Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1427

 

2024         12          20                                     2024/ШЦТ/1427

 

                       

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Ц.Чингүүн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтТ овогт Жийн  Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 02418 2730 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ............. дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, охин, хүргэн, зээ нарын хамт Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Тайж овогт Жийн С /РД:..................  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .................... талбайд болсон нийтийн арга хэмжээний үеэр тайзан дээр цэнэглэж үлдээсэн байсан насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн Самсунг галакси А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би энэ утсыг олсон нь үнэн. Гэхдээ намайг гар утас олох үед талбай дээр ямар ч хүмүүс байхгүй байсан. Би охин, 2 зээтэйгээ байсан. Тухайн гар утсыг өгөхдөө хэргээ хүлээж байна гэж хэлсэн. Намайг яагаад гар утсыг хулгайлсан, нуун дарагдуулсан гэж байгааг ойлгохгүй байна. Би 30 жил боловсролын байгууллагад багшаар ажиллаж байсан. Би гомдолтой байна. Камерыг нь дахин шүүж өгнө үү” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7-8 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн өгсөн:  “...2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагаас Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Ж... ын талбай дээр сайн дурын оролцооны байгууллагуудын зохион байгуулсан арга хэмжээнд би оролцож байгаад 15 цаг 40 минутын үед би зассан байсан тайзан дээр өөрийн гар утсыг цэнэглэж үлдээгээд юм цэвэрлэж янзлаад явж байгаад 10 орчим минутын дараа буцаад утсаа авахаар ирсэн чинь утас маань алга болсон байсан. Тайзан дээр дижи хийж байсан гурван хүн байсан, тэр гурван хүний хажууд сандал дээр цэнэглээд үлдээсэн. Жанжин клубээс хариуцаж ирсэн гээд нэг багш харж байхад нь утсаа цэнэглээд үлдээсэн юм. Тухайн үед арга хэмжээ зохион байгуулсан том хүмүүс хүүхдүүдийг “юмнуудаа аваарай” гэж хэлж байсан. Би эргэж очих үед миний гар утасны байсан газарт хүн байгаагүй. Бүгд хог цэвэрлэхээр явсан байсан. Тайз нь Ж... ын хөшөөний яг зүүн талд байрлаж байсан. Дижи-гийн юмнууд нь тайзан дээр байрлаж байсан. Утас руугаа залгаж үзэхэд эхлээд тасалж байгаад сүүлдээ холбогдохоо больчихсон. ...Миний алдсан гар утас нь Самсунг галакси А33 загварын, цэнхэр өнгөтэй, өнгөгүй ард талдаа бамбаруушийн зурагтай кэйстэй, 2023 оны 6 дугаар сард Техно зонэ төвөөс 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан.Имэй код нь 35.......... , 35................... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн БЗД2-24-1735 дугаартай “Самсунг галакси А33 загварын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ 375,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 46-51 дэх тал/,

Гэрч Б.Бгийн өгсөн:  “...95359161 утасны дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. 2024 оны 5 дугаар сарын эхээр манай эхнэр Бгийн төрсөн эгч С Улаанбаатар хотоос надад Самсунг А33 загварын гар утсыг С гэх хүнээр өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/,

Гэрч Ж.Бгийн өгсөн: “...80............ утасны дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. 2024 оны 5 дугаар сарын эхээр манай төрсөн эгч С Улаанбаатар хотоос Самсунг АЗЗ загварын гар утсыг С гэх хүнээр өгч явуулсан. Тэгээд би гар утсанд сэргээлгэсэн дугаараа хийж үзтэл интернэт орохгүй болохоор нь нөхөртөө өгсөн. ...Тэгээд би тус гар утсанд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дугаараа хийж ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дэх тал/,

 Мобиком корпорац ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/4383 дугаартай “Танай 30ж3-1/2233 тоот албан бичгийн дагуy 35............ IMEI кодтой утсанд ашигласан 95359161 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Хавсралт: Б Б,.................. ” гэх албан бичиг /хх-ийн 24-25 дахь тал/,

Юнител ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12-01/4353 дугаартай “35.............. болон 35............ имэй кодтой утсанд 80............ дугаарыг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хийж ашигласан байна. 80............ Ж Б, ................. ,.............................. ” гэх албан бичиг /хх-ийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч *******  нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж... ын талбайд болсон арга хэмжээний үед насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн Самсунг галакси A33 загварын гар утсыг хулгайлан 375,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж... ын талбайд болсон нийтийн арга хэмжээний үеэр тайзан дээр цэнэглэж үлдээсэн байсан насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн Самсунг галакси А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж... ын талбайд болсон нийтийн арга хэмжээний үеэр тайзан дээр цэнэглэж үлдээсэн байсан насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн Самсунг галакси А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 8, 129, 168/

Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх 40-43/,

Гэрч Б.Бгийн өгсөн:  “манай эхнэр Бгийн төрсөн эгч С Улаанбаатар хотоос надад Самсунг А33 загварын гар утсыг С гэх хүнээр өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Ж.Б-ийн өгсөн: “манай төрсөн эгч С Улаанбаатар хотоос Самсунг АЗЗ загварын гар утсыг С гэх хүнээр өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх 41/,

2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх 46-49/

 “Хяналтын камерын талаар тодруулахад нэгдсэн байдлаар ашиглалтад орно, одоогоор сүлжээнд холбогдоогүй байгаа болно” мөрдөгчийн тэмдэглэл /хх 28/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  

Насанд хүрээгүй хохирогч нь гар утсаа биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс болон өөрийн ажил хөдөлмөр эрхэлдэг газар хүртэл нь хязгаарлалт тогтоолгох саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлтийг гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг, Сүхбаатар дүүрэгт ажилладаг байдлыг харгалзан хязгаарлалтыг тогтоосон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. ШүүгдэгчТ овогт Жийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА