Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2021/0639/З |
Дугаар | 128/ШШ2022/0671 |
Огноо | 2022-09-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б/РД:......./,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Маргааны процесс, үйл баримтын тухайд:
2.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Б-ы эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд байрлах ...... дугаар нэгж талбар бүхий 30000 м.кв газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны 368 дугаар шийдвэрийг үндэслэн, 5 жилийн хугацаатай Ногооны газарзориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож эзэмшүүлэн[1], улмаар иргэний хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна[2].
2.2. Уг нэгж талбар бүхий газар дээр 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 222 тоот захирамжийг үндэслэн, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ...... дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгожээ[3].
2.3. Улмаар газрын зориулалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын А/362 дугаар захирамжаар Мод үржүүлэг[4] болгон өөрчлөн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон бол үүнээс төд удалгүй 3 сарын дараа мөн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар[5] зориулалтыг Амины орон сууц болгон өөрчилж, эзэмших хугацааг 10 жилээр сунган гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна[6].
2.4. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13/604 дүгээр албан бичгээр[7] газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй, бөгөөд дуудлага худалдааны үнэ, төлбөрөө төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл бүрдсэн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдсэн байна[8].
2.5. Нэхэмжлэгч Н.Б- уг мэдэгдлийг хүлээн авч[9], 2019, 2020, 2021 оны газрын төлбөрийг төлсөн[10] хэдий ч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаараа нэхэмжлэгч Н.Б-ийн ...... дугаар, ...... нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд байрлах, Амины орон сууц-ны зориулалтаар олгосон 30000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг актыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-06/4548 дугаар албан бичгээ[11]р Н.Б-д хүргүүлсэн байна.
2.6. Хариуцагчаас уг захирамжаа гаргахдаа ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1...-д заасныг тус тус үндэслэсэн[12] байх ба үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно[13].
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 2019 онд Ковид 19 цар тахал гарч хөл хорио тогтоож, үйл ажиллагаа явуулахыг хориглосны улмаас миний орлого олох боломж хязгаарлагдаж, санхүүгийн хүнд байдалд орж, 2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, намайг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, миний тайлбар, санал гаргах боломж олгоогүй... гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 13/604 тоот мэдэгдлийг хүлээн авч, тус албанд очиж уулз гэсний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 20 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Д.Т-тэй очиж уулзахад ...2019 болон 2020 оны газрын төлбөрийг төлөх шаардлагатай мөн газрын дуудлага худалдааны үнийг төлөх ёстойг хэлсэн. Үүний дагуу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2019 оны газрын төлбөрт 480,000 төгрөг, 2020 оны газрын төлбөрт 645,612 төгрөг, мөн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2021 оны газрын төлбөрт 645,612 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд цаашид өөрийн газрыг зориулалтын дагуу эзэмших хүсэлтэй байгаагаа хэлж, газрын дуудлага худалдааны үнийг мөн төлөхөө илэрхийлсэн... гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлж өгөөгүй байсан тул энэ асуудлаар дахин харилцана гэсэн ойлголттой байж байтал Засаг даргын захирамж 5 дугаар сард гарсан. Сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн эсэх нь өнөөдрийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ажиллагааг огт хийгдээгүй.
... 2015 оны захирамжаар Н.Б-д амины орон сууцны зориулалтаар газрыг олгосон. Бусад зориулалтын хувьд талбайн хэмжээг зааж, уг талбайгаас илүү газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгох зохицуулалт 2016 онд орж ирсэн[14]...гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газар эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан.
3.5. Учир нь энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн байсан.
3.6. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт ...нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн,...зориулалтыг өөрчлөх тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон.
3.7. Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 13/604 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг Н.Б-д 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар, санал ирүүлээгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд нэхэмжлэгч Н.Б- ...... дугаар, ...... нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд байрлах, 30000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/561 дүгээр захирамжаас хойш түүний газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлсэн талаар маргасан бол түүнээс өмнөх газар эзэмших эрх олж авсан, хуульд зааснаас илүү хэмжээгээр газрыг эзэмшүүлсэн үйл баримтын талаар хэргийн оролцогчийн хэн аль маргаагүй болно.
4.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримталсан байх хэдий ч уг хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт-ыг явуулалгүйгээр олгосон байна.
4.4. Гэвч хариуцагчаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн Н.Б-д боломж олгож, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай А/697 дугаар захирамж гарсантай холбогдуулан түүнд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13/604 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс уг үнийг төлөөгүй аж.
4.5. Хэдийгээр дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэх асуудал нь газар эзэмшүүлэх гэрээнд тусгагдах асуудал биш ч гэсэн хариуцагчаас бусдад давуу байдлыг бий болгож, илтэд Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан зохицуулалтыг орхигдуулан бусдад газар эзэмшүүлсэн нь буруу.
4.6. Түүнчлэн маргааны үйл баримтаар нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний[15] 2.2-т заасан газрын төлбөрийг 2019, 2020, 2021 онуудад хугацаанд бүрэн төлж байгаагүй буюу гэрээний 4.5-д заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж байсан боловч маргаан бүхий акт гарахаас өмнө дээрх үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй зааснаар буруутгах боломжгүй юм.
4.7. Харин шүүхээс нэхэмжлэгчийг дээрх гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж байсан талаар шүүхээс Н.Б-ы эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд байрлах ...... дугаар, ...... нэгж талбар бүхий 30000 м.кв газар дээр үзлэг хийхэд уг үзлэгээр уг газрыг хашаалсан, барилга байшингийн суурь тавьсан зүйлгүй хоосон байсан[16] болох нь тогтоогдсон.
4.8. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Н.Б-г Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны дарга, газар зохион байгуулагч нартай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой барилга, байгууламж, зам талбай бариагүй.
4.9. Өөрөөр хэлбэл Газар эзэмшүүлэх гэрчилгээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байна.
4.10. Гэтэл нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар тайлбар, үндэслэл бүхий баримтыг гаргаж өгөх, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхээр цуглуулах хангалттай хугацаа байсан хэдий ч ямар нэг бодит алхмыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэх хүртэл хийгээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж, 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй заасны дагуу шүүхийг буруутгах боломжгүй юм.
4.11. Мөн нэхэмжлэгч Н.Б- нэхэмжлэлийн үндэслэлдээ ...13/604 тоот мэдэгдлийг миний бие хүлээн авч, ...20 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн н.Төмөрхүүтэй очиж уулзахад 2019 болон 2020 оны газрын төлбөрийг төлөх шаардлагатай, мөн газрын дуудлага худалдааны үнийг төлөх ёстойг хэлсэн...[17] дурдсан байгаагаар хариуцагчийг Захиргааны хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Н.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүх уг маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан Н.Б-гийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР