Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00134

 

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00134

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ЭУДС ОНӨХК

            Хариуцагч: БА ХХК. 

37 202 037.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г , гэрч Ц.О , А.О , Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБА ХХК-ний захирал Д.М нь 2015 оны 09 дүгээр сараас хойш одоо хүртэл хэрэглэсэн ус дулааныхаа мөнгийг төлөлгүй манай компанийг 34 644 367.98 төгрөгний алдагдалд оруулаад байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй Д.М дээрхи мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Шүүх хуралдааны тов зарлахад төлбөр тооцоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас бүтэн буюу хэсэгчилсэн байдлаар татгалзах асуудлыг түр үед шүүхэд тавина гэжээ.

      Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байна. БА ХХК нь анх шүүхэд нэмэхжлэл гаргасан үеэс төлбөр тооцоогоо хийх ямар нэг алхам хийгээгүй бөгөөд энэ хугацаанд БА ХХК хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ 2 557 669.93 төгрөгөөр нэмэгдэж нийт 37 202 037.91 төгрөг болсон байна. Дээрхи төлбөрөөс цахилгааны төлбөрийг хасч үлдсэн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЭУДТС  ОНӨХК-ний нэхэмжилсэн 34 644 367.98 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бид биелүүлэх боломжгүй байна. Учир нь манай ”ЗХ ” хорооллыг ус дулаанаар хангах 17 дугаар төвийг 2012 онд ашиглатанд оруулж өнөөг хүртэл өөрсдийн хүн хүч зардлаар ажиллуулж байгаа болно. 2016 оны 03 дугаар сарын 01-нд тус төвийг орон нутагт хүлээлгэн өгөх тухай Орхон аймгийн Засаг даргын *** тоот захирамж гарч уг захирамжийн хувийг БА ХХК, ЭУДТС ОНӨХК, Орхон аймгийн өмчийн газар, Орхон аймгийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн болно. Тус захирамж гарснаар 17 дугаар ЦТП-г хариуцан ажилуулах үүрэг  ЭУДТС  ОНӨХК-д шилжсэн болно. Иймд захирамж гарсан өдрөөс хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх хугацаанд гарсан төлбөр болон алдангийг манай компани төлөх үндэслэлгүй гэж үзэж баина. Үүнийг бид төрийн байгууллагын хүнд суртал болон сонгуулийн үйл ажиллагаанаас хамаарсан гэж бодож байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч ЭУДС ОНӨХК нь хариуцагч БА ХХК-д холбогдуулан хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 37 202 037.91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: БА ХХК-н 2015 оны 09 дүгээр сараас хойш хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөр алданги нийлээд нийт 37 202 037.91 төгрөг болсон. Хэрэглэгчийн хэрэглэсэн төлбөр дээр манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу  алданги тооцсон. Аймгийн Засаг даргын захирамж гарч 17 дугаар ЦТП-г орон нутгийн өмчид бүртгэхийг зөвшөөрсөн хэдий ч өмчийн албанаас дээрхи эд хөрөнгийг манай байгууллагад хүлээлгэж өгөх, БА ХХК эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй удааширсанаас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллага 17 дугаар ЦТП-г өөрийн эд хөрөнгөөр бүртгэж авсан. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлгүй, нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, өр төлбөрөөс хөнгөлөх, алдангийг хасуулах зэрэг боломжууд олгосон боловч ирдэггүй, уулздаггүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш өр төлбөрөө барагдуулах талаар ямар ч үйлдэл хийгээгүй.  Харин нэхэмжлэлийн шаардлагаас 17 дугаар ЦТП-г ажиллуулахад хэрэглэсэн цахилгааны төлбөр болох 7 807 937.75 төгрөгийг /2016 оны 03 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл/ хасч үлдсэн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Аймгийн Засаг даргын захирамж гарч ЦТП-г хүлээж ав гэсэн, ЭУДС ОНӨХК нь авахгүй байсаар 2016 оны 09 дүгээр сар хүргэсэн. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи төлбөр тооцоо болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, уг байгууллага нь суурь төлбөр гэж айл өрх бүрээс мөнгө авдаг төдийгүй,  манай байгууллагаас давхардуулан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч ЭУДС ОНӨХК нь хариуцагч БА ХХК-с хэрэглэсэн ус, дулаан,  цахилгааны төлбөр гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргах, шаардах эрхтэй байна. 

            БА ХХК нь ЭУДС ОНӨХК-д 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар дуустал хэрэглэсэн ус, дулаан, цахилгаан, нэмэлт үйлчилгээ үзүүлсэний төлбөр, алдангид нийт 37 202 037.91 төгрөг төлөх өр үүссэн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч байгууллагаас гаргасан төлбөрийн дэлгэрэнгүй хуулга, гэрчүүдийн мэдүүлэгээр тус тус нотлогдож байна.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа бол үндэслэл тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

           Зохигчдын хооронд байгуулсан цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар хэрэглэгч төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувь хүртэл алданги ноогдуулна гэж заасан байх тул  алдангиас хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж хариуцагчаас ус, дулааны төлбөрт 17 329 371 төгрөг, алданги 8 318 112 төгрөг /2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 96 хоног/ нийт 25 647 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 11 554 555 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 387 045 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 286 188 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

    ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг баримтлан  хариуцагч БА ХХК-с 25 647 483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭУДС ОНӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 554 555 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БА ХХК-с 286 188 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭУДС ОНӨХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ