| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0238/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/237 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/237
2023/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ө.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Өын Хад холбогдох эрүүгийн 2412001610245 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 2 эгчийн хамт Архангай аймгийн ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Өын Х/РД:АД......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Х нь 2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨӨӨӨӨӨӨӨӨ тоотод байх хохирогч Ц.Пын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эмээлийн мөнгөн баавар-2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 46.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Пд 1.246.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412001610245 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Пын өгсөн:
“...2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө манай эзэмшлийн байшингийн цонхоор хулгай орж том өрөөнд байсан эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар алдагдсан байсан. Тухайн шөнө манай эзэмшлийн байшин хүнгүй хоносон. Урд гэрт манай ээжийн дүү болох Ц.Ө ах, эхнэрийн хамт, мөн хажуу зүүн талын жижиг байшинд би, ээж, хүүхдүүдийн хамт хоносон. Хулгай ордог шөнө байшин руу хүн орж байгаа эсэх нь мэдэгдээгүй маргааш өглөө нь босоод хартал том өрөөнд байсан эмээлийн 2 ширхэг баавар мултлаад аваад явсан мөн том өрөөний цонх онгорхой байсан. Хаалга үүдний цоож зүгээр байсан. Нэг ширхэгийг 1.500.000 төгрөг, нийлээд 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Алдагдсан эд зүйлийг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/,
*Хохирогч Ц.Пын дахин өгсөн:
“...Эмээлийн 2 ширхэг мөнгөн бааврыг буцаан авсан. Байшингийн баруун талд өвсөн дунд гялгар уутанд боосон байхад нь харж олж авсан. Хэрэг учрал болдог шөнө Ө.Х нь гэртээ хоноогүй. Манай байшингийн урд гэр барьсан аав ээж хоёр нь байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 42 дугаар тал/
*Хохирогч Ц.Пын дахин өгсөн:
“...Манай хүүхдүүдийн мөнгөний гахайн дотор ойролцоогоор 40.000-50.000 төгрөг байсан гэж бодож байна. Яг нарийн хэлж мэдэхгүй байна дотор нь байгаа мөнгийг нэг, нэгэнгүй тоолж байгаагүй. Манай цонхыг гараараа түлхэж онгойлгосон юм шиг байна лээ. Манай байшингийн цонх эвдэрсэн, цонхтой холбоотой хохирол учирсан зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/
*Гэрч Ц.Өын өгсөн:
“...Ц.П бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Манайх хашаанд нь гэр барьж нэг хашаанд хамт байдаг. 2024 оны 05 дугаар сарын 15-с 16-нд шилжих шөнө манай гэрийн хойно байх Ц.Пын байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэр уг нь яг урд нь байдаг. Байнгын хүнтэй байдаг. Тухайн шөнө байшин руу хэн орсон эсэхийг анзаараагүй унтсан байсан. Манай бага хүү Ө.Х тухайн өдрөөс хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотоос ирсэн хэрэг гардаг шөнө ахындаа очиж хононо гээд явсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Яллагдагч Ө.Хын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/
*Шинжээч, үнэлгээчин А.Бн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай:
“...Эмээлийн 2 ширхэг баавар 2024 оны 05 сарын байдлаар зах зээлийн ханшаар 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 37 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 84 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-9 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ө.Хад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨӨӨӨӨӨӨӨӨ тоотод байх Ц.Пын байшингаас эмээлийн мөнгөн баавар-2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 46.000 төгрөг хулгайд алдагдаж, түүнд 1.246.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ө.Х нь 2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨӨӨӨӨӨӨӨӨ тоотод байх хохирогч Ц.Пын байшинд хууль бусаар нэвтэрч, эмээлийн мөнгөн баавар-2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 46.000 төгрөг зэргийг хулгайлж, хохирогч Ц.Пд 1.246.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Ц.Пын”...2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө манай эзэмшлийн байшингийн цонхоор хулгай орж том өрөөнд байсан эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар алдагдсан байсан. Тухайн шөнө манай эзэмшлийн байшин хүнгүй хоносон. Урд гэрт манай ээжийн дүү болох Ц.Ө ах, эхнэрийн хамт, мөн хажуу зүүн талын жижиг байшинд би, ээж, хүүхдүүдийн хамт хоносон. Хулгай ордог шөнө байшин руу хүн орж байгаа эсэх нь мэдэгдээгүй маргааш өглөө нь босоод хартал том өрөөнд байсан эмээлийн 2 ширхэг баавар мултлаад аваад явсан мөн том өрөөний цонх онгорхой байсан. Хаалга үүдний цоож зүгээр байсан... Хэрэг учрал болдог шөнө Ө.Х нь гэртээ хоноогүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Өын”...2024 оны 05 дугаар сарын 15-с 16-нд шилжих шөнө манай гэрийн хойно байх Ц.Пын байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэр уг нь яг урд нь байдаг. Байнгын хүнтэй байдаг. Тухайн шөнө байшин руу хэн орсон эсэхийг анзаараагүй унтсан байсан. Манай бага хүү Ө.Х тухайн өдрөөс хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотоос ирсэн хэрэг гардаг шөнө ахындаа очиж хононо гээд явсан байсан...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Хын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Х нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Хад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ө.Х энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, гэмт хэрэг үйлдсэн талаар гэрчээр мэдүүлэг авсан нь түүний Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчсөн, уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ө.Хаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, уг мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжгүй юм. Гэвч Ө.Хыг прокурорын 2024 оны 09 сарын 30-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, уг яллагдагчаар татсан тогтоолыг түүнд танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авахад шүүгдэгч Ө.Х нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлжээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний мэдүүлэг нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Хыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Ц.Пд 1.246.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлыг бодитой тогтоогоогүй гэж маргаж байх боловч хохирогч Ц.П нь хохирлын дүнг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч болон хохирогчийн хувьд хохирлын хэмжээ шинж байдалд маргаагүй, хохирогч хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ө.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Өын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Хыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ө.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Хад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР