Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 0071

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Г.Т

Шүүгдэгч                                                          Т.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Т

Хохирогч                                                         О.М

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 577 дугаар захирамжтай, Т.Эд холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Г.Т-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овгийн Т-н Э.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-5 дугаар байрны 46 тоот өөрийн түрээслэн амьдарч байсан орон сууцыг 40.000.000 төгрөгөөр зарна гэж М.О-ыг хуурч 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 577 дугаар захирамжаар

 

Шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж,

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Т эсэргүүцэлдээ:

 

... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Э нь урьд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдсэн ба шүүхээр ял шийтгүүлсний дараа буюу шийтгэх тогтоол гарсны дараа түүний шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрсэн тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байх ба шүүгдэгч Т.Эын шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Эын ял шийтгүүлсэн болон ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэн нэмж нэгтгэх зарчмаар хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүгдэгч Т.Э нь М.Оыг хуурч 20.000.000 төгрөг залилсан гэх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэхээс бус 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой хэргийг дахин гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хянан хэлэлцэх учиргүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтыг шүүх анзаарч үзэлгүй дан ганц нэмж нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын санкцтай шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүхээс оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед оролцогчдоос нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан”, “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх” гэсэн хуулийн заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Т.Эд холбогдох эрүүгийн хэрэгт оролцогчдийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй болно.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ:  Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

              Шүүгдэгч Т.Эд холдбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

 Шүүгдэгч Т.Эыг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-5 дугаар байрны 46 тоот өөрийн түрээслэн амьдарч байсан орон сууцыг 40.000.000 төгрөгөөр зарна гэж М.Оыг хуурч 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 20.000.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Т.Эыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байжээ.

Анхан шатны шүүх Т.Эд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн үйлдэл нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнөх буюу 2018 оны 5 дугаар сарын 26-наас 2018 оны 6 дугаар сарын 14-ний хооронд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг байх тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

           Хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг.

 

            Шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн 411 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн  шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

            

          Тухайлбал: Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3.т заасан ...хүнд ялтай зүйл хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

 

         Өөрөөр хэлбэл: Т.Эын 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн болон одоо яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг нэгтгэснээр түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байх тул шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзлээ.

 

       Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 577 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

           2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.ЦЭЦЭГМАА