| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0228/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/229 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/229
2024/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: З.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Згийн Год холбогдох эрүүгийн 2412000000217 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Згийн Г/РД:А........./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412000000217 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн:
“...З.Г нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Архангай аймгийн Ө сумын А багийн нутгийн Н гэх газраас ганцаараа 7 ширхэг ургаа шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн, ..........улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Ө сумын төв рүү тээвэрлэн ойн санд 2.515.373 төгрөгийн хохирол учруулсан байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 дүгээр тал/
*Гэрч Т.Тын өгсөн:
“...Би 3 жилийн өмнө буюу 2021 оны өөрийн өмчийн ..........улсын дугаартай Сэрэс маркийн тээврийн хэрэгслийг 1.5 сая төгрөгөөр зарж байсан. Бид Архангай аймгийн төв рүү хамт орох ажил огт гарахгүй байгаа болохоор тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж чадаагүй байна. Би тухайн үед бэлэн 1.5 сая төгрөгөөр авч байсан. Миний машин эвдрэл ихтэй муу машин байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/
*Яллагдагч З.Гын өгсөн:
“...Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгаль хамгаалагч А..с мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж 2024 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Архангай аймгийн Ө сумын А багийн Н гэх ойд ганцаараа орж цахилгаан хөрөөгөөр 7 ширхэг босоо модыг унагаж 4 метр хэмжээтэй тайралт хийн 30 ширхэг дүнз модыг бэлтгэж 08 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын төв рүү тээвэрлэн авч ирсэн. Би байшин барих зорилгоор мод бэлтгэсэн. 7 ширхэг босоо мод унагасан. 47 ширхэг палк модыг бэлтгэсэн байсан. Сүүлд үзлэг хийхэд 2024 оны 07 сарын 29, 30-ны өдрүүдэд бэлтгээд 8 дугаар сарын 01-ний өдөр сумын төв рүү тээвэрлэсэн. Галын түлээндээ дандаа унанги мод бэлтгэдэг. Миний өмчийн тээврийн хэрэгсэл байгаа, Тариат сумын гаралтай Т.Т гэх хүнээс шилжүүлж аваагүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.гийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 60 дугаартай: “...Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад ...нарсны овгийн ... Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй модны тойргийн диаметрийн хэмжээг тогтоох боломжгүй байна. Модонд үзлэг хийсэн хэмжилтийг ашиглан 47 ширхэг модны метр кубын хэмжээг MNS 2379:2010 стандартын арга ашиглан бодоход 4x1.11x0.73=3.24м3 байна. Шинжлэгдэж буй модны босоо, унанги хэсгийг тогтоох боломжгүй ба модны чийг тодорхойлох багажаар шинжлэхэд 9.1% чийгтэй хуурай мод байна. Шинжлэгдэж буй мод нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд”-ын 2020 оны А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцоход экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 2.515.373 төгрөг байна...” гэх дүгнэлт/хх-н 27-28 дугаар тал/,
*Шинжээч А.Бн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний 55 дугаартай:
“...2000 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 12 сард Монгол улсад орж ирсэн Серес маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 60.000/жаран мянга/ төгрөгөөр, 3.24 шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай модны үнэ 464.200/дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 76 дугаар тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 3-8 дугаар тал/
*Тээврийн хэрэгсэл болон палк моднуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 9-17 дугаар тал/
* АРА 24025062 дугаартай, 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд, Архангай аймгийн Ө сумын А багийн нутаг, Н гэх газраас ойн цэвэрлэгээний ажлын зориулалтаар 10м3 шинэс төрлийн, “унанги” мод бэлтгэн, тээвэрлэх эрхийн бичиг /хх-ийн 31 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд, Архангай аймгийн Ө сумын А багийн нутаг дэвсгэр дэх Н гэх газраас ойн цэвэрлэгээний ажлын зориулалтаар унанги мод бэлтгэн, тээвэрлэх эрхийн бичиг авсан боловч уг эрхийн бичигт заасны дагуу бус, 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд 7 ширхэг ургаа, шинэс төрлийн мод тайрч бэлтгэн, Архангай аймгийн Ө сумын төв хүртэл тээвэрлэж, ойн санд 2.515.373 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч З.Г үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бийн”...З.Г нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Архангай аймгийн Ө сумын А багийн нутгийн Н гэх газраас ганцаараа 7 ширхэг ургаа шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн, ..........улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Ө сумын төв рүү тээвэрлэн ойн санд 2.515.373 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Т.Тын”...Би 3 жилийн өмнө буюу 2021 оны өөрийн өмчийн ..........улсын дугаартай Сэрэс маркийн тээврийн хэрэгслийг 1.5 сая төгрөгөөр зарж байсан. Бид Архангай аймгийн төв рүү хамт орох ажил огт гарахгүй байгаа болохоор тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж чадаагүй байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.515.373 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Бийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч З.Гын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Гын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч З.Гыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2,515,373 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /2,515,373*3=7,546,119/долоон сая таван зуун дөчин зургаан мянга нэг зуун арван ес/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 7,546,119/долоон сая таван зуун дөчин зургаан мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч З.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч З.Гын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч З.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр төгрөгийн үнэлгээ бүхий ..........улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл, 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 464.200/дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 47 ширхэг, 3.24 шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 7,546,119/долоон сая таван зуун дөчин зургаан мянга нэг зуун арван ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Г нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, өөрийн оршин суух Архангай аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ сарын хугацаагаар хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Згийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гыг 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, өөрийн оршин суух Архангай аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.Год хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч З.Гоос 7,546,119/долоон сая таван зуун дөчин зургаан мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр төгрөгийн үнэлгээ бүхий ..........улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл, 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 464.200/дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 3.24 шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 7,546,119/долоон сая таван зуун дөчин зургаан мянга нэг зуун арван ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
8. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР