Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.М

Шүүгдэгч                                           Ч.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.С

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Мд холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ч.М, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Ч-н М.

 

Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд иргэн Б.Л-н охин А-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч мэхлэн 11.700.000 төгрөгийг залилан авсан, мөн иргэн Б.Б-н нөхөр Ж.П-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2 удаа бэлнээр 3.100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овгийн Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

... Шүүгдэгч Ч.М нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна”, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт торгох баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол уг зүйл, хэсэгт тохирох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил  хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах болон зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн тогтоосон тул шүүгдэгч Ч.Мд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “хууль буцаан хэрэглэх” зарчмыг хэрэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хассаны үндсэн дээр ялыг нэмж нэгтгэх нь хуульд нийцэх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Ч.Мд холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

 

... Хэргийн хохирогч Б.Л-д мөрдөн байцаах ажиллагааны явцад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Б.Б-д хэрэг бүртгэлийн болон эрүүгийн хэрэг нээхээс өмнө түүнээс авсан мөнгийг эргүүлж төлсөн байсан.

Ч.Мгийн хувьд өөрийн гэм бурууг шууд хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар мэтгэлцээн явуулаагүй. Харин шүүхээс ял оногдуулахдаа түүний ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялын тэнсэнг хянан харгалзахыг шүүхээс хүссэн. Учир нь тэрээр 0,2-16 насны хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Н-тай хамтын амьдралгүй болоод 4 жилийн нүүр үзэж байна. эрүүл мэндийн хувьд 1 уушиг устсан, 1 уушиг сүрьеэгийн шинж үүссэн, мөн зүрхний хавхлаг солих мэс засалд орох заалттай, байнгын эмчийн хяналтанд байдаг.

Цагдан хоригдсон 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл биеийн эрүүл мэндийн байдал эмчийн тусламж үйлчилгээ, тариа хийлгэх, амьсгалын замыг дэмжих эмчилгээтэй байна.

Ч.Мд түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзах өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү?.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн учруулсан хор уршиг арилсан, хувийн байдалд хамаарах, эрүүл мэндийн байдал, асрамжинд үлдэж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн байдлыг харгалзан 6.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар ялыг тэнсэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү?.

Шүүхийн шийтгэх тогтоолд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3.д энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан хамруулж болно гэсэн заалт, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2.д заасан учруулсан хохирлыг хэрэг үүсэхээс өмнө төлсөн болон шалгах ажиллагааны үед төлсөн байгааг огт хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй нь хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний эрүүл мэндийн байдлыг нотлох 22 хуудас баримтыг мөрдөгч хэрэгт хийгээгүй байсныг хэлж байж хавсаргуулж байсан гэжээ.

 

Шүүгдэгч Ч.М давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие Ч овогтой М нь 1981 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг 1-44 тоотод эцгийнхээ хашаанд дүүгийнхээ байшинд амьдардаг.

Том хүү Э 14 настай, дунд хүү Б 11 настай, бага хүү М, 9 настай, бага охин А 2 настай гэртээ эмээ өвөөтэйгээ байна.

Миний гэр бүлийн байдлын хувьд нөхөр болох Л овогтой Н нь архи их уудаг архины хамааралтай болж өөрийгөө хянах ямар ч чадваргүй хэд хоногоор гэр орондоо ирэхгүй гадуур тэнэж архи ууж явдаг болсон. Гудамж автобусны буудал энэ тэндээс олж ирээд архинаас гаргаж гэж эмчилгээ хийлгэж лам бөөгөөр зөндөө явсан боловч ерөөс зүгээр болохгүй байж байгаад нэг явахдаа одоо бид хоёрын дунд амьдрал байхгүй би хот явлаа гээд явсан. Өөр хүнтэй болсон байсан би үүнийг нь мэдээд өргөдлөө /салах/ шүүхэд өгсөн боловч хаяг нь тодорхой бус байна гээд миний өргөдөл буцсан. Би дахиад шүүхэд өгсөн байгаа. Шүүх шийдэж өгөх байх. Миний аав ээж тэтгэвэрт гарсан өндөр настай хүмүүс байдаг.

Миний биеийн байдал. 2015 онд уушигний сүрьеэ өвчний улмаас зүүн талын уушиг нүхжилт үүсэж шохойжсон цус хуралттай гэсэн сүрьеэгийн эмчийн оноштойгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс Улаанбаатар хотын Халдвартын эмнэлэгт очсон. Зүүн уушиг бүтнээр нь тайралт хийхээс өөр арга байхгүй хүндэрсэн байна гээд 2015 оны 05 дугаар сарын 15-нд хагалгаанд орж уушигаа бүтэн тайруулсан.

Халдвартын эмнэлэгт 1 сар хэвтээд орон нутгийн эмчийн хяналтанд шилжүүлээд хөдөлмөр зохицуулалт хий гэсний дагуу ирж сүрьеэгийн эмчийн байнгын хяналтанд орж эм ууж 3 сар тутам мэргэжлийн эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай болсон. Мөн нөгөө талын уушиг дээд оройгоороо сүүдэртэй 3 газар толбо үүссэн байна. Нэг уушиг бүтэн тайралт хийсэн учир эмээ эмчийн хяналтанд байнга эм уух сүрьеэгийн эмнэлэгт хэвтэх зэргээр эмчилгээ хийгдэж байна. Нөгөө талын уушиг бас сүрьеэгийн толбо үүссэн.

2015 оны 06 дугаар сарын 21-нд группт орж хөдөлмөрийн чадвараа 80% алдсан ажил хийх боломжгүй амьсгалын замын өвчтэй гэсэн оноштой эмчлэгдэж байна.

2015 оноос 2019 онд группт орж байсан. 2017 оноос зүрх өвдөж хатгуулж эхэлсэн. Уушигнаасаа болж байнга уушиг ачааллаа дийлэхгүй учраас гээд эмчийн хяналтанд явсаар 2018 оны 03 дугаар сараас эхлээд бүр болохгүй биеийн байдал эрс муудсан.

Орон нутгийн зүрхний эмч Ц яаралтай 3 дугаар эмнэлэг яв гээд 13А гэдэг маягт хийж өгөөд явуулсан. 3 дугаар эмнэлэгт ирээд зүрхний эмч нарт үзүүлэхэд Зүрхний хэм алдалт 3 дугаар зэрэгтэй 2 хавтаст хавхлаг бүрэн хаагдаж нээгдэхгүй байгаагийн улмаас зүрх цусаа шахаж чадахгүй хэм алдалт 3-р зэрэгт хүрсэн байна яаралтай хагалгаанд орж 2 хавтаст хавхалгаа солиулах шаардлагатай гээд 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хэвтсэн.

Нэг талын уушиг байхгүй учраас маш хүнд хагалгаа хүчилтөрөгчийн дутагдалд орж таталт өгдөг. Хагалгааны хувьд хүнд хагалгаа учраас төлбөрийн асуудал яригдсан нэгийг солиулахад 8 сая хоёр болохоор 16 сая төгрөгний зардал гарсан би өөрөө амьдралын боломжгүй учраас Солонгос улсын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ирнэ амьдралын боломжгүй хүмүүсийн хагалгааны төлбөрөөс хөнгөлж өгдөг гэхээр нь тэр эмч нарын багийг хүлээсэн мөн хэдэн төгрөг ээж, аав ах дүү нар бүрдүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 20-нд Солонгос улсын эмч нарын баг ирэхээр болж би түүнээс 3 хоногийн өмнө 3-р эмнэлэгт хэвтэж байсан боловч өөрийн хийсэн буруу үйлдлийн улмаас хагалгаандаа орж чадахгүй болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа хийхгүй гэдгээ та бүхний өмнө амлаж байна.

Миний бие 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цагдан хоригдсоноос хойш байнгын хүчилтөрөгчийн дутагдалд орж зүрхээр хатгуулж өвдөж энэ байгаа өрөөндөө байнга хүчилтөрөгчөө залгаж, хэсэгхэн салгахад л дутагдалд орж уначих гээд байна. Эмч сувилагчийн хяналтанд байна.

Шүүх бүрэлдэхүүн миний аргагүй байдлыг харгалзан үзэж надад оноосон 2 жилийн ялыг тэнсэн хянан харгалзаж өгөөч.

Шүүх бүрэлдэхүүн та бүхэн нэг айлыг аав нь байхгүй ч гэсэн ээжтэйгээ ээж нь өвчнөө ялан дийлээд хагалгаандаа ороод гараад ирэхээр миний дөрвөн хүүхдийн нүдэнд нулимс биш баярын оч гэрэлтүүлэн өгөөч гэж та бүхнээс гуйж байна.

Миний дөрвөн хүүхдийн байдал маш хэцүү том хүү минь яг шилжилтийн насандаа байгаа болохоор маш их бухимдаж яагаад заавал бид дөрөвт ийм зовлон ирдэг юм бэ? гэж шаналж байна. Өсвөр насны хүүгээ ээжийнхээ хийсэн буруу зүйлээс болоод гутарч байгаад янз бүрийн муу юм болчих вий гэж маш их айж түгшиж байна. Ийм насны хүүхдэд одоо л эхийн хайр халамж хэрэгтэй байна. Өвөө эмээ нь байгаа боловч эхийн хайрыг хэзээ ч орлодоггүй юм байна. Хүүхдүүд минь ээжээ хоолтой хоолгүй яах бэ? та минь хурдан гараад ирээч дээ хагалгаагаа хийлгээд тавуулаа л хамт байвал бид дөрөв танаас өөр юу ч нэхэж таныг зовоохгүй бид гурав өглөө эрт босоод сургуульдаа алхаад явна, тараад хоёр дүүгээ дагуулаад ирнэ та минь хажууд байгаач гэж гуйж уйлж байна.

Охин минь хоёр настай эцгээс минь байнга ээжийгээ нэхэж аавын минь энгэрээс хөхөө хайж уйлж настай эцэг минь хэцүү байна. Миний хүүхдүүдийг аав ээжийн нүдээр харж элэг бүтэн амьдрах боломжийг олгож өгөөч. Би маш буруу зүйл хийж хүмүүсийг хохироосноо мөрдөн байцаалтандаа хэлж өөрийн хийсэн хэргээ хүлээж маш их харамсаж байгаагаа хэлж хэргээ хүлээж хүмүүсээс уучлалт гуйсан.

Миний энэ зүрхний хагалгаанд ороод хиймэл хавхлаг тавихад өөрийн мэт болоход дасах хугацаа нь урт хамгийн багадаа 6 сарын хугацаанд хоёр хиймэл эрхтэнд дасна. Энэ хагалгааг хийхийн тулд хүчилтөрөгч хоёр уушгинд хангалттай байх ёстой боловч нэг уушиг байхгүй болохоор миний омьеголийн багтаамж 50% хүрэхгүй байгаа нь өөрөө маш өндөр эрсдэлтэй хүнд хагалгаа болчихоод байгаа юм.

Энэ хагалгааны үргэлжлэх хугацаа урт 12 цагаас дээш ордог хагалгаа гэдгийг эмч нар танилцуулсан. Хагалгаа хийлгэж зүүн уушгаа авахуулаад 4 жил болж байхад миний уушиг нөхөн төлжиж ургаагүй. Нөгөө талын уушиг бас дээд оройгоороо хар судалтай сүүдэртэй, гурван газар толбо үүссэн байнгын сүрьеэгийн эмчийн хяналтанд байдаг юм. Миний биеийн байдлын тодорхойлолт мөн эмч нарын хагалгаанд орох шаардлагатай гэсэн мөн цагдан хоригдож байх хугацаанд цагдан хорихын эмчийн хяналтанд байж өдөр бүр үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа баримт тодорхойлолт зэргийг бүгдийг нь та бүхэнд хүргүүлж байгааг минь үзээд миний аргагүй байдлыг минь бодолцоод надад оноосон энэ ялыг минь тэнсэн харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү?.

Та бүхэн надад ийм боломж олгож гэмээн би дахин ийм хэрэгт холбогдож хүн хохироож мөн үр хүүхэд эцэг эх хэн бүхнийг тамлан зовоохгүй гэдгээ амлаж байна.

Дөрвөн хүүхэдтэйгээ хамт амьдрах хагалгаанд орох боломжийг олгож өгнө гэхэд би эргэлзэхгүй итгэж байна. Миний насанд хүрээгүй дөрвөн хүүхэд мөн амьжиргааны түвшин доогуур багийн эмзэг бүлэгт хамрагддаг, хөдөлмөр нийгмийн халамжаас олгож буй хүнсний толонд болон хүүхдийн мөнгө гэх мэт бүх зүйлд хамрагддаг ядарсан өрх толгойлсон эмэгтэй юм. Би өөрийн хийсэн буруу зүйлдээ хэн нэгэн хүнийг буруутгах юм байхгүй. Энэ бол миний буруу, би мухар мөчид бодож буруу алхам хийлээ.

Та бүхэн миний хийсэн буруу зүйлийг өршөөж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж мэргэн шүүгч та бүхнээс гуйж хүсэж байна. Та бүхний мэргэн оюунд итгэж байна. Мөн та бүхнээс залбиран гуйж байна.

Жич: Мөрдөгч С-д би эрүүл мэндийн картаа үзүүлээд эрүүл мэндийн асуудлыг тусгуулахыг хүссэн хэрэгт хавсаргаагүй байсныг өмгөөлөгчийн хамт хэлж байж дахин хагас дутуу хийлгэсэн 22 хуудас материал огт хийгдээгүй байсан гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Т” овогт Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

         Анхан шатны шүүх Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Мд урьд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ял дээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

        

         Шийтгэх тогтоолыг дээд шатны прокурор Ц.И эс зөвшөөрч ... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “хууль буцаан хэрэглэх” зарчмыг хэрэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хассаны үндсэн дээр ялыг нэмж нэгтгэх нь хуульд нийцэх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцэл,

         Шүүгдэгч Ч.М болон түүний өмгөөлөгч О.С нар нь ... оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү?... гэсэн агуулгатай давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ч.М, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

 

         Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд иргэн Б.Л-н охин А-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч мэхлэн 11.700.000 төгрөгийг залилан авсан, мөн иргэн Б.Б-н нөхөр Ж.П-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2 удаа бэлнээр 3.100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

         Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлджээ.

 

         Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

         Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.М нь ялаа эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох байтал заримыг нь нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

        

         Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

 

         Өөрөөр хэлбэл түүнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.т заасныг баримтлан ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж байна.

 

         Хэдийгээр шүүгдэгч Ч.Мд 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан ялыг нь 2015 оны Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасаж, үлдэгдэл ялыг нь сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэж болох боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.т зааснаар түүний эдлээгүй үлдсэн ялын заримыг нь нэмж нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтын

 

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай гэснийг

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.т зааснаар шүүгдэгч Ч.Мд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай гэж,

 

4 дэх заалтын ... 2 жил... гэснийг ... 1 жил... гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                                  Ц.ТУЯА

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                З.ХОСБАЯР