Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 129

 

 

                                 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Ц.Мөнхжаргал /томилолтоор/,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цогттулга,

шүүгдэгч Ү.Анхбаяр,

шүүгдэгч Ч.Анхболд, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

иргэний хариуцагч Т.Уранбилэг,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Үйтүмэнгийн Анхбаяр, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойжамцын Анхболд нарт холбогдох эрүүгийн 201624001034 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 16-36а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Үйтүмэнгийн Анхбаяр /РД:УШ91100398/,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 14-302 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чойжамцын Анхболд /РД:АА91052313/,  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

1. Шүүгдэгч Ч.Анхболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 8.11, 2.5а-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Ү.Анхбаяр нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба шүүгдэгч Ү.Анхбаяр нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт бичгээр гаргасныг шүүх хүлээн авч, түүний өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлсэн болно.  

 

1. Шүүгдэгч Ч.Анхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 11 сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд Мөнхөө ах, Уранбилэг, Отгонцэцэг нартай Яармагийн эцэс орох гээд Уранбилэгийн 70-47 УНД улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг би жолоодон явж байсан. Тэгээд Яармагийн зам дээр автобусны буудлаас хоёрдугаар эгнээ рүү ороод урдаа явж байсан Т.Приус маркийн автомашиныг мөргөсөн. Тухайн үед цас орсон, зам маш их халтиргаатай байсан. 

Тэгээд би өөрөө жолооны үнэмлэхгүй, эрхгүй байсан учраас айгаад, зогсолгүй зугтаасан. Зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Замын Цагдаагийн техникийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Хүний машинд учруулсан хохирол төлбөрийг ажил хийж байгаад төлнө. Иргэний нэхэмжлэгчид төлсөн гээд байгаа 500.000 төгрөгийг Уранбилэг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Уранбилэг нь намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдээгүй, осол гаргасны дараа мэдсэн.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Шүүгдэгч Ү.Анхбаярын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 11 сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчим Нисэхэд ажил дээрээ байж байтал Уранбилэг над руу залгаад “машин мөргөчихлөө, чи хүрээд ирээч, бид нар учраа олохгүй байна” гэхээр нь “хаана байгаа юм” гэхэд “Сонсголонд байна” гэсэн. Тэгээд очиход Уранбилэг 70-47 УНД улсын дугаартай Т.Приус-20 машинтайгаа Отгонцэцэг, Анхболд нарын хамтаар байж байсан. Машиных нь гупер хагарчихсан байсан. Машин жолоодож байсан Анхболд нь жолооны үнэмлэх байхгүй гэсэн. Тэгээд Уранбилэг надаас миний машиныг манай гэрт аваачаад тавьчих гэсэн. Тэгээд би Уранбилэгийн машиныг бариад хашаанд нь аваачиж тавиад ажил руугаа ганцаараа явсан. Тэгээд юу болж байгаа бол гээд буцаад очиход Уранбилэгийн машиныг ачигч машинаар ачаад явж байсан. Уранбилэг надад “миний машиныг ачаад явчихлаа Замын цагдаагаас дуудаад байна, хамт Хан-Уул дүүргийн Замын цагдаа ороод өгөөч” гэсэн.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр очтол “чи жолоо барьсан болчихоо, мөнгө төгрөг, хохирол төлбөрийг нь бүрэн барагдуулчихна, Анхболд жолооны үнэмлэх байхгүй болохоор шууд ачуулах байх” гээд надаас гуйсан. Анхболд ч тухайн үедээ “чи жолоо барьсан болчих, би хохирол төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна, би жолооны үнэмлэх байхгүй” гээд гуйхаар нь би тухайн үед юм бодолгүй “тэгье” гэж хэлээд болсон зүйлийг нь яриулаад, мөрдөн байцаагчид “би жолоо барьж явсан” гээд хэлчихсэн юм. Уранбилэг, бид хоёр хамаатан садны холбоотой, надаас гуйхад нь тусалсан, мөн Анхболд, Уранбилэг нар нь хохирол төлбөрийг нь барагдуулчихна гээд байсан болохоор асуудал ийм дээрээ тулна гэж ойлгоогүй, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм байдалд орчихлоо. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цогттулгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Вендо авто үнэлгээний газраас Даариймаагийн автомашинд учирсан хохирлыг бүгд 2.185.400 төгрөг гэж тогтоосон ба шууд хохирлын дүн нь 1.875.000 төгрөг. Осол хэрэг болсноос хойш автомашинд учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй. Автозасварын газрын ажлын хөлс нь 800.000 төгрөг болсон. Үүнээс 500.000 төгрөг бэлнээр Уранбилэг өгсөн. Үлдэх 300.000 төгрөгийг нь бид өөрсдөө засварын газар төлж машинаа авсан.

Мөн үнэлгээгээр баруун хойд гэрэл 200.000 төгрөг, тээшний хайрцаг, таг 70.000 төгрөг, машины тээшний дан хаалгыг 150.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн эд зүйлсийг хариуцагч талаас төлөгдсөн тул хохирлоос хасч тооцож байгаа.

Багажны түгжээ, хоёр булангийн таг үнэлгээнд ороогүй, ослын улмаас эвдэрсэн байсныг өөрсдөө авч солиулсан. Машин засварын газраас үлдэгдэл төлбөрөө төлөөд машинаа ав, авахгүй бол дулаан гаражийн үнээр тооцно гэхэд өөрийн үнэт эдлэлээ лобардад тавьж мөнгө зээлж аваад 300.000 төгрөг засварын ажлын хөлсөнд төлсөн. Үүний хүү тооцогдоод 24.500 болон 98.000 төгрөг болсон. Автомшинаа засвараас аваад бүтэн угаалгахад  50.000 төгрөг, оношилгоонд оруулсны хөлс 80.000 төгрөг, 12-ын мэдрэгч /үнэлгээнд ороогүй/ бяцарсан байсныг 50.000 төгрөгөөр худалдан авч засуулсан. Мөн Даариймаа нь автомашины ослоос хойш толгой, нуруу нь өвдөөд 2 удаа бариа хийлгэсэн. Үүний хөлс 42.000 төгрөг нэхэмжилж байгаа. Автомашины аккумлятор үнэлгээгээр 85.000 төгрөг гэж байгаа хэдий ч зах зээл дээр хамгийн хямдаар бодож 110.000 төгрөгөөр худалдан авч солиулсан. Үүний зөрүү 25.000 төгрөг болсныг бас нэхэмжлэхээр тооцсон байгаа. Ингээд нийт 1.340.400 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгааг хариуцагчаас нэхэмжилнэ. Анхболдын зүгээс хохирол огт төлөөгүй, Уранбилэг нь ахтайгаа хамт төлбөр төлж байсан. Гэхдээ нэхэмжлэгч талаас үнэлгээнд ороогүй сэлбэг хэрэгслийн үнийг нэхэмжлээгүй.    

Уранбилэгээс бэлнээр авсан мөнгө болон сэлбэгээр авч өгсөн эд зүйлийн үнийг бодоход авомашинд учирсан нийт хохирлоос 1.420.000 төгрөгийн хохирол төлөгдөж, үлдэгдэл нь 765.400 төгрөгийн тооцоо үлдсэн. Тиймээс үлдэгдэл хохирол дээр нэмээд засварын ажлын хөлсний үлдэгдэл 300.000 төгрөг, Даариймаагийн эмчилгээний төлбөрийн 42.000 төгрөг, аккумляторын үнийн зөрүү 25.000 төгрөг, ломбардны хүү /98.000+24.500/, оношилгооны 80.000 төгрөг, машин угаалганы 50.000 төгрөг, 1.340.400 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилнэ. Бид нар таксинд явж орлого олдог байсан ба мөн энэ хугацаанд хүүхдээ цэцэрлэгээс нь зөөдөг байсан. Манай машинд ослын улмаас дуу орчихсон, одоо зарах гээд зар тавихад 7, 8 саяаар ч зарагдахгүй, чанар байдал, үнэлгээ нь буурсан байгаа. Баримттай гарсан бодитой хохирлоо л тооцон нэхэмжилж байгаа гэдгийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.” гэсэн мэдүүлэг,

 

4. Иргэний хариуцагч Т.Уранбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би чадлынхаа хэрээр хохирол төлбөрийг нь төлж барагдуулж байгаа. Даариймаа над руу шүүх хуралдаанаас өмнө ярьж байсан. Тухайн үедээ 300.000 төгрөгөөр засварын газарт төлөөд машиныг гаргаад өгчих өө, хэрвээ миний машиныг гаргаад өгвөл гомдолгүй гэж байсан.

Би тухайн үед нь Анхболд руу яриад “чи 300.000 төгрөг олоод өгчих, нэхэмжилсэн мөнгийг нь өгөөд хохиролгүй болгож өгье, миний машин яах вэ дараа нь болно биз” гэж хэлсэн. Хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын шатанд буцах үед ч би Анхболдод “чи хохирлоо барагдуул, хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулах юм бол би чамаас өөрийнхөө машины хохирлыг авахгүй” гэж хэлж байсан. Тэгээд Анхболд шүүх хурлаас өмнө үлдсэн хохирлоо барагдуулна гэж хэлж байсан боловч төлөөгүй.  

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж нэхэмжилж байгаа нэхээд байгаа 1.340.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд гэртээ хүүхдээ хараад, ажилгүй байгаа учир  төлөх боломжгүй. Иргэний нэхэмжлэгчийн хохирлоос одоо 300.000 төгрөг дутуу гэж үзэж байгаа. Учир нь би машиных нь эвдэрсэн эд зүйлийг нь авч өгсөн. Машины засварын хөлс 300.000 төгрөг нь дутуу байсан. Ослын улмаас миний машинд мөн 2.170.000 төгрөгийн хохирол учирсан. Би машинаа одоо болтол засуулж авч чадаагүй.  

Тухайн осол хэрэг гарсан 2016 оны 11 сарын 20-ны өдөр бид гурав /Анхболд, Отгонцэцэг/ Яармагийн эцсийн буудлаас гараад 3 дугаар буудлаас бензин хийчихээд буцаад Яармагийн эцсийн буудал руу явж байсан. Би өмнөх орой нь Анхболдод машины түлхүүрээ өгсөн байсан. Тэгээд өглөө нь бид нар гараад, “би өөрөө машинаа баръя” гэтэл “үгүй ээ найз нь машин баръя” гэсэн. Анхболд жолооны үнэмлэхгүй гэдгээ надад хэлээгүй, жолоодох эрхгүй гэдгийг ч мэдээгүй. Тухайн үед зам гулгаа ихтэй, цас их орсон байсан. Тэгээд зөөлөн яваарай гэж Анхболдод хэлэхэд Анхболд нь би мэдэж байна гээд байсан.

Тэгээд Яармагийн 3 дугаар буудал өнгөрөөд Цагдаагийн 2 дугаар хэлтэс өнгөрөөд замын нэгдүгээр эгнээнд явж байгаад автобус тойроод хоёрдугаар эгнээ рүү ороход урд талд машин явж байхад нь тоормос гишгээд, халтиргаатай байсан болохоор гулгаад мөргөсөн. Бид нар ч зам дээр машинтайгаа бүтэн эргэсэн. Тэгтэл Анхбаяр би жолооны эрхгүй гэж хэлээд машинтайгаа яваад өгсөн. Тэгээд гудманд очиж зогсоод дүүгээ дуудаж машинаа бариулаад гэртээ хүргүүлсэн.

Тэгээд би хороололд байж байгаад харихад машин ачаад явсан байсан. Орой нь над руу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас яриад Анхбаяр, Отгонцэцэг, бид гурав Цагдаагийн хэлтэс дээр очсон. Анхболд надаас “чиний машин юм чинь өөрөө жолоо барьсан гээд хэлчих, найз нь хохирол төлбөрийг нь барагдуулж өгнө, Толгойтод манай нэг газар байдаг, нэг хүн авна гэсэн, газраа зараад энэ хүний хохирлыг барагдуулчихна” гээд гуйгаад байхаар нь Анхболдын ярьсанд итгэсэн юм.

Замын цагдаа дээр орой нь очоод “би машин барьсан” гэж хэлэхэд хохирогч Даариймаа “эрэгтэй хүн машиныг жолоодож явсан” гээд байсан учир хамт явж байсан дүү Анхбаярыг “чи барьсан гээд хэлчих тэгэх үү” гэж гуйсан юм.             

Миний хувьд өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, зам тээврийн осол гарсан тохиолдолд дүрмийн дагуу зохих байгууллагад мэдэгдэх ёстойг мэднэ. Ослын дараа би маш их сандарсан байсан. Анх Анхболдоос тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар нь асууж байгаагүй, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж л ойлгож байсан. Яагаад гэвэл өмнө нь Анхболд, түүний ах нь надаас миний машиныг гуйгаад унаад явдаг байсан юм. Машины хэрэгтэй эд ангиудыг нийт 350.000 төгрөгөөр авч өгсөн. Сүүлд машинд нь мэдрэгч, аккумлятор, гупер гурав дутуу байхаар нь 500.000 төгрөг өгсөн.  Иргэний нэхэмжлэгчийн хоёр удаа бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэх 42.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй...” гэсэн мэдүүлэг,

 

   Эрүүгийн 201624001034 дугаартай хэргээс:

 

1. Иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд 10 дугаар  хорооллоос Нисэхийн спорт цогцолбор орохоор өөрийн эзэмшлийн 80-39 УНО дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодон ээж Мөнхжаргал, дүү Цэрэнтогтох, эгч Юмжирмаа нарын хамтаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү Яармагийн замаар ХУД-ын Цагдаагийн 2-р хэлтсийн урд замаар, замын 2-р эгнээгээр 25 орчим км\цагийн хурдтай зөөлөн явж байсан. Тухайн өдөр зам гулгаатай, цастай байсан. Гэтэл гэнэт түс тас хийгээд машины жолоодлого алдагдаад, зам дээр машин гулгаад, тоормос гишгээд л зогссон. Тухайн үедээ хойноос машин мөргөсөн гэж мэдээгүй.

Зогссоны дараа “хойноос машин мөргөчихлөө” гээд арын суудалд сууж явсан эрэгтэй дүү машинаас буугаад, мөргөсөн машиныг зогсоох гэхэд мөргөсөн машин буцаж эргээд баруун зүг рүү зугтаагаад явчихлаа гэсэн. Манай дүү машиных нь дугаарыг харсан байсан. Би машин дотроосоо мөн буугаад харсан. Тэгээд Цагдаад дуудлага өгч, цагдаа нар ирж хэмжилт хийсэн.

Машинд сууж явсан зорчигч нараас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Би 2009 онд мориноос унаад нуруундаа гэмтэл аваад хагалгаанд орж байсан. Одоо миний нуруугаар өвдөж байгаа. Тухайн замаар машины хөдөлгөөн сийрэг, зам гулгаатай, цастай халтиргаатай байсан. Одоо машиныг засварын газарт оруулсан. Хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийднэ үү. Энэ машиныг 2016 оны 7 сард техникийн захаас орж ирсэн машин гэж авсан. Машин бүрэн бүтэн байсан. Ослоос болж их зардал гарч байна. Энэ машин гэр бүлийн хэрэгцээнд авсан байсан. Энэ машинаараа хүүхдээ зөөж, өдөр гадуур халтуур хийдэг байсан. Мөн энэ машиныг банкны зээлээр авсан, сард 400.000 төгрөг төлдөг.

Миний машинд нийт 2.185.400 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоос иргэний хариуцагч Уранбилэг 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Харин 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн баруун хойд гэрэл, 70.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хайрцаг хуванцар таг, 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хаалгыг засварлаж өгсөн. Эдгээр хохирлоо хасаад одоо би машины хохирлоос 1.265.400 төгрөг,  мөн нуруундаа бариа хийлгэсэн 42.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 5.500 төгрөг,  нийлээд 1.312.500 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х, 143х/,

 

2. Гэрч Б.Юмжирмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд манай дүү Даариймаа машинаа жолоодоод ээж, дүүгийнхээ хамтаар Нисэхийн спорт цогцолбор орохоор, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ дунд зэргийн хурдтай Цагдаагийн хэлтсийн урд замд явж байхад гэнэт түс хийгээд машиныг нь нэг машин их хүчтэй мөргөсөн. Манай эрэгтэй дүү машинаас буухад мөргөсөн машин тэр чигээрээ баруун тийшээгээ зугатаагаад явахаар нь хойноос нь машины дугаарыг нь харсан.

Мөргүүлсний дараа толгой өвдөж байсан, одоо гайгүй л байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай машиныг мөргөсөн машин цагаан өнгөтэй, Т.Приус маркийн автомашин байсан. Тухайн үед дугаарыг харсан, одоо сайн санахгүй байна. Даариймаагийн машин их эвдэрсэн, Даариймаа машиндаа үнэлгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

3. Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Сар, өдрийг санахгүй байна. Нисэхийн спорт цогцолбор орохоор хүүхдүүдийнхээ хамтаар, манай охин Даариймаа өөрийнхөө эзэмшлийн автомашиныг жолоодоод, би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад Яармагийн замаар өдөр 12:00 цагийн орчимд явж байхад гэнэт түс хийгээд л явсан. Тэгтэл “машин хойноос мөргөчихөөд зугатаагаад явчихлаа” гэж байсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар машин мөргөсөн гэдгийг би харж чадаагүй. Тухайн үед замын хөдөлгөөн гайгүй, харин их гулгаатай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

4. Гэрч М.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд Даариймаа эгчийн машинд Мөнхжаргал эгч, Юмжирмаа нарын хамтаар Нисэхийн спорт цогцолбор орохоор Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 2-р эгнээгээр дунд зэргийн хурдтай явж байхад гэнэт хойноос хүчтэй машин мөргөсөн.

Би зүүн хойд талын сандалд сууж явсан. Мөргөсөн машиныг буугаад харах гэхэд нөгөө машин шууд хөдлөөд, баруун тийшээгээ зугатаад явсан. Би хойноос нь машины дугаарыг хараад хоцорсон. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манайхыг мөргөсөн машин цагаан өнгийн Т.Приус маркийн, эрэгтэй жолоочтой автомашин байсан. Одоо дугаарыг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

 

5. Гэрч Л.Оюунтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. Мөн Анхбаяр ХУД-н 7-р хороо Нисэхийн эцэс дээр бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Бид хамтарч бараагаа татдаг юм. 2016 оны 11 сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчим Анхбаярын дэлгүүр дээр байж байтал утсаар яриад “эгч машин барьж яваад машин мөргөсөн гэнэ ээ, би яаралтай очлоо” гээд гарсан юм. ...Дараа нь сонсохнээ эгч нь машин барьж яваад осол хийсэн байсан, харин Анхбаяр тэр машиныг нь барьж явсан гээд худлаа мэдүүлсэн гэж байсан.

Уул нь тухайн өдөр бол Нисэхэд ажил дээрээ л ажлаа хийж байсан залуу байгаа юм. Бид хамтарч ажиллаад жил гаран болж байгаа. Энэ хооронд л машин унаж байхыг би хараагүй. ...Эгчийнхээ өмнөөс л хэрэг хүлээсэн юм шиг байгаа юм. Анхбаяр дэлгүүр дээрээ ганцаараа ажилладаг ер нь гарч орох завгүй л байдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 146х/,

 

6. Гэрч Т.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын 19-ний өдөр 19 цагийн орчим найз Наранцэцэг, Отгонцэцэг нартай Яармагийн эцэс дээр уулзсан юм. Тэгээд бид 3 Яармагийн эцсийн буудал дээр, Анхболдын ахынх нь ажиллуулдаг караокед орсон юм. Тэгээд тэнд сууж байгаад 24:00 цагийн орчим Наранцэцэг гэрлүүгээ яваад, удаагүй байж байтал 01 цаг өнгөрч байхад Анхболд ирсэн юм. Тэгээд Отгонцэцэг, Анхболд, бид 3 тэнд караокед сууж байгаад тэндээс 02 цагийн орчим гараад Яармагийн хуучин эцэс дээр очоод буудалд орж, гурвуулаа хоносон. Маргааш нь 10 цаг өнгөрч байхад Анхболдын танил гээд Мөнхөө гэх ах ирсэн. Тэгээд 11:00 цаг өнгөрч байхад гараад, буудлын гадаа байсан миний 70-47 УНД Т.Приус маркийн автомашиныг Анхболд бариад, урд суудал дээр Мөнхөө гэх ах суугаад,  жолоочийн ар талд би  суугаад, Отгонцэцэг миний зүүн талд суусан.

Тэгээд хоол олж идэх санаатай ХУД-ын 6-р хороо, Яармагийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 1-р эгнээгээр 40-50 орчим км/цагийн хурдтай явж байгаад урд явж байсан автобус тойроод 2 дугаар эгнээ рүү ортол, урдаа явсан цагаан өнгийн Т.Приус маркийн автомашины араас гулгаж очоод мөргөсөн. Тэгтэл нөгөө мөргүүлсэн машин урагшаа халтираад явсан. Харин манай машин халтираад зам дээр бүтэн эргээд 3 дугаар эгнээнд орж зогссон. Тэгтэл Анхболд “надад жолоочийн үнэмлэх байхгүй, даатгал байхгүй явъя” гээд ослын газраас явсан.

Тэндээсээ яваад Сонсголон ороод нэг гудманд зогсож байгаад Анхбаярыг дуудсан. Тэгээд удаагүй Анхбаяр машин дээр ирэхэд, бид 4 машиндаа байсан. Тэгээд Анхбаярыг  “чи барьчих” гэж бид нар гуйсан юм. Тэгээд тэр газраасаа Анхбаяраар машинаа бариулаад манай хашаа руу явсан. Тэгэж явахад замдаа би болон Анхболд, Мөнхөө гэх хүн, бид нар буугаад үлдсэн. Тэгээд би найз Дэнсмааг дуудаад Дэнсмаагийн хамтаар Нисэх орж Анхболдыг буулгаад, хороолол ороод, дараа нь Дэнсмаагаар гэртээ хүргүүлээд 17:00 цагийн орчим очиход, Цагдаа ирээд миний машиныг ачаад яваад өгсөн байсан.

Тэгээд ХУД-ын Цагдаа дээр ирээд “машиныг Анхбаяр барьсан” гэж хэлсэн. Хамгийн гол нь Анхболд надаас “найз нь төлбөрийг нь төлөөд өгнө, чи барьсан гэж хэлээд өгөөч” гэж надаас гуйгаад байсан. Тэгээд л би Анхболдыг бодоод “Анхбаярыг машин барьсан” гээд хэлчихсэн. Тэгтэл осол болсноос хойш Анхболд зугатаагаад алга болсон. Осол гаргах үедээ Анхболд эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 149-150х/,

 

7. Гэрч Г.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын 19-ний өдөр 19:00 цагийн орчим найз Наранцэцэгтэй явж байгаад Уранбилэгтэй Яармагийн эцэс дээр уулзсан. Тэгээд бид 3 Яармагийн эцсийн буудал дээр бааранд орсон. Тэнд сууж байгаад 24 цагийн орчим Наранцэцэг гэр лүүгээ явсан юм. Тэгээд байж байтал шөнийн 01-02 цагийн орчим Анхболд ирсэн. Тэгээд бид 3 тэнд караокед сууж байгаад тэндээс гараад нэг буудалд орж 3-лаа хоносон.

Уранбилэг, бид 2 жаахан пиво уусан байсан, буудалд ороод архи дарс уугаагүй, тэр буудалдаа хоноод, 10 цаг өнгөрч байхад Анхболдын танил гээд нэг ах ирсэн. Тэгээд 11:00 цаг өнгөрч байхад буудлаас гараад, буудлын гадаа байсан Уранбилэгийн 70-47 УНД улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг Анхболд бариад, урд суудал дээр буудалд байх нэг танихгүй ах суугаад, жолоочийн ар талд Уранбилэг, би нөгөө талд нь  би суугаад, хоол олж идэх санаатай ХУД-н 6-р хороо, Яармагийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал Анхболд халтиргаатай зам дээр гулгаад урдаа явж байсан Т.Приус маркийн автомашины араас мөргөсөн. Тэгээд л шууд зугтаагаад явсан.

Тухайн үед нь Уранбилэг бид хоёр “зогсохгүй юм уу” гэж хэлэхэд “би үнэмлэх байхгүй” гэж хэлээд л яваад өгсөн. Тэгээд зугтаагаад Сонсголон ороод, нэг гудманд зогсож байгаад Анхбаярыг дуудсан юм. Удаагүй Анхбаяр машин дээр ирэхэд, бид 4 машиндаа байсан. Тэгээд Анхбаярыг гуйж машин бариулаад Уранбилэгийн хашаа луу явсан юм. Тэгэж явахад замдаа Уранбилэг, Анхболд, нөгөө танихгүй ах нар буугаад,  Анхбаяр, бид хоёр машиныг нь Уранбилэгийн хашаанд аваачиж тавьсан.

Тэгтэл цагдаа ирээд бариад авсан юм. Тэгээд ХУД-н Цагдаа дээр ирээд “машиныг Анхбаяр барьсан гэж хэлсэн” хамгийн гол нь Уранбилэг надаас гуйгаад, “нөхөр мэдчихнэ, гэр бүлийн асуудалтай болно. Анхбаярыг барьж явсан гэж хэлээд өгөөч” гээд байхаар нь би цагдаад “Анхбаярыг машин барьж явсан” гэж хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 152-153х/,

 

8. Гэрч Г.Дэнсмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын 20-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай найз Уранбилэг над руу өөрийнхөө 88005101 утсаар миний 98802825 дугаар луу залгаад, “найз нь Сонсголонгийн нэг гудманд байна, машин мөргөчихлөө, ирээд авчихаач” гэж хэлэхээр нь би нөхөр Нямбаярын нэр дээр байдаг 60-19 УНИ улсын дугаартай Ист маркийн автомашинтай ХУД-н нутаг дэвсгэр Сонсголонгийн гудамжинд очсон.

...Утсаар ярьсан газар нь очиход Уранбилэгийн 70-47 УНД улсын дугаартай цагаан өнгийн Т.Приус-20 маркийн машинтай, жолоон дээр нь Анхболд гэх залуу суусан, урд суудал дээр нь Уранбилэг суусан, харин арын суудал дээр нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн суусан байсан. Тэр хүмүүс халамцуу байсан. Очоод Уранбилэгээс “юу болсон” талаар асуухад “миний машиныг энэ Анхболд гэх залуу унаж яваад машин мөргөчихлөө, нилээн төлбөрт орчихлоо” гэж хэлж байсан. Мөн тэгээд хүнтэй нь уулзаад мөнгийг нь төлнө гэж байсан. Тэгээд Уранбилэг” мөнгө олох хэрэгтэй байна” гээд миний машинтай Анхболдын хамтаар Нисэх ороод, Нисэх дээр Анхболд нь буугаад, буцаад би Уранбилэгийн хамтаар хороолол ороод,  буцаагаад гэрт нь хүргэж өгөөд салсан.

Уранбилэгээс салах үед 17:00 цаг орчим болж байсан. Тухайн үед бол “машин гулгаад, машины хойноос мөргөлөө, ямар ч байсан төлж барагдуулна” гэж хэлж байсан.  Тэрнээс биш машин мөргөөд зугтаасан гэж хэлээгүй. Тухайн үед Уранбилэгийн машины урд гуфер хагарсан, хамар нь хонхойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 155х/,

 

9. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 16561 тоот дүгнэлтэд:

“...Б.Даариймаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

 

10. Иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 80-39 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед:

“Уг автомашин нь хойд талаараа мөргөлдсөний улмаас хойд гуфер баруун хэсэгтээ хагарч зөөлөвч хугаран, тээшний хаалга чихэгдэж сэнсэрч гажсан, баруун хойд гэрэл хагарсан, баруун хойд шанаа хунирч крыло тунарсан, тээшний панель урагдаж цүнхэл чихэгдсэн, баруун хойд лонджром хунирч гулзайсан, аккумлятор шахагдаж хагарсан, тормосны компьютер хагарсан, тээшний хуванцар хайрцаг хагарсан, баруун жижиг таг хагарсан, батерейн дээд тавцан хагарсан, тээшний шал хунирсан, баруун хойд под крыло хагарсан байдалтай байлаа.

Засварлах эд ангийн шууд зардал 885.000 төгрөг, солих эд ангийн шууд зардал 990.000 төгрөг, нийт шууд зардлын дүн 1.875.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.185.400 төгрөг” гэж тодорхойлсон “Вендо” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 2016 оны 11 сарын 21-ны өдрийн 9221 дугаартай тайлан /хэргийн 36-37х/,

 

11. “Ашид бүлгүүн” ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан:

“...Т.Уранбилэгийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 70-47 УНД улсын дугаартай, цагаан өнгийн автомашинд 1.903.000 төгрөгийн шууд хохирол, 2.173.000 төгрөгийн нийт хохирол учирсан талаархи дүгнэлт /хэргийн 45-46х/,

 

12. Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 118 тоот дүгнэлтэд:

1. 70-47 УНД дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолооч Ч.Анхболд нь Монгол Улсын ЗХД-н 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”,

- 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”,  

- 2.5а-д заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

- 2.5в-д заасан “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 80-39 УНО дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолооч Б.Даариймаа нь ЗХД-н ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Автомашины хурдыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 160-161х/,

13. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 3-5х/,

 

14. Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хэргийн 39х, 47х, 72х/,

 

15. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хэргийн 82-83х/

 

16. Шүүгдэгч Ч.Анхболдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 11 сарын 20-ны өдөр 01 цагийн орчим Яармагийн эцсийн буудал дээр байх “Бадмаараг” бааранд Уранбилэг, Отгонцэцэг нартай уулзсан. Тэгээд бид гурав тэнд караокед сууж байгаад, 02-03 цагийн орчим гараад, нэг буудал яваад хуучин эцэс дээр зочид буудалд орж, гурвуулаа хоносон юм. Тэр буудалдаа хоноод өглөө нь 10 цаг өнгөрч байхад манай танил ах Мөнхөө гэх залуу ирсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад буудлаас гараад, буудлын гадна байсан Уранбилэгийн 70-47 УНД улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг би бариад, урд суудал дээр Мөнхөө ах, жолоочийн ар талд Уранбилэг суугаад, нөгөө талд нь Отгонцэцэг суусан юм.

...ХУД-ын 6-р хороо, Яармагийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 50 гаран км/цагийн хурдтай явж байгаад урд автобус байхаар нь хажуугаар нь дараад ортол урд талд нь Т.Приус маркийн автомашин явж байсан. Тэгээд араас нь тоормос гишгээд л зогсохгүй араас нь очоод мөргөсөн юм.

Тухайн үед би жолооны үнэмлэхгүй болохоор айгаад шууд зугтаагаад яваад өгсөн. Зугтаагаад Сонсголон ороод нэг гудманд зогсож байгаад Уранбилэг Анхбаярыг дуудсан. Удаагүй Анхбаяр ирээд, Уранбилэгийн машиныг хашаанд нь аваачиж тавих гээд Отгонцэцэгийн хамтаар аваад явсан. Би Сонсголонгийн гудамнаас Уранбилэг болон мөн Уранбилэгийн дуудсан нэг найзын хамтаар машинд нь суугаад Нисэх орж буугаад үлдсэн. Уранбилэг тэр машинтай эмэгтэй найзтайгаа хороолол орно гээд явсан. Тэрнээс хойш уулзаагүй.

Тухайн үед зам халтиргаатай, цастай, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар таатай, машин тэрэгний хөдөлгөөн их талдаа байсан. Би машин барих сонирхолдоо дийлдээд л Уранбилэгийн машиныг барьсан. Уранбилэгээс зөвшөөрлийг нь авч барьсан. Намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг Уранбилэг мэдээгүй байсан. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирлоо шүүх хурлаас өмнө төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 172-175х/,

 

17. Шүүгдэгч Ү.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 11 сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Нисэхэд ажил дээрээ байж байтал манай ээжийн төрсөн ах Тулгын охин Уранбилэг над руу залгаад “машин мөргөчихлөө, машин эвдэрчихлээ” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би сайн ойлгохгүй,  “хаана байна” гэтэл би “Сонсголонд байна” гэхээр нь би “яваад очъё” гээд Нисэхээс автобусанд суугаад, 118 дугаар сургуулийн тэнд буугаад, хойшоо алхаад Сонсголонгийн 11-р гудманд очтол тэр гудманд Уранбилэг 70-47 УНД улсын дугаартай Т.Приус-20 машинтайгаа Отгонцэцэг, Анхболд нарын хамтаар байж байсан.

Тэгээд би очоод “юу болсон” гэж асуутал Уранбилэг “миний машиныг Анхболд барьж яваад мөргөөд, зугтаачихлаа, тэгээд ослын газраас зугтаагаад энд хүрээд ирлээ, одоо яана аа” гэсэн. Уранбилэг надаас “миний машиныг ХУД-н 6-р хороо, Ноосны үйлдвэрийн байр 13-36 тоотод байрлах манай гэрт аваачаад тавьчих” гэсэн. Тэгээд би тэндээс Отгонцэцэгийн хамтаар Уранбилэгийн машиныг бариад, хашаанд нь аваачиж тавиад, Нисэхийн эцэст байдаг ажил руугаа ганцаараа явсан.

Тухайн үед тэр машин байсан гудманд Уранбилэг, Анхболд хоёр тэндээ үлдээд,  харин нэг танихгүй залуу байсан, тэр залуу Отгонцэцэг бид хоёртой хамт яваад замдаа буугаад үлдсэн. Тэгээд Нисэхэд ажил дээрээ байгаад орой харих гээд ХУД-н 6-р хороо Ноосны үйлдвэрийн байр 13-36 тоот хашааны ойролцоо явж байтал Уранбилэгийн машиныг ачигч машинаар ачаад явж байсан.

Удаагүй араас нь Отгонцэцэг, Уранбилэг хоёр явган гараад ирсэн. Тэгээд Уранбилэг надад хандан “миний 70-47 УНД улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг ачаад явчихлаа, Замын цагдаагаас дуудаад байна, хамт ХУД-н Замын цагдаа оръё” гэсэн. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр очтол Уранбилэг надад хандан “чи барьсан болчихоо, би мөнгө төгрөг, хохирол гомдлыг нь бүрэн барагдуулчихна,” гээд надаас гуйхаар нь “тэгье” гээд хэлсэн.

Мөн тэр барьж явсан Анхболд гэгч нь жолооны үнэмлэх байхгүй гэсэн шалтгаанаар л надаас гуйгаад байсан. Тэгээд л би тэрнээс хойш барьсан гэж хэлсээр байгаад шүүхээр орсон юм. Шүүх дээр л бүх үнэнээ хэлсэн. Тухайн осол болох үед би байгаагүй, Анхболд гэх залуу барьж явсан байсан. Би хүнд туслах гээд л худлаа хэлсэн юм. Хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг /хэргийн 177-179х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Л.Чойжамц /хэргийн 144х/, Ч.Нарангэрэл /хэргийн 148х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67х, 188х/, Хан-Уул дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 68х/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 187х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 69х, 191х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 70х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 71х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан ба техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1. Шүүгдэгч Ч.Анхболд нь 2016 оны 11 сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн замд Тоёота Приус маркийн 70-47 УНД улсын дугаартай, Т.Уранбилэгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрснөөр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11а-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 2.1а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчиж иргэн Б.Даариймаагийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 80-39 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, шууд зардлын дүнгээр 1.875.000 төгрөгийн, нийт 2.185.400 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад,

- улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйлд заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд ... ХУД-н Цагдаагийн 2-р хэлтсийн урд замаар 2-р эгнээгээр 25 орчим км\цагийн хурдтай зөөлөн явсан. ... Гэнэт түс тас хийгээд машины жолоодлого алдагдаад зам дээр машин гулгаад тоормос гишгээд л зогссон. Тухайн үедээ хойноос машин мөргөсөн гэж мэдээгүй. Зогссоны дараа хойноос машин мөргөчихлөө гээд арын сандалд сууж явсан эрэгтэй дүү машинаас буугаад мөргөсөн машиныг зогсоох гэхэд мөргөсөн машин буцаж эргээд баруун зүг рүү зугтаагаад явсан.

Миний машинд нийт 2.185.400 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоос иргэний хариуцагч Уранбилэг 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Харин 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн баруун хойд гэрэл, 70.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хайрцаг хуванцар таг, 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хаалгыг засварлаж өгсөн. Эдгээр хохирлоо хасаад одоо би машиндаа 1.265.400 төгрөг,  мөн нуруундаа бариа хийлгэсэн 42.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 5.500 төгрөг,  нийлээд 1.312.500 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х, 143х/,

- гэрч Б.Юмжирмаагийн “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд манай дүү Даариймаа машинаа жолоодоод ээж, дүүгийнхээ хамтаар Нисэхийн спорт цогцолбор орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ дунд зэргийн хурдтай Цагдаагийн хэлтсийн урд замд явж байхад гэнэт түс хийгээд машиныг нэг машин их хүчтэй мөргөсөн. Манай эрэгтэй дүү машинаас буухад мөргөсөн машин тэр чигээрээ баруун тийшээгээ зугтаагаад явахаар нь хойноос нь машины дугаарыг нь харсан. ... Манай машиныг мөргөсөн машин цагаан өнгөтэй, Т.Приус маркийн автомашин байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

- гэрч Б.Мөнхжаргалын “...Сар, өдрийг санахгүй байна. Нисэхийн спорт цогцолбор орохоор хүүхдүүдийнхээ хамтаар, манай охин Даариймаа өөрийнхөө эзэмшлийн автомашиныг жолоодоод би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад Яармагийн замаар өдөр 12 цагийн орчимд явж байхад гэнэт түс хийгээд л явсан. Тэгтэл машин хойноос мөргөчихөөд зугтаагаад явчихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

- гэрч М.Цэрэнтогтохын “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд Даариймаа эгчийн машинд Мөнхжаргал эгч, Юмжирмаа нарын хамтаар Нисэхийн спорт цогцолбор орохоор Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 2-р эгнээгээр дунд зэргийн хурдтай явж байхад гэнэт хойноос хүчтэй машин мөргөсөн. ... Мөргөсөн машиныг буугаад харах гэхэд нөгөө машин шууд хөдлөөд баруун тийшээгээ зугатаад явсан. ... Манайхыг мөргөсөн машин цагаан өнгийн Т.Приус маркийн, эрэгтэй жолоочтой автомашин байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

- гэрч Т.Уранбилэгийн: “...2016 оны 11 сарын 19-ний өдөр 19 цагийн орчим найз Наранцэцэг, Отгонцэцэг нартай Яармагийн эцэс дээр уулзсан юм. ... Тэгээд Отгонцэцэг, Анхболд бид 3 тэнд караокед сууж байгаад тэндээс 02 цагийн орчим гараад Яармагийн хуучин эцэс дээр очоод буудалд орж 3-лаа хоносон. Маргааш нь ... 11 цаг өнгөрч байхад гараад буудлын гадаа байсан миний 70-47 УНД Т.Приус маркийн автомашиныг Анхболд бариад урд суудал дээр Мөнхөө гэх ах суугаад жолоочийн ар талд би суугаад Отгонцэцэг миний зүүн талд суусан. Тэгээд хоол олж идэх санаатай ХУД-н 6-р хороо Яармагийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 1-р эгнээгээр 40-50 орчим км/цагийн хурдтай явж байгаад, урд явж байсан автобус тойроод 2 дугаар эгнээ рүү ортол урдаа явсан цагаан өнгийн Т.Приус маркийн автомашины араас гулгаж очоод мөргөсөн. Тэгээд нөгөө мөргүүлсэн машин урагшаа халтираад явсан, харин манай машин халтираад зам дээр бүтэн эргээд 3 дугаар эгнээнд зогссон. Тэгтэл Анхболд “надад жолоочийн үнэмлэх байхгүй, даатгал байхгүй явъя” гээд ослын газраас явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 149-150х/,

- гэрч Г.Отгонцэцэгийн:  “...2016 оны 11 сарын 19-ний өдөр 19 цагийн орчим найз Наранцэцэгтэй явж байгаад Уранбилэгтэй Яармагийн эцэс дээр уулзсан. Тэгээд бид 3 Яармагийн эцсийн буудал дээр бааранд орсон. Тэгээд тэнд сууж байгаад 24 цагийн орчим Наранцэцэг гэр лүүгээ явсан юм. Тэгээд байж байтал шөнийн 01-02 цагийн орчим Анхболд ирсэн, Анхболдыг дуудсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд бид 3 тэнд караокед сууж байгаад тэндээс гараад нэг буудалд орж 3-лаа хоносон. ...тэгээд тэр буудалдаа хоноод ... 11 цаг өнгөрч байхад гараад, буудлын гадаа байсан Уранбилэгийн 70-47 УНД улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг Анхболд бариад ... ХУД-н 6-р хороо Яармагийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал Анхболд халтиргаатай зам дээр гулгаад урдаа явж байсан Т.Приус маркийн автомашины араас мөргөсөн. Тэгээд л шууд зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 152-153х/,        

-  Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 118 тоот дүгнэлтэд:

1. 70-47 УНД дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолооч Ч.Анхболд нь Монгол Улсын ЗХД-н 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”,

- 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 

- 2.5а-д заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

- 2.5в-д заасан “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 80-39 УНО дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолооч Б.Даариймаа нь ЗХД-н ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Автомашины хурдыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 160-161х/,

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 3-5х/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 80-39 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед:

“Уг автомашин нь хойд талаараа мөргөлдсөний улмаас хойд гуфер баруун хэсэгтээ хагарч зөөлөвч хугаран, тээшний хаалга чихэгдэж сэнсэрч гажсан, баруун хойд гэрэл хагарсан, баруун хойд шанаа хунирч крыло тунирсан, тээшний панель урагдаж цүнхэл чихэгдсэн, баруун хойд лонджром хунирч гулзайсан, аккумлятор шахагдаж хагарсан, тоормосны компьютер хагарсан, тээшний хуванцар хайрцаг хагарсан, баруун жижиг таг хагарсан, батерейн дээд тавцан хагарсан, тээшний шал хунирсан, баруун хойд под крыло хагарсан байдалтай байлаа.

Засварлах эд ангийн шууд зардал 885.000 төгрөг, солих эд ангийн шууд зардал 990.000 төгрөг, нийт шууд зардлын дүн 1.875.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.185.400 төгрөг” гэж тодорхойлсон 2016 оны 11 сарын 21-ны өдрийн “Вендо” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 9221 дугаартай тайлан /хэргийн 36-37х/, шүүгдэгч Ч.Анхболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Анхболдын зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрыг орхиж зугтаасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “...Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан байх ба Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул Ч.Анхболдыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Т.Уранбилэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Ч.Анхболдод, түүний гуйснаар өөрийн автомашиныг жолоодохыг зөвшөөрч, жолоогоо шилжүүлж замын хөдөлгөөнд оролцуулсан зохих буруутай байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож шалгасан боловч дээрх зам тээврийн осол зөрчлийн улмаас иргэн Б.Даариймаагийн эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол /шууд 1.875.000 төгрөг, нийт 2.185.400 төгрөг/ учирсан, бусдын бие махбодид учирсан гэмтэл бэртэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Т.Уранбилэгийн жолоогоо бусдад шилжүүлсэн үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан хор уршиг учраагүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 80-39 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн осол зөрчлийн улмаас хойд гуфер баруун хэсэгтээ хагарч зөөлөвч хугаран, тээшний хаалга чихэгдэж сэнсэрч гажсан, баруун хойд гэрэл хагарсан, баруун хойд шанаа хунирч крыло тунарсан, тээшний панель урагдаж цүнхэл чихэгдсэн, баруун хойд лонджром хунирч гулзайсан, аккумлятор шахагдаж хагарсан, тормосны компьютер хагарсан, тээшний хуванцар хайрцаг хагарсан, баруун жижиг таг хагарсан, батрейн дээд тавцан хагарсан, тээшний шал хунирсан, баруун хойд под крыло хагарсан эвдрэл гэмтэл учирч, уг эвдрэл гэмтлийг засан сайжруулах, ашиглах боломжгүй эд ангийг солих зэргээр учирсан хохирлыг хэмжээг “Вендо” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 2016 оны 11 сарын 21-ны өдрийн 9221 дугаартай тайланд  /хэргийн 36-37х/ тодорхойлсон үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.185.400 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч нь өөрөө томилсон,  өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тул иргэний хариуцагч Т.Уранбилэг нь иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.  

 

Иргэний нэхэмжлэгч Б.Даариймааг итгэмжлэлээр төлөөлж шүүх хуралдаанд оролцсон П.Цогттулгад иргэний нэхэмжлэгчийн хэрэгт гаргасан нэхэмжлэлийг дэмжих, эсхүл татгалзах эрхтэйгээр оролцох бүрэн эрхийг олгосон байх тул мөрдөн байцаалтын шатанд Б.Даариймааг иргэний нэхэмжлэгчээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин байцаахад /хэргийн 143х/ тэрээр “...Миний машинд нийт 2.185.400 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоос иргэний хариуцагч Уранбилэг 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Харин 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн баруун хойд гэрэл, 70.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хайрцаг хуванцар таг, 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хаалгыг засварлаж өгсөн. Эдгээр хохирлоо хасаад одоо би машиндаа 1.265.400 төгрөг,  мөн нуруундаа бариа хийлгэсэн 42.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 5.500 төгрөг, нийлээд 1.312.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх нэхэмжлэл гаргасан тул шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн гаргасан нэхэмжлэлээр шаардаагүй ломбардны зээлийн хүү, аккумляторын үнийн зөрүү, оношилгооны төлбөр, машин угаалгын төлбөр зэргийг гаргуулна гэх шаардлага, мөн дээрх зам тээврийн осол зөрчлийн улмаас “Б.Даариймаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 35х/ гарсан тул бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэх 42.000 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн 5.500 төгрөг,  автомашинд учирсан хохирлоос үлдэх 1.265.400 төгрөг /нийт учирсан хохирлын дүн 2.185.400 төгрөгөөс Уранбилэгийн бэлнээр төлсөн 500.000 төгрөг, мөн засварласан эд ангийн 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн баруун хойд гэрэл, 70.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хайрцаг хуванцар таг, 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээшний хаалганы үнийн тус тус хасч тооцсон/, бүгд 1.270.900 төгрөгийг иргэний хариуцагч Т.Уранбилэгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Даариймаад олгох үндэслэлтэй байна.  

 

2016 оны 12 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор /хэргийн 82х/ битүүмжлэгдсэн иргэний хариуцагч Т.Уранбилэгийн эзэмшлийн Т.Приус маркийн 70-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгах албанд шилжүүлж, иргэний хариуцагч Т.Уранбилэг нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээд Ч.Анхболдоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шаардан нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Ч.Анхболд урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 191х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн  хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа  үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.      

 

2. Шүүгдэгч Ү.Анхбаяр нь хамаатан садангийн холбоотой Т.Уранбилэгийн гуйлт, ятгалгад автаж  “Ч.Анхболд нь 2016 оны 11 сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн замд Тоёота Приус маркийн 70-47 УНД улсын дугаартай, Т.Уранбилэгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтуудыг зөрчиж иргэн Б.Даариймаагийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 80-39 УНО улсын дугаартай автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрын орхиж зугтаасан” хэргийг өөрөө үйлдсэн гэж хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэрч Л.Оюунтуулын: “...2016 оны 11 сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Анхбаярын дэлгүүр дээр байж байтал утсаар яриад “эгч машин барьж яваад машин мөргөсөн гэнэ,  би яаралтай очлоо” гээд гарсан юм. ...Дараа нь сонсох нээ эгч нь машин барьж яваад осол хийсэн байсан, харин Анхбаяр тэр машиныг нь барьж явсан гээд худлаа мэдүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 146х/,

- гэрч Т.Уранбилэгийн: “...Тэгээд ХУД-н цагдаа дээр ирээд машиныг Анхбаяр барьсан гэж хэлсэн. Хамгийн гол нь Анхболд надаас гуйгаад, найз нь төлбөрийг нь төлөөд өгнө, чи барьсан гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд л би Анхболдыг бодоод  Анхбаярыг машин барьсан гээд хэлчихсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 149-150х/,

- гэрч Г.Отгонцэцэгийн “...ХУД-н 6-р хороо Яармагийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал Анхболд халтиргаатай зам дээр гулгаад урдаа явж байсан Т.Приус маркийн автомашины араас мөргөсөн, тэгээд л шууд зугтаагаад явсан.

...ХУД-н цагдаа дээр ирээд “машиныг Анхбаяр барьсан” гэж хэлсэн. ...Уранбилэг надаас “нөхөр мэдчихнэ, гэр бүлийн асуудалтай болно, Анхбаярыг барьж явсан гэж хэлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь би цагдаад “Анхбаярыг барьж явсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 152-153х/,

- гэрч Г.Дэнсмаагийн “...утсаар ярьсан газар нь очиход Уранбилэгийн 70-47 УНД улсын дугаартай цагаан өнгийн Т.Приус-20 маркийн машинтай жолоон дээр нь Анхболд гэх залуу суусан, урд суудал дээр нь Уранбилэг суусан, харин арын суудал дээр нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй суусан байсан. Тэр хүмүүс халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 155х/,

- шүүгдэгч Ү.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэээр тооцож мэдүүлэг авсан тэмдэглэл болон яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хэргийн 62-65х/,  

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 121-131х/ болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Ү.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.     

 

Шүүгдэгч Ү.Анхбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 69х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дүгээр зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Анхбаярт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлин 72.1.1-т зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариулагаас чөлөөлөх санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах ба шүүгдэгч Ү.Анхбаяр нь 2016 оны 11 сарын 20-ны өдөр 70-47 УНД улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан гэж Хан-Уул дүүргийн ЗЦТ-т өргөдөл, тайлбар анх өгсөн /хэргийн 9-10х/ 2016 оны 11 сарын 21-ны өдрөөс хугацааг тоолоход 6 сарын хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

 

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж дүгнэн эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зохицуулжээ.

 

Иймд шүүгдэгч Ү.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.   

 

Энэ хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Анхболд, Ү.Анхбаяр нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэг, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 291, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                      

                                                          ТОГТООХ нь:

 

1. Бэсүд овогт Үйтүмэнгийн Анхбаярыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэм буруутайд,

- Боржигон овогт Чойжамцын Анхболдыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ү.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Ч.Анхболдыг 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар  Ч.Анхболдод оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 6-р хороо, Ноосны үйлдвэрийн 13-36 тоотод оршин суух, /НҮН 4-8 тоот хаягт бүртгэлтэй/ РД:УЗ89080803, Тайхар чулуу овогт Тулгын Уранбилэгээс 1.270.900 /нэг сая хоёр зуун далан мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 101-15 тоотод оршин суух, /РД:ШУ88090101/ Их Монгол овогт Баасанхүүгийн Даариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний хариуцагч Т.Уранбилэгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 70-47 улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн хохирол нөхөн төлөхөд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хариуцагч Т.Уранбилэг нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шаардан нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Энэ хэрэгт Ү.Анхбаяр, Ч.Анхболд нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ч.Анхболдод урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Анхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ү.Анхбаярт авсан бусдын даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД