр, 3 хүүхдийнхээ хамт гэрээсээ гарсан. Тэгээд би эхнэрийнхээ хамт хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгчихөөд 08 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Тэгтэл орой 18-19 цагийн хооронд аав, ээж хоёр гэртээ ирээд “Б.Энхмөрөн ах чинь гэртээ байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд энэ өдрөөс хойш бид нар түүнийг хайж эхэлсэн. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Улмаар 3-4 хоног сураггүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт зам тээврийн ослоор хүн нас барсан гэж сонсоод хүмүүсээс асууж лавлаж байгаад хамаатны ах Б.Энхмөрөнг зам тээврийн осолд орсон талаар нь мэдсэн. Манай ах архаг хууч өвчингүй, харин сэтгэц жаахан өөрчлөлттэй. Хавар болохоор буруу зөрүү яриад байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/,
- Шүүх эмнэлгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 387 тоот дүгнэлтэд:
1. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 1881 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Талийгаачид гавлын дух, зүүн ухархайн дээд хана, үнэрлэхүйн мэдрэлийн ялтас, турк эмээлт, зүүн чамархай, чулуулаг яс хамарсан хугарал, тархины няцрал, элэгний эдийн няцрал язрал, баруун 1-8-р хавирганы хоёрлосон, 9-11-р хавирга, зүүн 1-5-р хавирганы нэг шугамаарх хугарал, баруун атгаал, баруун дунд чөмөг, шаант /Бампер хугарал/, тахилзуур ясны битүү хугарал, дотор эрхтэнүүдийн доргилт, толгойн хуйхны дотор гадаргуун дух, зүүн чамархайнд цус хуралт, дух, хоёр хацар, хамар, баруун чамархай, эрүү, зүүн сарвуун зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүссэн учир дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
6. 2016-10-13-ны 22 цаг 30 минутын цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг болсон байжээ.
7. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спирт илрээгүй байна.
8. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ.
9. Б.Энхмөрөн нь “Оюуны хүнд хомсдол F7260” төрөлхийн эмгэгтэй байсан гэх бөгөөд энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй учир гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт, /хэргийн 208-210х/,
- Техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 141 тоот дүгнэлт:
1. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Замын Цагдаагийн Албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзоригийн гаргасан №704 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Х.Загдсүрэн нь МУ-ын ЗХД-н 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Явган зорчигч Б.Энхмөрөн нь МУ-н ЗХД-н 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4. Талийгаач Б.Энхмөрөнгийн асран хамгаалагч Б.Соёлмаа нь МУ-ын ЗХД-н ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй, тухайн зам тээврийн ослын хавтаст хэрэг болон ослын бүдүүвч зурганд тухайн автомашины 4 дугуйнаас гарсан ямар нэгэн ул мөр гараагүй байгаа учраас хурд тогтоох боломжгүй.
7. Явган зорчигч Б.Энхмөрөн нь явган хүний гарцаар зам хөндлөн гарсан тохиолдолд давуу эрхтэй. Тухайн Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашины жолооч нь явган хүний гарц руу ойртон ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж нэвтэрнэ.
8. Хэрвээ зам тавьж өгөх этгээд Замын Хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх хэсэгт зааснаар зам тавьж өгөх үйлдлийг дүрмийн дагуу хийсэн тохиолдолд уг зам тээврийн осол гарах байсан эсэхийг хариулах боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 215-217х/,
- Тoyotа Alphard 76-46 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00992511 дугаартай гэрчилгээ болон Х.Загдсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 341999 дугаартай үнэмлэх баримтын хуулбар /хэргийн 123-124х/,
- Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 178-179х/,
- Шүүгдэгч Х.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...2016 оны 10 сарын 13-ны орой 15:50 цагийн орчимд Бат Ундран Мандах ББСБ-н эзэмшилд байдаг цагаан өнгийн Toyota Alphard маркийн 76-46 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нисэхэд барилгын ажил хийх зорилгоор Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 50 км/цаг орчим хурдтай явж байгаад явган хүний гарц дөнгөж өнгөртөл урдаасаа хойшоогоо чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирэхээр нь тоормосоо гишгээд баруун гар тал руугаа дараад нилээн яваад нэгдүгээр эгнээ рүү орж зогсоод машинаасаа буусан.
Тэгээд би шууд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү гүйж очоод гадаа нь зогсож байсан цагдаагийн хувцастай хоёр хүнд “би сая машин барьж яваад хүн мөргөчихлөө” гэж хэлсэн чинь намайг “102, 103-т дуудлага өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь тус Цагдаагийн хэлтэс рүү оролгүй эргээд машин руу очих гээд алхаж байхдаа өөрийнхөө дугаараас дуудлага өгсөн. Тэгээд машинд мөргүүлсэн хүн рүүгээ очиход 3 дугаар эгнээнд хэвтэж байсан эрэгтэй хүний ар талд Тоёота Харьер маркийн машин ирээд зогсчихсон, нэг эрэгтэй хүн машинаасаа буучихсан байсан.
Тэгэхээр нь би тэр хүнтэй очиж уулзаад “би энэ хүнийг машинаараа мөргөчихсөн юм” гэж хэлсэн. Тэгтэл араас цагдаагийн хэлтсийн үүдэнд уулзсан хоёр цагдаа ирээд байхад түргэн тусламжийн машин ирж, эмч нь бууж ирээд зам дээр хэвтэж байсан хүнийг үзээд “өөд болчихсон байна” гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь Замын Цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн.
Осол болох үед би машиндаа ганцаараа явж байсан бөгөөд огтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Явган зорчигч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан ба гэнэт тулаад гараад ирсэн. Тухайн үед гадаа бүрэнхий болж байсан. Цаг агаарын байдал тогтуун, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, замын гэрэлтүүлэг ассан байсан, тухайн осол гарсан зам нь явган хүний гарцтай, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфальтан, эвдрэл гэмтэлгүй зам байсан. Ослын дараа айж сандарсандаа мөргүүлсэн хүн дээр шууд очоогүй, ойрхон байсан Цагдаагийн хэлтэс рүү очсон. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна.
...Миний жолоодон явсан машин нь Бат Ундран Мандах ББСБ-ын нэр дээр байдаг, жолооны хүрд нь баруун гар талдаа, Ослын улмаас машины урд копуд, урд буфер хонхойсон, зүүн урд их гэрэл хагарсан, өөр ямар нэг эвдрэл байхгүй. Талийгаачийн оршуулгын зардалд 4.0 сая төгрөгийг өгсөн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 107-110х, 175-177х/ баримтууд, мөн шүүгдэгч Х.Загдсүрэнгийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Баясгалангийн мэдүүлэг /хэргийн 68х/, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 114х/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 115х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 117х/, дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 118х/, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 130х/, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 16х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 142х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 144х/, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа /хэргийн 145-149х/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 сарын 07-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 162-163х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан арга хэмжээг авч, хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Х.Загдсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Тоёота Альфард маркийн 76-46 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа “явган хүний зохицуулдаггүй гарц руу орйтон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчиж, тухайн зам дээрх тэмдэг тэмдэглэгээ бүхий явган хүний зохицуулдаггүй гарцаас 4.6 м зайд зорчиж явсан явган зорчигч Б.Энхмөрөнг мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн осол хэрэг гаргасан болох нь зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 2-10х/, осолд өртөж нас барсан Б.Энхмөрөнгийн цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-16х/, хохирогчийн төлөөлөгч Л.Энхцэцэгийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн Н.Хосбаяр, П.Ууганбаяр нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Загдсүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Уг зам тээврийн ослын улмаас явган зорчигч Б.Энхмөрөн нь “гавлын дух, зүүн ухархайн дээд хана, үнэрлэхүйн мэдрэлийн ялтас, турк эмээлт, зүүн чамархай, чулуулаг яс хамарсан хугарал, тархины няцрал, элэгний эдийн няцрал язрал, баруун 1-8-р хавирганы хоёрлосон, 9-11-р хавирга, зүүн 1-5-р хавирганы нэг шугамаарх хугарал, баруун атгаал, баруун дунд чөмөг, шаант /Бампер хугарал/, тахилзуур ясны битүү хугарал, дотор эрхтэнүүдийн доргилт, толгойн хуйхны дотор гадаргуун дух, зүүн чамархайнд цус хуралт, дух, хоёр хацар, хамар, баруун чамархай, эрүү, зүүн сарвуун зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч, улмаар гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан нь ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчдийн 387 дугаартай дүгнэлт, хохирогчийн төлөөлөгч Л.Энхцэцэгийн мэдүүлэг баримтуудаар нотлогдсон байна.
Түүнчлэн тухайн зам тээврийн осолд Оюуны хүнд хомсдол F7260 төрөлхийн эмгэг /Шүүх сэтгэц эмгэг судлалын 1152 тоот дүгнэлт, хэргийн 153-157х/ өвчтэй хохирогч Б.Энхмөрөн нь “явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалтыг зөрчин явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахаар зорчиж /гарцаас 4.6 м зайд/ явсан зохих буруутай болох нь Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Тээврийн прокурорын газраас Х.Загдсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн 142, 162-163 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн байдал, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 сарын 07-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Загдсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 212.500 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хэдий ч түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд шүүгдэгч нь 4.0 сая төгрөгийг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө 4,0 сая төгрөгийг Х.Загдсүрэнгээс хураан авч, хохирогч Л.Энхцэцэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 45-46х/, мөн хохирогч Л.Энхцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...талийгаачийн оршуулгын зардалд 4.0 сая гаран төгрөг зарцуулсан, үүнийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Одоо шүүгдэгчид гаргах гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг баримтаар тогтоогдсон ба “амь хохирогчийн банкны зээлийн төлбөр 5.0 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ” гэх шаардлагын тухайд уг нэхэмжлэлээс 1,0 сая төгрөгийг шүүгдэгч Х.Загдсүрэн хохирогчийн төлөөлөгчид нөхөн төлсөн, үлдэх 4.0 сая төгрөгийг нь 2017 оны 08 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд хэлэлцэн тохиролцсон нь буруу биш юм.
Шүүхээс шүүгдэгч Х.Загдсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт Х.Загдсүрэн нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №341999 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар НШГА-нд шилжүүлэх, 76-46 УНЕ улсын дугаартай Toyota Alphard автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ /№00992511/ баримтыг автомашиныг ашиглагч Х.Загдсүрэнд буцаан олгож, ослын газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын их гэрлийн хагархай 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр тус тус шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч Х.Загдсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн төлөөлөгч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Хишгээгийн Загдсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Х.Загдсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Загдсүрэнд оногдуулсан 03 /гурав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Загдсүрэн нь гэм хорын хохиролд хохирогчийн төлөөлөгч Л.Энхцэцэгт 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн төлөөлөгч гомдол саналгүй гэснийг тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Х.Загдсүрэн цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан 76-46 УНЕ улсын дугаартай Toyota Alphard автомашины тээврийн хэрэгслийн 00992511 дугаартай гэрчилгээг Х.Загдсүрэнд буцаан олгож, осол хэргийн газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын их гэрлийн хагархай хоёр ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Х.Загдсүрэнд оногдуулсан 03 /гурав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзан, тэнсэгдсэн ялтаны засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Загдсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №341999 тоот үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх баримт бичгийн хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Соронзонболдод даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Х.Загдсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД