| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/00418/И |
| Дугаар | 181/ШШ2020/00952 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2020/00952
| 2020 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2020/00952 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С
Ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 7 048 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Сандаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, хариуцагч Д.Эрдэнэбадрал, түүний өмгөөлөгч Г.Чингис /үд-2895/ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2019 оны 8 сарын 12-ны өдөр хариуцагч******* Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 6-р хороо Бага тойруу гудамж Ногоон урлан хотхон 10б байрны 27 тоот хаягт байрлах 69.17м.кв 2 өрөө орон сууцны иж бүрэн бүтэн засварыг 1 ширхэг балконы доор тохижилтын хамт хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 08 сарын 12-ноос эхлэн 2019 оны 09 сарын 07-ны өдөр хүртэл 27 хоногийн хугацаатай, ажлын нийт хөлс 3 сая төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Засварын ажлын хөлсийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2019.08.12-ны өдөр 2 722 550 төгрөгийг хариуцагчийн дансруу шилжүүлсэн. Үүний 1 500.000 төгрөг нь ажлын хөлс үлдэх 1.222.500 төгрөг нь материалын зардлын санхүүжилт юм. Мөн 08-р сарын 16-ны өдөр засварын ажилд зарцуулагдах материалын төлбөрийг өөрсдийх нь гаргаж өгсөн төслийн дагуу 2.200.000 төгрөгийг тус тус шилжүүлж нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлсэн. 2019.08.20-нд 1.315.000 төгрөг, 2019.08.27-нд 1,315.000 төгрөгийг вакум цонхны материалын зардлын санхүүжилтэнд зориулж шилжүүлсэн.
Гэрээ цуцлах болсон шалтгаан: Хаан цонх ХХК-ийг Энхбадрал өөрөө сонгож түүний хэлсний дагуу мөнгийг нь шилжүүлсэн боловч цонх суулгахдаа амалгаа болон дулаалгыг хангалтгүй хийсний улмаас цонхноос сийгэж, наасан обой цэврүү үүсэж хөндийрснөөр амалгааг дахин хийж цонхны гадна талаас буюу фасадыг янзлах шаардлагатай болсон. Энэ тухай Энхбадралд болон Хаан цонх компанид шаардлага тавьсан боловч арга хэмжээ авч өгөөгүй. Энхбадралд хэлэхэд эмнэлэгт хэвтэж байна гээд ирээгүй. Иймд дотор талаас нь дахин дулаалж мөн сийгэлтийг багасгахын тул арга буюу гадна талаас фасадыг засуулж нийт 1.300.000 төгрөгөөр нэмэлт ажил хийлгэсэн.
Энхбадрал нь 2019.09.09-ны өдөр надруу залгаж: Обой наахаас бусад ажил дууслаа. Маргааш очиж обойгоо авна шүү. Одоо материалын зардалд нэмж 576 000 төгрөг ажлын хөлсөнд 600.000 төгрөг нэмж өгөөрэй гэхээр нь засварын ажил маань дуусаж байгаа юм байна гэж ойлгоод хэлсэн мөнгийг нь дансаар руу нь шууд шилжүүлсэн. Ажил ихтэй байсан болохоор орой нь ажлын явцтай танилцахаар байрандаа очиход обой наахаас бусад бүх заслын ажил дууслаа гээд байсан чинь бүх зүйл эсрэгээрээ буюу хийсэн ажил гээд байх зүйл байхгүй хананд наасан цагаан замаска нь хагарсан, зарим газраа харлаж харагдсан байдалтай байхаар нь гараараа хүрч үзэхэд хөндий шууд ховхорч унаж байсан. Мөн хаалганы хүрээ суугдаагүй балконы рэйк доторлогооны ажил бүрэн дуусаагүй чанарын шаардлага хангаагүй ариун цэврийн өрөөний засварын ажил огт хийгдээгүй байдалтай байсан.
Би уг нь Энхбадралыг 2014 оны үеэс таньдаг болсон ба өмнө нь хэд хэдэн удаа бага хэмжээний заслын ажлыг гэртээ хийлгэж байсан миний итгэлийг алдаж өчнөөн сая төгрөгний материалаар минь зүгээр л тоглоод хаячихсан байсанд нь үнэхээр харамсаж гомдсон. Хийсэн ажил нь шал хуулаад буцаагаад шал шахсан л байсан. Шахсан шалан ч маш муу гүйцэтгэсэн байсан тул таныг үргэлжлүүлэн ажиллуулж чадахгүй гэрээний хугацаа дуусчихаад байхад ийм байдалтай байж байдаг. Би өөр хүн олж засуулна. Харин та материалын тооцоогоо баримтаар хий гэж шаардахад элдэв шалтаг тооцсоор сүүлдээ бүр аргаа бараад хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж байж 2019 оны 09 сарын 25-ны өдөр ирүүлж гэрээ цуцалсан актыг өөрийх нь гараар бичүүлсэн авсан. Ийнхүү ирж уулзахдаа материал авсан санхүүгийн баримтаа авчраагүй ба маргааш буюу 09 сарын 26-нд тооцоо нийлье миний тооцоогоор 578,000 төгрөг л материалын мөнгөнөөс үлдсэн гээд тэр талаараа актандаа бичсэн юм. Та баримтаа өгөхгүй байгаа болохоор манай байрны засварт зарцуулсан эсэхийг мэдэх аргагүй маргааш шалгаж байж хүлээж авья гээд явуулсан. Мөн ажлын багаж хэрэгслээ боож баглаад үлдээ тооцоогоо дуусгачихаад аваарай бас шал зүлгээд өнгөлөөд өгөөрэй гэхэд за гээд явсан боловч утсаа авахгүй авахаараа элдэв шалтаг тоочсоор байж арай гэж 350.000 төгрөгийг надруу шилжүүлснээр дахин нэг ч удаа надтай холбоо бариагүй алга болсон.
Миний зүгээс энэ хүнд ажлын хөлсөнд нийт 2.100.000 төгрөг, материалын зардалд 3.998.500 төгрөгийг тус тус өгсөн байгаа. Гэтэл дараагийн хүнээр гүйцэтгүүлэхэд материалын зардал өмнөхтэй бараг адилхан гарсан нь энэ хүнийг ямархуу янзтай материал үрэн таран хийсэн нь нотлогдож байна. Тохирсоноор шалаа ч өнгөлж-зүлгэж, будаж-янзалж өгөөгүй болохоор урьдчилан төлсөн ажлын хөлсөө ч нэхэмжилнэ. Мөн цонхыг технологийн дагуу суулгуулж амалгаа дулаалгыг зохих ёсоор хийгээгүйгээс болж фасад засуулж 1.300.000 төгрөг нэмж гаргаж санхүүгийн хувьд асар их хохирол амссан нь гэрээ цуцалснаас хойш дахин нэмж хийсэн материалын зардлын болон ажлын хөлсний тооцооноос ил тодорхой харагдана. Иймээс хариуцагч Д.Эрдэнэбадралаас ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол нийт 7 048 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний дагуу засварын ажлыг хийж эхэлсэн. Гэрээ цуцлах шалтгаан нь хамтран ажил гүйцэтгэдэг мужаан н.Мөнхболд нь яаралтай ажил гарч орон нутгаас ирж чадаагүй тул хугацаа алдаж гэрээнд заасан ажлыг дутуу хийсэн юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд бичсэн шиг ямарч зүйл хийгээгүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь: ажил эхлэх гэрээ хийгдээд туслах ажилтан болон өөрийн биеэр засвар хийх байрны хуучин обой хуулах, мөн модон хуучин вакум цонх, хаалга, бүх зүйлийг буулгасан, хуучин паркетан шал хуулах, таазны эмульс, замаск хусах зэрэг засварын ажилд хийгдэх бүхий л зүйлийг хийсэн. Хуучин хаалга цонх, шал зэргийг эвдлэн буулгадаг. Гэвч уг захиалагч дахин хэрэглэнэ гэсэн тул аль болох эвдрэл гэмтэлгүй буулгаж дахин хэрэглэх боломжтойгоор цэвэрлэн авсан. Эдгээр ажлыг хийхэд ердийн ажлаас илүү цаг хугацаа, сэтгэл гардаг юм. Мөн хуучин хийц цонх, хаалга, болконы хаалт зөөвөрлөх, хог хаягдал хаях энэ бүгд ажил нийт ажлын 30% болдог юм. Энэ бүгдэд туслах материал, ажлын хөлсний зохих хувь орсон. Бүгд өөрийн хуулсан шал нь зориулалтын цавуугаар наасан тул дахин хийхэд их хүндрэлтэй, цаг хугацаа их орж байсан. Гэхдээ ямарч байсан шинээр хийсэн. Дээрх ажлыг хийхэд жижиг өрөөнд шинэ паркетан шал шахаж хийсэн, бусад хэсэгт хуучин шалыг дахин шинээр шахсан юм. Энэ үед санаачилга гарган шалны дор чийг тусгаарлагч, хар цаас дэвсэн технологийн дагуу шалыг шахаж хийсэн. Бүх өрөөний цахилгааны үүр кроп шинээр хийсэн. Коридорт уналттай тааз хийж, засал хийж байсан. Үүнийг захиалагч дараа нь буулгаж хаясан байсан. Болконд цонх суулгаж доторлогооны ажил хийгдэж байхад гэрээг цуцалсан. Цонх суулгасан компани 3 жилийн баталгаа өгсөн. Ажлыг хийж байх явцад захиалагч *******тай уулзаж байсан. Хүн хүчний асуудлаас болоод гэрээнд заасан хугацаанд амжихгүй байна гэдгээ хэлж байсан. Тухайн үед сэтгэл гарган ажлыг хийж байсан. Гэтэл нэхэмжлэлд юу ч хийгээгүй хаяж явсан, материал болон ажлын хөлс зэрэг асуудлыг хүлээн зөвөшөрөхгүй талаар үндэслэлийг тайлбарлая: Үүнд:
1. Гадна фасадыг нэмэлтээр хийлгэсэн төлбөр 1 300 000 төгрөгийн талаар:
Нэхэмжлэгч нь цонх технологийн дагуу суулгаагүйгээс болсон гэсэн. Тухайн байрны болконы хаалт, дотор цонх, хаалга зэргийг Хаан цонх констракшн ХХК-д захиалга өгч суулгалт хийлгэсэн. Уг компани цонхтой холбоотой амалгаа заслын ажлыг мэргэжлийн засалчин Рот бондер гэдэг зориулалтын зуурмагаар технологийн дагуу хийсэн. Уг барилгын гадна хана 12 см тоосго, ард нь 10 см хөөс, тэгээд үндсэн блок хана байсан. Засвар хийх явцад хуучин цонх буулгаж байхад ажигласнаар барилгын гадна хананы тоосго зай завсар их гарсан, хөөсөн дулаалга нь их хэмжээгээр үйрсэн байсан. Олон жил болж хөөс нь хөндийрсөн тул цонхны бусад хэсгээр сийгэлт байсан байх. Энэ нь зөвхөн цонх суулгалтаас болоогүй. Уг айл цонхны тэр хэсгийн нийт ханыг дахин дулаалсан одоо ч тэр материал, ажил нь ханандаа тэр айлдаа байгаа зүйлийг би хариуцах боломжгүй тул дээрх 1 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Материалын зардал болох 3 998 500 төгрөгийн талаар:
а/. Миний Одонжаргал руу буцаан шилжүүлсэн 350 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 3 648 500 төгрөгийн талаар.
б/. Гэрээний хавсралтад заасан эхний ээлжийн төлбөр 1 222 500 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 3-д бичсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15, 17, 18, болкон 4, 5-д заасан эхний ээлжийн 1 222 500 төгрөгийн материал бүгд зах зээлийн үнээр худалдан авч хэрэглэж, түүний байранд зарцуулсан. Жич: тус байрны засалд авсан материалын баримтууд байгаа.
в/. Нийт материалын зардал: 3 648 500 төгрөг үүнээс 1 222 500 төгрөгийг хасаад үлдэгдэл 2 426 000 төгрөгөөс дараах материалыг худалдаж авсан байна.
1. Цахилгааны далд кроп, утас 96 000 төгрөг
2. Шаланд дэвсэх хар цаас /орос/ - 110 000 төгрөг
3. Шаланд дэвсэх зөөлөвч 50 м 65 000 төгрөг
4. Гипсэн хавтан /орос/ - 138 000 төгрөг
5. Таазны профель, холбохууд 87 500 төгрөг
6. Болконд хийх рейк мод 248 000 төгрөг
7. Сангийн холбох, хаалт 42 000 төгрөг
8. Лист төмөр /болкон хаяавч/ - 35 000 төгрөг
9. Хаалга цонхны дотор хийх Зиг заг хавтан 425 000 төгрөг
10. Унталгын өрөөний паркет 357 000 төгрөг, эдгээр материалын үнэ 1 603 500 төгрөг болсон байна.
3. Ажлын хөлс болох 2 100 000 төгрөгийн талаар:
1. Гэрээ цуцлах хүртэл нийт 5 хүнд зохих хэмжээний цалин өгсөн байна.
2. Тус байрны бүгд хуучин хийцийг буулгах, цонх, хаалга, плита, шал хуулах, хог хаягдал гаргах зөөх, сангийн нүх ухах, кропны нүх томруулах ажилд 400 000 төгрөг,
3. Засалчинд: Уг байрны хуучин обой, замаск хуулах, цэвэрлэх, таазанд бүрэн засал хийх ажилд 500 000 төгрөг,
4. Мужаан: Бүх өрөөний хуучин паркет цэвэрлэх, шинээр угсрах, мөн жижиг өрөөнд шинэ паркет шахах зэрэг ажилд 350 000 төгрөг,
5. туслах ажилтанд өдрийн 35 000 төгрөгөөр бодож 10 хоног ажиллуулсанд 350 000 төгрөг,
6. Ажиллах хугацаанд хүмүүсийн хоолны зардал, хог тээвэр, материал тээвэр, зарим цахилгааны туслах багаж, өөрийн цалин зэрэгт 500 000 төгрөг зарлагадсан байна.
Мөн гэрээ цуцлах үед тус байранд миний үлдээсэн зүйлс болох: Эвхдэг шат-1, компрессор-1 ш ком, цахилгаан хөрөө-1, цахилгаан дриль-2, тасдагч 1, цахилгаан зүлгүүр машин-1, жижиг гар багаж зэрэг нийт 1 200 000 төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг барьцаа болгон үлдээсэн байгаа тэр зүйлийг буцаан авах хүсэлтэй байна.
3. Дээрх ажлыг анх хийх үед тухайн 65 м.кв талбайтай байрны дундаж зах зээлийн засвар хийх ажлын хөлс 4 5 сая орчим байсан болно. Уг ажлыг анх хийхдээ хууран мэхэлсэн, залилсан гэх санаа агуулаагүй, сэтгэл зүрхээрээ сайн хийх хүсэлтэй байсан. Хүн хүчний асуудлаас шалтгаалан гэрээний хугацаанд амжаагүй байсан тул захиалагч гэрээг цуцалсан юм.
Түүнээс авсан мөнгөөр бараа, материалууд авч уг засвар хийсэн байшинд наалдсан /хийгдсэн/ байгаа. Зарим нэг материал болох уналттай таазанд орсон зүйлийг захиалагч өөрөө буулгаж хаяуулсан байсан. Уг засварын ажилд тусалсан нэр бүхий 4 хүн ямар ажлыг, ямар үнэ хөлсөөр хийсэн зэргийг гэрчлэн тайлбар өгнө гэсэн боловч тэдгээрийн хаяг, утасны дугаар байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 048 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ажлыг гэрээний дагуу хийж, гүйцэтгэсэн боловч хүн хүчний асуудлаас болоод гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж амжаагүйгээс захиалагч гэрээг цуцалсан, *******ын өгсөн мөнгөөр материал авч, түүний байранд хэрэглэсэн учир би төлөх үндэсгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Эрдэнэбадрал /гүйцэтгэгч/, нэхэмжлэгч ******* /захиалагч/ нар нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, Ногоон урлан хотхон 10 б байрны 27 тоот хаягт байрлах 69.17 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны иж бүрэн бүтэн засварыг 1 ширхэг балконы тохижилтийн хамт ажлыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу 27 хоногийн дотор, гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 3 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 17 дахь хуудас/, хавсралт /хх-ийн 20 дахь хуудас/, зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийн тус тус хүлээнэ гэж заасан зохицуулалтын дагуу хариуцагч Д.Эрдэнэбадрал /гүйцэтгэгч/, нэхэмжлэгч ******* /захиалагч/ нарыг Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзнэ.
Талууд дээрх ажил гүйцэтгэх гэрээний хавсралт /хх-ийн 20 дахь тал/-д заасан нийт 22 зүйлээр хийгдэх ажлуудыг зааж, тохиролцсон ба уг 2 өрөө орон сууцны иж бүрэн бүтэн засварын ажилд орох материалын нийт зардлыг захиалагч тал нь гүйцэтгэгчийн төсөвлөн тооцоолсны дагуу төлөхөөр тохирсон ба энэхүү төсвөлсөн гэх гүйцэтгэгчийн баримт хавтаст хэргийн 11, 21, 22 дугаар талуудад авагдсан байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Энэ нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д заасантай нийцнэ.
Зохигчид нь гэрээнд болон түүний хавсралтад заасан ажлын хөлс болон материалын зардалд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 722 500 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2 200 000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 315 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 315 000 төгрөгийг вакум цонхны материалын зардал /нийт 2 630 000 төгрөг/-ийн санхүүжилтэнд зориулж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1 176 000 төгрөг нийтдээ 8 728 500 төгрөгийг захиалагч ******* нь гүйцэтгэгч Д.Эрдэнэбадралд шилжүүлэн өгсөн талаар маргадаггүй. /хх-ийн 6-7, 13, 14-16 дахь талд/
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Д.Эрдэнэбадрал нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, Ногоон урлан хотхон 10 б байрны 27 тоот хаягт байрлах, 69.17 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны иж бүрэн бүтэн засварын ажлыг 1 ширхэг балконы тохижилтийн хамт хийж гүйцэтгэх, захиалагч ******* нь гэрээгээр тохирсон ажлын хөлс буюу материалын зардлын үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гүйцэтгэгч Д.Эрдэнэбадрал нь дээрх гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд гэрээгээр тохирсон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу 27 хоногийн хугацаанд уг ажлыг бүрэн бүтэн хийж дуусгаагүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон ба улмаар захиалагч тал гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалсан үйл баримт нь хэргийн 23 дахь хуудсанд авагдсан гэрээ цуцалсан актаар нотлогдож байна.
Хариуцагч******* нь гэрээ, хавсралтанд заасан ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан маргасан бол, нэхэмжлэгч тал нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан ба үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гаргуулахаар шаардаж тус тус маргасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд тус байрны бүх хуучин хийц цонх, хаалга буулгах, плита, хуучин паркет шал хуулах, түүнийг цэвэрлэх, шинээр шахах, обой хуулах, хог хаягдал гаргаж зөөх, сангийн нүх ухах, кропны нүх томруулах зэрэг ажлыг туслан гүйцэтгэгчээр 4 хүнийг авч ажиллуулсан, тэдгээрт ажлын хөлс олгосон гэх тайлбар нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. Мөн хуулийн 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөө заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэсэн зохицуулалтын дагуу******* нь *******ын өмнө гэрээт ажлын үр дүнг хариуцахаар байна.
Хариуцагч Д.Эрдэнэбадрал нь уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд авч ажиллуулсан гэх 4 хүнд төлсөн хөлсийг өөрөө хариуцах бөгөөд, тэдгээрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч *******ын өмнө хариуцах үүрэгтэй тул тэдгээр 4 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй болно.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг, мөн хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг тус тус хуульчилсан ба гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй а/. ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал, б/. Ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон., захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах нь хариуцагч*******ын үүрэг гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон буюу хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх харьцуулан дараах байдлаар үнэлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт авагдсан гэрээ цуцалсан актанд 2019.09.07 гэсэн огноо тавигдсан боловч түүнд бичигдсэн зүйлийн агуулга, талуудын тайлбараар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цуцласан гэж үзэхээр байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь иргэн, эсхүл хуулийн этгээдтэй тухайн байрны засварыг хэдийд ямар гэрээ, хэлцэл хийсний үндсэн дээр засварын ажлыг үргэлжлүүлэн хийлгэж, дуусгасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Гэвч хэрэгт хавсаргасан *******ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас харахад ....2019 оны 09 сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг zasliin ajliin iridchilgaa huls-odonjargalaas- Xaaн банк-/5006166500-altantungalag/ ...гэж бичигдсэн байх боловч тухайн байранд материал авч дахин засвар хийлгэж ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн гэж зарлагын баримтуудыг хэргийн 26-58 дугаар хуудсанд хавсаргасан боловч эдгээр баримтад хэн гэдэг хүн хүлээн авсан, нэхэмжлэгчийн маргааны зүйл болсон байрны засварын ажилд зориулж авч хэрэглэсэн зэрэг нь тодорхойгүй байна.
Мөн хариуцагчийн гаргаж өгсөн Хаан цонх констракшн ХХК-ийн баталгааны хуудас №114-т бичигдсэн баримтаар захиалагч *******ын ...27 тоот байранд цонхыг захиалж, суулгах ажлын хөлсөнд нийт 3 010 000 төгрөгийг төлсөн, завсарын ажлыг хийхэд зориулж худалдаж авсан материалын зардлуудад нийтдээ /248000+475500+82000+138000+87500+42000+43500+357000+68500+525000+273000/ 2 340 000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтыг хавсаргасан байгаа боловч эдгээрээс заримынх нь хүлээн авсан хэсэгт Энхбадралын нэр, утасны дугаар бичигдсэн, заримд нь хэн хүлээн авсан болох нь тодорхойгүй байна. Иймд зохигчдын гаргасан эдгээр баримтыг тус тус хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 8 728 500 төгрөг шилжүүлэн өгсөн боловч нэхэмжлэгч нь учруулсан хохиролд материалын зардалд шилжүүлсэн 3 998 500 төгрөгөөс түүний буцаан төлсөн 350 000 төгрөгийг хасаад үлдэх 3 648 500 төгрөг, ажлын хөлсөнд өгсөн 2 100 000 төгрөг, гадна фасадны ажлыг нэмэлтээр хийлгэсэн төлбөрт 1 300 000 төгрөг, нийт 7 048 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан шаардлагыг шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг харгалзан үзээд дараах байдлаар шийдвэрлэхээр тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
1. Хариуцагч нь түүнээс авсан дээрх мөнгөнөөс цонхыг Хаан цонх констракшн ХХК-д захиалгаар хийлгүүлж, суулгуулсан үйл баримт тогтоогдсон ба цонхны үнэнд нийтдээ 3 010 000 төгрөгийг төлсөн гэж тооцох үндэслэлтэй ба энэ нь шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт, түүний тайлбар зэргийг харьцуулан дүгнээд: нэхэмжлэгчээс авсан материалын зардлын 3 648 500 төгрөгөөс хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрсөн 928 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд үлдэх 2 756 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,
2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ ба түүний хавсралт болох Хийгдэх ажлын дараалал-д бичигдэж тохирсон ажлуудаас 1/. 00-ийн өрөөг засварлаагүй орхисон, 2/. Балконыг дутуу хийсэн, 3/. Том өрөөний таазны засварыг хийгээгүй, 4/. Шалыг бүгдийг шинээр шахсан боловч хуучин шалыг өнгөлж, зүлгээгүй орхисон талаар талууд харилцан тайлбарласан учир эдгээр ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг нь дүгнээд, хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлыг гэрээнд тохирсон ажлын хөлс 3 000 000 төгрөг гэсэн боловч захиалагчаас ажлын хөлсөнд төлсөн 2 100 000 төгрөгөөс гүйцэтгэгчийн хийсэн ажлыг 40 хувиар тооцоход 840 000 төгрөгийг нь хангахгүй орхиж, үлдэх 1 260 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулах,
3. Гадна фасадны ажлыг нэмэлтээр хийлгэсний төлбөрт 1 300 000 төгрөгийг төлж хохирсон гэх боловч нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг шүүх хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгов.
Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 7 048 500 төгрөгөөс 2 188 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас 2 188 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4 860 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 726 /нэг зуун хорин долоо мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 966 /дөчин есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ