Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/241

 

             

 

 

 

               2023/ШЦТ/241

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Б.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бы Шт холбогдох эрүүгийн 2412001160105 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Өгийнуур сум, Тоглох багийн Хар модны тохой гэх газар оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Бы Ш /РД:АЖ......../  

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Б.Ш нь 2024 оны 03 дугаар сарын 06-аас 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Ө багийн нутагт байрлах өөрийн бог мал болох хонь, ямаанд ирж нийлсэн хохирогч Л.Бгийн ямаанаас бог мал буюу 3 тооны ямааг бусдад зарж борлуулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           * Эрүүгийн 2412001160105 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Л.Бгийн өгсөн:

“...Манай хонь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 хэсэг тасарсан бололтой юм шиг байна. Би бодохдоо 2 хэсэг тасарсан байна гэж бодоод байсан. Тэгээд би нүүдэл дууссан хугацаанаас хойш бүр 4 дүгээр сар гарсны дараа хонио хариулж яваад гэнэт хадагтай улаан ямаа байхгүй байгааг анзаараад тухайн үедээ шууд хайж явж чадаагүй. Тэгээд би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр голын араар эрэлд явж байгаад манай нутгийн Ц.Ү гэх хүний хонин дотор манай 3 тооны ямаа байсныг олсон. Тэгэхээр нь би гэрт нь очоод хонио тууж ир гэж хэлээд хашуултал 1 тооны халтар эр ямаа, 1 тооны хар зүсмийн эм ямаа, 1 тооны хар халзан эм ямаа нийт 3 тооны ямаа байсан. Тэгтэл манай 3 тооны ямааг самнаад ноолуурыг нь аваад шинээр чихийг нь эмнэсэн байдалтай байсан. Ц.Ү надад хэлэхдээ Б.Ш гэх хүн идэшнээр надаас 3 тооны ямаа авсан өрөө өгч байгаа гээд 3 тооны ямаа надад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Үөд хэлэхдээ Шинээгээ дагуулж ирээд эр хүн шиг ирж уулзаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/

 

*Хохирогч Л.Бгийн дахин өгсөн:

“...Ц.Ү болон Б.Ш нар миний ямааны төлбөр гээд 35 ноолууртай ямаа туугаад ирсэн. Тэгээд надаас уучлалт гуйгаад явсан болохоор нутгийн залуучууд юм даа гэж бодоод ирлээ. Манай нутгийн залуу Б.Ш нь ахаа дүүгээ уучлаарай энэ таны алдсан ямааны төлбөр гээд 35 ямаа тоо ёсоор нь тоолж өгөөд явлаа. Одоо би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан болохоор надад гомдол санал алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар тал/

 

*Гэрч Н.Нгийн өгсөн:

“...Манай нөхрийн төрсөн ах Л.Бгийнх өвөлжөөнөөс хаваржаа руу нүүх гэж 2024 оны 03 дугаар сарын 06-аас 09-ний өдрийн хооронд нүүдэл хийсэн. Энэ хугацаанд бэлчээрт байсан хонь, ямаанаас нь 35 тооны ямаа дутсан талаар 2024 оны 04 дүгээр сарын 19-нд Л.Б ахынд очих үед хэлсэн. Ц.Ү гэх айлын хониноос хар зүсмийн 1, халтар зүсмийн 1, хар халзан зүсмийн 1 нийт 3 тооны ямаагаа олсон талаар ярьсан. Тэгэхээр нь тухайн 3 тооны ямаа яагаад тэр айлын хонинд байгааг нь асуухад Б.Ш гэх хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн. Манай нөхрийн ахын гэрээс Ц.Ү болон Б.Ш гэх айлын гэрүүд холдоо 10 км зайтай...гэх  мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Үийн өгсөн:

“...Б.Ш надад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надад 3 тооны ямаа өгсөн. Тухайн ямаанууд нь нэг нь халтар зүсмийн эр ямаа ноолуурыг самнаагүй, хар халзан эм ямаа ноолуурыг нь самнаагүй, хар зүсмийн эм ямаа мөн самнаагүй байсан. Эдгээр ямаа нь одоо манай хонинд байгаа. Би Б.Шаас 3 ямааны авлагатай байсан ба түүнийгээ авсан. Надад Б.Ш тэр 3 ямааг өгөхдөө хүнээс авсан ямаа байгаа юм гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-30 дугаар тал/

 

*Гэрч Т.Бийн өгсөн:

“...Манайх 300 гаруй бог малтай байсан. Үүнээс 100 гаруй хонь, ямаа зуданд идэх юмгүй болоод турж эцээд үхсэн. Ер нь өнгөрсөн өвөл, хавар нийт нутгаар зудтай байсан малчдын мал их үхсэн. Намайг хөдөө гэрт очиход айлын хэдэн ямаа манай хонинд гүйгээд ирсэн байна гэх утгатай зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 167-168 дугаар тал/

 

*Гэрч М.Сын өгсөн:

“...Б.Шынх гэлтгүй дийлэнх малчдын мал зуданд үхсэн. Манайх 200 гаруй бог малтай байсан 70-80 тооны мал үхсэн. Ш хэдэн тооны малтайг бол мэдэхгүй байна миний барагцаагаар 80-100 гаруй хонь ямаа бол үхсэн. Манай тэр хавийн айлууд хогийн цэг рүү ачиж хаясан...” гэх мэдүүлэг/хх-ийн 171-172 дугаар тал/

 

*Гэрч Х.Бийн өгсөн:

“...Би Ө багийн Засаг даргыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл хийж байна. Ер нь 2023 оноос 2024 оны өвөлжилт манай сумын 5 багийн хэмжээнд хүнд болсон. Малын зүйл бус хорогдол их гарсан, өвөлжилт, хаваржилт хүнд байсан. Ер нь бол мал үхүүлээгүй малчин өрх айл манай суманд байхгүй. Б.Ш нь надад тийм зүйл огт хэлээгүй. 3 дугаар сард 38 тооны хонь, 20 тооны ямаа, 4 дүгээр сард 1 тооны үхэр, 65 тооны хонь, 40 тооны ямаа хорогдсон байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 175-176 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Шын өгсөн:

“...Би хохирогч Л.Бд өөрийнхөө хонин сүргээс 35 тооны ямааг төлж барагдуулсан бид хоёрын дун ямар нэгэн хохирол байхгүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-24-85 дугаартай“...2024 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 4,060.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 43-47 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Шт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь 2024 оны 03 дугаар сарын 06-аас 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Ө багийн нутагт байрлах өөрийн бог мал болох хонь, ямаанд ирж нийлсэн хохирогч Л.Бгийн ямаанаас 3 тооны бог мал буюу 3 тооны ямааг бусдад зарж борлуулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ш үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Бгийн“...Манай хонь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 хэсэг тасарсан бололтой юм шиг байна. Би бодохдоо 2 хэсэг тасарсан байна гэж бодоод байсан. Тэгээд би нүүдэл дууссан хугацаанаас хойш бүр 4 дүгээр сар гарсны дараа хонио хариулж яваад гэнэт хадагтай улаан ямаа байхгүй байгааг анзаараад тухайн үедээ шууд хайж явж чадаагүй. Тэгээд би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр голын араар эрэлд явж байгаад манай нутгийн Ц.Ү гэх хүний хонин дотор манай 3 тооны ямаа байсныг олсон. Тэгэхээр нь би гэрт нь очоод хонио тууж ир гэж хэлээд хашуултал 1 тооны халтар эр ямаа, 1 тооны хар зүсмийн эм ямаа, 1 тооны хар халзан эм ямаа нийт 3 тооны ямаа байсан. Тэгтэл манай 3 тооны ямааг самнаад ноолуурыг нь аваад шинээр чихийг нь эмнэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нгийн“...Манай нөхрийн төрсөн ах Л.Бгийнх өвөлжөөнөөс хаваржаа руу нүүх гэж 2024 оны 03 дугаар сарын 06-аас 09-ний өдрийн хооронд нүүдэл хийсэн. Энэ хугацаанд бэлчээрт байсан хонь, ямаанаас нь 35 тооны ямаа дутсан талаар 2024 оны 04 дүгээр сарын 19-нд Л.Б ахынд очих үед хэлсэн. Ц.Ү гэх айлын хониноос хар зүсмийн 1, халтар зүсмийн 1, хар халзан зүсмийн 1 нийт 3 тооны ямаагаа олсон талаар ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Үийн”...Б.Ш надад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надад 3 тооны ямаа өгсөн. Тухайн ямаанууд нь нэг нь халтар зүсмийн эр ямаа ноолуурыг самнаагүй, хар халзан эм ямаа ноолуурыг нь самнаагүй, хар зүсмийн эм ямаа мөн самнаагүй байсан. Эдгээр ямаа нь одоо манай хонинд байгаа. Би Б.Шаас 3 ямааны авлагатай байсан ба түүнийгээ авсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн”...Манайх 300 гаруй бог малтай байсан. Үүнээс 100 гаруй хонь, ямаа зуданд идэх юмгүй болоод турж эцээд үхсэн. Ер нь өнгөрсөн өвөл, хавар нийт нутгаар зудтай байсан малчдын мал их үхсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Сын”...Б.Шынх гэлтгүй дийлэнх малчдын мал зуданд үхсэн. Манайх 200 гаруй бог малтай байсан 70-80 тооны мал үхсэн. Ш хэдэн тооны малтайг бол мэдэхгүй байна миний барагцаагаар 80-100 гаруй хонь ямаа бол үхсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бийн”...Би Ө багийн Засаг даргыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл хийж байна. Ер нь 2023 оноос 2024 оны өвөлжилт манай сумын 5 багийн хэмжээнд хүнд болсон. Малын зүйл бус хорогдол их гарсан, өвөлжилт, хаваржилт хүнд байсан. Ер нь бол мал үхүүлээгүй малчин өрх айл манай суманд байхгүй. Б.Ш нь надад тийм зүйл огт хэлээгүй. 3 дугаар сард 38 тооны хонь, 20 тооны ямаа, 4 дүгээр сард 1 тооны үхэр, 65 тооны хонь, 40 тооны ямаа хорогдсон байна...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-24-85 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ш нь өөрийн хонь ямаа буюу бог малд нийлсэн хохирогч Л.Бгийн гурван тооны ямааг алдуул мал болохыг мэдсээр байж зохих байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр бусдад зарж борлуулсан /бусдад өрөндөө өгсөн/ үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Б.Шын бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бд 320,000  төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-24-85 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Л.Б нь гомдол саналгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг  төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Шт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хуульд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж , шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ц овогт Бы Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

             3.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар  зүйлийн  2.5  дахь  хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Шт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  1. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр  зүйлийн  4, 5  дахь  хэсэгт  зааснаар 

шүүгдэгч Б.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.  

             5. Шүүгдэгч Б.Шт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             6. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР