| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2019/00124/И |
| Дугаар | 154/ШШ2019/00148 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 154/ШШ2019/00148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 5 дугаар хороолол, 21-13 тоотод байрлах, Эн Пи Петролиум ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт байрлах Үенчбат Хаан ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20640417 /хорин сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, Г.Болоршүр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Насанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эн Пи Петролиум ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эн Пи Петролиум ХХК нь анх 2014 онд Талын Харгуй ХХК нэртэйгээр үүсэн байгуулагдсан ба 2018 оны 07 сарын 30-ны өдөр оноосон нэрийг Эн Пи Петролиум ХХК болгон өөрчилсөн. Ийнхүү оноосон нэр өөрчлөгдөхөөс өмнө буюу 2018 оны 03 сарын 29-ний өдөр Үенчбат Хаан ХХК-тэй Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 3.2-т Талууд сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба Худалдан авагч нь тухайн сард зээлээр авсан барааны төлбөрийг дараа сарын 5-ны дотор Хас банкин дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу Худалдагчид бэлнээр төлнө гэж заасан. Мөн гэрээгээр тухайн сард нийлүүлэх түлшний үнийг тогтоож байхаар харилцан тохирсон. Энэхүү тохиролцооны хүрээнд: 2018 оны 7-р сард нийт 2,000,000 /хоёр сая/ төгрөг, 2018 оны 8-р сард нийт 35,100,000 /гучин таван сая нэг зуун мянган/ төгрөг, 2018 оны 9-р сард нийт 5,000,000 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн билээ. Энэ нь талуудын тооцоо нийлсэн акт болон түлш хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдоно. Мөн тухайн сарын 15, 30-аар тасалбар болгон тооцоо нийлж акт үйлдэх ба Худалдан авагч нь тухайн сард зээлээр авсан барааны төлбөрийг дараа сарын 5-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Манай компанийн зүгээс хугацаа өгч төлбөрийг барагдуулах албан бичгүүдийг хүргүүлж, утсаар байнга холбогдож байсан боловч Үенчбат Хаан ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа тул гэрээг цуцалж, шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бидний хооронд байгуулсан №2018/10 тоот гэрээний 3.3-т төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алдангийг худалдагчид төлнө, 10.1-т гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шаалтгаалан нэг талын санаачлагаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээхээр тохирсон. Иймд гэрээний үндсэн төлбөрт 20,640,417 /хорин сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн алдангид 11,211,269 /арван нэгэн сая хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун жаран ес/ төгрөг, хүү 3,931,176 /гурван сая есөн зуун гучин нэг, нэг зуун далан зургаан/ төгрөг, тээврийн зардал 222,222 /хоёр зуун хорин хоёр мянга хоёр зуун хорин хоёр/ нийт 20,640,417 /хорин сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт Үенчбат Хаан ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Талын харгуй ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Үенч Батхаан ХХК тай нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах 2018/10 дугаартай гэрээг байгуулан ажилласан. 2018 оны 07 сарын 30-ны өдөр компаний тухай хуулийн дагуу оноосон нэрээ өөрчлөн Эн Пи Петролиум ХХК болон оноосон нэрээ өөрчилсөн. 2018 оны 04 дүгээр сарын 01 нээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны хооронд Үенч Батхаан ХХК-д 49.875.750 төгрөгний нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд 49.812.750 төгрөгний нефтийн бүтээгдэхүүнийг гэрээний дагуу 05 сарын 15-ны өдөр төлөх үүрэгтэй байсан. Гэвч тухайн гэрээнд тусгасан үүргээ биелүүлээгүй. Төлсөн дүн нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр 2 сая төгрөг төлсөн. 2018 оны 08 сарын 02-ны өдөр манайх нийлүүлсэн шатахуунаа буцааж авсан. 18 тонн буюу 18 мянган литр түлшийг тухайн үеийн ханшаар тооцож авсан. 2018 оны 09 сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 12 сарын 14 өдөр 1.000.000т төгрөг, 2019 оны 01 сарын 04 өдөр 500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-нд 1.000.000 төгрөг нийт 44.600.000 төгрөгний төлөлт хийгдсэн. Үүнээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5.275.750 төгрөг төлсөн байна. Нийт 49.875.750 төгрөг буюу үндсэн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 18 тн түлшийг Үенч Батхаан ХХК-аас манай компани руу тээвэрлэхэд тээвэрлэлтийн зардал гарсан энэ нь 222.222 төгрөг. Манай компаний зүгээс Үенч Батхаан ХХК-д удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх албан бичиг хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймээс 2018 оны 05 сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 сарын 30 өдөр хүртэл алданг тооцсон. Энэ хугацааны алданг нь 11.211.269 төгрөг байгаа. Гэрээний үнийн дүнгийн хүү тооцохоор гэрээнд заасан. Үүний дагуу 3.931.976 төгрөгний хүү, нийт 15.364.667 төгрөгийг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт гэрээний хүү алданги тооцсон хуулбарыг хавсаргасан байгаа гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Насанжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ хийсэн нь үнэн. Түлшээ яаралтай авмаар байна гэхээр түлшээ явуулахгүй байсан. Тэгээд өөр компаниас шатахуунаа татсан. Үүний дараа би Цолмон гэх хүнд би шатахуун танайхаас авахааргүй болсон гэдгээ хэлсэн. Гэтэл 2-3 хоногийн дараа танайх руу түлш ачсан, 20 тонн шатахуун хадгалж байгаа ч гэсэн санал тавьсан, тэгэхээр нь би хадгалах бол болно гээд хүлээж авсан. Тухайн үед нүүрсний тээвэрлэлт зогссон байсан тул түлш борлохгүй байсан. 3 сарын дараа Цолмон яриад түлшний төлбөрөө нэхсэн. Би хадгална гэж ойлгосон гэж хэлсэн боловч гэрээ хийсэн учраас болохгүй байсан. Тэгээд түлшийг буцааж ачуулсан. Одоо үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах үед гүйцэтгээгүй байсан үнийн дүнгийн 50 хувиар тооцон, тээврийн зардал 222,222 төгрөг, нийт 2860097 төгрөгийг төлнө, хүү, алданги багасгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Эн Пи Петролиум ХХКний нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Насанжаргалын шүүхэд гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эн Пи Петролиум ХХК нь хариуцагч Үенчбат Хаан ХХК -д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 5.275.750 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн алдангид 11,211,269 төгрөг, хүү 3,931,176 төгрөг, тээврийн зардал 222,222 төгрөг, нийт 20,640,417 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигч талууд ...нэхэмжлэгч нь нефтийн бүтээгдэхүүнийг хариуцагч Үенчбат хаан ХХК -д нийлүүлж, хариуцагч нь бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаанд нэхэмжлэгч Эн Пи Петролиум ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгчээс анхны шаардлагаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 5.275.750 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн алдангид 11,211,269 төгрөг, хүү 3,931,176 төгрөг, тээврийн зардал 222,222 төгрөг, нийт 20,640,417 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцон төлбөрийн хугацаа хэтрүүлсэн алдангид 11,211,269 төгрөг, хүү 3,931,176 төгрөг, тээврийн зардал 222,222 төгрөг, нийт 15,364,667 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2018/10 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээгээр Эн Пи Петролиум ХХК нь Үенчбат Хаан ХХК-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч тал түүнийг борлуулах зорилготой харилцан тохиролцсон байна.
Эн Пи Петролиум ХХК нь гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 01 нээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 49.812.750 төгрөгний үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг шилжүүлсэн байх ба Үенчбат хаан ХХК 2019 оны 03 дугаар сарын 19- ний дотор 44.600.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5.275.750 төгрөг, нийт 49.875.750 төгрөгийн үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Ийнхүү Үенчбат Хаан ХХК худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг буцаан төлөхдөө 2018 оны 04 дүгээр сард авсан бүтээгдэхүүний үнийг гэрээгээр тохирсон 30 хоногийн хугацаанд төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлж төлсний улмаас төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хүү, алданги төлөх үүрэгтэй болжээ. Энэ нь хэрэгт авагдсан Үенчбат хаан ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2860097 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Үенчбат хаан ХХК нь Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багт байрлах Мо Эн Ко ХХК-ний нүүрс тээвэрлэлтийн компаниудын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан ба гэрээний хугацаанд Мо Эн Ко ХХК-ний нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь зогсож, улмаар борлогдоогүй 18 тонн нефтийн бүтээгдэхүүнийг Эн Пи Петролиум ХХК буцаан авсан байна.
Иймд шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2860097 төгрөгний шаардлага болон гэрээний 3.3, 3.4 дэх хэсэгт заасан хүү, алдангийг төлүүлэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн төлбөр төлөх чадвар, үйл ажиллагаа явуулахгүй байгаа, үндсэн үүргийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан зээлийн хүү, алдангийг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 2860097 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь хуульд болон зохигчийн эрх ашигт харшлахгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Үенчбат Хаан ХХК-иас 60712 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Эн Пи Петролиум ХХК -д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтуудад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар Үенчбат хаан ХХК-иас 2.860.097 /хоёр сая найман зуун жаран мянга ерэн долоо/ төгрөгийг гаргуулан Эн Пи Петролиум ХХК-д олгож, үлдэх 12.504.570 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үенчбат хаан ХХК-иас 60712 /жаран мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эн Пи Петролиум ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ