Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02408

 

С.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02916 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

 

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б-//-36 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөр замын байгууллагад 1985 оноос хойш 2017 оны 3 сарын 16-ны өдрийн МОХННУБТЗ-ын даргын Б-2-36 дугаар тушаалаар гэрээг цуцлах хүртэл ажилласан. Тушаалын үндэслэл нь хяналт шалгалтыг сулруулж ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн, тайлан балансыг худал гаргаж, бүртгэлийн алдаа гаргасан нь дотоод аудитын хяналт шалгалтаар нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн. Гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримтуудаар ийм зөрчлүүдийг гаргасан гэх баримт нотлогдохгүй, тайлан балансыг гаргадаг ажилтан С.Т биш. Үндсэн хөрөнгийн асуудалд түүнд хүлээлгэн өгсөн хөрөнгө нь үндсэн хөрөнгө биш байдаг. Хууль зүйн үндэслэлийн талаас хууль болоод дүрэм журам мөн хурлын шийдвэрийг үндэслэж энэхүү тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт заалтыг баримталсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл юм. Өөрөөр хэлбэл байгууллагын дарга мөн байгууллагын нярав, нягтлан нар энэ заалтад хамаарахаар байдаг. Гэтэл С.Тт энэ байгууллагын үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин С.Тт эд хөрөнгийн бүртгэлийн акт хүлээлгэн өгсөн баримт байдаг. Хөдөлмөрийн гэрээ цуцлахад С.Т өөрийнхөө хүлээсэн үүргийн дагуу авсан эд хөрөнгийн актын бүртгэлийн дагуу эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн.  С.Т байгууллагын даргын эзгүйд орлох учраас эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэсэн тайлбарыг хариуцагч гаргадаг. Гэтэл эд хөрөнгийг 40.1.5 гэдэг заалтын дагуу хүлээн авсан зүйлгүй. Мөн сахилгын шийтгэлтэй холбоотой 2016.12.13-ны өдөр УБТЗ-ын удирдах газрын хурал шийдвэр гаргасан. Хурал дээр С.Т гэдэг хүнтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Санхүүгийн аудитын тайланг 2016.11.13-ны өдөр өгдөг. Гэтэл энэ тайлан үндэслэлгүй аудитын дүгнэлт гэж байцаагч нар нь бичиж өгсөн. Шийдвэрлэх боломжгүй байна гэсэн байр суурьд хүрсний улмаас 2017 оны 1 сарын 31-ны өдөр Б-2-13 дугаар тушаалын 3 дахь заалтад С.Т, А, О нартай холбоотой бичиг баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг хууль зүйн албаны даргад үүрэг болгосон. С.Ттай холбоотой хэрэг байхгүй. Хуулийн байгууллагаар тогтоолгох гэм буруутай эсэхийг тогтоолгох хэрэгтэй гэсэн. Замын нэгдүгээр орлогч дарга Уршаковын удирдан хийсэн хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл байдаг. Хурлын шийдвэрлэсэн хэсгийн 2 дугаар заалтан дээр тасгийн орлогч дарга С.Т, ерөнхий нягтлан бодогч А нарын ажлыг сольж өөр ажилд томилох гэсэн заалт байгаа.  С.Т нь хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлсэн атал хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн үндэслэлгүй. Төмөр замыг хуулж авсан буруутай талаар үндэслэл бүхий нотлох баримт хавтас хэрэгт авагдсан баримтыг хүрээнд гэрчээс асуусан мэдүүлгийн үндсэн дээр тогтоогдохгүй байна. Зөрчлийг илрүүлснээс хойш сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. С.Т-т ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасан илрүүлснээс хойш нэг сар зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

 

С.Т бол удирдах албан тушаалтан, эд хөрөнгө хариуцсан ажилтан. Тасгийн даргын эзгүй үед ажил албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын өмчийн мөргөцөгийн замыг хуулах үүрэг даалгаврыг өгч ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан болох нь дотоод хяналт аудитын албаны шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон.

 

Нэхэмжлэгчид 2017 оны 3 сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ асуудлаар 2017 оны 4 сарын 4-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын өмчлөлийн мөргөцөгийн замыг хуулах үүрэг даалгавар өгч ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан болох нь 2016 оны 11 сарын 13-ны өдөр СТ61010453 тоот шалгалтын тайлан, шуурхай хурлын тэмдэглэлийн 2,3 дахь хуудас зэрэг баримтуудаар тогтоогддог. Иймд гэрээг цуцласан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэхь хэсэгт зааснаар гомдол гаргагч С.Т-ийн У-д холбогдуулан гаргасан Уын даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Б-2-36 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Б тасгийн орлогч дарга- ерөнхий инженерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 44.595.313 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх ажилтны гаргасан зөрчил, түүнд ногдуулсан эрх зүйн үндэслэл зэрэгт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл нь ажилтны гаргасан зөрчилтэй нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх учиртай юм. Гэтэл Анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийсэнгүй.  Хэрэгт авагдсан аудитын актыг ажил олгогч гаргаж өгсөн, хөндлөнгийн хараат бус байгууллагын дүгнэлт биш, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт биш байхад шүүх үнэлсэн. Шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. С.Тт тасгийн дарга Л.Энхболдын баталсан өмчийн карт №01 дагуу нүдлэн хамгаалуулахаар хангамжийн материалыг олгосноос өөр тус тасгийн хөрөнгийг балансаар хүлээлгэн өгч түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг өмчлөгчөөс шилжүүлэн аваагүй. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Уд холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б-//-36 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ. /1хх-1-6/

 

Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заажээ.

Гэтэл хэргийн 1-р хавтасны 242-250, 2-р хавтасны 1-12 дугаар талд авагдсан “Б тасгийн үйл ажиллагаанд хийсэн №СТ-61/04/53 дугаар ажлын тайлан, Улаанбаатар Төмөр замын дотоод аудит хяналтын аудиторын №СТ-61/03/48 дугаар акт, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл” зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хуулбар хувиар байна.

 

Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт нийцэхгүй юм.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД