Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д************* ХХК /РД:*************/

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, ...................................

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б************* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*************, өмгөөлөгч Б.Х*************, хариуцагч М.Б*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гомдлын шаардлага:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б*************-ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гарган маргаж байна.

Хоёр: Хэргийн нөхцөл байдал болон процессын түүхийн талаар:

2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2008 онд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас Д************* ХХК-д Монгол Улсын Байгаль орчин яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 649 дугаар гэрчилгээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалттай газар нутгийн Хүүшийн ам нэртэй газарт 10,77 га[1] газрыг Аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар шийдвэрлэж[2], 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/16 дугаар Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээг байгуулжээ[3].

2.2.Улмаар өөрийн ашиглаж буй газар дээрээ Белмонте орон сууцны хотхоны төслийг эхлүүлсэн ба өнөөг хүртэл барилгын ажил үргэлжилж байна.

2.3.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1715 дугаар албан бичгээр ...Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А*************-ын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн баталсан Б************* ХХК-ийн эскиз зурагт туслах зам төлөвлөгдсөн газарт Д************* ХХК нь хашаагаа хэтрүүлэн барьсан...зөрчлийг арилгах тал дээр тус хамгаалалтын захиргаатай хамтарч ажиллана уу... гэх хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ[4].

2.4.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүсэлтийг хүлээн авч танилцаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02-03/4249 тоот албан бичгээр ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан иргэн , аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлсэн... тохиолдолд шалгалтыг хийх боломжтой болох талаар хариу мэдэгдсэн[5].

2.5.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Д************* ХХК-ийн ашиглалтаар авсан газарт Г************* ХХК-иар хяналтын хэмжилт хийлгэж, тус аж ахуйн нэгжтэй холбоотой материалын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1761 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна[6].

2.6.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дээрх албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад бүртгэн авч[7], 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д************* ХХК нь газрын хэмжээг дур мэдэн өөрчилсөн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ..... дугаар зөрчлийн хэргийг нээжээ.

2.7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийх хугацаанд Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14 хоногоор, Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25[8]тогтоолоор 15 хоног, 02 дугаар 25-ны өдрийн 35[9] дугаар прокурорын тогтоолоор 16 хоногоор сунгасан байна.

2.8.Улмаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Д************* ХХК-ийг эзэмшил газраа хэтрүүлэн хашсан үйлдлийг зөрчилд тооцон Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгж буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгох шийтгэл ноогдуулсан байна.

Энэхүү шийтгэлийн хуудсыг Д************* ХХК эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан болно.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийг төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д************* ХХК нь тухайн газарт зам тавьсан асуудал 2018 оноос эхтэй бөгөөд замыг бүрэн тавьж, хашаа хайсыг хийсэн хугацааг зөрчил үйлдсэн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.... зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн...; 3-д Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт ...хөөн хэлэлцэх хугацааг тогтооно хугацаа өнгөрсөн. Уг хашаа, хайсыг Д************* ХХК барьсан эсэх нь тодорхой бус.

3.2.Зөрчлийн хэрэг нээсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнөх 6 сарын хугацааг тооцож үзвэл 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хойших зөрчилд хэрэг нээх ёстой байсан.

...Прокурорын тогтоолд заасанчлан ямар хяналтын хэмжилтийг хийлгээгүй, зөрчлийг хэн гаргасан эсэхийг, эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн эсэхийг бүрэн тодорхойлж чадаагүй... гэжээ.

3.3.Хариуцагч М.Б************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д************* ХХК-ийн гүйцэтгэгч компанийн захирал У*************-ад ************* дугаарын утсаар холбогдож зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдсэн. /Д************* ХХК-тай холбогдож чадаагүй.

...Д************* ХХК нь 2021 оны 6 дугаар сард зөрчил үүсгэж буй хашааг барьж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ..... дугаартай хэргийг нээхэд тухайн зөрчил таслан зогсоогдоогүй, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх /Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийн зөрчил үйлдсэн хугацааг тооцно/ зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцсон тул хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй юм.

...Газар дээр нь авсан фото зураг, Г************* ХХК-ийн гүйцэтгэсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, оролцогчийн мэдүүлэг, Д************* ХХК-ийн ашиглаж буй газрын солбицлыг сансрын зураг /Google earth/-тай давхцуулсан зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Шүүх дараах үндэслэлээр Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б*************-ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************* тоот шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4.1.Зөрчилд холбогдогч Д************* ХХК-ийн ашиглах эрх бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалттай газар нутгийн Хүүшийн ам нэртэй газар дээр хэрэгжиж буй Белмонте орон сууцны хотхоны барилгыг Э************* ХХК нь барьж, зарим барилгыг ашиглалтад оруулсан болох нь шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцсон П.У*************-ын мэдүүлгээр тогтоогдож байна.

4.2.Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад П.У*************-ад зөрчлийн хэрэг нээсэн талаар утсаар холбогдож мэдэгдсэн гэж тайлбарлах[10] боловч энэ талаар баримт зөрчлийн хэргийн материалд авагдаагүй.

4.3.Мөн зөрчил гаргагчийг эзэмшил газраа хэтрүүлэн хашсан гэж, зарим тохиолдолд орон сууцны зориулалттай газрыг хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн[11] гэж буруутгах боловч зөрчлийг дээрх хоёр аж ахуйн нэгжийн хэн нь үйлдсэн болохыг хөдөлбөргүйгээр тогтоогоогүй байна.

4.4.Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасан, энэ тохиолдолд зөрчлийг гаргасан этгээд гэх Э************* ХХК-ийн захирал П.У*************- ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэхэд хашаа баригдсан байсан. ...Бид кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан. Тодорхой хэмжээнд бага зэрэг хэтрүүлсэн зүйл бий....[12]гэж маргаан бүхий хашааг барьсан этгээд өөрөө хүлээснээр, зөрчил үйлдсэн болохоо тодорхойлох хэдий ч Д************* ХХК-иас уг хашааг бариулах зөвшөөрлийг олгосон, түүний гүйцэтгэхийг шаардсан эсэх асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаагүй нөхцөлд шүүхээс шийтгэлийн хуудас-ыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

4.5.Түүнчлэн, зөрчлийн хэргийн материалд байх прокурорын тогтоолд хяналтын хэмжилт хийлгэх ажиллагааг шаардлагатай[13] гэж үзэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан боловч шүүхийн хэлэлцүүлэг дээр хариуцагчаас ...Хяналтын хэмжилт одоо хийгдэж байгаа... мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчаас Д************* ХХК болон Б************* ХХК-ийн нэгж талбарын зургийг, хашаалсан хэсэгтээ харьцуулан хяналтын хэмжилтийг дахин хийлгэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй.

4.6.Мөн зөрчлийн хэргийн материалд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Алтангэрэлийн Нямбатаас авсан мэдүүлэгт[14] гарын үсэг зурагдсан байх хэдий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д************* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан Т.П*************-ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, түүний гар утсанд нь үзлэг хийхэд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Б.Н*************- мэдүүлэгт гарын үсэг зурагдаагүй, овог зөрүүтэй, мэдүүлэг зарим нэг зүйл хасагдсан, засагдсан байсан.

4.7.Энэ талаар шүүхээс тодруулахад хариуцагчаас ...Тухайн хохирогч ирж мэдүүлгээ өгсөн боловч захиралтайгаа ярилцана гээд гарын үсэг зураагүй. Дараа нь дахин ирж мэдүүлгээ шинээр өгч, гарын үсэг зурсан... гэж тайлбарласан болно.

4.8.Нөгөөтээгүүр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээс бэхжүүлсэн авсан нотлох баримт, тэдгээрийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн зөрчил үйлдэгдсэн хугацааг 2021 оны 06 дугаар сараас хойш хашаа хатгасан гэж үзэж 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг тооцсон гэх тайлбар эргэлзээ төрүүллээ.

4.9.Дээрхээс үзэхэд улсын байцаагч М.Б*************ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, ...үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, ...мэдүүлэг авах, ...шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 2Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно заасныг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

4.10.Иймд Д************* ХХК-ийн гомдлын шаардлагын үндэслэлээр түүний үйлдлийг зөвтгөж, шийтгэлээс шууд чөлөөлөх боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоовол зохих ажиллагааг эрх бүхий захиргааны албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй, эрх бүхий этгээдээс зөрчлийг шалган шийдвэрлэхдээ, зөрчил шалгах ажиллагааг тусгайлан журамласан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байхад үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй зэрэгцээ зөрчлийн хэргийн  нөхцөл байдлыг цаашид тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэж, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №..... дугаар шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б*************ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************* тоот шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б*************ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР