| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0848/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1035 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1035
2024 12 20 2024/ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч “********”, түүний өмгөөлөгч Л.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “********” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “********” тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***** төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ***** тоотод оршин суух, урьд
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял,
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, “*******”.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “********” нь 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл" төвийн караоке бааранд хохирогч Д.Отгонбаярыг “хоолой шахаж боосон” гэх шалтгаанаар гараараа нүүрний хэсэгт удаа дараа цохиж эрүү ясны хугарал, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн дээд уруулын дотор салстад шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********” мэдүүлэхдээ: “....2023 оны 12 дугаар сард ажлаа тараад явж байхад Батдорж над руу залгаад Сансарт уулзаад нэг шил архи авч уусан. Тэгээд хэрэг болсон газарт нөгөө талын ширээнд хоёр хүн сууж байсан. Намайг ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд Батдорж байхгүй байсан чинь Отгонбаяр гэдэг залуутай заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би болио гээд салгасан чинь Отгонбаяр намайг боогоод унагаасан. Тэгээд тухайн газраас гараад явах гэтэл Отгонбаяр араас гүйж ирээд ална чамайг гээд намайг өшиглөсөн. Би тухайн үед Отгонбаяр гэдэг залууг таньдаггүй байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бүртгэлд авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Хохирогч “********”:
“...Би 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хадам дүүгийн хамт гэрийн ойролцоо байдаг “Маскед” караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нэлээд согтолттой байсан тул хэдэн цагт орсноо санахгүй байна. Манай хадам дүү архи бага уусан тул бараг эрүүл байсан. Тухайн караокед байсан 2-оос 3 залуучуудтай муудалцаж байснаа санаж байгаа бөгөөд зарим зүйлийг нь санахгүй байна. Караоке төвөөс гараад гэртээ ирээд өглөө сэрсэн чинь эрүү өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд чихэнд зүсэгдсэн шарх байна гээд 3-аас 4 оёдол тавиулсан. Харин эрүү хугарсан байна яаралтай хагалгаанд орох ёстой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,
Гэрч “********”:
“...2023 оны 12 сарын 11-ний өдөр хүргэн ах болох Отгонбаярынд байж байгаад оройн 12 цаг болох гэж байхад хүргэн ахтай хамт гэрээс нь гарч алхаж явж байгаад “Тэргэл” төвийн караокед орсон.Тэнд орж зааланд нь 0,5 литрийн шилтэй “Сэнгүр” гэх пивоноос хүний гурвыг уусан тэгээд нэлээн сууж байгаад 02 цагийн үед би гарч тамхи татаж байгаад буцаад орж ирэхтэй зэрэгцэн миний өөдөөс хүргэн ах Отгонбаяр үл таних 2 хүнтэй зууралдаж заамдалцаад гарч ирсэн тэгээд тухайн караокены үүдний урт коридорт зодолдоод салахгүй байсан тэгэхээр нь би очиж нөгөө 2 ахыг салгах гэж унагааж холдуулсан манай хүргэн ах болохоор тасарчихсан нэлээн муудчихсан байсан. Савхин бээлийтэй ах л яг үүдний шилэн хаалган дээр цохиод ахыг унагаасан. Ах босож ирэхэд чихний ар талд нэлээн зүсэгдсэн гэмээр шархтай цус нь тогтохгүй байсан. Тэр хоёр ахын савхин бээлийтэй хар урт куртиктэй хүн л ахыг зодож цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
Гэрч “********”:
“...Би тэр өдөр “Тэргэл” төвийн караокегоор үйлчлүүлсэн. Тэр өдөр өөрийн төрсөн дүү Отгонцэцэгийн нөхөр болох хүргэн дүү Цэдэнсодномтой сансарт уулзаад бид хоёр таксинд сууж тэр такси дотроо нэг шил архи хувааж уусан тэгээд бид хоёр нисдэг машин орж тэнд миний таньдаг хүнтэй уулзаад гарсан учир нь тэнд хэтэрхий олон хүн тоглох гэж байсан болохоор олон хүмүүстэй санаа нийлэхгүй байх гээд тэндээсээ гараад хүргэн бид хоёр хорооллын эцэст “Тэргэл” төв дээр ирсэн яг тэр ирсэн мөчөө сайн санахгүй байгаа юм. Харин “Тэргэл” төвд манай хүргэн хүнтэй муудалцаж байсныг санаад байгаа. Би цаа бугын гутал, кепкен хар малгай, жинсэн өмд, хөх болон улбар шар өнгийн саарал хөндлөн судалтай цамцтай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 392 дугаартай дүгнэлтэд:
“...”********” биед эрүү ясны хугарал, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, дээд уруулын дотор салстад шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-33/,
“Тэргэл” төвийн караоке баарны камерын бичлэг, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн:
“...тэмдэглэлд хоёр гартаа бараан өнгийн бээлий өмссөн эрэгтэй босож ирэн хаалгаар гарах гэж байсан эрэгтэйг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь цохиж байх бөгөөд түүнд цохиулсан эрэгтэй салгаж байгааг дурдаж гэрэл зургаар бэхжүүлсэн байв...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42-49 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********” нь хохирогч “********” эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 2.938.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж хохирогч Д.Отгонбаярт олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Энэ хэрэг дээр хохирогчийн буруутай үйлдэл байсан. “********” зүгээс дүүтэй нь муудалцаж байсан хүнийг хараад болиулах үйлдэл хийж салгасан байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэл дээрээ маргаагүй. Эмчилгээний зардлуудыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг тогтоохдоо иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авч Иргэний хариуцагчийг тогтоож хэнд өгөх, ямар дансанд хийх талаар тогтоосон байх ёстой. Гэтэл тийм ажиллагаа хийгдээгүй тул Эрүүл мэндийн даатгалын мөнгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр хамт тогтоосон байх ёстой гэж Улсын дээд шүүхийн тогтоолд зааж өгсөн байдаг. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********”ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “********” нь:
2023 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл" төвийн караоке бааранд хохирогч Д.Отгонбаярыг “хоолой шахаж боосон” гэх шалтгаанаар гараараа нүүрний хэсэгт удаа дараа цохиж эрүү ясны хугарал, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн дээд уруулын дотор салстад шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.Отгонбаяр, гэрч Гармаадорж, Б.Батдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 392 тоот дугаартай дүгнэлт, “Тэргэл” төвийн караоке баарны камерын бичлэг, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ”********”ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “********” эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болон бусад хохирол төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...”********” нь бие эрүүл мэндийн тал дээр гэмтэл авсан байгаа. Мөн ар гэрийн байдал нь саажилттай хүүхэдтэй, эмчилгээ хийлгэдэг учраас хохирогчийн эмчилгээний зардлыг төлж чадаагүй нөхцөл байдалтай байгаа. Дээрх байдлыг харгалзан үзэж торгох ялыг доод хэмжээгээр тогтоож, 6 сарын хугацаагаар төлөхөөр тусгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч “********”д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ”********” дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “********”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”ыг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********”д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********” нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********”оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгонбаярт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Отгонбаяр нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “********”оос хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 2.938.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “********”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “********”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ