Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 98

 

Д.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0332/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Г.Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Туяа

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолтой, Д-гийн Л-д холбогдох, 2018000000349 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М- Улсын иргэн, урьд нь  2012 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар  3 жил хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2016 онд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон,  2019 онд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1., 2.4.д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай,  М- овогт Д-гийн Л-.

            Шүүгдэгч Д.Л- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Э-ын  1 бярууг хулгайлж 750.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  347 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М- овогт Д-гийн Л-ыг бусдын малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Л-ыг 1 жил 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг шуудайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Л- өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:

Д.Л- нь хохирогч Д.Энх-Оргилын 1 тооны бярууны хохирол болох 750.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа, шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байсан боловч тухайн хэрэгтээ ял эдэлсэн, одоо шүүгдэгч нь хохирлоо төлсөн гэм буруугаа ойлгож байгаа болон хэргийн шинж байдлыг харгалзан  ялаас хасах , эсхүл хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:         

Хэргээс үзвэл шүүгдэгч Д.Л- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Э-ын  ягаан халзан зүсмийн, эм бярууг хулгайлж 750.000 төгрөгийн  хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Л-ын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгч өөрөө хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Д.Э-ын ...орой бэлчээрээс мал ирэхэд манай  ягаан халзан зүсмийн охин бяруу  ирээгүй, тэгээд хайгаад олдохгүй байтал  А- надад  “Хараа” голын эрэг дээр  шуудайтай үхрийн толгой байна гэхээр нь очиж үзэхэд манай бярууг алаад  толгой, шийрийг нь хаясан байсан, одоо хохирлоо төлүүлж авсан гомдол саналгүй   ... гэсэн мэдүүлэг, / х.хийн 15-р хуудас / гэрч Г.Ц-гийн ...  2020-07-20-ны  15 цагийн орчимд Л- над руу утасдаад  “Хараа” голын  эрэг дээр такси аваад хүрээд ир гэхээр нь очиход  бярууны махтай бай сан бөгөөд юун мах вэ гэхэд  ... миний бяруу,  зарах гэсэн юм,  мөнгөний хэрэг болоод байна,  та зараад өг гэсэн,   тэгээд би Б-т 300.000 төгрөгөөр зараад мөнгийг нь Л-д өгсөн гэсэн мэдүүлэг, /х.хийн 20-р хуудас/  гэрч Х.Б-ийн   ...2020-07-20-ны өдөр намайг зах дээр явж байтал Ц- тааралдаад  үхрийн мах авах уу гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан, толгой шийргүй жижиг мал байсан гэсэн.., мэдүүлэг /х.хийн 22-р хуудас / болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хохирогчийн мал тооллогын хуудас  зэргээр нотлогдож тогтоогдсон үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.       

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу   хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан,  шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөч байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан  ялын хэмжээний дотор  шүүгдэгчид  оногдуулсан ялаас хасаж 1 жил хорих ял оногдуулах боломжтой  байх тул энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2.,3 дугаар заалтыг :

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Л-ыг 1 жил  хорих ялаар шийтгэсүгэй гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг  хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                         Ц.ТУЯА