| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/00576/И |
| Дугаар | 181/ШШ2020/01227 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2020/01227
| 2020 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2020/01227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргйн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ула
Хариуцагч: С
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 189 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Сүмбэр орд Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 онд Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоолоор байгуулагдан хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Тус байрны 307 тоот хаягт оршин сууж байсан П.Алиманцэцэг нь 94.47 м.кв талбайтай орон сууцанд амьдардаг байсан бөгөөд төлбөл зохих сар бүрийн төлбөр нь 48 500 төгрөг байдаг. Тэрээр СӨХ-ны үйлчилгээг бусдын адил авсан атлаа өөрийн 2017 оны 6 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 3 500 /гурван мянга таван зуу/ төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 1 115 500 \нэг сая нэг зуун арван таван мянга\ төгрөг, нийт 1 119 000 \нэг сая нэг зуун арван есөн мянга\ төгрөг төлөх үүргээ үл биелүүлж СӨХ-ны үйл ажиллагаанд саад учруулсаар байна.
Манай СӨХ-ноос тус орон сууцанд оршин суугч П.Алиманцэцэг, түүний хүргэн Э.Санчир, охин Ц.Болормаа нарт холбогдуулан удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр удаа дараа шүүх хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох байдлаар шийдэж ирсэн. Тиймээс хариуцагч нарыг шүүхэд хандан эрэн сурвалжлуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101\ШШ2019\01008 дугаар шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага П.Алиманцэцэгийн оршин суугаа хаягийг тогтоож өгсөн. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр П.Алиманцэцэг нь шүүхэд нэхэмжилж байсан 831 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу, түүнчлэн 2019 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны үлдэгдэл СӨХ-ны төлбөрийг төлнө гэж албан ёсоор манай СӨХ-нд өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.
Иргэн П.Алиманцэцэг нь Сүмбэр орд СӨХ-ны үйлчилгээг бүрэн авч ирсэн бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн тул иргэн П.Алиманцэцэгээс Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1 119 000 \нэг сая нэг зуун арван есөн мянга\ төгрөгийг, түүнийг шүүхэд хандан эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 \далан мянга хоёр зуун\ төгрөгийн хамт, нийт 1 189 200 \нэг сая нэг зуун наян есөн мянга хоёр зуу\төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Алиманцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 26-р хороо, Сүмбэр Орд хорооллын 307 тоот 94 м.кв бүрэн тавилгатай байрны Сүмбэр Орд СӨХ-ны нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг байрны эзэн нь Ц.Ганзориг АНУ-д амьдардаг ба тэр өөрийн мөнгөөр авсан 1912 оноос 2015 онуудад хоосон голдуу цоожтой байсан. 2015 онд 6 сарын үеэс Ганхуяг суух хугацаанд СӨХ-ны дарга 400 000 төгрөг авсан. Мөн 2014 онд СӨХ-ны нягтлан 276 000 төгрөг Баянзүрх дүүргийн Дулаанд нийлсэн байгаа гээд 476 000 төгрөг тэд авсан боловч ямар ч баримт өгөөгүй.
1. Уг СӨХ-ны оршин суугчдын албан ёсны хурлын протокол 100 айлаас 15-16 айлаар орсон зөвшөөрөл авсан албан бус,
2. 2015 онд сантехникийн эвдрэлээс ус алдахад 1 цаг 40 минут слесэргүй дуудлага ирээгүйн улмаас 22 000 000 төгрөг бүхий эд хогшил, шинэ тавилга, тааз хана, 1 метр ус хөвж пар - цонх норш хохирсон нь СӨХ-ны үйл ажиллагааны буруутай үйлдэл болно.
3. 2017 онд мөн 407 тоот, 308 тоотод ус алдсанг Зүмбэр ХХК акт тогтоолгоход дарга Содном нь нягтлангийн хамт үзээд хурлын дагуу хохирол барагдуулаагүй ахин хохирсон.
4. Уг байр нь Улсын комисс хүлээн аваагүй. Сантехник, санхүү, СӨХ нь ажлаа хариуцдаггүй 40 гаруй иргэдийг хохироож шүүхэд 20 гаруй иргэдийг өгч ямарч зөвшөөрөл, иргэдтэй гэрээ хийгээгүйгээр СӨХ-ны төлбөрийг 3 удаа нэмж юу ч хийдэггүй бүлэг хүмүүс. Өндөр настай ажлын чадваргүй татан буулгах гэж 2019 оны 3 сард хуралдсанч 26 хүний гарын үсгээр өөрсдөө хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг явуулж буй нь хууль зөрчсөн үйлдэл.
5. 2016 онд 190,000 төгрөг илүү төлсөн, 2017 онд 79.500 төгрөг илүү төлөлттэй. Хоосон хүн амьдраагүй ч бид төлж байсан.
6. Уг байранд хяг 3-5 сар хүн суухыг эс тооцвол 6-7 жил хоосон хүн амьдраагүй ч бид дулаан СӨХ-ын төлбөрийг заримыг нь өгч байсан. Илүү 269,500 суутгасан төлөлттэй.
7. Хууль тус хүчирхийлэл, хэл амыг баримтлах, согтуу, ажилчидтай орхидог, мөн ёс зүйгүй удирдах бүлэглэлтэй. Үүнийг ШӨХТГазарт шалгуулахаар өргөдөл өгөгдсөн.
8. Бид байхгүй хүн амьдраагүй хугацааны төлбөрийг нөхөн төлөх үндэслэлгүй.
9. Сая 2019.12 сард гадаах СӨХ-ны узелээс ус алдсан. Шинээр 4,2 сая засвар хийсэн. Паркетан шал, хана тааз, гал тогооны өрөө, үүдний өрөө өнөөдөр ч норсон хөгц үнэртсэн хохирол амссан.
10. 12 сард 30 гаруй хоног СӨХ-ын чадваргүй удирдлагаас бүх айлуудын паар зогссон. Халаалтаар хохироосон байтал бүх айлууд дулааны төлбөрөө, СӨХ-ын төлбөрөө төлсөн.
11. 19 оны мөн өвөл гражид гагнуур хийлгэж иргэдийн машиныг шатаасан. Бидний амьдраагүй шахам хоосон олон удаа СӨХ-нд төлсөн байрны төлбөрийг 3 удаагийн суугчдийн эрх ашгийг үл ойшоон, эд хөрөнгөд хохирол учруулсан 20 гаруй сая төгрөг зэргээс уг төлбөрийг төлөхгүй.
1. СӨХ-ны үйл ажиллагааг үл зөвшөөрнө. Бүх гишүүдийг хурал айл бүртэй гэрээг хийсэн өөрчлүүлэхээр 40 гаруй айл иргэд суугчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдан ажиллаж байсан ба одоо шударга ёсыг дахин тогтоох татан буулгана.
2. Бид тэр байранд хүн амьдараагүй байсан ч СӨХ-д төлбөрийг өгч байсан ба асар ихэд хохирсон тул сөрөг нэхэмжлэл хийнэ. МТХ, хууль хяналт, аудитаар, ШӨХЭХН шалгуулна.
3. 1 119 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй. 2019 оны 11 сард их засварт орсон 4,5 сая СӨХ-ын үзелээс ус урсан норж хохирсон хохирлоо сөрөг нэхэмжилнэ.
4. Сүмбэр СӨХ-ны 2019 оны 3-р сарын хууль бус \татан буулгах\ 2 хурлын материалыг хавтас хэрэгт авах.
5. Улсын комисс хүлээн авсан акт баримтыг үзнэ.
6. Сүрэг акт, Сүмбэр, Зүмбэр сантехник байрны орцыг хариуцсан улсын бус компани хариуцлагагүй чадваргүй ажилчдын гэрээг хавсаргах /нэхэмжлэлд/
7. Өмгөөлөгч авах буюу сөрөг нэхэмжлэл бичүүлэх өөрөө хүнд өвчтэй тул шүүх хурлыг хойшлуулах, надад хамаагүй асуудал.
Содном дарга өөрийн хүүг 5 жил СӨХ-ны харьяа 12 давхарт амьдруулсан. Бүх төлбөр 0 өгөөгүй гэх мэт. СӨХ-ны үйл ажиллагаа 10 жилд ганцхан үүдний өрөөний хаалга сольсныг эс тооцвол асар их суугчдын төлбөрийг ямарч хяналтгүй, тайлан хурал ч хийлгүй бусдыг асар ихээр хохироож завшаад байна. Дээрх СӨХ-тэй холбогдох төлбөрийг бид тэнд данс, бүртгэлтэй амьдардаггүй. АНУ-д байгаа Ганзоригийн байр тул төлөх үндэслэлгүй байна. Өөрсдөө СБД 6-р хороонд 60 жил, 45 жил байнга амьдарсаар байгаа харин ч олон жил төлөх ёсгүй төлбөрийг төлж 22 гаруй сая төгрөг гал голомт оо СӨХ-ын хариуцлагагүйгээс хохирсон хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүмбэр-Орд СӨХ нь хариуцагч П.Алиманцэцэгт холбогдуулан, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал 1 119 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 1 189 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Сүмбэр орд СӨХ-ны үйл ажиллагааг хууль зөрчиж явуулж буй гэж эс зөвшөөрч маргасан.
Нэг: Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:
Нэхэмжлэгч Сүмбэр орд СӨХ нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр П.Алиманцэцэгт холбогдуулан тус нэхэмжлэлийг гаргасан ба шүүх 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 181/ШЗ2020/02317 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хуульд заасан журмын дагуу хариуцагчийг дуудан ирүүлж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар болон холбогдох нотлох баримт гаргах хугацааг олгоход, П.Алиманцэцэг нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийг татгалзаж буй хариу тайлбар, 9 хуудас хуулбарласан фото зураг, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хавсарган өгсөн ба уг баримтыг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болохыг нь тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах санал-хүсэлт байгаа эсэхийг нь асуухад байхгүй гэсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутанд хийхээр товлон зарлаж, түүнд хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж, баримт №9-д гарын үсэг зуруулсан байна.
Товлон зарлагдсан шүүх хуралдаанд П.Алиманцэцэг нь ирээгүй ба ирээгүй талаархи шалтгаан тодорхойгүй тул шүүх нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт хийхээр товлоод хариуцагчид хойшлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдээд, хэргийн материал танилцуулах ажиллагааг тус тус хийсэн байна. Гэтэл хариуцагч нь мөн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр: Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг хуульд заасан журмын дагуу шинжлэн судлаад доорх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухайд:
Хэрэгт Сүмбэр Орд хорооллын 601 дугаар байрны сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээ батлах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг дарга /Д.Пүрэвдаваа/ нь 2014 оны 04 сарын 15-ны өдөр 26-р хороо, Сүмбэр-Орд хорооллын 601-р байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 005 дугаартай гэрчилгээг Сүмэр-Орд Сууц өмчлөгчдийн холбоонд олгосон талаархи гэрчилгээ тус тус авагдсан байх бөгөөд Сүмбэр-Орд СӨХ-ны гүйцэтгэх захирал 2018 оны 11 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 601-р байрны 307 тоот орон сууцны өмчлөгчөөс, шаардлагатай тохиолдолд эзэмшигч, ашиглагч нараас СӨХ-ны төлбөрийг шаардах, ...ИХШХШТ хуулийн 25 ба 26 дугаар зүйлд заасан эрхийг бүрэн төлөөлж оролцох, үйлдэл хийх эрхийг М.Амарнасаад 2 жилийн хугацаатай олгож, захирал А.Содном гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан, үүнийг нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасан холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурлаас гаргасан тогтоол, холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд гарсан уг тогтоолд үндэслэн шүүх тус СӨХ буюу СӨХ-г төлөөлж М.Амарнасаагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 101/ШШ20219/01008 дугаар шийдвэрээр Сүмбэр орд СӨХ нь хариуцагч П.Алиманцэцэгийг эрэн сурвалжлуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...307 тоотын 94.47 м.кв талбайтай орон сууцанд Ц.Гантулга, П.Алиманцэцэг, түүний хүргэн Э.Санчир, Ц.Болормаа нар амьдардаг бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээг бусдын адил авсан атлаа 2017 оны 5 сараас 2018 оны 10 сарыг дуустал хугацааны төлбөр нийт 831 000 төгрөг төлөх үүргээ үл биелүүлж сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд саад учруулсаар байна... /хх-ийн 8-10 дахь талд/ гэжээ.
Мөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар тодорхойлолтоор ...Пүрэвийн Алиманцэцэг /рд:ХЖ50112461/-ийг эрэн сурвалжлах ажил зохион Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 10а-1 тоотод оршин суудаг болох нь тогтоосон, утас 94142869 гэсэн байна. /хх-ийн 11 дэх талд/
Хэргийн 7 дахь хуудсанд авагдсан хариуцагч П.Алиманцэцэгийн гараар бичсэн тайлбарт: Сүмбэр Орд СӨХ-ны захиргаа санхүүд Алиманцэцэгээс өргөдөл гаргах учир нь: 2019.6.20. БЗД 26-р хороо Сүмбэр Ордын 601 тоот 307 тоотын эзэн Ц.Ганзориг АНУ-д байдаг байрандаа янз бүрийн хугацаагаар түр оршин суугчид байсан СӨХ-ны төлбөр 831 000 төг шүүхийн эрэн сурвалжлах 2019.04.05. 101/ШШ2019/0108 шийдвэрээр төлөх төлбөрийг 200,000-6 сард, 200,000-7 сард, 100,000-8, 100,000-9, 100,000-10, 100,000-11 саруудад графикаар төлнө 800,000+31,000 2019.7-р сараас суугч Ганзоригийн танил нар нь төлөх (СӨХ-ны төлнө) болно. Үлдэгдэл төлөх төлбөрийг СӨХ-д Алиманцэцэг би төлнө 94142869 өргөдөл хүсэлт бичсэн СБД-ийн 6-р хороо 47б-1 тоот Пүрэв Алиманцэцэг 94142869 88061000 гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр нотлох баримтаар гаргуулсан лавлагаа болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2020.05.06-ны өдрийн 7/4387 дугаартай албан бичигт: ...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/ Их монгол улсын гудамж, 601 дүгээр байрны 307 тоот хаягт байршилтай орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030232 дугаарт иргэн П.Алиманцэцэг, /ХЖ50112461/, Ц.Цолормаа /ХЖ84011861/, Ц.Гантулга /ХЖ75020878/, А.Тэргэл /УЖ06311946/ нарын өмчлөлд бүртгэлтэй байна. гэжээ.
Дээр дурьдсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч П.Алиманцэцэг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/ Их монгол улсын гудамж, 601 дүгээр байрны 307 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч болох нь нотлогдож байх бөгөөд Сүмбэр-Орд СӨХ нь тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 005 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.
Орон сууцны өмчлөгч нь Иргэний хээлийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, ниймийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Хариуцагч П.Алиманцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын төлбөрөөс 3 500 төгрөг болон 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 1 119 000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд төлөөгүй үндэслэл шалтгаанаа ...СӨХ-тэй холбогдох төлбөрийг бид тэнд данс, бүртгэлтэй амьдардаггүй, АНУ-д байгаа н.Ганзоригийн байр тул төлөх үндэслэлгүй, өөрсдөө СБД 6-р хороонд 45 жил байнга амьдарсаар байгаа харин ч олон жил төлөх ёсгүй төлбөрийг төлж хохирсон, 2015 оны 6 сарын үеэс н.Ганхуяг суух хугацаанд СӨХ-ны дарга 400 000 төгрөг авсан, мөн 2014 онд СӨХ-ны нягтлан 276 000 төгрөг Баянзүрх дүүргийн Дулаанд нийлсэн байгаа гээд 476 000 төгрөг тэд авсан боловч ямар ч баримт өгөөгүй, СӨХ-ны оршин суугчдын албан ёсны хурлын протокол 100 айлаас 15-16 айлаар орсон зөвшөөрөл авсан албан бус... гэсэн хариу тайлбар гарган маргасан.
СӨХ-ны дотоод зохион байгуулалтын асуудал шүүхийн маргаанд хамааралгүй ба хариуцагч шүүхэд тайлбар гаргасан боловч маргаж буй үндэслэлийн талаархи баримтыг хуульд заасан журмын дагуу гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Сүмбэр-Орд СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот СӨХ-ийн төлбөрийн тарифийг шинэчлэн батлах тухай тогтоолоор 2017 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн тус СӨХ-ны оршин суугчдаас орох орлогын тооцоог шинэчлэн тогтоосон ба ...307 дугаар байрны оршин суугч Алиманцэцэгийн 97.47 м.кв тайлбайтай орон сууцны суурь үнийг 26 500 төгрөг, хог тээврийн зардал 2 000 төгрөг, цэвэрлэгээ 5 000 төгрөг, лифт 6 000 төгрөг, орцны гэрэл 3 000 төгрөг, харуул хамгаалалт 6 000 төгрөг буюу сард нийт 48 500 төгрөгийн зардал төлөхөөр тогтоосон байна. Улмаар хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 3 500 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаа /24 сар х 48 500/-ны төлбөр 1 164 000 төгрөг буюу нийт 1 167 500 төгрөг төлөх ёстойгоос П.Алиманцэцэгийн зөвшөөрсөн 831 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар /хх-ийн 7 дахь талд/, уг тооцсон 831 000 төгрөгнөөс 100 000 төгрөгийг төлсөн /хх-ийн 38 дахь талд/-ийг нь хасаж тооцон, үлдэх 1 119 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Энэхүү тогтоосон жишиг үнийн талаар болон СӨХ-ны төлбөрт 831 000 төгрөгийг төлөх, үүнээс 100 000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй.
Хариуцагч П.Алиманцэцэг нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлийнх биш АНУ-д амьдардаг н.Ганзоригийнх гэж маргасан боловч энэхүү үйл баримт нь нотлогдон тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтаар няцаагдсан тул СӨХ-ны зардлыг тухайн байрны өмчлөгч, оршин суугч хариуцах үүрэгтэй бөгөөд СӨХ-ны Дээд зөвлөлийн жижиг үнийн дотор багтсан үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч П.Алиманцэцэгийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг түүнээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба энэ нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/01008 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр /1 119 000 + 70 200/ нийт 1 189 200 төгрөгийг хариуцагч П.Алиманцэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч Сүмбэр орд СӨХ-д олгох хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт заасныг баримтлан П.Алиманцэцэгээс 1 189 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүмбэр-Орд ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүмбэр-Орд СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 091 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Алиманцэцэгээс 33 091 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Сүмбэр-Орд СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ