Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1016

 

 

 

 

 

 

 

 

   2024          12           17                                    2024/ШЦТ/1016 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч А.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ч.Болд,

шүүгдэгч “********” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “********” холбогдох эрүүгийн “********” тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “*****” төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт “***********” гэх газарт бүртгэлтэй, урьд

- Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгөөр торгох ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 604 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, “***********”.

Холбогдсон гэмт хэргийн талаар:  

Шүүгдэгч “********”нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эсвэй” баарны гадна талбайд хохирогч А.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “********” мэдүүлэхдээ: “...Би олон хүнтэй харьцдаг ажил хийдэг. Хацартаа авсан сорви нь гоо сайхан талаасаа хүнд байна. Хүмүүс янз бүрээр ярьж байна. Би эмнэлгээр явж хацарт авсан сорвио арилгаж болох талаар судалсан. Сорви бүр мөсөн арилна гэж байхгүй, бага зэрэг бүдэрнэ гэж хэлсэн. Баримтаар эмчилгээ хийлгэсэн 446.207 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн тухайн үед би сар орчим хугацаанд ажилдаа яваагүй, ажилгүй байсан хугацааны цалин 12.278.379 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэх зардалд 4.506.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг маягтад зааснаар нэхэмжилж байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч “********”:

“...Би 2024 оны 10-р сарын 14-ний шөнө 03 цагийн үед 3, 4-р хорооллын “Шөлөндөө” нэртэй газрын хажуу талын баарнаас гарсан. Гараад таксинд суух гэтэл эхнэрийн найз болох Ану, эхнэр 2 эхлээд таксинд уусан. Би суухаар очтол үл таних залуу машины хаалгыг нь дэлгээд намайг оруулахгүй байсан. Би машиндаа сууя гэтэл чи хэн юм цаашаа яв чамтай яриагүй байна гэх мэтээр хэлтэл эхнэр болох Б.Оюундарийг тэр залуу хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон, би сонсоод маргалдтал манай эхнэр намайг такси руу суулгаад хаалга хаах гэтэл тэр залуутай хамт явж байсан ахимаг насны нэг ах хаалга хаалгахгүй, машин явуулахгүй байгаад байсан. Тэгээд эхнэр түлхээд хаалгаа татаад хаах гэтэл нөгөө залуу миний нүүрэн тус газар луу цохисон аль гараараа цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дахь тал/,

 

Гэрч “********”:

“...2024 оны 10-р сарын 15-нд хорооллын “Эсвэй” гэх нэртэй бааранд найз Оюундарь, түүний нөхөр Мөнх-Эрдэнийн хамт орсон. Бид 00:00 цаг өнгөрч байхад орсон. Касс гэх пивоноос ууж хэсэг бүжиглэсэн. Би ганцаараа талбай руу гарч бүжиглэсэн. Намайг бүжиглэж байхад нэг өндөр залуу ирж юм яриад, асуугаад байсан. Тухайн үед түүнтэй яриагүй, ба ширээ рүүгээ суух гэж байхад ширээний хажууханд байсан шатны хажууд ирж зогсоод нэрээ хэлээч, дугаараа өгөөч, гараад яах гэж байгаа юм гэх мэт асуугаад суулгахгүй байсан. Тэгээд маш их шалгаагаад байсан болохоор нь намайг Ану гэдэг гэж нэрээ хэлсэн. Ширээн дээрээ очоод хэдүүлээ харъя явъя гээд гарсан. Гараад зогсож байсан таксинд би эхэлж суугаад дараа нь Оюундарь суусан. Найзын нөхөр тамхилж байгаад сүүлд суух гэтэл “Ану байна уу” гээд нөгөө залуус нь ирээд таксины хаалгыг хаалгахгүй татаж чангаагаад байсан юм. Үүний дараа Оюундарь гарч нөхрөө таксинд суулгаад хаалгаа хаах гэтэл нөгөө залуус нь хаалга хаалгахгүй байсан. Тэгснээ найзын нөхөр Мөнх-Эрдэнийг гараад ир гээд хаалга татаад огт хаалга хаалгахгүй байсан. Мөнх-Эрдэнэ бол тэр залуусыг огт цохиж зодоогүй ба хэл ам хийгээгүй. Учир нь эхнэр нь машинаас буугаад Мөнх- Эрдэнийг суулгасан байсан. Оюундарь харин тэр залуусыг түлхэж хаалгаа хаахаар зууралдсан. Дахин хаалга нээгээд гар оруулахдаа Мөнх-Эрдэнийг цохисон юм шиг байна. Түлхэж хаалгаа хаагаад машинаа хөдлүүлтэл Мөнх-Эрдэнийн хацраас цус гарсан байсан. Тогтохгүй гоожоод байсан. Таксиг зогсоож баарны үүд рүү дахиж буцаж очоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

 

Гэрч “********”:

“...Гараад баарны хажуу зам дээрээс цагаан өнгийн /марк, улсын дугаарыг анзаараагүй, мөн бид таксинд дуудлага өгөөгүй/ тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос таксинд явах уу гэж асуутал явна гээд Ану болон би суусан. Араас таксины хаалга онгойлгосон залууг би нөхрөө гэж бодсон боловч танихгүй залуу байсан. Тэгээд надаас “Ану байна уу” гэж асуухаар нь байхгүй гэтэл намайг тэр үл таних залуу намайг сэгсийсэн, авгай гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэр үед манай нөхөр яг хажууд нь ирээд би машиндаа суучих уу гэхэд чи цаашаа чамд хамаагүй гэж хэлсэн. Мөн намайг нөхөр тэр залуугийн намайг доромжилж байгааг сонсоод тэрэнд уурласан. Хоорондоо маргалдаад эхлэхээр нь би таксинаас буугаад нөхрийгөө татаад шууд такси руу суулгасан. Эхлээд Ану дунд нь манай нөхөр захад нь би суусан. Тэгээд нөгөө залуу машины хаалгатай зууралдаад манай нөхрийг гараад ир гээд байсан. Үл таних залуутай хамт явсан залуу ирээд манай нөхрийн гадуурх хувцаснаас нь татаад чи буугаад ир гэж хэлсэн. Тэр зууралдаж байх үед нөгөө залуу гараараа нүүрэн тус газар луу баруун хацар луу цохисон байсан. /Аль гараараа цохисныг мэдээгүй/. Нөгөө 2 залуу миний талын хаалгыг онгойлгосон байсан тул би хаалгаа хаахаар тэр залуучуудын хөл рүү нь өшиглөж хаалгаа хаасан. Тэгээд тухайн таксины жолооч хаалга хаангуут хөдөлсөн. Хөдөлгөөнд оролцоод явж байхад манай нөхөр “ёо оё намайг ингэж цохисон байхад яваад өглөө чи миний нүүрийг хар” гэтэл язартал нь цохисон өөх нь гарсан бас маш их цус гарсан байсан. Миний өмсөж явсан цув, цамцны зүүн гар тал дээр цус болсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дахь тал/, 

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн 13636 дугаартай:

 “...”********” биед баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан:

 “... Тухайн залуугийн царайг хараад би танина. Өндөр, туранхай залуу байсан. Зодуулаад цагдаа дуудаад цагдаагийн машинд хамт ирсэн тул тухайн хүний царайг харсан. Би одоо хараад танина. ... Эдгээр 1-5 дугаарласан хүн дундаас 2024 оны 10-р сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эсвэй” бааранд хэргийг үйлдсэн хүн, 4 дугаартай хүн мөн байна. Би тухайн хүнийг гадна төрх байдлаар нь хараад таньж байна. Тухайн хүнд зодуулаад би цагдаа дээр хамт ирсэн тул царайг нь сайн тогтоож авсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “********”нь хохирогч “********” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 446.207 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж буюу 3.300.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “...Манай үйлчлүүлэгч нүүрэнд авсан сорвиосоо болж сэтгэл санаа нь таагүй болж, уур уцаартай болсон нь гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлсөн. Миний үйлчлүүлэгч нүүрэндээ оёо тавиулсан, цаашдаа 4.500.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Мөн 1 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин болох 12 сая төгрөг, эмнэлгийн үйлчилгээ авсан 446.207 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр зэргийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********”холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “********”нь:

2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 03  цагийн үед Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эсвэй” баарны гадна талбайд хохирогч А.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “************” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн 13636 дугаартай шинжээчийн  дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “********”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Хохирогч нь “***************” цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч “********” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “...Манай талаас хохирол төлбөрийг нөхөн төлсөн тохиолдолд, эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч “********”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ”********” дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “****” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “************” оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********” нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “*****” хохирогчийн эмчилгээ хийлгэсэн зардал төлбөрт 446.207 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөг нийт 3.746.207 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мөнх-Эрдэнэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч “********” нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.784.379 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “********”нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “********”урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “********” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ