Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/988

 

 

 

 

 

 

 

 

   2024          12           10                                     2024/ШЦТ/988

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Г.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаатар,

хохирогч Б.Баяраагийн өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгч “********”, түүний өмгөөлөгч Г.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хунхи овогт Батбаярын “********”д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000741 тоот, 2 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “*****” оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “*******”, эрэгтэй, дээд боловсролтой, “********”, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, “******” тоотод түр оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, “******”.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “********” нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, 85в байрны 215 тоотод хардалтын улмаас “********” маргалдан, улмаар нүүрэн, тус газарт нь гараараа цохих, бие болон гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож, “********” эрүүл мэндэд нь элэгний тавдугаар сегментийн няцарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/, нарийн гэдэсний чацархай няцрал, баруун доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун мөр, баруун эгэм, зүүн гуя, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 21-р хороо, 85в байрны 215 тоотод үл ялих зүйлээр шалтаглан “********”цээж хэсэгт өшиглөх, боох, ус буцалгагчаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомтууд, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний хоёр талын хугарал, баруун үений мултрал, хамар, дээд, доод уруул, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг ба ооч, хүзүү, зүүн мөр, бугалга, цээжний урд зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 80331654/ РСРF07585268 дугаартай дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

Хэргийн газрын. үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 84-98 дахь тал/,

 

Хохирогч “********”:

“...Манайх Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 18-534 тоотод байдаг ба 2 сарын өмнө танилцаж байсан “********” гэх залуу надтай хамт манай гэрт 2024 оны 2 сараас эхлэн “орох оронгүй болчихлоо” гээд түүнээс хойш манайд амьдарч байгаа. Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны үүрийн 04 цагт “********” бид хоёр Баянгол дүүргийн 9-р хороо, 856-215 тоот болох “********”гийн найз Баяраагийнд очиж бид 3 хоёр шил 0,7 литрийн архи хувааж уусан. “********” учир зүггүй хүнтэй хардаад намайг багалзуурдаад миний гэдэс рүү өшиглөсөн. Одоо миний нүд хавдаж, дотор эвгүй байна. ...”********” намайг гэдэс рүү гараараа зангидаж байгаад 2 удаа цохисон, нүүр рүү гараараа зангидаад 1 удаа цохисон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 5, 8, 11 дэх тал/,

 

Хохирогч “********”:

“...Одоо миний толгой байнга өвддөг. Зүүн талын нүдний ойрын хараа муу болоод байна. Тухайн үед Ганзориг, Отгонбаяр бид гурав манай гэрт байсан. Тэгтэл Отгонбаяр манай гэрээс гараад явсан. Дараа нь “********”, Сэргэлэнцэцэг хоёр манай гэрт орж ирсэн. Тэгээд нэг мэдсэн чинь зодуулчихсан байсан. Тухайн үед би согтуу байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/,

 

Гэрч “********”:

“...Дуудлага өгсөн гэх Сэргэлэнцэцэг гэх эмэгтэй тухайн байрны гадна орцны үүдэнд хүлээж байсан. Тэр эмэгтэй манай цагдаа жолооч Цэлмэг бид хоёрыг дагуулаад 2-р давхарт 215 тоотод орж зодсон гэх хүнийг зааж өгсөн. ...Зүүн баруун нүд нь хавдаж хөхөрсөн, мөн хүзүү цээж орчим хөхөрсөн байдалтай байсан. ...Гэрийн эзэн гэх залуу нь архи уугаад тасраад унтсан бололтой биднийг ирэхийг огт мэдээгүй, Сэргэлэнцэцэгийг зодсон гэх залуу байсан. Тэр залууг “********” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Гэрч “********”:

“...Баярааг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилж байгаа эмч нь биеийн байдал нь хүнд байгаа, тархины яс нь цууралттай байгаа гэж хэлсэн. Хагалгаанд оруулах гэхээр биеийн ерөнхий байдал хүндэвтэр байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/,

 

Гэрч “********”:

“...2024 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Энэ үед хажуу талын айл буюу 215 тоотын хаалгыг нэг эрэгтэй хүн нүдээд байсан. Дараа нь 215-ын ...залуу үүдээ онгойлгосон. Тэгтэл гэнэт 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдсан дуу чимээ гараад байсан. 23 цагийн үед дуу чимээ гарахгүй нам жим болсон” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/,

 

Хохирогч “********” гэрчээр өгсөн:

 “...Би “********”гийн хамт ...2024 оны 6-р сарын 15-ны өдөр ...Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 85в байрны гадна ...очсон. Баяраагийн байрны гадна гудамжинд бид хоёр тэр хавийнхаа архи уудаг 2 хүний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...”********” бид хоёр ...шууд Баяраагийн гэрт орсон. Баяраагийн гэрт нь Ганзориг Баяраагийн хамт байсан. Тэр хоёр архи уучихсан байсан. Тэгсэн чинь “********” Баярааг надтай хардаад уурласан. Энэ үед Баяраа буйдан дээр хэвтэж байсан. “********” Баяраагийн хүзүү хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ганзориг ах “********”г боль гэж хэлсэн чинь “********” Ганзориг ахын гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн байх. Ганзориг ах шалан дээр атирч хэвтэж байгаад Баяраагийн гэрээс гараад зугтсан, Дараа нь “********” Баяраагийн хоолойг хоёр гараараа боож байснаа болиод буйдан дээрээс босож гал тогооны тавиур дээр ус буцалгагч авч байснаа Баяраагийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Дараа нь “********” ус буцалгагчаа шал руу саваад шидсэн. “********” намайг дагуулаад Баяраагийн гэрээс гараад явсан. Тэгэхдээ Баяраагийн гар утас болон гэрийнх нь түлхүүрийг авсан. Гар утсыг нь авахгүй бол цагдаа дуудчихна гэж хэлсэн. ...Маргааш ...нь шөнийн 21 цагийн үед Баяраагийн гэрт дахиж орсон. Би Баярааг хартал ганцаараа өөрөө өөртэйгөө яриад байсан бөгөөд сонин үйлдэл гаргаад байсан. Энэ талаар “********”д хэлсэн чинь хэсэг анзаарч харсан. ...Дараа нь “********” ерөөсөө түргэн дуудахгүй бол болохгүй байх гэж хэлээд 103-т дуудлага өгсөн. ...Би Баяраагийн гэрийг арчиж угаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 306-2/183 дугаартай:

“...Батбаярын “********” нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрүүлжүүлэгдсэн тул эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийг хуулбарлан хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 47-52 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5071 дугаартай шинжээчийн:

 “...”********”биед элэгний тавдугаар сегментийн няцарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/, нарийн гэдэсний чацархай няцрал, баруун доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун мөр, баруун эгэм, зүүн гуя, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8393 дугаартай шинжээчийн:

“...”********”тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомтууд, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний хоёр талын хугарал, баруун үений мултрал, хамар, дээд, доод уруул, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг ба ооч, хүзүү, зүүн мөр, бугалга, цээжний урд зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1168 дугаартай шинжээчийн:

 “...Хохирогч “********”сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 237-239 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “********” нь хохирогч “********”, “********” нарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч “********”гээс хохирогч “********”сэтгэцэд учирсан хохиролд 9.900.000 төгрөг, баримтаар эмчилгээ, үйлчилгээ авсан 378.850 төгрөг, нийт 10.278.850 төгрөг, үүнээс хохирогч А.Баяраад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 9.278.850 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Баяраад олгуулах” “мөн хохирогч “********”Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 124.762 төгрөгийг шүүгдэгч “********”гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч “********”өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч “********”хувьд ямар гэмтэл авсан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа. Гэтэл сэтгэцэд учирсан хохирлыг яагаад хамгийн багаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлж буюу 9.900.000 төгрөгийг гаргуулахаар санал гаргаж байна вэ, өмгөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хохирлыг журамд зааснаар 22.99 дахин нэмэгдүүлж буюу 15.173.400 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна, цаашид эмчилгээтэй холбоотой баримтаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргаангүй, хохирогч А.Баяраад 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Миний үйлчлүүлэгч цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч “********”г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********”д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “********” нь:

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, 85в байрны 215 тоотод хардалтын улмаас “********”маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, бие болон гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож, “********”эрүүл мэндэд нь элэгний тавдугаар сегментийн няцарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/, нарийн гэдэсний чацархай няцрал, баруун доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун мөр, баруун эгэм, зүүн гуя, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

- Мөн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 21-р хороо, 85в байрны 215 тоотод үл ялих зүйлээр шалтаглан “********”цээж хэсэгт өшиглөх, боох, ус буцалгагчаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомтууд, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний хоёр талын хугарал, баруун үений мултрал, хамар, дээд, доод уруул, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг ба ооч, хүзүү, зүүн мөр, бугалга, цээжний урд зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “********”, А ”********” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 306-2/183 дугаартай албан бичиг,  хавсралт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11568 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5071 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8393 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “********”г үргэлжилсэн үйлдлээр “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар зааснаар ************* А.Баяраад олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч “********”, “********”нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “********”д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “Миний хувьд улсын яллагчтай санал нэг байна. Гэхдээ хоёр хүний эрүүл мэндэд согтуугаар, санаатай, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмтэл учруулсан байхад яагаад 7 жилийн хорих ялыг санал болгоод байна вэ, энэ гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай. Өмгөөлөгчийн хувьд ялыг бага гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдлыг харгалзан үзэж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

"**************" уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000000741 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг хөвөн бамбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”гийн цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хунхи овогт Батбаярын “********”г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “********”г 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”д оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********”гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 174 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********”гээс хохирогч “********”эмчилгээ хийлгэсэн зардал хохирол төлбөрт 378.850 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9.900.000 төгрөг, нийт 10.278.850 төгрөг, үүнээс шүүгдэгчийн ар гэрээс хохирогчид төлсөн 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг хасч, нийт 9.278.850 төгрөгийг шүүгдэгч “********”гээс гаргуулж хохирогч А.Баяраад олгож, хохирогч “********”, “********”нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “********”гээс хохирогч “********”эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 124.762 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг хөвөн бамбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч “********”д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “********”д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  М.ДАЛАЙХҮҮ

 

 

          ШҮҮГЧ                                                                           Б.БИЛГҮҮН

 

 

          ШҮҮГЧ                                                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ