| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0988/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1015 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1015
2024 12 17 2024/ШЦТ/1015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Марал /тээврийн прокурор/,
хохирогч Х.Энхмэнд,
шүүгдэгч “********”, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “********” төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “*****” ажилтай, ам бүл 2, охины хамт *********тоотод оршин суух, урьд
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3/119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1, 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05-р сарын 14-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, “**********”.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “********” нь Баянгол дүүргийн 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө 3-р эмнэлгийн урд замд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг 01 минутын үед “Toyota Prius” маркийн 31-81 УКО улсын дугаартай автомашиныг жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч “********”эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “********”мэдүүлэхдээ: “....Одоо миний биеийн байдал эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Шүүгдэгчийн зүгээс 2.000.000 төгрөг өгсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийг маягтад зааснаар гаргуулах хүсэлттэй байна. Цаашдаа эмчилгээ хийлгэнэ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Жолоочийн нэгдсэн мэдээллийн сангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн тодорхойлолт /хавтаст хэргийн 68-75 дахь тал/,
Хохирогч “********”:
“...Би 2024 оны 08-р сарын 17-ны орой 17 цагийн үед хүргэнийхээ гэрээс гараад 3-р эмнэлгийн хойшоо зам гарч эмийн сан орох гээд явж байсан. Тэгээд 3-р эмнэлгийн урд замын явган хүний гарцаар хойшоо чиглэлд гарах гэж байхад нэг машин гэнэт ирээд миний баруун талаас мөргөсөн. Тэгээд би сайн санахгүй байна. Нөгөө машины жолооч түргэн, цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2024 оны 08-р сарын 28-ны өдрийн гаргасан №10962 дугаартай:
““********”биед баруун дунд чөмөг болон зүүн шуу ясны далд хугарал, баруун 5, 8, 9, 10-р хавирганы хугарал, дух, хамарт шарх, дух, хацар, хамарт зулгаралт, зовхи, бугалга, тохой, шилбэнд цус хуралт, дух, зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
Шүүгдэгч “********”ын:
“...Би 2024 оны 08-р сарын 17-ны өдрийн 17 цагийн үед ажил руугаа явж байх үедээ 3-р эгнээгээр баруун зүг рүү явсан юм. Тэгсэн явган хүний гарцын гэрлэн дохио ажиллахгүй байсан болохоор би шууд чигээрээ явчихсан чинь 2 машины завсраар 1 хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд би машиндаа тоормос гишгээд зогсох үедээ тэр ахыг мөргөчихсөн. Тэгээд цагдаа болон түргэн дуудсан. Би өөрийнхөө буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төвийн шинжээч Н.Гунаасүрэнгийн 2024 оны 09-р сарын 24-ний өдөр гаргасан №371 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-41 дэх тал/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1557 дугаартай “6.1 Toyota Prius маркийн 31-81 УКО улсын дугаартай автомашины жолооч “********” нь Монгол Улсын замын хөдөлгөөний "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", "16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 6.2 Явган зорчигч “********”нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 45-46 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********” нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” хохирогч “********”эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах”, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөх төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаруулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан. Цаашид хүний сэтгэцэд учирсан хор уршгийг аргилгах төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч “********” нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********”т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “********” нь:
Баянгол дүүргийн 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө 3-р эмнэлгийн урд замд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг 01 минутын үед “Toyota Prius” маркийн 31-81 УКО улсын дугаартай автомашиныг жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", "16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч “********”эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь ************** болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “********”ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Харин хохирогч “********”нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч “********”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах” ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хувийн байдлын хувьд 9 настай охины хамт ам бүл 2, өрх толгойлсон эцэг зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү, мөн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжоор нь хангаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч “********” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 4 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч “********” нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “********”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч “********”ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********” нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********”ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “********”аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9.900.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Энхмэндэд олгож, хохирогч “********”нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “********”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “********”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ