| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2020/00430/И |
| Дугаар | 133/ШШ2020/00549 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 133/ШШ2020/00549
| 2020 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 133/ШШ2020/00549 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ц.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д-д холбогдох,
авто машиныг ашиглах хугацаандаа өнгө үзэмжийг муутгаж гадна арьс урагдсан, аккумлятор, доторлогоо байхгүй, дугуйнууд муудсан, хажуугаар нь юм мөргүүлсэн, купр хагарч зурагдсан зэрэг засварт 4.000.000 төгрөг, миний ашиг орлого олох 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Д нь 2019 оны 10 дугаар сард Ц нь Г.Д-д .... УНР улсын дугаартай истана суудлын авто машиныг 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр зээлээр худалдахаар болж 2019 оны 10 дугаар сард хавар мөнгийг нь өгөхөөр тохиролцож зарсан юм. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 30-нд машиныг буцааж ав гэсэн. 2019 оны 10 сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд миний автомашиныг ашиглаж байгаад буцааж өгсөн.Ц.Д миний бие 04 дүгээр сарын 29-нд Г.Д-тай очиж уулзаад маргааш нь буюу 04 дүгээр сарын 30-нд ноостой 20 ямаа өгөхөөр болж маргааш нь очиход мал өгч чадахгүй машинаа аваад яв, 10 борлон аваад яв, тэгэхгүй бол өөр юм өгөхгүй гэсэн. Миний машиныг ашиглах хугацаандаа өнгө үзэмжийг муутгаж гадна арьс урагдсан, аккумлятор, доторлогоо байхгүй, дугуйнууд муудсан, хажуугаар нь юм мөргүүлсэн, купр хагарч зурагдсан зэрэг засварт 4.000.000 төгрөг, миний ашиг орлого олох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Намайг хэл амаар доромжилж чи надаас олж долоохгүй, шүүх цагдаадаа өг. Тэрнээс чинь айх зүйл байхгүй гэж хэлж байна гэв.
Хариуцагч Г.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Машиныг нь аваад ноолуурын мөнгөөр төлөх байсан боловч ноолуур үнэ ханш унасан. Нэхэмжлэгчид ноолуур унасан тул үнэ мөнгийг төлж чадахгүй юм байна. Машиныг чинь эвдэлж, хэмхлээгүй гэж хэлсэн. Намайг авахад гупер нь зурагдсан, 4 дугуй нь халзан, хагархай, доод арьс нь ханзарсан, арам нь зэвтэй машин байсан. Би машиныг зурж сэв суулгаагүй. Яг байгаагаар нь өгсөн. Би огт тээвэрт яваагүй. Би 3 жоохон хүүхэдтэй. Машинаар 2 удаа сумд очсон. 3 удаа гэрээ нүүлгэсэн. Гэрийн гадаа л байж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.Д нь Г.Д-д холбогдуулан авто машиныг ашиглах хугацаандаа өнгө үзэмжийг муутгаж гадна арьс урагдсан, аккумлятор, доторлогоо байхгүй, дугуйнууд муудсан, хажуугаар нь юм мөргүүлсэн, купр хагарч зурагдсан зэрэг засварт 4.000.000 төгрөг, миний ашиг орлого олох 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Д нь ...Машиныг нь аваад ноолуурын мөнгөөр төлөх байсан боловч ноолуур үнэ ханш унасан. Нэхэмжлэгчид ноолуур унасан тул үнэ мөнгийг төлж чадахгүй юм байна. Машиныг чинь эвдэлж, хэмхлээгүй гэж хэлсэн. Намайг авахад гупер нь зурагдсан, 4 дугуй нь халзан, хагархай, доод арьс нь ханзарсан, арам нь зэвтэй машин байсан. Би машиныг зурж сэв суулгаагүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Д нь шүүх хуралдаанд 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр зээлээр худалдахаар болж 2019 оны 10 дугаар сард хавар мөнгийг нь өгөхөөр тохиролцож зарсан гэж тайлбарлаж байх бөгөөд талууд энэ талаар маргадаггүй болно.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд эрх зүйн дүгнэлт хийхэд авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж хуульд заасан ба гэрээний хэлбэрийн энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ байгуулсан гэж үзэх боловч худалдан авагч хүү төлөхгүй, худалдан авсан эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой бөгөөд маргааны талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар маргадаггүй болно.
Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд тооцох нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Д нь шүүх хуралдаанд Машиныг нь аваад ноолуурын мөнгөөр төлөх байсан боловч ноолуур үнэ ханш унасан. Нэхэмжлэгчид ноолуур унасан тул үнэ мөнгийг төлж чадахгүй юм байна гээд буцаасан гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.Д нь машины үнийг төлж чадахгүй гэх үндэслэлээр гэрээний зүйл болох авто машиныг буцааж өгсөнөөр Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д 264.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний тусгай зохицуулалтад буюу Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд уг гэрээ хэвээр үйлчилж байх үеийн худалдагчийн эрхийг тодорхойлсон байна. Харин тухайн гэрээнээс татгалзсан үеийн үр дагаврыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгай зохицуулалтад тусгаагүй байх тул хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэхээр байна.
Хариуцагч Г.Д нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн буюу гэрээнээс татгалзах талаар маргаангүй байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан эсэхийг авч үзэх шаардлагагүй юм.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардах эрх үүссэн байх ба нэхэмжлэгч гэрээний үүрэг бус гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардаж байх тул гурван жил буюу гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.
Нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардсан тохиолдолд 205.2.3-д заасны дагуу үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн... бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх, эсхүл тухайн авто машины эвдрэл гэмтлийг засварлуулсны дараа гарсан зардлыг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлахад:
Нэхэмжлэгч Ц.Д нь шүүх хуралдаанд машиныг ашиглах хугацаандаа өнгө үзэмжийг муутгаж гадна арьс урагдсан, аккумлятор, доторлогоо байхгүй, дугуйнууд муудсан, хажуугаар нь юм мөргүүлсэн, купр хагарч зурагдсан гэж тайлбарлаж, гэрэл зургуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн эвдрэл гэмтэл нь хариуцагчийн буруугаас болсныг, уг эвдрэл нь анх байснаас ямар байдлаар гэмтсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Мөн нэхэмжлэгч Ц.Д нь миний ашиг орлого олох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Г.Д-с авто машины эвдрэл гэмтэл, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд ашигласны төлбөр болох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн хариуцагч Г.Д-с авто машиныг ашиглах хугацаандаа өнгө үзэмжийг муутгаж гадна арьс урагдсан, аккумлятор, доторлогоо байхгүй, дугуйнууд муудсан, хажуугаар нь юм мөргүүлсэн, купр хагарч зурагдсан зэрэг засварт 4.000.000 төгрөг, миний ашиг орлого олох 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ